Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/825

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч  Б.*** түүний өмгөөлөгч М.Батмөнх,

хохирогч Э.*** түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305024641478 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймаг Их тамир суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, *** ХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт *** аймаг *** сум *** баг *** оршин суух, *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод түр оршин суух,

урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ***.

 

Шүүгдэгч Б.*** нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Намуун зул зочид буудлын байран дотор иргэн Э.***тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, газарт түлхэн унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун зулай, чамархайгаас доош хөхлөг сэртэн чихний суваг дайрсан шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хорооллын эцэст өрөө аваад уугаад жоохон шарталттай байсан учир бага зэрэг уусан. Тухайн үед *** архиар шахаад байсан. Тэр зүйлээс болоод зодуулах болсон. *** намайг нэг цохисон. Би зөрүүлээд цохиход над руу дайрсан” гэв.

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-11 дэх тал/

 

Хохирогч ***-ийн “... 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажлын найзууд болох Төгөлдөр, ***, ***, *** нарын хамт Тэрэлж рүү амралтанд явсан. Тэндээ амарч байгаад хоёр хоногийн дараа буюу 6 дугаар сарын 08-ны өдөр хотын төвд орж ирсэн.

Тэгээд бид нар үргэлжлүүлэхээр болоод Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуунзул нэртэй буудлын 3 давхарт нэг өрөөнд 15 цагийн үед орцгоосон. Өрөөнд ороод пиво ууж сууж байгаад 19 цагийн үед Төгөлдөр явсан.

Төгөлдөр явсны дараа бид нар буудлаас гарч идэж уух юм аваад буцаад орсон. Ороод уугаад суух гэтэл миний дотор муухай оргиод байсан тул уухгүй байж байтал *** над руу улам шахаад байсан. Тэгтэл *** мань чамайг нэг цохичих уу гэхээр би цохь гэж хэлтэл миний зүүн шанаа хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд нэг удаа алгадтал *** босож ирээд над руу дайраад толгой хэсэг рүү олон удаа цохисон. Тэгэхэд нь *** босоод ***г боль гээд бариад зогстол түүнийг гарыг тавиулж үргэлжлүүлэн над руу дайраад үргэлжлүүлэн толгой руу цохиход нь би газарт унасан.

Уначхаад босож ирэхэд дахиад над руу дайраад толгой руугаа олон удаа цохиулсан тул би орон дээр толгой эргээд унасан. Тэгтэл миний баруун чихнээс цус гарч ***, *** нар намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

*** нь *** бид хоёрыг салгахыг оролдсон. Харин *** тасраад унтчихсан байсан. Миний дотор муу халамцуу байсан. *** бараг уугаагүй. Жолооч барьж байсан. *** өдөр нь унтчихсан байсан тул бараг эрүүл байх шиг байсан.

Гэмтэл дээр очоод үзүүлж байснаа санахгүй байгаа. Гэмтлийн эмч хэлэхдээ толгой чинь хүнд гэмтсэн байна гэж хэлсэн. ... Би гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/

 

Гэрч С.***-ы “... Манай хүү *** өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна гээд над руу залгахаар нь яваад очсон чинь Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт хэвтэж байсан бөгөөд юу болсон талаар асуусан чинь гавал тархиндаа гэмтэлтэй, чихэндээ гэмтэлтэй, цээж нь хөндүүр болсон байдалтай байсан. Тэгээд учрыг нь тодруулсан чинь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Тэрэлж рүү ажлынхантайгаа зугаалсан юм байна. Тэгээд тэндээ хүнтэй зодолдоод гэмтсэн байна. Нөгөө зодсон гээд байгаа хүн нь би зодоогүй, уначихсан гэж яриад байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дахь тал/

 

Гэрч Д.***ын “... Хэсэг хугацааны дараа Төгөлдөр явж буудлын өрөөнд ***, ***, *** бид дөрөв үлдсэн. Ууж сууж байгаад би нөгөө хэдийнхээ ууж байсан өрөөний хажууд байрлах өрөө рүү ороод утсаа оролдоод сууж байтал аяга хагарах чимээ гарахаар нь би босоод очтол ***, ***г нүүр рүү нь цохиж байсан. Түүнийг зөрүүлээд *** бас нүүр рүү нь цохиж байсан.

Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл би ганцаараа салгаж дийлэхгүй байсан. Тэр үед *** Бат-Эрдэнийг түлхсэн. Түлхэх үед *** газарт асгарсан байсан шар айрагны үлдэгдэл дээр халтираад саваад унасан. Тэгтэл Бат-Эрдэнийн баруун чихнээс цус гараад эхлэхээр нь би түүнийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн. Эмнэлэг явахад *** бас хамт явсан.

*** нэлээд уучихсан байсан тул унтаж байсан. Мөн түүнийг эмнэлэг явахдаа унтуулаад үлдээсэн. Ажил ярьж байгаад маргалдсан гэж хэлсэн. Тэрнээс биш би тухайн үед яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Мөн дараа нь сонсоход *** эхлээд Бат-Эрдэнийг цохисон байсан.

Тухайн буудлын өрөөний шал нь плитан шалтай байсан. Тэгээд *** согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул яг чанх хойшоогоо саваад унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7702 дугаартай:

“1.2 ***-ийн биед баруун зулай, чамархайгаас доош хөхлөг сэртэн чихний суваг дайрсан шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, уг цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2023.06.12/, зүүн нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 40-41 дэх тал/

 

Дүрс оношилгооны шинжилгээний хариу. /хэргийн 108-109 дэх тал/

 

Б.***гийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуунзул зочид буудалд хамт ажилладаг найзууд болох ***, ***, ***, Төгөлдөр нарын хамт орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз ***тэй маргалдан түүний биед хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Би ***д 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.*** нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Намуун зул зочид буудалд хохирогч Д.***, гэрч Д.*** болон бусад хүмүүсийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Энэ үед шүүгдэгч Б.***, хохирогч Д.*** нар тодорхой шалтгаангүйгээр харилцан зодолдсон ба гэрч Д.*** хармагцаа зодооныг салгах явцад шүүгдэгч Б.*** нь хохирогч Д.Бат-Эрдэнийг түлхэн унагааж биед нь баруун зулай, чамархайгаас доош хөхлөг сэртэн чихний суваг дайрсан шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хохирогч Д.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7702 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.*** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд баримтаар 2,704,477 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*** нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг /хэргийн 81, 82 дах тал/ “эмчилгээний зардал” гэж шилжүүлсэн,  шүүх хуралдаанд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгч нийт 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Гэхдээ хохирогч Э.*** нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн өмгөөлөгчөөс өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч уг мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох боломжгүй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Б.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнхөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Харин хохирогч Э.*** түүний өмгөөлөгч Р.Чинбаа нараас шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй билээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***г 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.***г торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