Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 3656

 

20                             2020        10          22

 

 

 

 

                           

 

                           101/ШШ2020/03656

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.О нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш ТБ

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* 23-р гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Онь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.О нь Нийслэлийн Баянзүрх Дүүргийн 5-р хороо, ******* 23-р гудамж ******* тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн ....... тоот бүртгэлийн дугаартай 500 м.кв газар, 2856 тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн ......тоот дугаар ... бүртгэлийн дугаартай 376 м.кв газар, БЗД 5-р хороо, ******* 23-р гудамж ******* тоотод байрлах 243 м.кв Үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар ........ бүртгэлийн дугаартай агуулахын хамтаар 2019 04-р сард худалдан авч бичиг баримтыг шилжүүлэн авсан болно. Гэвч миний худалдан авсан БЗД 5-р хороо, ******* 23-р гудамж ******* тоотод байрлах агуулахын зориулалттай 243 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн дөчин /40%/ хувьд нь хариуцагч Ш сургуулийн эвдэрхий ширээ сандал гэх мэт өмчөө байрлуулсан байдалтай байна. Уг газрыг би үйлчилгээний барилга барих зорилгоор худалдан авч барилга барихад зориулж зээл хүртэл авсан байсан уг зээлээ агуулахыг суллахаас нааш барилгаа барих боломжгүй болсон тул эргүүлэн хэдэн сарын хүү нэмж төлсөн болно. Уг газар болон агуулахыг надад худалдсан Н.О хамаатан, Р.Эгийн ээж , Э.Хийн эмээ гэх хүн ...-р сургуулийн /одоогийн Ш цогцолбор/ нярвын ажил хийдэг байсан ажил хийж байх хугацаандаа зэргэлдээ орших сургуулийн эд хогшил хадгалах газаргүй байсан тул өөрийн хашаанд байрлах агуулахынхаа нэг талд сургуулийн эд хогшлыг түр хугацаагаар хадгалж байсан гэж надад хэлсэн. Сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд суллаж өгөхийг шаардсан боловч одоог хүртэл суллаж өгөхгүй байна. Иймд Хариуцагч болох Ш цогцолбор сургуулийн хууль бусаар ашиглаж буй Нийслэлийн Баянзүрх Дүүргийн 5-р хороо, ******* 23-р гудамж ******* тоотод байрлах 243 м,кв Үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувийг албадан чөлөөлүүлж өгнө үү.

Би ******* тоотыг худалдаж авсан. Түүнээс хойш уг газраас чөлөөлөөд өөр барилга барих гэтэл хариуцагч нь чөлөөлж өгөхгүй нөхцөл үүссэн. Хариуцагч нь миний авсан объектод эд хөрөнгөө хийчхээд чөлөөлж өгдөггүй тул албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуульд зааснаар эд хөрөнгө өмчлөх эрхтэй. Улмаар өмчлөх эрх үүссэн. Гэтэл хариуцагч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болоод 18 сар болсон. Улмаар эд хөрөнгийг нь өөр газар зөөж өгөхөөр олон удаа ярилцсан боловч хүлээж аваагүй. Хариуцагч нь өөрийн өмч биш зүйлийг өмч гэж хэлдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн засаг даргын 1997 оны 30-ны өдрийн .. тоот захирамжаар 30 болон ... дүгээр сургуулиудад бүтцийн өөрчлөлтөөр нэгтгэн Ш цогцолбор сургууль бий болсон. Энэ агуулахыг тухайн үед ..-р сургуулийн данс бүртгэлээр Ш цогцолбор сургуульд хүлээлгэн өгсөн байна. Одоог хүртэл санхүүгийн тайланд данс бүртгэлтэй байдаг. 2018 онд газрыг үнэлж санхүүгийн тайлан мөнгөн дүнгээр бүртгэж авахтай холбоотойгоор эзэмшиж буй агуулахын газрын кадастрыг хийлгэн газрын албанд албан бичиг хүргүүлсэн. Үүнээс эхлэн маргаан эхэлсэн. Ш цогцолбор сургуулийн хичээлийн “Б” байрны тоосгон агуулахыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж ашиглан, тухайн онуудаас албан ёсны өөрийн өмч болгон санхүүгийн тайланд бүртгэлтэй байдаг. Тус сургуулийн сахиулаар ажиллаж байсан Г.Э нь 1997 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 09 тоот тушаалаар сахиулын ажилтнаар эргүүлэн томилогдсон байна. Мөн 1997 оны 06 дугаар сарын аж ахуй бараа материалын тооллогоор зарлагын тайланд тоолуулж Г.Э нь гарын үсэг зурж баталгаажуулсан нь сургуулийн өмчийг хамгаалж байсан нь нотлогдож байна. Мөн 1998 оны тооллого гэх мэт төрийн өмчийн тооллогод бүртгэгдэж байсан. 2018 оны 03-06/39 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 31/144 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ш цогцолбор сургуулийн данс бүртгэлд 5.329.969.20 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий тоосгон агуулах бүртгэлтэй бөгөөд Нийслэлийн өмч мөн болно гэсэн байна. Иймд сургуулийн өмч болох агуулахыг ашиглах боломж олгож өгнө үү.

