| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0586/Э |
| Дугаар | 2020/ДШМ/631 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ДШМ/631
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн өмгөөлөгч Э.Даваасүрэн,
яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, С.Давааравдан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай эсэргүүцлээр Б.Мд холбогдох 1903007800528 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Бийн М, 1977 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Инержистрийм” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Голден Вилл” хотхоны 201-38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 20 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны урд замд “Land Rover” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Б.Даваа-Очир жолоочтой “Toyota Prius” загварын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч З.Батгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, зорчигч Н.Амгаланжаргал, жолооч Б.Даваа-Очир нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхээс яллагдагч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, эдгээр асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт дараах үндэслэлээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:
1. Яллагдагч Б.Мд холбогдох хэрэгт техникийн шинжээчдийн 3 дүгнэлт гарсан байна. Үүнд:
Нэг. 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 4992 тоот дүгнэлтэд “... “Toyota Prius” загварын 07-72 ДАХ дугаартай машины жолооч Б.Даваа-Очир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. “Land Rover” загварын 34-44 УБП дугаарын машины жолооч Б.М нь Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” /цагдаагийн ахмад Н.Шинэбаатар/ /1хх 157-158/ гэх дүгнэлт,
Хоёр. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 564 тоот дүгнэлтэд “... “Toyota Prius” загварын 07-72 ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Даваа-Очир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрохоос бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад “... “Land Rover” загварын 34-44 УБП дугаарын тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. ...” /цагдаагийн хошууч Н.Ганбаатар, ахмад Б.Алтанбагана, ахлах дэслэгч Т.Сугар/ /2хх 79-80/ гэх дүгнэлт,
Гурав. 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 133 тоот дүгнэлтэд “... “Toyota Prius 20” загварын 07-72 дугаартай машины жолооч Б.Даваа-Очир нь Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрохоос бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, “Land Rover” загварын 34-44 УБП машины жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн нэг. Нийтлэг үндэслэл, 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /цагдаагийн хошууч В.Балжинням, ахмад Д.Батзориг, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Н.Ариунболд, ахмад Б.Баттүвшин / /2хх 161-162/ гэх дүгнэлтүүд тус тус цугларсан байна.
Дээрх дүгнэлтүүдээс үзвэл яллагдагч Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж буруутгасан 4992, 133 тоот дүгнэлтүүд нь түүнийг өөр өөр заалтаар буруутгасан. 564 тоот дүгнэлтээр яллагдагч Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Эдгээр дүгнэлтүүд нь өөрөө хоорондоо илтэд зөрүүтэй байна.
Мөн амь хохирогч Б.Даваа-Очирыг 4992, 564, 133 тоот дүгнэлтүүдээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1 зэрэг заалтыг зөрчсөн гэж өөр өөр заалтаар буруутгасан. Аль нь үндэслэлтэй эсэх талаар мөн л эцэслэн шийдвэрлээгүй орхигдуулсан.
Түүнчлэн Тээврийн прокурорын газраас яллагдагч Б.Мд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрохоос бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн /2хх31/ гэж яллагдагчаар татсан.
Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд “яллагдагч Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрохоос бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж өөрчилж тогтоол үйлдсэн /2хх 174-175/ байна.
Дээрхээс үзэхэд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтийн 4992 тоот дүгнэлт нь Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтаар, 133 тоот дүгнэлт нь Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.3-т заасныг тус тус зөрчсөн талаар дүгнэсэн нь зөрүүтэй.
Харин прокурор яллагдагч Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтаар буруутгаж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан ба шинжээчдийн дүгнэлтэд тусгагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар давхар буруутгасан нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, хэргийн нотлох ажиллагааны хүрээнд “шинжээчийн дүгнэлт”, эсхүл “мөрдөгчийн магадлагаа”-г зам тээврийн ослын хэрэгт зайлшгүй гаргуулж зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, холбогдсон этгээдүүдийн хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар заалтыг зөрчсөн, уг зөрчил нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хамгаалагдсан нийтийн ямар ашиг сонирхолд харшилсан гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг үйлдэгдэх ослын шалтгаан, шалтгаант холбоо болсныг хууль зүйн болон бусад шинжлэх ухааны тусгай арга хэрэгслээр мөрдөн шалгаж, нотлох нь хэргийн бодит үнэнийг тогтооход онцгой ач холбогдолтой.
Гэтэл прокурор тус хэрэгт гаргасан шинжээчдийн дүгнэлтэд заагаагүй Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар яллагдагчийг буруутган яллах дүгнэлт үйлдсэн, улмаар илтэд зөрүүтэй техникийн шинжээчдийн 4992, 133 тоот дүгнэлтүүдийн зөрүүг арилгаагүй, яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй.
Тодруулбал, шинжээчдийн дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй байж, илтэд зөрүүтэй дүгнэлтүүдийн нэг болох 133 тоот дүгнэлтэд заасан Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.3-т заасан заалтаар болон прокурор өөрөө нэмж Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтаар яллагдагчийг буруутган яллах дүгнэлт үйлдсэн ноцтой зөрчил байх ба үүгээр яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан тул хэрэгт авагдсан техникийн шинжээчдийн 1, 3, 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 4992, 564, 133 тоот дүгнэлтүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэй, аль дүгнэлт нь үнэн эсэх, үндэслэлтэй эсэх нь ойлгомжгүй, нэг дүгнэлт нь нөгөөгөө бататгасан гэж үзэх боломжгүй, эсрэг тэсрэг агуулагатай дүгнэлтүүдийн аль нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж бодитой гарсан дүгнэлт болохыг тогтоогоогүй байх тул энэхүү зөрүүтэй дүгнэлтүүдийн зөрүүг арилгах, хэргийн бодит байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг эргэлзээгүй тогтоовол зохино.
2. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл З.Батгэрэл гэрчээр мэдүүлэхдээ “... 52-ийн даваан дээр саарал өнгийн “Land Rover” загварын машин урсгал сөрөөд гараад ирсэн. ...” /1хх 77/,
хохирогчоор мэдүүлэхдээ “...Саарал “Land Rover” загварын машин урд явсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой урсгал сөрөөд л ороод ирсэн. Барагцаагаар 70-80 метр орчим газраас урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд л манай жолооч сандраад тулаад ирэхээр нь зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн. ...” /1 хх67/,
иргэний нэхэмжлэгч Д.Сэргэлэнбаатарын “... “Land Rover” загварын саарал өнгийн автомашин урдаас урсгал сөрсөн байдалтай ирж яваа харагдсан. Тэгээд л манай машины жолооч баруун гар тийш нэг дараад, буцаагаад зүүн гар тийш эсрэг урсгал руу дараад мөргөлдсөн. Намайг харах үед 20-иод метрийн цаана “Land Rover” загварын саарал өнгийн автомашин урсгал сөрсөн байдалтай урдаас ирж яваа харагдсан. ...” /1хх72/,
гэрч Б.Эрхэмчимэгийн “...52 давааны урд явж байтал эсрэг урсгалаас гэнэт приус машин ороод ирсэн. ...” /1хх 74-75/ гэх мэдүүлгүүд тус тус цугларсан байна.
Иймд “Toyota Prius 20” загварын 07-72 машины жолооч амь хохирогч Б.Даваа-Очир, “Land Rover” загварын 34-44 УБП машины жолооч Б.М нарын хэн нь гүйцэт түрүүлэх, урсгал сөрөх үйлдэл хийснийг шалгах, мөн хурд хэтрүүлсэн эсэх зэргийг тогтоох зэрэг ажиллагааг явуулах нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам хэрхэн зөрчсөнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Мөн дээрх оролцогч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаас үзэхэд “Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн заалтын нийтлэг үндэслэлийн 1.3-ыг зөрчсөн гэсэн шинжээчдийн 133 тоот дүгнэлт ойлгомжгүй, үйл баримтаас зөрүүтэй.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлтээр гаргасан 1091 тоот дүгнэлтээр “...Батгэрэлийн биед баруун шуу ясны далд хугарал, уруулд шарх, баруун, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ... хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэжээ. /1хх 125-126/
Харин “Бид” эмнэлгийн тодорхойлолтод “...З.Батгэрэл нь 7 дугаар сарын 4-ний өдөр авто осолд орсны дараа зүүн чих шуугиж дүнгэнэн юм сонсохгүй, бага зэрэг цус гарч чихээр хий гарах зовиурууд илэрч, 7 дугаар сарын 18-ны өдөр чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд хэнгэрэг цоорсон, нөхүүлэх шаардлагатай гэж зөвлөж байгаас үзэхэд 2 чихний гадна суваг цэвэр зүүн хэнгэрэг доод талдаа гурвалжин хэлбэрийн дунд зэрэг цоорхойтой ...” /1хх227/ гэжээ.
Иймд хохирогч З.Батгэрэлийн биед үзлэг хийсэн шинжээчийн 1091 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэх, тодруулбал 1091 тоот дүгнэлтэд чихний хэнгэрэг цоорхой эсэх талаар гэмтэл илэрсэн эсэх талаар байхгүй, гэтэл ослын улмаас чихний хэнгэрэг цоорсон гэх талаар эмнэлгийн тодорхойлолтод дурдсан байх тул шинжээчийн дүгнэлтийг нягтлах, шаардлагатай бол дахин дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг явуулж, дээрх зөрүүг арилгах, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, иргэний нэхэмжлэлд шууд хамааралтай байна.
4. Тус хэрэгт яллагдагч Б.Мд 1903007800528 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байхад Тээврийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 66А дугаартай дүгнэлтийн “тогтоох хэсэгт” эрүүгийн 190300780528 тоот хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд заасан дугаараас өөр дугаартай хэрэг шүүхэд шилжүүлсэн алдаатай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлын талаар хэргийн материалаас үзэхэд, өмгөөлөгч С.Давааравдан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дахин дүгнэлт гаргуулах хүсэлт /2хх 180-181/ прокурорт гаргасан. Уг хүсэлтийг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 36 тоот тогтоолоор хангахаас татгалзаж, шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй талаар дурдаж /2хх 182-183/ өмгөөлөгч С.Давааравданд гомдлын хариуг өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаар хариу мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан. Уг хариу мэдэгдэх хуудсанд хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй талаар дурджээ. /2хх184/
Мөн өмгөөлөгч Б.Дашдоржоос 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд, яллагдагч Б.Мгээс нэмэлт ажиллагаа хийлгэх, прокурорыг татгалзах тухай гомдол /2хх 186-188/ гаргасан байх ба тэдний гомдлыг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот тогтоолоор хангахаас татгалзсан, шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй талаар дурдаж /2хх 189-190/, өмгөөлөгч Б.Дашдорж, яллагдагч Б.М нарт гомдлын хариу өгсөн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 90 дугаартай хариу мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан. Мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй талаар дурджээ. /2хх191/
Хэрэгт өмгөөлөгч, яллагдагч нарт хариу мэдэгдэх хуудсыг прокурор хэзээ хэрхэн хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй байна.
Харин урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Дашдорж нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэж, өмгөөлөгч С.Давааравдан нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр прокуророос хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаар тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “өмгөөлөгчийн эрх, үүргийн” талаар заасан байх ба уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах” гэж, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч нь “шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч, яллагдагч нар нь прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй байх ба тэдний хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад, мөн гаргасан гомдол нь хянагдаагүй байхад прокурор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн нь оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил гэж үзнэ. Улмаар өмгөөлөгчийн гаргасан гомдолд Улсын Ерөнхий прокурорын газраас “хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна” /2хх 204/ гэх хариуг өгсөн байх боловч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь яллагдагч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь шүүхийн бүртгэлээр тогтоогдсон тул прокурор оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуульд заасан эрхийг эдлүүлэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь ноцтой зөрчил гэж үзнэ.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь “яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжилж хохирол нөхөн төлөх талаар арга хэмжээ авч өгөх хүсэлт гаргасныг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 38 тоот тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хохирогчийн төлөөлөгчид мэдэгдсэн /2хх 193-195/ байхад мөн л түүнийг дээд шатны прокурорт гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдсэн зөрчилтэй.
Иймд тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болох/, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэв.
Иймээс дээрх зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өмгөөлөгчийн гаргасан бусад хүсэлтийг анхаарвал зохино. ...” гээд яллагдагч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, яллагдагч Б.Мгийн жолооны ВС ангиллын 280912 дугаартай үнэмлэхийг хэргийн хамт тээврийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Сэрчмаад даалгахаар шийдвэрлэжээ.
Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Б.Мд холбогдох хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 451 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем, фото зураг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1499 дугаартай дүгнэлт” зэргийг үндэслэн гаргасан. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 564 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргахдаа “...1903007800528 дугаартай хэрэгт дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг үндэслэн хэргийн материалтай танилцаж дараах дүгнэлтийг гаргаж байна” гэж, 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа “Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг бусад нотлох баримтууд дээр үндэслэн асуултын хүрээнд дараах дүгнэлтийг гаргаж байна.” гэжээ.
Хэрэгт авагдсан, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн “Анх автомашинууд мөргөлдсөн гэх цэгийг “Toyota Prius” загварын автомашинаас гоожсон тосны хэсэг буюу баруун урд хагарсан дугуйны обудны үлдээсэн мөр зэргийг үндэслэн А үсгээр тэмдэглэв. ...Осол гарсан замын зорчих хэсгийн өргөн 6.9 метр, хөвөөний өргөн 2.0x2.4 метр ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-9-22/,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4992 дугаартай “Тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх үеийн байрлалыг гэрэл зургийн үзүүлэлтийн №68-аас үзнэ үү. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс автомашин явах боломжгүй тул автомашин тоормоз гишгэх үед тоормозны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 163-72/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4993 дугаартай “Тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх үеийн байрлалыг гэрэл зургийн үзүүлэлтийн №119-өөс үзнэ үү. Автомашинд гарсан эвдрэл гэмтлээс автомашин явах боломжгүй тул автомашин тоормос гишгэх үед тоормозны мөр зам дээр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна” /1хх - 176-192/ гэх дүгнэлт,
4. Хохирогч З.Батгэрэлийн “...Барагцаагаар 16 цагийн орчимд 52-ын давааны урд замд явж байтал урдаас “Land Rover” загварын саарал өнгийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн, тэгээд манай жолооч зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарсан, тэгээд л “түс тас” гээд л дуугарсан, би осол гарах үед урагш чигээрээ зам хараад явж байсан. Манай машины урдаас урсгал сөрж орж ирсэн гэх саарал өнгийн “Land Rover” загварын автомашин урд явсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой урсгал сөрөөд л ороод ирсэн, ингэхдээ нилээн холоос урсгал сөрөөд ороод ирсэн, барагцаагаар 70-80 метр орчим газраас урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд л манай жолооч сандраад, тулаад ирэхээр зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн.” /1хх - 66-67/ гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.Сэргэлэнбаатарын: “...Урдаас ирж яваа “Land Rover” загварын саарал өнгийн автомашины хурдыг би сайн мэдэхгүй, ямар ч байсан манай машины урдаас урсгал сөрөөд л ирж яваа харагдсан, тэгээд л нүд ирмэх зуур л түс тас гээд мөргөлдсөн, ...тэгээд л манай машины жолооч баруун гар тийш дараад, буцаагаад зүүн гар тийш эсрэг урсгал руу дараад мөргөлдсөн.” /1хх - 71-72/ гэх мэдүүлэг,
6. Гэрч З.Батгэрэлийн “...15 цаг 30-аад минутын үед “Toyota Prius” загварын 07-72 ДАХ улсын дугаартай автомашинд суугаад Драгоноос Дархан-Уул чиглэлд гарсан, тэгээд барагцаагаар 16 цагийн орчимд 52-ын давааны урд замд явж байтал урдаас “Land Rover” загварын саарал өнгийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн, тэгээд манай жолооч зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дарсан, тэгээд л “түс тас” гээд л дуугарсан, би тухайн үед ухаан алдсан байсан. Манай машины урдаас урсгал сөрж орж ирсэн гэх саарал өнгийн “Land Rover” загварын автомашин урд явсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой урсгал сөрөөд л ороод ирсэн, ...манай жолооч сандраад тулаад ирэхээр зүүн гар тийш, эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн.” /1хх- 77-78/ гэх мэдүүлэг,
7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 133 дугаартай “Toyota Prius” загварын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Даваа-Очир нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Land Rover” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл: 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2хх 161-162/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар жолооч Б.М нь өөрийн явах ёсгүй эгнээ буюу эсрэг урсгал сөрж бусдад осолтой байдал бий болгосны улмаас зам тээврийн осол гарах шалтгааныг бий болгосон.
Жолооч Б.Даваа-Очир нь аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүйгээр эсрэг урсгалд орсны улмаас хоорондоо мөргөлдсөн, гэрч нарын мэдүүлгүүдээр түүнийг “...манай жолооч сандраад тулаад ирэхээр зүүн гар тийш, эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөлдсөн” гэж мэдүүлдэг хэдий ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч аюул, саад тулгарсан үед аюул, саад ирж буй зүгийн эсрэг жолоогоо дарах үйлдэл хийхийг хориглоогүй. Жолооч Б.Даваа-Очир нь зам тээврийн ослын улмаас нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “сэжигтэн яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Жолооч Б.Мд холбогдуулан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” болон “яллах дүгнэлт”-д жолооч Б.Мийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж прокурор үзсэн.
Прокуророос техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг ... прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг баримталсан болно. Мөн прокурор хэрэгт цугларсан нотлох баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 14 дэх хэсэг “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт өгсөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч, явган зорчигч бүгдэд хамааралтай, тэдний аюулгүй байдлаа хангаж явах, аюулгүй байдлаа хангаснаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирол, хор уршгийг багасгахад чиглэсэн нийтэд хамаарах заалт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 5 дахь хэсэг “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, үйл баримтуудад дүгнэлт хийж прокуророос Б.Мд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно.
8. Хохирогч З.Батгэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шинжээч эмч З.Батгэрэлийн биед учирсан гэмтлүүдийг үзлэг хэсэг, онош хэсэгт тодорхой дурдаж ямар гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарч байгааг дүгнэлт хэсэгтээ тусгасан байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч З.Батгэрэл зам тээврийн осолд орсны улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлүүд тодорхой дурдагдсан учир заавал тусад нь чихний хэнгэрэг цоорхойг тодруулж, дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан бүх гэмтлүүд тусгагдсан байна.
9. Хэрэгт яллагдагч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт, гомдлыг хүлээн авч Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нараар бүрэлдэхүүнтэй дүгнэлт 2 удаа давтан гаргасан байна. Техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан дүгнэлтийг 2 удаа гаргасны дараа өмгөөлөгч С.Давааравдан нь дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар гомдол гаргасныг дээд шатны прокуророос гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч яллагдагч Б.М, өмгөөлөгч Б.Дашдорж, С.Давааравдан нар нь прокурорын хяналтын хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 5-наас яллах дүгнэлт үйлдсэн 2020 оны 3 дугаар сарын 18-ны хооронд гомдол гаргаж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан талаар дээд шатны прокуророос тухай бүр хариуг өгсөн, гомдлын хариуг хүлээн авч Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянана. ...” гэж заасны дагуу хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагч Б.М нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 66А дугаартай яллах дүгнэлтийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр буюу 5 хоногийн дараа гардаж авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн болно. Өмгөөлөгч нараас гаргасан гомдолд тухай бүр хариуг өгсөн, гомдлын хариуг хүлээн авч, хуульд заасан хугацаанд дээд шатны прокурорт гомдлоо гаргаж байсан зэргээс үзэхэд өмгөөлөгч, яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нь эрхийг хангаж байсан нь хэрэгт авагдсан хариу мэдэгдэх хуудас, хэрэг материал татах тогтоол, албан бичиг зэргээр хангалттай тогтоогдож байгаа тул өмгөөлөгч, яллагдагч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэхээргүй байна.
