| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/04722/И |
| Дугаар | 3724 |
| Огноо | 2020-10-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 3724
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НХХК нь даатгалын нөхөн олговорт олгосон гэм хорын хохиролд 600,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ш СӨХ нь оршин суугч А.Я засвар хийж өгөх талаар санал тавьсан боловч барилгын дээврийг бүтнээр нь сольж, шинэчлэх шаардлага гаргасан, СӨХ ийм үйл ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч НХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.Я 301040 баталгааны дугаар бүхий ипотекийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байна. /хэргийн 13 дугаар тал/
Энэхүү гэрээний зүйл нь эрхийн улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө гэжээ. Гэвч хэргийн 16 дугаар талд байх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул зохигчийн маргаж буй Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ....... хаягт байрлах орон сууц нь дээрх даатгалын гэрээний зүйл гэж шууд үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулжээ.
Харин нэхэмжлэлийн үндэслэл болох даатгалын тохиолдол гэх үйл явдал нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих үед гарсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийн 1904280016 дугаар шийдвэр, хариуцагч Ш СӨХ-ний 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 11-12 дугаар тал/ Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг гуравдагч этгээд хариуцахаар байгаа тохиолдолд даатгагч нь хохирлыг барагдуулснаар шаардах эрх даатгагчид шилжинэ.
Мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т зааснаар даатгалын гэрээг бичгээр байгуулах журамтай. Гэвч дээрх 301040 баталгааны дугаартай даатгалын гэрээг сунгасан талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаагүй бөгөөд гэрээнд хугацааг шууд сунгах талаар дурдаагүй байна.
Түүнчлэн нөхөн төлбөр олгох тухай 1904280016 дугаар шийдвэр нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хүртэлх хугацаатай даатгалын гэрээг үндэслэл болгожээ.
Иймд даатгалын тохиолдол гэх үйл явдал нь гэрээний хугацаа дууссанаас хойш болсон байх тул тухайн үед даатгалын гэрээний харилцаа байгаагүй, өөрөөр хэлбэл дуусгавар болсон гэж үзнэ.
Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлэх тул гэрээний хугацаа дууссанаар хохирол учирсан орон сууцны өмчлөгч гэх А.Ялалтыг даатгуулагч гэж үзэхгүй.
Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, А.Яд хохирол учрах цаг хугацаанд нэхэмжлэгч НХХК нь даатгагч биш, А.Я нь даатгуулагч биш байх тул учирсан хохирлыг нөхөн төлснөөр шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчид хуульд зааснаар гэм хорын хохирлыг шаардах эрх үүсээгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлөөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Мөн хариуцагчийн төлөөлөгч нь хохирол учирсан орон сууцны өмчлөгч гэх А.Я нь засвар хийлгэхээс татгалзсан бөгөөд уг орон сууцны дээврийн хэсгийг бүхэлд нь шинэчлэн засварлах шаардлага тавьсан гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар үгүйсгэж, маргаагүй. Иймд Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хариуцах тул тухайн барилгын дээврийн хэсгийг бүхлээр нь шинэчлэн засварлах үүрэг хүлээхгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш СӨХ-д холбогдох гэм хорын хохиролд 600,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Г.БЯМБАЖАРГАЛ