1978 онд уг эд хөрөнгө ... сургуулийн өмчөөр баригдсан. Улмаар 1997 онд 2 сургууль нийлж хариуцагч үүсгэн байгуулагдаад хариуцагчийн өмч болсон. 1997 оны тооллогоор уг агуулах нь хариуцагчийн өмч гэж бүртгэгдсэн. Бид чөлөөлье гэхээр энэ нь улсын өмч тул бид зөвшөөрөх боломжгүй. Хэрэв улсын өмчийг чөлөөлбөл удирдлага нь хариуцлагад орно. Нийслэлийн өмч тул эргээд хариуцлага тооцох байх гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Н.Б.... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1978 онд баригдсан барилга нь хариуцагчийн өмчөөр бүртгэлтэй байдаг. Нийслэлийн өмч болох нь 2019.01.31 тоотоор тогтоогдоно. 1997 оны бараа, эд хөрөнгө хүлээж авсан акт буюу аж ахуйн бараа материалын тайлангаар тогтоогдоно. Эдгээрээр хариуцагчийн өмч гэдэг нь нотлогдож байна. Мөн кадастрын зураг хийгдсэн байдаг. Түүнчлэн үнэлгээ хийлгэсэн баримт байдаг. Иймд энэ нь хариуцагчийн өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь харин амины орон сууцны гэрчилгээг гаргаж өгдөг. Агуулахыг хувийн сууц гэж бүртгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.О нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* 23-р гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч “Ш” цогцолбор сургууль нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч бөгөөд энэ нь хэрэгт байгаа холбогдох баримтуудаар нотлогдох тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагчийн өмгөөлөгч  Н.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлт, хариуцагчийн төлөөлөгч Г.Б нь сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүд болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, хүсэлтийг хангахаас татгалзах, сөрөг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ үед хариуцагчийн өмгөөлөгч нь энэхүү захирамжтай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдааны аль ч шатанд гаргах эрх олгоогүй. Иймд хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Н.О нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Н.О ийн төлөөлөгч Э.Ө той маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хэргийн 15 дугаар тал/

            Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь       тоот дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 65 дугаар тал/

            Ийнхүү төлбөр төлөгдсөнөөр гэрээний үүрэг биелэгдэж уг ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 12 дугаар тал/

 

            Мөн дээрх ******* хаягт байрлах 500м.кв газрын талаар нэхэмжлэгч нь Р.Этай худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 17 дугаар тал/ Улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь       тоот дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 64 дүгээр тал/ Ийнхүү төлбөр төлөгдсөнөөр гэрээний үүрэг биелэгдэж уг ******* тоот хаягт байрлах 500 м.кв газар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 13 дугаар тал/

 

            Түүнчлэн зохигчийн маргаж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* 23-р гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэгдсэн 243 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимтай бөгөөд хариуцагч нь улсын бүртгэлийн талаар маргаагүй.

 

            Хэрэгт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй ******* хаягтай газрын талаар кадастрын 2 зураг авагдсан. /хэргийн 4, 38 дугаар тал/

            Гэвч нэхэмжлэгчийн гаргасан зураг нь өмчлөх эрхийн талаар бол харин хариуцагчийн гаргасан зураг нь эзэмших эрхийн талаарх кадастрын зураг байна. Улмаар энэхүү газрыг хариуцагч эзэмшиж байгаа талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

            Хариуцагч нь өөрийн захирлын 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар жилийн эцсийн тооллогын комисс байгуулах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ......... дугаар албан тоотын хуулбар, 1997 оны 6-р сарын хүнс ба аж ахуйн бараа материалын орлого зарлагын тайлан, Ш цогцолбор сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 392 дугаар албан тоотын хуулбар, үнэлгээний тайлангаар уг эд хөрөнгө нь хариуцагчийн өмч болох нь тогтоогдоно гэж тайлбарласан. /хэргийн 32-36, 39-42 дугаар тал/

           

            Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эд хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.

            Нэхэмжлэгчийн хувьд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь дээрх ******* дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бол харин хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байна.

            Түүнчлэн аливаа этгээд нь эд хөрөнгийг өөрийн өмч гэж үзэх, эсхүл санхүүгийн тайланд бүртгэх, тооллого явуулах, энэ талаар албан тоот бичих, үнэлгээ хийлгэх нь тухайн эд хөрөнгийн талаар өмчлөх эрх үүсгэх үндэслэл болохгүй.

 

            Мөн тухайн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь хариуцагчийн гаргасан агуулахад байгаа эд хөрөнгийг жагсаалтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хэргийн 66 дугаар тал/

            Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаж буй ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

            Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Үүнээс гадна хариуцагч, түүний өмгөөлөгч нь маргаж буй эд хөрөнгийг анх хувьчилсан эсэх болон өмчлөгчийн талаар тайлбар гаргасан. Гэвч өмчлөх эрх олгосон үйл баримтын талаар болон өмчлөх эрхийг гэрчилсэн ******* дугаар гэрчилгээний хүчин төгөлдөр эсэх талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ асуудлыг дүгнэх боломжгүй юм. Иймд энэхүү асуудлаар харьяалах шүүхэд зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* 23-р гудамж, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Ш” цогцолбор сургуулийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” цогцолбор сургуулиас 442,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О д оргосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД