Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/03

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Т.Нансалмаа

Нарийн бичгийн дарга         Т.Учрал

Хохирогч                                  З.Алтантунгалаг

Шүүгдэгч                                  Т.Ш******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Т.Ш*******т холбогдох эрүүгийн 2331000000291 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Х******* сум Т******* 1 дүгээр баг 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх

Б******* ургийн овогт Т*******- ******* Ш*******

регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ш******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Х******* сумын Т******* 1 дүгээр багт хойд хорооллын гудамжинд 3.А******* "намайг явуулахгүй зууралдлаа" гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын ц*******сөн хугарал, зовхи, өвдөгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Шинэбааяр мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхин хэлэлцүүлэгт хохирогч  З.Алтантунгалагаас ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой бэр эгч болон түүний 2 хүүхэдтэй хамт Хулангийнд очсон. Тэнд биднийг байж байхад шүүгдэгчийн эхнэр Б орж ирсэн, бид Хулангийнд юм яриад сууж байхад гаднаас Б нөхөр орж ирээд эхнэртээ уурлаж чирч гараад машинд суулгасан. Эхнэр нь намайг аваачээ гэж орилсон. Энэ үед нь Хулан болиоч эхнэрээ яаж байгаан юм гэхэд Ш******* нь шууд Хуланг түлхэж унагасан. Хулан жирэмсэн учир би яаж байгаа юм бэ жирэмсэн хүнийг гэж хэлэхэд мөн л намайг шууд нүүрэн тус газар хүчтэй цохисон, би тухайн үед ухаан алдсан байсан. Дараа нь намайг ус цацаж сэрээсэн юм шиг байналээ хамаг хувцас норсон байсан. Миний бие энэ Ш******* гэж хүнд зодуулсны улмаас хамар хугарсан. Одоо хамрын эмчилгээ хийлгэж хагалгаанд ороход 10 сая төгрөг орно гэсэн тул Т.Ш*******аас 10.000.000 төгрөгийг нэхэмжлэж байна. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн 1,002.000 төгрөгийг Т.Ш******* төлж баргдуулсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б 2023 оны 10 дугаар сарын 31-нд  өгсөн: "... Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хадам ээж, хадам дүү нарын хамтаар бэр гуйлтанд явсан юмаа тэгээд өдөр 14 цагийн үед гэрлүүгээ харисан 15 цагийн үед манай найз Хулан утсаар залгаад манайхаар ирэх үү гэхээр нь за гээд тэдний гэрт нь очсон тэндээ хэсэг юм яриж сууж байгаад хүүхдээ авах цаг болоод 17 цагт цэцэрлэгээс хүүхдээ авсан тэнд хадам дүү А тааралдаад тэндээсээ Хулангийн гэрлүү очсон тэгээд байж байхад хадам ээж залгаад Алтантунгалаг гэрлүүгээ хүүхдүүдтэйгээ явсан Хулан бид 2 пиво ууя гэж ярилцаад 2,5 литрийн Сэнгүүр нэртэй 2 сав пиво аваад Хулангийн гэрт очоод Алтантунгалагруу утсаар залгаад ирэх юм уу гэсэн тэгхэд за за очлоо гэж хэлсэн юмаа. Тэгээд Алтантунгалаг ирээд Хулан бид 3 авсан пиво ууж эхэлсэн тэгээд эхний сав пиво ууж дуусаад дараагийн сав пиворуугаа орох гээд байж байхад гаднаас Хулангийн гэрлүү Ба 2 хүүхэдтэйгээ Э, У / А/ нарын хамтаар орж ирсэн тэгээд нөгөө пиво задлаад хуваагаад уусан тэд нар бас 1 пиво гаргаад ууцгаасан тэгээд би дүү Агаа харих гээд гэрээс нь гарах гээд байж байхад хашааны хаалга онгойлгоод Ноогий буюу Шинэцэцэг орж ирсэн Хулангийн гэрээс Ба хүүхдээ тэврээд гараад ирсэн араас нь Хулан Баг гаргаж өгөх гээд гарч ирж байсан Ноогий нь Баг цохиод хүүхдийг нь авсан тэгэхэд Ноогий А маргалдсан хоорондоо хэрэлдээд байсан тэр үед Б хүүхдүүдийг гэрт оруулсан байсан тэр үед Б нөхөр Ш******* машинтайгаа ирээд эхнэрээ цохиод машиндаа суулгаад гэрээс орж хүүхдээ аваад машинд суулгасан Хулан яаж байгаа юм бэ гээд Ш*******т хэлсэн тэгэхэд Хуланг үсдээд унагасан Алтантунгалаг та энэ жирэмсэн хүнийг яаж байгаа юм бэ гэхэд А******* цохиод унагаасан би араас нь яаж байгаа юм бэ? гэхэд намайг түлхэж унагаагаад тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн “1. З.А биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын ц*******сөн хугарал, зовхи, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Ш******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Х******* сумын Т******* 1 дүгээр багт хойд хорооллын гудамжинд 3.А******* "намайг явуулахгүй зууралдлаа" гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын ц*******сөн хугарал, зовхи, өвдөгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Ш*******ын өгсөн мэдүүлэг, хохирогч З.А  өгсөн мэдүүлгүүд,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б 2023 оны 10 дугаар сарын 31-нд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн “1. З.А биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын ц*******сөн хугарал, зовхи, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.Ш*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Ш*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Т.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч З.Алтантунгалаг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд нийт 1,002,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Ш******* нь дээрх  хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

Харин хойшид гэмтлийн улмаас хамрын хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны зардал 10.000.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэж байгаа боловч хагалгаанд ороогүй ба нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Т.Ш******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн  зэрэг байдлыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Т.Ш*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Ш*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Ш******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.Ш*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* ургийн овогт Т*******- ******* Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б******* ургийн овогт Т*******- ******* Ш*******т 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Т.Ш*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Т.Ш******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч З.Алтантунгалаг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.Ш*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

зДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