| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0883/З |
| Дугаар | 221/МА2026/0193 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0193
“Э*******” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.М*******, Ц.О*******
Нэхэмжлэгч: “Э*******” ТӨҮГ
Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч С.Т*******, татварын байцаагч Ц.О*******, М.А*******, Б.М*******
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-24240000007 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэх зөрчилд нийт 2.739.125.112,14 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсанаас үндэслэлгүй тооцоолсон 1.523.596.867,54 төгрөгийг багасгуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0962 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, М.Н*******, Ж.О*******, С.Т***
Нэхэмжлэгч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т
Хариуцагч Б.М*******, М.А*******, Ц.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0883/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э*******” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч С.Т*******, татварын байцаагч Ц.О*******, М.А*******, Б.М******* нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-24240000007 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэх зөрчилд нийт 2.739.125.112,14 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсанаас үндэслэлгүй тооцоолсон 1.523.596.867,54 төгрөгийг багасгуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0962 дугаар шийдвэрийн:
“1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6, 47.14-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 тоот актын 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 /Хоёр тэрбум долоон зуун гучин есөн сая зуун хорин таван мянга зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг 3 /гурван/ сарын хугацаатай дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2,739,125,112.14 /Хоёр тэрбум долоон зуун гучин есөн сая зуун хорин таван мянга зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр ногдуулсан хэсэг хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.М*******, Ц.О******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Шийдвэрт маргаан бүхий актын холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Маргааны гол асуудал нь “Э*******” ТӨҮГ-ын экспортонд гаргасан зэсийн төлбөрт ногдуулсан баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны тооцооллын зөрүүн дээр 2 тал маргадаг. Өөрөөр хэлбэл 2 тал 1 ижил эрх зүйн хэм хэмжээний актыг үндэслэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож байгаа боловч тооцоололд ашиглаж байгаа тоон үзүүлэлтээ ялгаатай авч хэрэглэснээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүн өөр өөр гардаг.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-т “1%-ийн агуулгатай төмрийн үнийг тооцоолон гаргах аргачлал нь адил боловч нэхэмжлэгч 25-30 хувийн агуулгатай төмрийн үнээр, хариуцагч 100 хувийн агуулгатай төмрийн үнээр тооцож гаргажээ” гэж, мөн хэсгийн 11-т “... гол зөрүү нь Гаалийн лабораторийн дүгнэлтэд дурьдсан агуулга гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу шүүх ойлголтын зөрүүгээс үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх 3 удаа хуралдсан бөгөөд эхний хурлаар шүүгчид “Гаалийн лабораторийн дүгнэлтэд дурьдсан агуулга” гэдгийг гаалийн байгууллагаас лавлагаа тодруулга авах шаардлагатай гэж үзэж хурлыг хойшлуулж, гаалийн байгууллагаас албан тоотоор тодруулга авсны үндсэн дээр 2 дахь удаагаа хуралдсан боловч дүгнэлт гаргалгүй, гаалийн байгууллагын мэргэжилтэнг шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэж үзэж дахин хурлыг хойшлуулсан.
3 дахь удаагийн хурлаас гаалийн байгууллагаас мэргэжилтэнг шүүх хуралд оролцуулж “Гаалийн лабораторийн дүгнэлтэд дурьдсан агуулга”-ын талаар тодруулахад “тухайн бүтээгдэхүүний мөн чанар болон эзлэх хувийн жинг буюу хэмжээг аль алийг нь илэрхийлнэ” гэж тайлбарласан (шийдвэрийн 16 дугаар хэсэг) нийт баяжмалыг 100 хувь гэж үзвэл түүн дотор агуулагдаж байгаа төмөр нь 25-30 хувийг эзэлж байгаа юм.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д шүүгч хариуцагчийн тайлбараас өөрөөр дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл “... цэвэр жинг гаргасан боловч дүгнэлтээс зөрүүтэй байдлаар агуулгыг 100 хувь гэж тооцоолон төлбөрийн хэмжээг гаргасан нь Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2-ын..., 2.8-ын ... тооцно” гэж заасантай нийцэхгүй болно” гэж буруу дүгнэсэн байна.
Харин хариуцагчид Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2, 2.8-д заасны дагуу хэрхэн тооцоолол хийсэн талаар тайлбар хүргүүлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2014 оны 220 дугаар тогтоол, 2015 оны 102, 103, 488 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг. Доорх мэдээлэл нь Сангийн яамны цахим хуудсанд зарладаг ашигт малтмалын үнийн мэдээлэл болно. Энэхүү эх сурвалжаас үнийн мэдээллийг авч тооцоолол хийдэг.
...Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно” 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж заасныг үндэслэн дараах байдлаар тооцоолол хийсэн.
Татварын байцаагчдын тооцоолол:
1.Гаалийн дүгнэлтэд үндэслэн 27 тонн цэвэр төмөр гаргасан.
2.60% агуулгатай 72.78$ (Сангийн яамны олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл) зарласан бөгөөд Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2-т зааснаар агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцоход 100% агуулгатай төмрийн үнэлгээг 121.3$ гэж гаргасан.
3.Эндээс 27 тонн цэвэр төмрийг х121.3$ = 3,275.1 $ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэ гарган нөхөн ногдуулалтын акт үйлдсэн)
Нэхэмжлэгчийн тооцоолол:
1.Гаалийн дүгнэлтээрх тоо хэмжээний хувьд 27 тонн цэвэр төмөр гэж адилхан үздэг.
2.60% агуулгатай 72.78$ (Сангийн яамны олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл) үнийг шууд ашигласан. Энэ нь Засгийн газрын 465 дугаар тогтоолын 2.2-т зааснаар агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалд нийцээгүй.
3.Эндээс 27 тонн цэвэр төмрийг х72.78$ = 1,965.06$ (гэж тооцоолол гарган ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү тооцсон гэж маргадаг)
Иймд нэхэмжлэгчийн хувьд цэвэр төмрийн тоо хэмжээг 60%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнээр үржүүлж тооцсон нь Засгийн газрын 342, 465 дугаар тогтоолуудтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд 2019 онд экспортод гаргасан зэс, молбидений баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт ногдох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг тооцохдоо төмрийн агуулгыг 25-30, эсхүл 100 хувийн чухам алинаар нь тооцох, мөн зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь цэвэр төмөр биш, дахин боловсруулагдахгүй, соронзлогдох шинж чанаргүй, эцсийн бүтээгдэхүүний агуулгын шаардлагыг хангахгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад цэвэр буюу 80-аас дээш хувийн агуулгатай төмөртэй адилтгаж, 100 хувиар тооцоолол хийсэн нь Засгийн газрын 2011 оны 193, 2019 оны 465 дугаар тогтоолд тус тус нийцээгүй талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13, 14, 16, 17-д тус тус зөв дүгнэсэн байна.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах 1 үндэслэлийг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж тодорхойлсон, иймд энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 62 дугаар тогтоолыг жишин хэрэглэх нь зүйтэй.
Тухайлбал уг тогтоолд “…гомдол гаргагч болон хариуцагчийн төмрийн нэгж хувьд ногдох үнийн тооцоолол ижил боловч хариуцагч татварын улсын байцаагч нь зэсийн баяжмалд агуулагдах төмрийн борлуулалтын үнэлгээг тогтоохдоо нийт баяжмалын хуурай жинг үндэслэн тооцсон нь Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.7-д “... дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж заасан шаардлагад нийцээгүй, уг аргачлалын 2.3 дахь заалтаар тухайн эрдэс бүтээгдэхүүний нэгж үнэлгээг, тухайлбал “нэг хувийн төмрийн агуулгад ногдох үнэ”-ийг зах зээлийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох математик үндэслэлийг тогтоосон, харин аргачлалын 2.5 болон 2.7 дахь заалтаар тухайн нэгж үнэлгээг юунд (аль жинг харгалзан үзэх) хэрэглэж болохыг, өөрөөр хэлбэл цэвэр жин эсвэл нийт жинг ашиглах арга зүйн хүрээг тодорхойлсон байна.
Гэтэл хариуцагчаас зэсийн баяжмалд агуулагдах дагалдах металл болох төмрийн хэмжээг цэвэр агуулгаар бус, нийт баяжмалын жингээр (хуурай жинд шууд хамааруулан хэрэглэсэн нь буруу) үндэслэн борлуулалтын үнэлгээг гаргасан нь гомдол гаргагчийг “60 хувийн агууламжтай төмөр буюу төмрийн баяжмал гэх бүтээгдэхүүн” борлуулсантай адилтган тооцож, тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд энэхүү тооцоолол нь дээрх аргачлалын дагалдах бүтээгдэхүүний хэмжээг тусад нь, агууламжид тулгуурлан тооцох зарчимд нийцэхгүй.
