Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их тойруугийн гудамж-21, .......... байрлах,  “ТС” ХХК /РД:2............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ........дугаар хороо, Их тойруу, ......... тоот хаягт байрлах, “ТЭ” ХХК /РД:........../-д холбогдох,

5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспорт зэргийг гаргуулахыг даалгаж, гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 768,851,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн төлөөлөгч С.Аг, хариуцагчийн өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “ТЭ” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ХАГ 16/18 дугаартай “Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулсан.

“ТЭ” ХХК нь гэрээнд заасан үзүүлэлт, үнэ бүхий “Amson” фирмийн хүн тээврийн зориулалттай 11 цахилгаан шат, 6 урсдаг шатыг гэрээ байгуулсанаас хойш 35 хоногийн дотор нийлүүлж, 10-14 хоногт угсарч суурилуулж дуусгахаас гадна барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс 14 хоногийн өмнө цахилгаан шатны магадлалыг бүрэн хийлгэж хэвийн ашиглалтад оруулсан байхаар тохиролцсон.

“ТС” ХХК нь дээрх гэрээний үүргээ биелүүлж бартерын зүйлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө “ТЭ” ХХК-ийн захирлын нэр дээр шилжүүлж, гэрээний төлбөрийг төлсөн. Гэвч “ТЭ” ХХК нь 5 цахилгаан шат болон 6 урсдаг шат авчирсан боловч гэрээнд заасан фирмийнх биш, зарим эд анги нь дутуу байсан бөгөөд үлдэх 6 цахилгаан шатыг огт нийлүүлээгүй. Иймд манай компани барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд “Г*******” ХХК-тай гэрээ байгуулж үлдэх 6 цахилгаан шатыг 536,231,860 төгрөгөөр худалдаж авч суурилуулсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Худалдагч нь цахилгаан шатыг гэрээгээр тохирсон хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс худалдан авагч талд учирсан хохирлыг бүрэн хариуцна.” гэж заасны дагуу “Г*******” ХХК-тай байгуулсан гэрээний үнэ болох 536,231,860 төгрөг, мөн 7.2-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө” гэж заасны дагуу 220,000,000 төгрөг, нийт 756,231,860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Хариуцагч “ТЭ” ХХК-ийн захирал Н.А*******тай ярьж цахилгаан шат болон урсдаг шатны угсралтын ажлыг дуусгаж, магадлалд өгөхийг удаа дараа сануулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх нөхцөл байдлаас болж орон сууц болон  үйлчилгээний талбайн цахилгаан шат, урсдаг шат ажиллаагаагүй байна. Иймд манай компани Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгөн магадлал хийлгэсэн. Дээрх цахилгаан шат болон урсдаг шатыг угсарч суурилуулан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу дутуу хийсэн зүйлийг гүйцээж хийх, засах шаардлагатай зүйлийг засварлуулж хэвийн ашиглалтад оруулах шаардлагатай байна. Тиймээс манай компани 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Шатарын хөвгүүд" ХХК-тай гэрээ байгуулж,  дутуу гүйцэтгэсэн ажлыг хийлгэсний хөлс 12,620,000 төгрөг төлсөн.  Иймд уг 12,620,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспорт зэргийг гаргуулахыг “Т*******” ХХК-д даалгуулж, гэрээнээс учирсан хохиролд 768,851,860 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.  Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч С.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс талуудын хоорондын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ"-г байгуулж гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болно. “ТС” ХХК-тай тохирсоны үндсэн дээр нэхэмжилж буй 6 цахилгаан шатыг хийж гүйцэтгэхийг больж бусад барааг нийлүүлснээр гэрээний үүрэг бүрэн дуусгавар болохоор тохирсон болно. Гэвч “ТС” ХХК нь талууд харилдан тохиролцож нэгэнт цуцалсан 6 цахилгаан шатны төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн гэрээний үүргийн дагуу 5 цахилгаан шат болон 6 урсдаг шатыг бидний зүгээс 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 14-ны хооронд Улсын комисс хүлээж авах хүртэл бүрэн оруулж суурилуулсан болно. Үүнээс хойш бидний зүгээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгч улсын мэргэжлийн хяналтын шинжээч ирж үзлэг хийхэд цахилгаан шатны ажил бүрэн дууссан боловч барилгын ажил бүрэн дуусаагүй байсан учир магадлалыг гаргаж өгөх боломжгүй хэмээн магадлалыг гаргаж өгөөгүй болно. Энэхүү асуудал манай компаниас хамаарсан бус “ТС” ХХК нь барилгын ажлаа бүрэн дуусгаагүйтэй холбоотой үүссэн болно.

“ТС” ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсөө цаг тухайд нь өгсөн бол манай компаний үлдэх 6 цахилгааны шатыг нийлүүлэх бүрэн боломжтой байсан. Үлдэх 6 цахилгаан шатыг нийлүүлэхийн тулд хөрөнгө мөнгө шаардагддаг. Гэтэл ажлын хөлсөө хугацаандаа өгөөгүй атлаа одоо хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

“ШТ” ХХК гэх компаниар манай нийлүүлсэн 5 цахилгаан шат болон 6 урсдаг шатны дуусгаагүй ажлыг нөхөж гүйцэтгүүлсэн гэдэг нь худлаа. Уг ШТ” ХХК нь манай компанийг дагаж шат угсардаг ба дангаараа ийм ажил хийж чадахгүй. Манай компани нийлүүлсэн 5 цахилгаан шат болон 6 урсдаг шатыг бүрэн угсарч, доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн. Иймд бидний зүгээс “ТС” ХХК нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

  Нэхэмжлэгч “ТС” ХХК нь хариуцагч “Т*******” ХХК-д холбогдуулан 5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспорт зэргийг гаргуулахыг даалгаж, гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 768,851,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспорт зэргийг гаргаж өгөхийг зөвшөөрч, хохиролд нэхэмжилсэн 768,851,860 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ “...гэрээгээр нийт хүн тээврийн зориулалттай 11 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шатыг нийлүүлэх байснаас 5 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шатныг нийлүүлж, үлдэх 6 ширхэг цахилгаан шатыг нийлүүлээгүйгээс өөр компанид шатны үнэ төлж суурилуулсан. Мөн нийлүүлсэн цахилгаан болон урсдаг шатууд нь бүрэн суурилуулаагүйгээс өөр компаниар хөлс төлж суурилуулж хохирсон” гэж тодорхойлсон.

   Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...нийлүүлээгүй гэх 6 ширхэг цахилгаан шатны мөнгийг манайд төлөөгүй атлаа дээрх шатны мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нийлүүлсэн 5 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шатыг бүрэн суурилуулж өгсөн тул өөр компаниар дахин суурилуулах ажлыг гүйцэтгүүлсэн гэдэг нь үндэслэлгүй” гэж маргасан.

   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

    Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т*******” ХХК нь 800-1000 кг даацтай, 10-13 хүний багтаамжтай, хаалганы төвийн 800 мм онгойлттой, төвөөс 2 тийш онгойдог, 1 м/с хурдтай 10 ширхэг цахилгаан шат, 0.5 м/с хурдтай, 800 мм өргөнтэй 8 ширхэг урсдаг шат тус тус нийлүүлж, угсрах, “ТС” ХХК нь нийт 1,399,560,000 төгрөг төлөх, үүнээс 1,119,648,000 төгрөгийг нь бартерийн зүйлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

   Гэрээний талууд дээрх гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулж, цахилгаан шатыг 11 ширхэг, урсдаг шатыг 6 ширхэг болгож, тэдгээрийн үнэд нийт 1,261,670,000 төгрөг төлөхөөр өөрчилжээ.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

            “Т*******” ХХК нь 5 ширхэг цахилгаан шат, 6 ширхэг урсдаг шатыг нийлүүлж, угсарсан болон уг ажлын хөлсөнд “ТС” ХХК нь 599,735,000 төгрөгийн үнэ бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө, 200,000,000 төгрөгийг дансаар, нийт 799,735,000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 32-36, 91-102 дугаар тал/

“ТС” ХХК-иас 599,735,000 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** тоотод байрлах, 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  304,950,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн *** тоот дахь 101.65 м.кв талбай бүхий 3 өрөө  байрыг 294,785,000 төгрөгөөр тус тус “Т*******” ХХК-д шилжүүлжээ.

