| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0053/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,
улсын яллагч: Г.Янжиндулам,
шүүгдэгч: О.Б, Э.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /ӨҮД-0938/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б, Э.У нарт холбогдох эрүүгийн *********** тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.*********** /регисртийн дугаар: **********/,
Монгол Улсын иргэн, ************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд галч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ****************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
2.************** /регистрийн дугаар:***********/,
Монгол Улсын иргэн, *****ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд үйлчлэгч ажилтай, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт **************7 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь бусадтай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 177,8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ******* улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 52.753.260 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.У нь бусадтай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ****** аймгийн ***** сумаас 177,8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл *********** улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 52,753,260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч О.Б, Э.У нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ************* сумаас 177,8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “**********”-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн,
2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ************ аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл ********* улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 52,753,260 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3443 дугаартай:
“...1. Сибирь нарс ( Хуш)-pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна.
2. Сибирь нарс ( Хуш)-pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс ( Хуш)-pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.
4. Сибирь нарс ( Хуш)-pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол, Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тогтоох боломжгүй.
5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 25,3%-26,8% байх тул нойтон байна.
6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
7. MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой.
8. Байгаль, орчин аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/603 тоот тушаалын хавсралтад тусгаснаар Хуш модны 1кг нойтон самрыг экологи-эдийн засгийн үнэлгээ нь 17.584.420 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 73-79 дэх тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч О.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатараас Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сум руу гарсан. Тус суманд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж самар түүсэн. Эхнэр Э.У 9 дүгээр сарын 13-ны өдөр миний араас ирж хамт ууланд гарч энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл уулнаас өмнө хүмүүсийн унагаасан болон мөндөрт цохигдсон унасан боргоцой түүж, цайруулаад нийт 5 жижиг шуудай дүүргэж уулнаас бууж Улаанбаатар хот руу явсан. Тухайн өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмэээлтийн хяналтын цэгээр ороход цагдаагийн алба хаагч нарт шалгуулсан. Тэр үед самрыг ховор ургамал, түүж, тээвэрлэхэд зөвшөөрөл шаардлагатай гэдгийг мэдсэн...” гэж /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Шүүгдэгч Э.Уийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу гарсан. Тухайн өдөр нөхөр О.Бтэй хамт ууланд гарч 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл уулнаас өмнө хүмүүсийн унагаасан болон мөндөрт цохигдож унасан боргоцойг түүж, цайруулаад нийт жижиг 5 шуудай дүүргэж уулнаас буусан. Тэгээд Улаанбаатар хот руу орох гээд хяналтын цэгээр ороход цагдаагийн алба хаагч нарт шалгуулсан. Тэр үед самрыг ховор ургамал, түүж, тээвэрлэхэд зөвшөөрөл шаардлагатай гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/ авагдсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс “... яллагдагч О.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/, яллагдагч Э.Уийн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 115 дахь тал/, Нийслэлийн 284 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 116 дахь тал/, Нийслэлийн ерөнхий боловсролын 143 дугаар сургуулийн цэцэрлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 119 дэх тал/, /хавтаст хэргийн 154 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 141 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 142 дахь тал/” баримтуудыг шинжлэн судлав.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч О.Б, Э.У нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн болох Сибирь нарс ( Хуш)-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн нь дээрх дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч О.Б, Э.У нарыг Сибирь нарсыг бэлтгээгүй, бэлтгэсэн байсныг нь тээвэрлэсэн гэх боловч, түүнийг үгүйсгэх баримт байхгүй төдийгүй, тээврийн хэрэгсэлтэй явж байсан нөхцөл байдлуудыг дүгнэн хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалын хавсралтад тусгагдсан, мөн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь нарс (Хуш) нь багтана гэж тус тус заажээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч О.Б, Э.У нар нь бүлэглэн 2023 оны 09 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс ховор ургамлын жагсаалтад багтсан 177,8 кг хуурамч Сибирь нарс (Хуш)-г түүж бэлтгэн 86-05 УАМ улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх пост хүртэл тээвэрлэсэн нь нотлогдсон гэж үзсэн.