Харин гомдол гаргагчаас төмөр нь зэсийн баяжмалын бүтээгдэхүүн бус, дагалдах элемент тул түүний борлуулалтын үнэлгээг цэвэр жингээр, тухайн зэсийн баяжмал дахь төмрийн агуулгын хувь дээр тулгуурлан тооцсон нь аргачлалын 2.7-д нийцэж байгаа бөгөөд мөн аргачлалын 2.5-д заасан “тогтоосон агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэнэ” гэсэн заалттай уялдаж байна…” гэж дүгнэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд “…2 тал нэг ижил эрх зүйн хэм хэмжээний актыг үндэслэж АМНАТ-ыг тооцож байгаа боловч тооцоололд ашиглаж байгаа тоон үзүүлэлтээ ялгаатай авч хэрэглэснээс шалтгаалж АМНАТ-ын дүн өөр өөр гардаг…” гэж, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд “…аргачлалыг ямар ч аргаар бодсон эцсийн дүн адилхан гарна…” гэх боловч зэсийн баяжмалд агуулагдах 25-30 хувийн агууламжтай төмрийн нийт хэмжээг тооцооллын аргаар ялган авч, улмаар түүнийгээ төмрийн баяжмал буюу 100 хувь төмрийн үнээр тооцон АМНАТ-ыг ногдуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Жишээ нь энэ талаар “…зэсийн баяжмалд агуулагдах дагалдах төмрийн хэмжээ 27 тн, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын 2.2-т зааснаар агуулгын хувь хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцохдоо үүнийгээ 100 хувийн агуулгатай цэвэр төмөр гэж үзэн 1 тн-ыг 121.3 ам.доллараар бодож нийт 27 тн-оор үржүүлж гаргасан…” гэдгээ хариуцагч давж заалдах гомдолдоо маш тодорхой тусгасан, гэтэл дээрх тогтоолд борлуулалтын үнэлгээг цэвэр жингээр, тухайн зэсийн баяжмал дахь төмрийн агуулгын хувь дээр тулгуурлан тооцох нь аргачлалд нийцэх болохыг эцэслэн дүгнэсэн, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын аргачлал ч үүнтэй агуулга ижил байна.
3.Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2025 оны 80 дугаар тогтоолд дээрх тогтоолыг дурдсанаас гадна тооцоолол хийхдээ дагалдах бүтээгдэхүүн тус бүрийн цэвэр жинг нийт баяжмалын хуурай жинд хамааруулахгүй хасч, зөвхөн дагалдах бүтээгдэхүүний цэвэр жингээс борлуулалтын үнэлгээг хуульд зааснаар тооцож гаргах байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг тодорхойлжээ.
Хэдийгээр татварын хяналт шалгалтын хугацаанд экспортод гаргасан нийт зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээг гаргахдаа нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаалийн лабораторийн дүгнэлтээр 25-30 хувийн агуулгатай гэснийг үндэслэсэн, энэ талаар маргаангүй боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо 25-30 хувийн агуулгатай төмрийг 80 буюу түүнээс дээш агууламжтай төмрийн баяжмалын үнээр тооцсоны улмаас нөхөн татварын тухайд актаар уг зөрчилд нийт 2.739.125.112 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсаныг нэхэмжлэгчээс 1.523.596.867 төгрөгөөр бууруулахаар, өөрөөр хэлбэл хариуцагчаас нөхөн татварыг 1.826.083.408,09 төгрөгөөр тогтоосон байхад, нэхэмжлэгчээс 810.352.163.07 төгрөг байх ёстой гэж маргасан, гэвч энэ тохиолдолд тооцоолол хийх аргачлалын талаар Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг нэгэнт тогтоосон, шийдвэрт ч зөв дүгнэлт хийсэн боловч хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн аргачлалын хувьд маргаснаас бус тооцооллыг хоорондоо тулгаагүй, мөн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар актын дүнг бууруулах нь хангалтгүй, өөрөөр хэлбэл хууль хэрэглээ бус, тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэснийг буруутгахгүй.
4.Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно”, 3.2-т “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний бүтээгдэхүүн ангиллын хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн ангилалын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна” гэж заасны дагуу зэсийн баяжмалын дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт ногдох АМНАТ-ыг тооцохдоо 100 хувийн бус харин 60 хувийн агууламжтай төмрийн баяжмалын зах зээлийн зарласан үнээс тооцох байдлаар шийдвэрийг хэрэгжүүлбэл зохино.
Мөн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11/614 дүгээр албан бичгийн хавсралтаар зэсийн баяжмалд агуулдагдаж буй 25-30 хувийн агуулгатай төмөр нь баяжмалын шаардлага хангахгүй, ялгаж авах боломжгүй, хаягддаг болохыг, өөрөөр хэлбэл 27-30 хувийн агуулгатай 27 тн төмрийг цэвэр төмөр мэтээр тооцоолол гаргах боломжгүйг хариуцагчаас дахин шинээр акт гаргахдаа анхаарах шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Б.М*******, Ц.О******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН