Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 01475

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч О.Аад холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үеэл дүүгээрээ дамжуулан О.Атай холбогдож тус сургуулийн нягтлангийн оройн ангид шилжин суралцах талаар тохиролцон, 1 500 000 төгрөг өгсөн. Ингээд О.А нь надад туслахаар болж танил талаараа тус сургуульд оруулж өгье,  урьд нь сурч байсан анги чинь татан буугдсан тул Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Бизнесийн сургуульд нягтлан бодогчийн оройн ангид 2 жилийн хугацаатай суралцах боломжтой гэж хэлсэн. О.А данс өгсний дагуу 1 500 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Сургуульд оруулж өгөөгүй тул би Алтансувд руу сургуульд оруулах боломжгүй бол мөнгөө буцааж авъя гэж холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан. Ингээд мессеж бичтэл ойлголоо гэсэн хариу ирсэн. 2017 оны 12 сарын 29-ний өдөр 500 000 төгрөгийг миний данс руу буцааж хийсэн. Үлдэх мөнгө болох 1 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлнэ гэсэн одоо болтол өгөөгүй тул шүүхэд хандсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би О.А гэдэг хүний талийгаач нөхрийг танихгүй бөгөөд нэг ч удаа уулзаж байгаагүй. О.А нь талийгаач нөхрийнхөө дансны дугаарыг өөрөө өгсөн. Харин сая хэрэгт ирүүлсэн нас барсан гэрчилгээнээс нь харахад дансны дугаар өгч мөнгө шилжүүлэх тэр үед нөхөр нь нас барсан байсныг мэдлээ. Хариуцагчийг элдвээр дарамтлаагүй, өгсөн мөнгөө л авья гэсэн. Энэ хүн утсаа ерөөсөө авдаггүй тул би дандаа мессеж бичиж байсан. Энэ баримтаа гаргаж өгсөн. Миний үеэл дүү н.Болормаа нь одоо жирэмсэн тул уг маргаанд оролцуулмааргүй байна. Харин О.А нь өөрөө мөнгө авснаа зөвшөөрч 500 000 төгрөгийг шилжүүлсэн хэрнээ одоо буцааж авна гэснийг гайхаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлдээ: О.А нь Б.Бг танихгүй бөгөөд өмнө нь уулзаж байгаагүй. Харин Д.Болормаатай гэрт нь очиж сургууль соёлтой болмоор байна гэж уулзсан байдаг. н.Алтансувд нь сургуулиасаа олон жил завсардсан тул шинээр элсэж орох шаардлагатайг нь өөрт нь хэлсэн. Гэтэл энэ хүн сүүлийн нэг жил намайг дипломтой болгож өг гэжхууль бус зүйл шаардахаар нь таньдаг хүнийхээ сургуульд 1-р курст оруулж өгөх гэтэл заавал дипломтой болмоор байна гэхээр нь бичиг баримтыг нь буцааж өгсөн байдаг. Мөнгө төгрөгниы асуудал үүсч улмаар 500 000 төгрөгийг нь өгсөн. Уг мөнгийг О.А нь өөрөө авч ашиглаагүй бөгөөд талийгаач нөхрийнх нь дансруу шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд О.Аын нөхөр бурхан болж, үүний дараагаар Б.Б гэх хүн нь түүнтэй холбогдож эхэлсэн бөгөөд хариуцагчийн нөхөрт мөнгө өгсөн одоо чи буцааж өг, өгөхгүй бол чамайг явах газаргүй болгоно, чиний нөхрийг чинь нэрийг хүртэл зүгээр байлгахгүй гэж олон удаа ярьсан тул нөхрийнхөө нэр нүүрийг бодож, манай нөхөрт мөнгө өгсөн юм бол би түүнийг чинь цувуулж өгөх боломжтой гэж хэлсэн байдаг. Ингээд 500 000 төгрөг эхний ээлжид өг гэхээр нь өгсөн. О.А нь Б.Б гэдэг хүнээс ямар нэг мөнгө аваагүй учраас үндэслэлгүй авсан 500 000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчО.Ааас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч О.Аын 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаарзүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Аад холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч, буцаан шилжүүлсэн 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /хх.24-р талын ар/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн нөхрийн дансанд 1 000 000 төгрөг хийсэн гэж өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байх боловч уг хуулгад бичигдсэн 5007077742 тоот данс нь нас барсан Т.Даваажавын данс мөн эсэх, уг дансанд орсон мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан этгээд хэн болох талаарх маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч О.А уг мөнгийг авч захиран зарцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Шүүх хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд тодруулах шаардлагатай байхад хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг мөн өдөр нэхэмжлэгчид гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргах хугацаа 5 дугаар сарын 15-ны өдөр гэж заасан боловч тухайн өдрөө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан талуудын нотлох баримтаа бүрдүүлэн мэтгэлцэх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

           

Дээр дурдсан үндэслэлээр маргааны зүйл болох 1 000 000 төгрөгийг хариуцагч авч хэрэглэсэн болох нь баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01114 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                  

                                 ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