Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 3877

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Өнөр хороолол, ...дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт .... Б /РД:.../-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, ... дугаар хороолол, Даймонд оффис-29 дүгээр байр, ... давхарт байрлах “ДЭЭИЭ” ХХК-д холбогдох,

Эрүүл мэндэнд учирсан гэм хорын хохиролд 1,387,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, гэрч Н.Э, иргэдийн төлөөлөгч Э.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие1954 онд төрсөн, орос хэлний багш мэргэжилтэй, одоо тэтгэвэрт байгаа. Би “ДЭЭИЭ” ХХК-ийн гишүүн. Энэ компани нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны барааг сүлжээгээр зарж борлуулдаг, Малайз улсын компани юм. Манай улсын бага орлоготой иргэд болон тэтгэврийн хөгшчүүл гишүүн болж бүтээгдэхүүн борлуулан хэдэн төгрөг хувь болгон авч, амьдралдаа нэмэр болгодог. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр энэ компани Ар гүнтэд цасны баяр зохион байгуулж, уг баярт оролцох урилгыг надад өгсөн. Цасны баярт олс татах, чаргаар гулгах тэмцээн явуулж, 10 баг хоорондоо уралдсан. Энэ чарганы тэмцээнд би чаргаар гулгаж явах зуур, замд байгаа чулууг зайлуулах гэж 1 гишүүн урдуур орж гүйгээд надтай мөргөлдсөн. Үүнээс болоод миний 2 нуруу урагш гулгаж хугарсан. Би бүтэн 4 cap хэвтэрт байж, хүнээр асруулан олон тооны эм ууж, зураг авхуулж, эдийн засаг эрүүл мэндээрээ хохирсон. Намайг хохироход энэ компанийг буруутай гэж үзэж байна. Учир нь аливаа үйл ажиллагааг зохион байгуулж байгаа албан газар хүмүүсийнхээ аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг тооцон үйл ажиллагаа явуулах газраа урьдчилан бэлтгэсэн байх ёстой. Компани энэ үүргээ биелүүлээгүй. Газар нь эгц огцом, чулуу ихтэй байсан. Хэд хэдэн хүний чарга нь чулуу мөргөн хагарч унасан. Азаар тэд гэмтээгүй. Компани үйл ажиллагаагаа хариуцлагагүй явуулсан. Иймд би тус компаниас хохирлын 1,537,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Намайг гэмтэл аваад эмнэлэгт очиж нурууны зураг авахуулахад гарсан зардал 150,000 төгрөгийг энэ компани төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж байна. Мөн гэмтэл аваад гэртээ хэвтрийн дэглэм барьж байх үед  “ДЭЭИЭ” ХХК-ийн менежер Б.Мирж, 50,000 төгрөгийн үнэ бүхий бараа, 200,000 төгрөгийн хамт өгсөн нь үнэн гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...... дистрибьюторын журмын 10.1 хэсэгт дистртбьютор нь өөрийн нэрээр бие даан үйл ажиллагаа явуулах бөгөөд компанитай ажил олгогч, ажилтны ямар нэгэн харилцаагүй байна хэмээн заасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч Д.Б нь манай компанийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан биш юм.  Компанийн зүгээс 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр дистербьютерүүдэд хандаж олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, ар гүнтэд Цагаан Өргөө нэртэй амралтын газар амрахаар явсан. Амрах хугацаандаа чарганы тэмцээн зохион байгуулсан бөгөөд тухайн олон нийтийн арга хэмжээнд хамрагдах, чарганы тэмцээнд оролцох нь бүгд сайн дурын үндсэн дээр хийгдсэн. Компанийн зүгээс нэхэмжлэгч талыг амралтад амрах болон тус тэмцээнд оролцохыг шахаж шаардсан зүйл огт байхгүй бөгөөд өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насаяд хүрснээр буюу 18 наснаас бий болно” хэмээн дурьдсан байх бөгөөд энэхүү эрх зүйн зохицуулалт нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол хийгээд үүдэн гарах эрсдлийг тооцоолж чаддаг байх чадварыг мөн шаарддаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр чарганы тэмцээн зохион байгуулагдаж байсан газар эгц огцом, чулуу ихтэй байсан бөгөөд тус шалтгаанаас үүдэн өөрийн эрүүл мэндээрээ хохирсон хэмээн нэхэмжлэлдээ дурьдсан байна. Тэмцээн зохион байгуулсан газар нь тухайн амралтын газрын амрагч нарын гулгадаг уул байсан. Чарганы тэмцээний үеэр нэхэмжлэгчийн урдуур гишүүн гүйж мөргөлдсөн нь хэн аль нь урьдчилан мэдэх боломжгүй гэнэтийн, ахуйн осол болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Бг осолд орж нуруугаа гэмтээсэнд байгууллагын зүгээс тусламж үзүүлэх үүднээс эмнэлэгт үзүүлж, зураг авахуулахад нь зориулж 150,000 төгрөгийн тусламж үзүүлсэн болно. Гэхдээ урьдчилан мэдэх боломжгүй гэнэтийн тус осолд Д.Бгийн эмнэлгийн зардлыг бүрэн төлж, барагдуулах хуулиар хүлээсэн үүрэг байгуулагад байхгүй гэж үзэж байна. Мөн гэрт нь очиж 250,000 төгрөгийн тусламж үзүүлсэн  гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“ДЭЭИЭ” ХХК  нь цасны баяр зохион байгуулахдаа хамрагдаж буй хүмүүсийн онцлогт тохирсон үйл ажиллагааг зохион байгуулаагүй нь учир дутагдалтай. Дистербьюрт гэрээ хийдэггүй нь буруутай. Хүн ёсны харилцаа байх ёстой.  Монгол Улсын нутаг дэвсгэрт уг компани  үйл ажиллагаагаа явуулж байгаа учир  нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна. “ДЭЭИЭ” ХХК нь үйл ажиллагаа зохион байгуулж байхдаа үйл ажиллагааны доголдол гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-д  холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,537,500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага  гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 150,000 төгрөгөөр багасгаж, 1,387,150 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллага нь цасны баярыг зохион байгуулахдаа өндөр настай хүмүүст тохироогүй тэмцээн зарласан үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсныг хариуцан нөхөн арилгах үүрэгтэй” гэж,  

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчийг чарганы уралдаанд заавал оролцохыг шаардаагүй. Тэрээр өөрийн сайн дурын үндсэн дээр чарганы тэмцээнд орсон. Чарганы уралдаанд оролцохгүй байх эрх нь байсан. Нэхэмжлэгч өөрт учирах аюулыг урьдчилан тооцоолох боломжтой байсан тул гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй” гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК нь өөрийн  компанид элсэн орсон гишүүдийн дунд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цасны баяр зохион байгуулахдаа чарганы уралдааныг зарлаж, уг уралдаанд нэхэмжлэгч Д.Б оролцож байх явцдаа унаж, сээрний нугалмын их биеийн дээд гадаргуунд шахагдсан хугарал үүсч, гэмтэл авсан болох нь талуудын тайлбар, бүсэлхийн нурууны компьютер томографийн шинжилгээний баримтаар тус тус тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т  “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-ийн гишүүнээр 2014 онд элсэж, бүртгэлийн хураамж төлж, уг байгууллагын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, түүнээс зохих урамшуулал авдаг талаар талууд тайлбарласан.

 

Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК нь нэхэмжлэгч Д.Бд учирсан гэм хорын хохирлыг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хүлээнэ” гэж, 44.1.5-д “хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул учруулах халдварт өвчин, хордлого, осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, аюулгүй байдлыг хангасан ажил, үйлчилгээ явуулах” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гишүүдийн дунд чарганы уралдаан зохион байгуулахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д заасан осол, гэмтэл гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлээгүй, аюулгүй байдлыг хангаагүй байна.

 

            Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн “...чарга нь чанарын шаардлага хангаагүй, нимгэн хуванцар байсан” гэх тайлбар, гэрчийн “...чарганы уралдаан явагдах зам нь том, том чулуу ихтэй харагдаж байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

           Хариуцагч “ДЭЭИЭ” ХХК нь чарганы уралдаан зохион байгуулахдаа чанарын шаардлага бүхий

 чаргаар хангаагүй, уралдуулахаар бэлдсэн зам нь чулуу ихтэй, аюул учирч болзошгүй нөхцөл байдал энгийн нүдээр харахад ил байхад аюулгүй байдлыг хангаагүй эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Д.Бгийн биед гэм хорын хохирол учруулсан байна.

 

           Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т  зааснаар гэм буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Чарганы уралдаанд нэхэмжлэгч нь өөрөө сайн дурын үндсэн дээр оролцсон гэх тайлбар нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

           Нэхэмжлэгч Д.Б нь гэмтлийн улмаас эмчлүүлсэн, эм, тариа худалдан авсантай холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж өгсөн ба эдгээр баримтаас үзэхэд нийт 835,550 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

           Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчаас анх эмнэлэгт нурууны зураг авахуулахад төлсөн 150,000 төгрөгөөс гадна 250,000 төгрөгийн тусламжийг нэхэмжлэгчид гэмтэл учирсаны дараа өгсөн талаар тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй.

 

          Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол болох баримтаар тогтоогдсон 835,550 /130,000+20,000+1,070+33,000+15,000+20,000+76,080+3,500+9,600+14,800+95,000+80,000+50,000+30,000+35,000+222,500/ төгрөгөөс хариуцагчаас өгсөн 250,000 төгрөгийг хасч тооцоход 585,550 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

          Харин осол гэмтэл гарахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл буюу чаргаар гулгах үедээ аюул саадыг тооцоолж, аюулыг арилгах нөхцөлийг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 185,550 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-иас гэм хорын хохиролд 400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 987,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримттай танилцах хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаснаар хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ДЭЭИЭ” ХХК-иас 400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 987,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                  ШҮҮГЧИД                            Н.САРАНГҮН

 

                                                                                               Т.ЭНХЖАРГАЛ