 Дээрх эд хөрөнүүдийг хүлээн авсан этгээд нь “ТЭ” ХХК-ийн захирал С.А*******, түүний эхнэр Я.Долгорсүрэн нар байна. Шүүх хуралдаанд хариуцагч “Т*******” ХХК нь 599,735,000 төгрөгт тооцож дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин дансаар 127,000,000 төгрөг хүлээн авсан, 73,000,000 төгрөгийг шилжүүлээгүй гэж тайлбарласан. Гэхдээ хариуцагчаас ажлын хөлсний төлөгдөөгүй байгаа мөнгөн хөрөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Талуудын гол маргаан болох нийт 11 ширхэг цахилгаан шат нийлүүлэхээс 5 ширхэгийг нийлүүлж, үлдэх 6 цахилгаан шатыг нийлүүлээгүйгээс хохирол учирсан гэх шаардлагад шүүх дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

Нэхэмжлэгч “ТС” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Гларий-Монголиа” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 6 ширхэг цахилгаан шатыг 493,231,860 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 8-14 дүгээр тал/

Хариуцагч “ТЭ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 6 цахилгаан шатыг нийлүүлээгүй үйл баримтад маргаагүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо тодорхойлохдоо “ТЭ” ХХК-тай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн “Гларий-Монголиа” ХХК-д гэрээний үнэд 493,231,860 төгрөг, угсралтын зардалд 43,000,000 төгрөг, нийт 536,231,860 төгрөг төлсөн гэж уг мөнгөн хөрөнгийг  алданги 220,000,000 төгрөгийн хамт шаардсан.

Хэдийгээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТС” ХХК нь хугацаандаа гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг хариуцагч “ТЭ” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирлоо нотолж чадаагүй.

Тодруулбал, “Гларий-Монголиа” ХХК-д гэрээний үнийг төлөхдөө бартераар буюу орон сууц, дулаан зогсоол, автомашин зэргийг 536,231,860 төгрөгт тооцож шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэргийн 103-104 дүгээр талд “Эм Эс Пи Ди” ХХК болон “Гларий-Монголиа” ХХК-иудын байгуулсан 2019 оны 11 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байх ба уг гэрээний дагуу “ТС” ХХК-ийн өмнөөс 48 орон сууц, 100 автомашины зогсоолыг “Эм Эс Пи Ди” ХХК нь  “Гларий-Монголиа” ХХК-д төлсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.  

Түүнчлэн иргэн Б.Т*******, У.Б******* нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг “ТС” ХХК-иас “Гларий-Монголиа” ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож төлсөн гэж үзэхээргүй. Уг иргэд нь “ТС” ХХК болон “Гларий-Монголиа” ХХК-тай ямар хамааралтай болох, тус компаниудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна. /хх-ийн 130-132 дугаар тал/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “ТС” ХХК нь “Эм Эс Пи Ди” ХХК болон иргэн Б.Т*******, У.Б******* нарын хооронд байгуулсан  гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг “Г*******” ХХК-д шилжүүлж ажлын хөлс төлсөн гэх боловч дээрх хуулийн зохицуулалтад зааснаар бодитоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх замаар “Г*******” ХХК-ийн нэр дээр шилжсэн талаархи баримтыг шүүхэд цуглуулж өгөөгүй.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “ТС” ХХК-иас “Г*******” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжсэн талаархи баримтгүй.  “Эм Эс Пи Ди” ХХК болон иргэн Б.Т*******, У.Б******* нарын хооронд байгуулсан  гэрээний зүйлүүд нь  “ТС” ХХК-иас “Г*******” ХХК-д төлөх ёстой байсан 6 цахилгаан шатны төлбөрт тооцож төлөгдсөн гэж үзэхэд учир дутагдалтай, дээрх баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

Мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн машин хүлээлцсэн актаар 2011 оны цагаан өнгөтэй гаальтай арлын дугаар /*******/ Тоёото приус маркийн автомашиныг “ТС” ХХК-иас “Г*******” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх баримт байх боловч уг баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар автомашины эзэмших эрхийг “Г*******” ХХК-д шилжүүлсэн талаархи баримтгүй байна. Иймд автомашины үнийг 12,620,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн үнийн дүнд хамааруулж байгаа нь үндэслэлгүй.

Нөгөө талаар, нэхэмжлэгч гэрээгээр шаардаж буй нийлүүлж өгөөгүй гэх 6 шатны үнийг хариуцагчид төлөөгүй атлаа дээрх 6 ширхэг цахилгаан шатны  үндсэн үнийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

Түүнчлэн “Г*******” ХХК-иас 6 ширхэг цахилгаан шат авч, барилгад суурилуулсантай холбоотой бараа болон ажил хүлээлцсэн акт хэрэгт авагдаагүй. Хариуцагч “ТЭ” ХХК-иас  нийлүүлсэн цахилгаан болон урсдаг шатанд техникийн магадлалын  акт гаргуулсан атлаа “Г*******” ХХК-иас авсан гэх 6 ширхэг цахилгаан шатанд техникийн магадлалын акт гаргуулаагүй байгаа нь эргэлзээтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Г*******” ХХК-иас худалдан авсан 6 ширхэг цахилгаан шатны үнэ болон суурилуулсан ажлын хөлс төлж хохирсон гэх 768,851,860 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

“ТЭ” ХХК-иас нийлүүлсэн цахилгаан болон урсдаг шатуудыг бүрэн суурилуулаагүйгээс өөр этгээдээр суурилуулах ажлыг дахин гүйцэтгүүлж, ажлын хөлс төлж хохирсон гэх шаардлагад дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02-07-025/408 дугаар дүгнэлтээр “...хүн зөөврийн зориулалттай 4 ширхэг лифт, үйлчилгээний төвд суурилуулсан 6 ширхэг урсдаг шат нь хөндлөвч бэхэлгээ, ган татлагнуудын төгсгөлийн даацын суурь, лист гагнуурын ажлыг хийж гүйцэтгээгүй. Барилгын даацын хана руу  гүйцэт ороогүй бэхэлгээ муутай, удирлагын самбарт тохируулга хийх боломжгүй, утас монтаж эмх цэгцгүй, кабель дундаа тасарсан холболт хийсэн. Урсдаг шатанд тохируулгын ажлын гүйцэтгээгүй, тэмдэглэгээ хийгээгүй байх тул мэргэжлийн лифтчин томилж техник үйлчилгээ засвар хийн аюулгүй ажиллагааг хангах нь зүйтэй” гэжээ. /хх-ийн 63-64 дүгээр тал/

Хариуцагч “ТЭ” ХХК нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, цахилгаан шат болон урсдаг шатуудыг бүрэн гүйцэт суурилуулж өгсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар  ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэгтэй ба мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирох ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэх өгөх үүрэгтэй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02-07-025/408 дугаар дүгнэлтээр гүйцэтгэгч “ТЭ” ХХК нь доголдолтой ажлын үр дүн буюу цахилгаан болон урсдаг шатыг бүрэн гүйцэт суурилуулаагүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “ТС” ХХК нь дээрх доголдолтой ажлын үр дүнг нь арилгуулахаар 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ШТ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 9,240,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 65-70 дугаар тал/

Хэдийгээр “ШТ” ХХК-д ажлын хөлс 9,240,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх боловч хэрэгт авагдсан баримтаар нийт 7,820,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн байна. /хх-ийн 110, 129 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн “ШТ” ХХК-д ажлын хөлс төлсөн гэх хэргийн 108 дахь талд авагдсан баримт нь хэнд, юуны хөлс төлсөн нь тодорхойгүй, 109, 128 дугаар талд авагдсан баримтууд нь зөвхөн “ШТ” ХХК-ийн санхүүгийн баримт байх ба уг баримтуудад хэнээс ажлын хөлс төлсөн болох нь тодорхойгүй байна.

Хариуцагч “ТЭ” ХХК нь өөрийн нийлүүлж суурилуулсан цахилгаан болон урсдаг шатны үнэ болон суурилуулсан ажлын хөлсийг авсан маргаагүй тул дээрх доголтолтой хүлээлгэж өгсөн ажлын хөлсний зөрүүг тус компани буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтад “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан  хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчил төлбөл зохих хөлсийг бууруулна” гэж зааснаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 7,820,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч “ТЭ” ХХК нь 5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспорт зэргийг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн уг шаардлагад маргаагүй тул дээрх бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 761,031,860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 7,820,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ТЭ” ХХК-иас 7,820,000 төгрөг болон 5 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат болон 6 ширхэг урсдаг шатны дагалдах бичиг баримт, техникийн паспортыг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТС” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 761,031,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,155,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,070 гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