Иймд шүүгдэгч О.Б, Э.У нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэсэнд хамаарах бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3443 дугаартай; “...экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 52,753,260 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 57-60 дахь талд авагдсан бөгөөд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тээс зах зээлийн үнэлгээгээр хохирлыг тооцож гаргуулах хүсэлтийг гаргаж /хавтаст хэргийн 157-р хуудас/, улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын өрхийн орлого, хувийн байдлыг гаргуулан уг хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлүүлэх саналыг харгалзан Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар 1,540,300 төгрөгийг шүүгдэгч О.Б, Э.У нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.У, О.Б нар нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас 177,8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл 86-05 УАМ улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 52,753,260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.У, О.Б нарт 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах албадлагын арга хэмжээ авах, саналтай байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Экологи эдийн засагт 52.753.260 төгрөгийн хохирол учирсан байгаа. Самар нь хуульд зааснаар ховор ургамалын жагсаалтад багтдаг бөгөөд ойн тухай хуульд зааснаар дагалдах баялагт ордог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ, Ойн тухай хуулийн 42.4-т зах зээлийн үнэлгээгээр тогтооно гэж заасан байдаг тул шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тэнгис нь ойн тухайн хуулиар зах зээлийн үнэлгээгээр тогтооход татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ бичиж өгсөн. Иймд 1,511,300 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 177.8 кг самрыг улсын орлого болгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс зүйлчлэл болоод гэм буруутай үйлдэл дээр маргахгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийн хувьд цалин орлого бага, 5 хүүхэдтэй гэх нөхцөл байдал байгаа. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө самар нь ховор ургамал гэдгийг мэдээгүй, цаашид анхаарч гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Хохирлын хувьд шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндсэн зарчмаар тогтоосон. Хохирогч Тэнгис үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна уу. Өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн тэнсэн харгалзах ялыг дэмжиж байна. Тээврийн хэрэгслийн хувьд 2020 онд зээлээр худалдаж аваад Банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлүүлээд мөнгө төгрөгөө төлөөд явж байгаа нөхцөл байдалтай байна. Миний үйлчлүүлэгч нарын амжиргаагаа залгуулах гол зүйл нь энэ тээврийн хэрэгсэл юм. Тиймээс тээврийн хэрэгслийг хураан авахгүй байх саналтай байна. ” гэв.
Шүүгдэгч О.Б: “...Ховор ургамал гэж мэдээгүй. Би тухайн үед амралтаа авчихсан байсан учраас мөнгө төгрөг муутай байсан учраас ийм зүйл хийсэн. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэв.
Шүүгдэгч Э.У: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ховор ургамал гэж мэдсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Дахиж ийм зүйл хийхгүй. Машинаараа хүүхдүүдээ зөөж, халтуур хийж амжиргаагаа залгуулж байдаг. Хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч О.Б, Э.У нарыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч О.Б, Э.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн байдал ам бүл 6, 4 хүүхдийн хамт амьдардаг байдлыг болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасантай шүүгдэгч нарын нөхцөл байдал нийцэж байна.
Иймд шүүгдэгч нарын сайн дураар хүлээн зөвшөөрсөн улсын яллагчийн саналын хүрээнд дээрх зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч О.Б, Э.У нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч О.Б, Э.У нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүргийг тус тус хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасныг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 86-05 УАМ улсын дугаартай Toyota Fielder маркийн 13,511,300 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж хохиролд шилжүүлэн, үлдэх үнийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай, 86-05 УАМ улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 4 шуудай, нийт 117,8 самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунбаатарын Батцэрэн, Боржигон овогт Эрдэнэбаатарын Ууганцэцэг нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.У нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.Б, Э.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Э.У нараас 1,540,300 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б, Э.У нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 86-05 УАМ улсын дугаартай Toyota Fielder маркийн 13,511,300 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж хохиролд шилжүүлэн, үлдэх үнийг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 4 шуудай, нийт 117,8 кг Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай, 14-28 УНЗ улсын дугаартай Воngо G-2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА