| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04071/и |
| Дугаар | 3671 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 3671
| 2020 10 22 | 101/ШШ2020/03671 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.П /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б /-д холбогдох,
4,343,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Х.Б , иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“2019 оны 12 сарын 30-ны өдөр Х.Б бид хоёрын хооронд байгуулсан Тоёота Акуа маркийн автомашин худалдах худалдан авах гэрээг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцож улмаар авсан өгсөн зүйлсээ буцаан өгөх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу миний бие 2020 оны 06 сарын 04-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Х.Б 2020 оны 06 сарын 17-ны өдөр намайг эзгүй хойгуур Тоёота Акуa маркийн автомашиныг авчирч орхиод түлхүүрийг нь үлдээгээд хүлээлгэж өгөлгүй явсан байсан. Орой ирээд машинаа хартал буруу талд гурван газар ихээхэн хэмжээний сэв суулгасан, доод явах эд анги бүрэн эвдэрсэн, бичиг баримт нь байхгүй, 120,000 төгрөгийн торгуультайгаас гадна мотор кропны тос бохирдсон унаж эдлэх боломжгүй болгосон байсан. Би авто машиндаа засвар үйлчилгээг нь хийгээд зарах гэтэл бичиг баримтыг нь өгөөгүй тул өнөөг хүртэл зарж борлуулж чадахгүй хоногийн 3,000 төгрөгийн төлбөртэй авто зогсоолд 06 сарын 17-ны өдрөөс хойш байлгаж байна. Хэрэв бичиг баримт нь байсан бол өдийд энэ хэмжээний зардал нэмж гаргахгүй борлуулчих байлаа. Х.Б миний машиныг 6 сар унаж эдлэхдээ гадна өнгө үзэмжийг илтэд муутган, явах эд ангийг эвдэж гэмтээн зарим эд ангийг нь чанаргүй хужаа сэлбэгээр сольж орги эд ангийг нь тонож авсан хүн чанаргүй үйлдэлд маш их гомдолтой байна. Учир нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцсоноор авсан өгсөн зүйлээ анх байсан чанар өнгө төрхийн дагуу буцаан өгөх үүрэг талууд хүлээх ёстой. Иймд мотор, хропны тос солиулсны зардал 93,000 төгрөг, доод явах эд анги солиулж засвар хийлгэсний зардал 270,000 төгрөг, мөн гадна сэв арилгах зардал 300,000 төгрөг, миний машиныг унаж эдэлсний төлбөр өдрийн 20,000 төгрөгөөр бодоод нийт 169 хоногийн 3,380,000 төгрөг, 60 хоногийн зогсоолын төлбөр 180,000 төгрөг, нийт 4,343,000 төгрөгийг Х.Б аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Х овогтой Б миний бие 2019 оны 12 сард уг машиныг авахад анхнаасаа чанарын шаардлага хангахгүй муу машин байсныг шүүхэд гаргасан миний анхны нэхэмжлэл болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрт тусгагдсан байгаа. Тус шүүхийн шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох шийдвэр гарсан ч Р.П шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удсан тул нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж байж төлбөрөө гаргуулан авсан. Машиныг аваад удаагүй байхдаа техникийн биет байдал доголдолтой, дуу шуу, маш их орсон талаар удаа дараа очиж уулзаж мэдэгдэхэд надтай үл тоосон байдалтай харьцаж, холимгийн хаалтыг цэвэрлээд зүгээр болно гэх мэтээр хуурч холимгийн хаалт цэвэрлэсэн төдий болоод өнгөрсөн. Анх машиныг худалдаж авахад баталгааны хуудас ч надад өгөөгүй нь эвдрэл гэмтэл гарахыг мэдэж байсан хэрэг байх. Өдөр ирэх бүр машины явах эд ангийн элдэв дуу шуу нь нэмэгдэж байсан тул машины улсын гаалиар орж ирсэн мэдээллийг олж судлахад надад худалдах үеийн мэдээлэлтэй зөрж 396,000 км гүйлттэй орж ирсэн машиныг 96,000 км болгож өөрчилсөн байсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэр ч үүнийг нотолсон. 