Иймд шүүгчийн захирамжид заасан энэхүү заалтууд нь мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/712 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх бидэнд урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй. Анхан шатны шүүхээс “та нар шүүх хуралдаанд оролцох саналаа өгөөгүй” гэх тайлбарыг хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг болохыг мэдээгүй байж бид яаж оролцох саналаа өгөх юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14 дэх хэсгүүдэд заасныг шүүх яагаад хэрэглэхгүй байгаа юм бэ. Прокурор хэргийг шалгаад анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Яагаад хэрэгт авагдсан нотлох баримтуудын түвшинд хэргийг шийдвэрлэж болохгүй байгаа юм бэ. Уг хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаанд шүүхэд шилжиж ирээгүй. Арай хийж шүүхэд ирэхээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан. Бид нарын хохирлын асуудлыг огт шийдвэрлээгүй. Тухайлбал, хэргийн материал танилцуулахаас өмнө бид нар оршуулгын зардал буюу 10.000.000 төгрөг нэхэмжилснийг шийдвэрлээгүй. Өнчин хоцорсон хоёр хүүхдийн тэтгэмжийн асуудлыг мөн шийдвэрлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бидний зүгээс “хохирлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, олон сар боллоо” гэж гомдол гаргаж байсан бөгөөд уг гомдлуудыг шийдвэрлээгүй. Ингэж явсаар байгаад хэрэг шүүхэд ирэхээр буцаагаад явуулах гэж байна. Гурван удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Нийт 9 шинжээч оролцсон. Эдгээр баримтуудыг үндэслээд шүүх хэргийг яагаад шийдвэрлэхгүй байна вэ. Хохирогч талаас “яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Прокуророос хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хэргийн материалд хохирогч нарын гомдол маш бага байгаа. Бид хуулийн процесст маш хүндэтгэлтэй хандсан. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч тал зүй бусаар нөлөөлсөн. Бид нарт хэргийн материалыг танилцуулахдаа хоёр мөрдөн байцаагч ажилласан. Хоёр дахь мөрдөн байцаагч нь оны дараа хэргийг танилцуулсан. Хэргийн материал танилцуулах хугацаа болоогүй байхад эхний томилогдсон мөрдөн байцаагч надад хэргийн материалаас 2 нотлох баримтыг үзүүлсэн. Яллагдагч талыг цагаатгах нотлох баримтуудыг надад үзүүлсэн. А цэгийг хэмжсэн зургийг надад харуулсан ба зургийг тайлбарлахдаа мөрдөн байцаагч “хардаа танай дүүгийн сууж явсан такси эсрэг урсгалд орж ирсэн байгаа биз” гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь зургийг сайн нягталж харчихаад “Машин багаар бодоход 1.5 метрийн өргөнтэй. Гэтэл баруун талаараа мөргөлдсөн хоёр машины мөргөлдсөн цэг нь замын зорчих дунд талын зурвасаас 50 см зайтай байна. Тэгэхээр жип машин эсрэг урсгалд зүүн талаараа ороод ирсэн юм биш үү” гэж асуусан. Надад мөрдөн байцаагч юу ч хэлж чадаагүй. Мөн манай дүүгийн цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтийг харуулсныг би тэсээд өнгөрсөн. Надад маш муухай байсан. Манай дүү юунаас болж нас барсан гэх гэмтлийг надад харуулсан. Түүнээс гадна “Танай дүү чинь согтуу явж байсан байна” гээд согтолтын хэмжээг нь харуулсан. Манай дүү жолоо барьж явсан бол согтолтын зэргийг ярихад би ойлгох байсан. Зорчигчоор явж байсан хүнийг ингэж хэлэх ямар шаардлага байсан юм бэ. Дээрх хоёр танилцуулсан баримтаас харахад яллагдагч тал мөрдөн байцаагчид зүй бус нөлөөлсөн байна гэж харсан. Гэрчүүд анхнаасаа ямар ч зөрүүгүй, нэг чигт, хөдөлбөргүй мэдүүлгүүдээ өгсөн байдаг. Анх хэрэг гараад хохирогч, гэрч нар “жип машин урсгал сөрж орж ирсэн шүү” гэсэн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэг хэрэг шалгах явцад огт өөрчлөгдөөгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж байна. Тэгвэл гэрч нарын мэдүүлэг нотлох баримт биш юм уу. Яагаад шинжээчийн дүгнэлт илүү давуу хүчтэй байдаг юм бэ. Яагаад гэрчийн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлтээс багаар үнэлээд байна вэ. Яагаад А цэгийг тогтоосон нотлох баримтыг үнэлэхгүй байна вэ. Яагаад шүүгч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд шийдвэр гаргахгүй байна вэ. Яагаад хэргийг буцаах гээд байгаа юм бэ. Надад үнэхээр эргэлзээ төрж байна. Иймд хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн өмгөөлөгч Э.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарснаас сүүлийн буюу 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлтийн хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаарх үнэлэлт, дүгнэлт өгөөд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгүүд зөрүүгүй. Гэрч З.