Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 3868

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, нуурын ....  тоотод оршин суух, .... овогт ..... М /РД:..../-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Хужирбулан ..хэсэг гудамж, .... тоотод оршин суух, ... овогт ... Г /РД:.../-д  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Г нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр намайг ээмэг, бөгжөө ломбарданд тавиад 1,500,000 төгрөгийн зээл аваад өгөөч гэж гуйсан. Би найздаа тус болчихье гэж бодоод алтан гинж, монетан бөгжөө ломбарданд 1,500,000 төгрөгөөр тавьж, С.Гд зээлдүүлсэн. Гэтэл С.Г нь зээлсэн мөнгөө өгөөгүй 2018 оны 05 сарын 25-ны өдөр хүргэсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан.    Цагдаагийн байгууллагаас С.Гг дуудан асуухад  болсон асуудал үнэн ба би одоо мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлээд 2018 оны 05 сарын 25-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Иймд уг зээлийн гэрээг үндэслэн үндсэн төлбөрт 1,500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 750,000 төгрөгөөс татгалзаж байна. Би С.Гд монетан бөгж, алтан гинжээ өгсөн. Уг үнэт эд зүйлийг С.Г ломбарданд тавьж, зээл аваад, зээлээ төлөлгүй миний эд зүйлийг алдсан. Иймд алтан гинжээ 1,250,000 төгрөгөөр, монетан бөгжөө 350,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад 2017 оны 04 сард мөнгөний хэрэг гараад найз Б.Мт хандахад өөрийн алтан гинжээ өгч ломбарданд тавиад түр хэрэглэж бай гээд өгсөн нь үнэн. Начин зааны хороолол салбарт тус гинжийг 1,025,000 төгрөгөөр тавьсан. Уг мөнгөнөөс 300,000 төгрөгийг нь Б.Мөнцэцэгт өгч, үлдэх 740,000 төгрөгийг нь би авсан. Би 2017 оны 08 сард өөрийн төлбөх ёстой 740,000 төгрөгөө төлсөн. Б.Мөнцэцэг нь өөрийнхөө авсан 300,000 төгрөгийг төлж, гинжээ ломдбардаас авах ёстой байсан. Үүний  хэд хоногийн дараа би машинтай шүргэлцэж дахин яаралтай мөнгө хэрэгтэй болсон. Би ломбарднаас буцаагаад мөнгө зээлсэн.  Тухайн үед  эрүүл мэндийн шалтгаантай, ажлаасаа гарчихсан байсан тул ломбарднаас эд зүйлийг нь авч чадаагүй, сар бүр хүүг нь төлөөд явж байсан. Би Б.Мийг боломжтой бол миний төлөх мөнгийг өгөөд эд зүйлээ ломбардаас авч байгаач гэж хэлсэн. Гэтэл намайг цагдаад өгсөн байсан. Цагдаа дээр очиход  тохиролц гэсэн тул 1,500,000 төгрөг зээлсэн гэж бичгээр гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр Б.Мээс аваагүй. Б.Мийн алтан гинжийг нь авч ломдарданд тавьсан. Уг ломбарданд тавьсан мөнгөнөөс 740,000 төгрөгийг нь төлсөн. Үлдэх 300,000 төгрөгөө Б.М өөрөө төлөх байснаас мөнгөө төлөхгүй байсаар ломбарданд гинжээ алдсан. Харин монетан бөгжийг огт аваагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд алтан гинжний үнийг 1,250,000 төгрөгөөр үнэлж байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

  Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч С.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, алтан гинж, монетан бөгжний үнэ 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч Б.Г нь 2017 оны 04 дүгээр сард хариуцагч С.Гд өөрийн алтан гинжийг өгч, С.Г нь уг алтан гинжийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж зээл авч ашигласан талаар талуудын хэн аль маргаагүй тайлбарласан.

   Хариуцагч нь уг үйл баримтыг нотлохоор “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтыг хэрэгт цуглуулж өгсөн.

   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

            Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс алтан гинж авсан талаар маргаагүй тайлбарласан.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Иймд хариуцагч нь алтан гинж болох эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар тэрээр өөрөө тайлбарласан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн харилцаа үүсчээ.

          Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...740,000 төгрөгийг ломбарданд төлсөн, үлдэх 300,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлөх байсан. Ломбардаас өөрийн авсан зээлийн төлбөрийг төлсөн тул хариуцахгүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг төлөх үүрэгтэй болно. Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримтаас үзэхэд зээлийн төлбөрт 740,000 төгрөг төлсөн баримтат мэдээлэл агуулагдаагүй байна.

        Хариуцагч нь Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээнд нэхэмжлэгчийн алтан гинжийг барьцаалж, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас эд зүйлийг зээлийн төлбөрт тооцон Начин заан” ХХК авсан талаар талуудын хэн аль нь  тайлбарласан.

        Иймд эд зүйлийг нэгэнт буцаан нэхэмжлэгчид биетээр өгөх боломжгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь эд зүйлийн үнийг мөнгөөр тооцон шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь алтан гинжийг хариуцагчид өгөх үед 1,250,000 төгрөгийн үнэтэй байсан гэж нэхэмжилсэн боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

        Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээ анх алтан гинжийг барьцаалж зээл олгохдоо “анхны үнэлгээг 994,000 төгрөг” гэж тодорхойлж, уг үнэлгээний 80 хувиар тооцон зээл олгосон байна.

        Иймд шүүх алтан гинжийн үнийг Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээнээс анхны үнэ 994,000 төгрөг гэж тогтоосон үнээр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж үзлээ.

        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Ггаас 994,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

        Харин нэхэмжлэгч нь монетан бөгж зээлдүүлсэн, түүний үнэ 350,000 төгрөг гэж шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь 740,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн, 300,000 төгрөгийг Б.М өөрөө авсан гэх татгалзлын үндэслэлээ тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  баримтаар нотлоогүй.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 506,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

        Талууд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч талуудын хэн аль нь шүүх хуралдаанд уг зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан талаар тайлбарласан тул шүүх уг баримтыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ггаас 994,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 506,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,406 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