400,000 км гүйлттэй машины эд анги муу байх нь тодорхой шүү дээ. Хүнийг хуурч, залилж эвдэрхий хуучин машинаа зарчихаад эд ангийг эвдэлж сольсон мэтээр хүн гүтгэх нь зүйд нийцэхгүй байна. Р.П нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө хүлээлгэж өгнө гэсэн заалтыг зөрчсөн болохыг Сонгинохайрхан дүүргийн шүүх тогтоосон байхад янз бүрийн арга хэрэглэж, хүнээс мөнгө төгрөг нэхэмжилж байгаа нь үнэхээр ичгэвтэр хэрэг юм. Тухайн үед машиныг авахдаа би “Есөн шижир” ББСБ-аас эхнэрийн хамт зээл авч машины үнэ болох 11,500,000 төгрөгийг бүрэн төлж авсан. Тиймээс тээврийн хэрэгслийг унаж явах эрх надад байсан гэж үзэж байна. Учир нь нэгэнт машины мөнгөө төлчихсөн байхад давхар машин ашигласан гэж нэхэмжилсэн төлбөр болох хоногт 20,000 төгрөгийг төлөх үнлэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл Р.П ын нэхэмжлэлд тээврийн хэрэгслийг унаж явсан төлбөр нэхэмжлэх нь утгагүй зүйл юм. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу автомашины мөнгийг Р.П оос авсаны дараа зээлээ хаахдаа тээврийн хэрэгслийг “Есөн шижир” ББСБ-аас Р.П т шилжүүлж өгнө үү гэсэн итгэмжлэл бичиж үлдээсэн. Энэхүү итгэмжлэлээр Р.П өөрийн нэр дээр машиныг шилжүүлж авах боломжтой байсан. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөөгүй тул худалдан борлуулж чадахгүй байна гэж худал ярьж байна. Үүний дараа автомашиныг өгөх гэж удаа дараа хэд хэдэн удаа очсон боловч би хүлээж авахгүй, оношлогоонд оруулж байж авч ир гэх зэргээр зориуд машиныг авахаас татгалзаж байсан. Сүүлдээ аргаа бараад би хүүхдийн 100-д байрлалтай автомашин худалдаалдаг гражд нь түлхүүрийг нь худалдагч хүнд нь үлдээгээд, мотор кропных нь зургийг дараад машиныг үүдэнд нь түгжиж орхиод явсан. Бүхэл бүтэн автомашин зардаг зогсоолд нэг машин тавих зай байсан гэж бодохгүй байна. Машиныг аваад удаагүй би мотор кропных нь тос маслыг солиулж, өвлийн 2 ширхэг дугуй авч тавьснаас өөрөөр тухайн машинд юу ч хийлгээгүй. Гэтэл мөн эд ангийг нь сольсон мэтээр хүн гүжирдэж, хүн чанаргүй, арчаагүй зан гаргаж байгаад нь гомдож байна. Мөн уг машиныг хоногийн 3000 төгрөгний төлбөртэй зогсоолд байршуулсаны төлбөр нэхэмжилсэн байна. Гэтэл саяхан над руу Баянзүрх дүүргийн замын цагдаагаас залгаж Нарантуул захын урд зам дээр урсгал сөрж явсан байна гэж ярихад нь замын цагдаа дээр очиж уулзахад Р.П ын дүү гэх хүн унаж яваад ийм зөрчил гаргасныг замын цагдаа Р.П той утсаар ярьж тодорхой болгосон. Зогсоолд байсан машин тэгээд гадуур яваад байдаг хэрэг үү. Нэхэмжлэл нь хүнийг гүтгэж, гүжирдсэн агуулгатай байна. Иймд Р.П ын нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин машиныг унаж явахад гарсан торгууль 120,000 төгрөгийг би төлнө” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.П нь хариуцагч Х.Б д холбогдуулан автомашины мотор, хропны тос солиулсан зардал 93,000 төгрөг, доод явах эд анги солиулсан засварын зардал 270,000 төгрөг, гадна сэв арилгах зардал 300,000 төгрөг, машиныг унаж эдэлсний төлбөр 3,380,000 төгрөг, зогсоолын төлбөр 180,000 төгрөг, торгууль 120,000 төгрөг, нийт 4,343,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь торгууль 120,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбараар доорх үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Р.П нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж Х.Б д Тоёота Акуа маркийн суудлын автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдсан.
- Х.Б нь худалдаж авсан автомашины доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашины төлбөрт төлсөн 12,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00974 дугаартай шийдвэрээр Р.П оос 11,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлээс үлдэх 1,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Р.П 2020 оны 06 сарын 04-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
- Х.Б нь автомашиныг 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч Р.П нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс хариуцагч Х.Б татгалзсанаар гэрээгээр шилжүүлэн өгсөн, авсан зүйлээ буцаасантай холбогдуулан автомашинтай холбоотой өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Р.П нь өөрт учирсан хохирлоо хариуцагч Х.Б аас шаардах эрхтэй.
Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгчтэй 2019 оны 12 сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота Акуа маркийн суудлын автомашиныг худалдан авч, 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тухайн автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Р.П нь автомашиныг шилжүүлэн өгөхөд автомашины доод явах эд анги эвдэрсэн байсныг засуулсан зардал 270,000 төгрөг, мотор, хропны тос бохирдож солих шаардлагатай болсоныг солиулсан зардал 93,000 төгрөг, буруу талд 3 газар их хэмжээний сэв суулгасан байсныг засуулсаны зардал 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Мөн автомашиныг хариуцагчид шилжүүлсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул хариуцагчийн эзэмшилд байсан хугацаа буюу 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл 169 хоног түүний автомашиныг хариуцагч унаж ашигласны төлбөрт нэг өдрийн 20,000 төгрөгөөр тооцож 3,380,000 төгрөгийг, автомашины эвдрэлийн улмаас ашиглах боломжгүй байснаас зогсоолд тавьсан тул 60 хоногийн зогсоолын төлбөр 180,000 төгрөгийг, автомашиныг эзэмшиж ашиглаж байх хугацаанд замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөр 120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон.
Хэргийн үйл баримтаар хариуцагч нь 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл худалдаж авсан автомашиныг эзэмшиж ашиглаж байсан болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь автомашиныг шилжүүлэн авсны дараа 89-60 УНП улсын дугаартай дугаартай Тоёота Акуа маркийн суудлын автомашины мотор, хропны тосыг солиулж 93,000 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Мөн тухайн автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийн төлбөр 120,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид автомашиныг худалдах, худалдан авахдаа оношилгоонд оруулаагүй шилжүүлсэн, мөн гэрээнээс татгалзсантай холбоотой автомашиныг буцаан шилжүүлэхдээ оношилгоонд оруулан хүлээлцээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд автомашиныг ердийн зориулалтын дагуу ашиглаж болохгүй хэмжээний доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул автомашины доод явах эд анги эвдэрсэн байсныг засуулсан зардал гэх 270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч нь автомашины буруу талд 3 газар их хэмжээний сэв суулгасан гэж тайлбарлаж байх боловч автомашинд бий болсон гэх сэв нь хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд бий болсон нь баримтаар тогтоогдохгүй байх тул засварын зардал 300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Автомашиныг шилжүүлэн өгсөн хугацаа буюу 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 60 хоногийн автомашины зогсоолын төлбөр 180,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн зардал нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бий болсон нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл 169 хоног түүний автомашиныг хариуцагч унаж ашигласны төлбөрт нэг өдрийн 20,000 төгрөгөөр тооцож 3,380,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардсан.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00974 дугаартай шийдвэрээр худалдагч буюу Р.П гэрээний үүргээ зөрчсөн буюу түүний буруутай үйл ажиллагаа нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болсон талаар дүгнэсэн байх бөгөөд гэрээний талуудад хохирол учирсан бол буруутай тал нь хохирлыг хариуцах зохицуулалттай.
Үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах зорилготой бөгөөд таамаг, тооцоонд үндэслэн тодорхойлогдох боломжгүй. Үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлээс үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлогыг хохиролд тооцох бөгөөд автомашин хариуцагчийн эзэмшилд байсан гэдэг үндэслэлээр худалдсан автомашины доголдолтой холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, гэрээний дагуу өгсөн авсанаа буцаах үйлдэл хийгдсэн хугацаа буюу 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл 169 хоногийн төлбөр 3,380,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иргэдийн төлөөлөгч нь “нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн 120,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х.Б аас автомашины мотор, хропны тос солиулсан зардал 93,000 төгрөг, торгууль 120,000 төгрөг, нийт 213,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.П т олгож, нэхэмжлэлин шаардлагаас 4,130,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б аас 213,000 /хоёр зуун арван гурван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.П т олгож, нэхэмжлэлин шаардлагаас 4,130,000 /дөрвөн сая нэг зуун гучин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.Б аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 7,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.П т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
Н.САРАНГҮН