Батгэрэл, Д.Сэргэлэнбаатар, Б.Эрхэмчимэг нарын мэдүүлгүүдийг зөрүүтэй гэдэг. Гэтэл Б.Эрхэмчимэг яллагдагч Б.Мгийн гэр бүлийн хүн байдаг. Уг хэрэг 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гарсан ба одоо 1 жилийн болж байна. Энэ хэргийн улмаас маш олон хүмүүс хохирсон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийх боломжтой. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч А.Тгийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон прокурорын эсэргүүцэлтэй танилцахад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд урьдчилсан хэлэлцүүлгийн хэмжээ хүрээг тодорхой заасан байдаг. Үүнд, яллагдагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар дурдахгүй гэж заасан. Анхан шатны шүүх захирамждаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар эргэлзээгүй дүгнэлт гаргах гэх зэргээр хэргийн үйл баримт руу хэт орсон дүгнэлтийг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Эсрэг урсгал сөрсөн эсэх талаар талуудыг оролцуулаад мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн шинж нь юм. Шүүх гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх ажиллагаагаа шинжээчээр хийлгэх гээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасан. Замын хөдөлгөөний дүрэм өөрөө захиргааны хэм хэмжээний акт юм. Эсрэг урсгал сөрсөн эсэхийг тогтоохын тулд тусгай мэдлэг шаардлагагүй. Мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой. Прокурор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гээд яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд заавал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн гэдгийг дурдах ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэргийн үйл баримт мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох ёстой. Тусгай мэдлэгийн хүрээнд гэдэгт хурд хэтрүүлэх, гэрлийн тохиргоо алдагдах гэх зэрэг техникийн шинжтэй зүйл дээр тусгай мэдлэгийн дүгнэлт гарна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тодорхой дурдсан. Хэргийн үйл баримтыг нотлохын тулд шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, шинжээч нар мэдүүлэгтэйгээ холбоотойгоор тайлбараа гарах, үүнтэй холбоотойгоор дахин шинжилгээ хийлгэх боломж нь анхан шатны шүүхэд нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.
Яллагдагч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол юунаас болж гарсныг тогтоох, аль жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан, хэний давамгайлсан үйлдэл нөлөөлсөн гэдгийг тогтоосны үндсэн дээр хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх ёстой. Гурван шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Гурав дахь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгй байна. Учир нь, Замын цагдаагийн газрын үйл ажиллагаа прокурорын удирдлага дор явагддаг. Хэрэг шалгадаг мөрдөгч нар прокурорын дор ажилладаг тул шинжээчийн дүгнэлт шударга гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Иймд мэргэжилтэнг оролцуулж дахин шинжилгээ хийлгэх саналтай байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд гарсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Мгийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Тээврийн прокурорын газраас миний гомдол гаргах эрхийг хязгаарласан. Би гомдлынхоо эх хувийг авчирсан. 2020 оны 3 дугаар сарын 23-ны 11 цагт надад гомдлын хариуг хүлээлгэж өгсөн. Хавтас хэрэгт ямар гомдлын хариуг хавсаргасан болохыг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Прокурор өөрийн дотоод итгэлээрээ А цэг болон хэргийн газрын үзлэгийг үндэслэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн гэж ялласан. Дотоод итгэл гэдэг өөр асуудал. Зам тээврийн ослын хувьд тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд ямар дүрэм, журам зөрчсөн бэ гэдэг асуудлыг тогтоож байж тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Дүгнэлтийг үндэслэж яллах ёстой. Эргэлзээтэй гарсан дүгнэлтийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Мөрдөн байцаагчид яллагдагч Б.М нөлөөлсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлоо гарган шалгуулах эрх нь нээлттэй байгаа. ...” гэв.
Яллагдагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/712 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