Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2020/0022

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Нийтийн Аж ахуй Ус Сувгийн Тосон Очирт Хайрхан ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай төлбөр барагдуулах тухай актаар 9.500.000 төгрөг гаргуулахаар тогтоосон. Акт тогтоосон үндэслэл нь 2018 онд манай байгууллагын захирлаар ажиллаж байсан Л.******* нь нийт ажилчдыг нэгдсэн журмаар ажлын хувцасаар хангах ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын******* ХХК-тай ажил гүйцэтгүүлэхээр 3 сарын гэрээ байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд хүлээж авахаар гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд хувцасыг хүлээж аваагүй урьдчилгаа 9.500.000 төгрөгийг олгосон. Гэрээний хугацаа 6 сараар хэтэрсэн байхад гэрээг дүгнэж, алданги тооцоогүй зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу байгууллагын 2018 оны санхүүгийн баримтад дотоод хяналт хийхэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16:34 минутад захирал асан Л.******* нь Улаанбаатар хотын Хас банкны Ард салбараас байгууллагын данснаас нийт 12.000.000 төгрөгийг бэлнээр гаргасан баримт байх бөгөөд******* ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус, тамга тэмдэг, гарын үсгийн бүрдэл дутуу гэрээг хавсаргасан байсныг 2018 оны 05 сарын харилцах баримтаас олж тухайн******* ХХК-тай холбогдоход төлбөр тооцоо огт хийгдээгүй манай байгууллагын нэрийг ашигласан байна гэж дурдсан бөгөөд ажлын хувцас нь одоог хүртэл огт нийлүүлэгдээгүй болно. Дээрх зөрчлийг хариуцагч тухайн үед захирлаар ажиллаж байсан Л.******* нь 2020 онд өвчний улмаас таалал төгссөн тул энэхүү актаар тогтоосон төлбөрийг төвлөрүүлэх боломжгүй юм. Энэ актыг хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Төрийн аудитын газарт хүсэлт гаргасан боловч тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 717 дугаартай албан бичгээр төлбөрөөс чөлөөлөх боломжгүй тул шүүхийн байгууллагад хандаж энэхүү асуудлыг шийдвэрлүүлнэ үү гэсэн учир танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай төлбөр барагдуулах тухай актаар 9.500.000 төгрөг гаргуулахаар тогтоосон. Нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдалтай танилцаад нэхэмжлэгч талаас гаргасан Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******гийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан акт нь агуулга, хэлбэрийн хувьд эрх зүйн алдаатай талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба харин тухайн актад дурдсан зөрчлийг гаргасан өмнөх захирал нь нас барсан тул актаар тогтоосон төлбөрийг төвлөрүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан байна.

Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр барагдуулах этгээд нас барсан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрч буйгаа дурдсан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 7 дугаар зүйлийн 7-д ... орон нутаг дахь аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор шийдвэр гаргаж , батлагдсан акт , албан шаардлагыг хүчингүй болгох эрхтэй гэж заасан байна.

Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-д төрийн аудит нь шударга ёсыг хангах, бодитой байх зарчимд үндэслэхээр заасан ба Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай актын хүрээнд зөрчил гаргагч, шалгагдагч этгээд Л.******* нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 044/000156 дугаар лавлагаагаар тогтоогдож байх тул дээр дурдсан зарчмын хүрээнд хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийтийн Аж ахуй Ус Сувгийн Тосон Очирт Хайрхан ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.*******д холбогдох 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 36/36/ЗАА-2020/2/СТА-ОНӨААН дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР