Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/846

 

 

МОНГОЛЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Эрдэнэчимэг, шүүгч Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

иргэдийн төлөөлөгч Н.Батболор,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч С.***- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000973 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, зээ охины хамт *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  ***-

 

Шүүгдэгч С.***- нь согтуугаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ломбардны төмөр хашааны урд талд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан О.***ыг хэл амаар доромжилсон гэсэн шалтгаанаар түүний толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон түүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан бөгөөд уг хүнд гэмтлийн авсан О.*** нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаад улмаар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэмтлээ даахгүй нас барсан бөгөөд бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*** мэдүүлэхдээ: “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Хуульд заасны дагуу шийдэж өгнө үү” гэв.

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “... Уг газар нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах *** ломбард гэсэн хаяг бичиглэл бүхий 1 давхар бор өнгийн байшингийн гадна шар өнгийн төмөр хаалгатай, цэнхэр өнгийн төмөр сараалжин хашаа байв.

Уг хашааны ертөнцийн зүгээр урагш харсан шар өнгийн төмөр хаалганы дотор талд ороход цементэн дээр цус мэт хар хүрэн өнгийн зүйл уусаж хатсан байх ба хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрсний дээж авсныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 18-20 дахь тал/

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 21-25 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ломбардны хяналтын камерын бичлэг”-ийг хуулбарлан Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 26 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ломбардны хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан ба 05 минут 00 секундын бичлэгийг тоглуулж үзэхэд бичлэгийн 00:09 секундэд иргэн С.***- гэх эмэгтэй газраас чулуу авч буй дүрс бичлэг байна.

Уг бичлэгийг цааш нь үргэлжлүүлэн үзэхэд 00:40 дэх секундэд иргэн С.***- гэх эмэгтэй нь О.***ыг *** ломбардын урд байрлах төмөр хашаа руу түлхэн унагаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.

Уг бичлэгийг цааш нь үргэлжлүүлэн үзэхэд 00:47 дэх секундэд иргэн О.*** нь газар сууж байхад нь С.***- гэх эмэгтэй хөлөөрөө толгой хэсэгт нь өшиглөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.

 Уг бичлэгийн 01:05 секундэд иргэн С.***- гэх эмэгтэй чулуу барьсан гараараа иргэн О.***ын толгой хэсэгт 1 удаа цохисон байгаа мэт дүрс бичлэг бичигдсэн байна.

Уг бичлэгийн 01:07 секундэд иргэн С.***- гэх эмэгтэй нь О.***ын толгой хэсэгт цохисон чулуугаа шидэж хаяж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.

Уг бичлэгийн 01:16 секундэд иргэн С.***- гэх эмэгтэй нь О.***ын толгой хэсэгт баруун хөлөөрөө дэвсэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.

Уг бичлэгийн 02:40 секундэд иргэн С.***- гэх эмэгтэй нь О.***ын толгой хэсэгт баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.

Уг бичлэгийн 05 минут 00 секундын бичлэгийг цааш нь дуустал үзэхэд иргэн С.***- гэх эмэгтэй хохирогч О.***ыг өшиглөж, цохих мэтээр биед нь халдаж цохиж зодож байгаа бичлэг байх бөгөөд үзлэг хийх ажиллагааг дуусгаж, бичлэгийг компакт диск дээр буулгаж, эд мөрийн баримтаар тооцохоор тогтов” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 27-30 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.***ийн “ ... Талийгаач Оюуны *** нь миний төрсөн эцэг. Би эцэг эхээс хоёулаа бөгөөд том хүү нь байгаа юм. Миний доор ***ын Хонгорзул гэдэг эмэгтэй дүү байгаа. Миний төрсөн эх Дагиймаа нь талийгаач аавтай хамтран амьдарч байгаад 20 жилийн өмнө албан ёсоор салж тусдаа амьдрах болсон.

... Би талийгаач аавыг нас барахаас 10 хоногийн өмнө уулзсан. Тэр үед аав манай ажил дээр ирж уулзаж байсан. Биед нь ямар нэгэн гэмтэл шарх байхгүй зүгээр явж байсан. Тэрний дараа 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнийн 03 цагийн орчим талийгаач аавын төрсөн дүү болох О.Батболд ах гэрт ирээд аавын чинь бие муу байна, хүнд зодуулж гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би бие нь ямар байгаа талаар асуухад ах эмч нар нь биеийн байдал нь тааруу байгаа, уулзуулах үр хүүхэд нь байгаа бол дуудаарай гэж хэлсэн гэсэн.

... Цагдаагийн байгууллагаас хамт архи уусан ***- гэдэг эмэгтэй хүнд зодуулсан гэж манай хамаатны хүмүүст хэлсэн байсан. Тэгээд би мэдсэн. Тэр хүнийг өмнө нь 2-3 удаа зүс харж байсан.

Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хууль ёсны дагуу шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 198-199 дэх тал/

 

Гэрч А.***-ийн “... Манай ах *** нь хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байхад нь хамтран амьдрагч ***- гэх эмэгтэй ирээд маргааш манай гэрт хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Түүний маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө *** гэрээсээ гараад явсан. Бид нар ***- гэх хүний гэрт байгаа гэж бодож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 50 дахь тал/

 

Гэрч Т.***-ын “... Би 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу салбаруудаа шалгаж үздэг юм. Ингэж явахдаа Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах *** ломбардын 4 дүгээр салбарын аюулгүй байдлыг 16 цагийн үед шалгаж явсан.

Ломбардад очиход гадна талын төмөр хайсан хаалган дээр эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Тухайн үеийн нөхцөл байдлын хувьд эрэгтэй нь газарт уначихсан, явган хүний хаалган дээр, хаалгыг хаасан байдалтай, толгой нь төв зам руугаа харсан, толгойноос нь цус гарсан байдалтай, эвхэрсэн хэвтэж байсан бөгөөд эмэгтэй нь чамайг ална гэсэн үг хэллэг хэлээд өшиглөөд, дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд би тэр хоёр хүнийг болиорой, яваачээ гэсэн шаардлагыг тавихад хэсэг хугацаанд больсон боловч намайг тоогоогүй.

Ингээд би ажлаа хийх шаардлагатай байсан тул ломбард руу орсон. Ломбард дотор байж байгаад нөгөө хоёр хүнийг харахад эрэгтэй нь хаалганы шон налаад суучихсан, эмэгтэй нь эрэгтэйнхээ гутлыг тайлчихсан, гутлаар нь толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би байдал биш боллоо гэж бодоод цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. 10 орчим минутын дараа Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 112 гэсэн дуудлагатай цагаан өнгийн Duster маркийн автомашин ирсэн.

... Тэгээд тухайн цагдаа нар нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрыг зам хөндлөн гаргаад ертөнцийн зүгээр зүүн тийш буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр рүү явуулсан. Харин нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр нэгнийгээ сугадаад Үйзэн нэртэй дэлгүүрийн яг урд талын гудамж руу орсон.

Би автомашинаа тухайн гудамжинд тавьсан байсан тул автомашин руугаа очоод суухад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр миний автомашины хажуугаар сугадалцаад гараад явсан. Шаардлага гарвал дахиад цагдаа дуудъя гэж бодож байсан ч намайг харж байхад лав тэр хоёр гудамжинд нэгнийгээ цохиж зодоогүй. Тэгээд би автомашинтайгаа хөдлөөд явсан.

Тухайн эрэгтэй, эмэгтэй хоёр ер нь л хар бараан хувцастай байсан. Эрэгтэй нь хар өнгийн куртиктэй байсан. Эмэгтэй нь богино куртиктэй байсан. Тонгойход нуруу нь гараад байсан. Эмэгтэй нь 160 см орчим өндөртэй, намхан хүн байсан. Эрэгтэй нь ч эмэгтэйгээсээ нэг их өндөргүй байсан.

... Эмэгтэйн биед ямар нэгэн гэмтэл учирсан байсан эсэхийг анзаараагүй. Харин эрэгтэйнх нь толгойноос цус гарсан. Шанааг нь дагаад цус урссан харагдаж байсан. Аль шанаа байсныг нь санахгүй байна.

... Тэр хоёр яагаад хоорондоо маргалдах болсон талаар мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дахь тал/

“... би ломбард руугаа ороод байж байтал нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай ломбардны хашааны хаалганы үүдэнд ирчихсэн эрэгтэй нь газар уначихсан, эмэгтэй нь гартаа ямар нэгэн зүйл барьчихсан, тэр барьсан зүйлээрээ газар хэвтэж байсан эрэгтэйн толгой руу /хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна/ нь цохиж, бас хөлөөрөө өшиглөж байсан. Сүүлд нь хяналтын камер шүүхэд тухайн эмэгтэй газраас чулуу аваад барьсан чулуугаараа газар хэвтэж байсан эрэгтэйн толгой руу цохиод байсан юм билээ. Би тухайн үйл явдлыг харсан даруйдаа цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгөөд нээх удалгүй цагдаагийн алба хаагч ирээд тухайн газар хэвтэж байсан эрэгтэйг босгоод түүнийг зодож байсан эмэгтэй хүмүүстэй уулзаж байхад нь би ломбардаасаа гараад цагдаагийн алба хаагчид болон нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрын хажуугаар өнгөрөх үед эрэгтэйгийнх нь толгойноос цус гараад нүүрийг нь дагаж урссан байдалтай байсан. Тэгээд нөгөө эрэгтэй, эмэгтэй, хоёр ертөнцийн зүгээр зүүн тийш зам хөндлөн явцгаасан.

Би тухайн хоёрыг хүнийг хэр хэмжээний согтолттой байсан талаар хэлж мэдэхгүй байна. Мөн би тухайн эмэгтэй газар хэвтэж байгаа эрэгтэйг толгой руу нь юмаар цохиж, хөлөөрөө өшиглөж байх үйл явдлыг 100 орчим метрийн зайнаас харсан учраас царай төрхийг нь харж чадаагүй. Тийм болохоор тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дахиж харвал танихгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65 дахь тал/

 

Гэрч М.***-ын “... 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Пүрэв гаригт 13 цагийн үед ломбардны урд талын цемент дээр эмэгтэй /цэнхэр өнгийн цамцтай/ эрэгтэй нь /хар бараан өнгийн хувцастай/ хоёр хүн архи ууцгаагаад нэг нэгэнтэйгээ хэрэлдэж байсан.

Миний бие тухайн үед хажуугаар нь хальт өнгөрч явсан ба түүнээс нэг цаг орчим өнгөрсний дараагаар хүмүүсийн анхаарал татах хэмжээний орлилдоод хэрэлдэж байсан ба намайг харах үед эрэгтэйгээ газар унагаачихсан өшиглөж байсан. Тэгээд би ажил руугаа орсон ахин хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дахь тал/

 

Гэрч Б.***-ын “... Тэгтэл нэг эрэгтэй хүн бас нэг эмэгтэй хүн согтуу л юм шиг харагдсан. Хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Эмэгтэй нь өөдөөс нь хараад тонгойсон байдалтай юм яриад хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэр үедээ эмэгтэй нь эрэгтэйгээ цохиж аваад зодоод байх шиг байсан.

Тэгж байгаад удалгүй хэсэг хугацааны дараа эргээд цонхоороо хартал хоёулаа хашааны үүдэнд газарт бөгсөөрөө суучихсан юм яриад байж байсан. Удалгүй цагдаагийн алаг автомашин ирчихсэн нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй юм яриад зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-63 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5548 дугаартай:

“1. О.***ын биед баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, баруун дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд шарх, цээж, зүүн бугалга, тохой, гуя, баруун шуунд цус хуралт, дух, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 72-73 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1419 дугаартай:

“1. О.***ын цогцсын шинжилгээгээр баруун зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааны үлдэц, тархины эдийн голомтлог няцрал, нөсөөжилт, цус харвалт, их, бага тархины аалзан хальсан доорх шимэгдэж буй цэс харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, унах үеийн аль ч үед үүсэх боломжтой.

4. Уг гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас уушигны хатгалгаа, олон эрхтний дутагдлаар нас баржээ.

6. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 77-86 дахь тал/

 

С.***-гийн яллагдагчаар өгсөн “... Би *** гэдэг хүнийг 10 жилийн сурагч байхаас нь эхлэн таньдаг байсан. Түүнээс хойш бид хоёр тус тусдаа амьдрал зохиогоод амьдарч байсан. Тэгээд 2006 онд *** эхнэрээсээ салсан гэж ярьж байсан. 2010 онд би нөхрөөсөө салсан. Би ***той 2010 оноос эхлэн бие биенийдээ ирж очдог болсон бөгөөд 2017 оноос эхлэн хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад 2022 оны 3 дугаар сараас хойш харилцаа тогтоож эхэлсэн.

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт *** ганцаараа ирж хоносон. Тэгэхдээ хоёр ширхэг Хийморь нэртэй 0,75 литрийн архитай ирээд бид хоёр хувааж уугаад унтсан.

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө Тугч нэртэй манай гэрийн ойролцоо байдаг дэлгүүрээс 1 ширхэг 0,75 литрийн архи аваад бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг манай гэрийн ард байрлах супермаркет дэлгүүрийн үүдний сандал дээр сууж байгаад архиа хувааж уусан. Тэгээд дэлгүүрээс уруудаад явж байхад саарал куртиктэй өмнө нь харж байгаагүй эмэгтэй таараад 100 грамм архи аваад өгөөч гэж хэлэхээр нь 200 грамм архи *** авч өгсөн. Тэгээд тэр архинаас би голцуу уусан.

Тэгсэн чинь *** гараараа миний элэг рүү хоёр удаа цохисон. Мөн хэл амаар доромжлоод байсан. Тэрнээс хойш *** санахгүй байна. Сүүлд бодоод байхад тэр уурандаа талийгаачийг цохиж зодох мөн чулуугаар толгой руу нь цохисон юм байна.

... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.***- болон амь хохирогч О.*** нар нь дотно харилцаатай байсан ба 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн бөгөөд мөн өдрийн 16 цагийн орчим Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын Д гудамж 1-18 тоотод байрлах *** ломбардны үүдэнд тэдгээрийн хооронд тодорхойгүй шалтгаанаас үүдэн маргаан үүсчээ.

Уг маргааны улмаас шүүгдэгч С.***- нь амь хохирогч О.***ыг түлхэх, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодох явцад амь хохирогч О.***ын биед гавал тархины хүнд гэмтэл учирчээ.

Энэ үед уг үйл явдлыг харсан гэрч Т.***- цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн алба хаагч ирж, шүүгдэгч С.***-, амь хохирогч О.*** нарыг гэмт хэрэг, зөрчлөөс урьчилсан сэргийлэх зорилгоор шаардлага тавьжээ.

Үүний дараа шүүгдэгч С.***-, амь хохирогч О.*** нар нь хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг чиглэн явсан ба амь хохирогч О.***ыг шүүгдэгч С.***- нь тус хорооны Үйзэн дэлгүүрийн гадаа үлдээн явжээ.

Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэний дагуу амь хохирогч О.*** нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн мөн өдрөө мэс засалд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гавал тархины гэмтлийн улмаас уушигны хатгалгаа, олон эрхтний дутагдлаар нас баржээ.

Дээрх үйл баримт нь амь хохирогчийн биед Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтүүдэд нэрлэн заасан хүнд гэмтэл учруулж буйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч Т.***-, М.***-, Б.***- нарын мэдүүлэг, уг үйл явдлыг буулгасан камерын бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардддаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.***- амь хохирогч О.***ыг түлхэх, толгойн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсон шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.***- нь амь хохирогч О.***ыг түлхэх, толгойн тус газар нь цохих, өшиглөх буюу олон дахих үйлдлээр үргэлжлүүлэн цохиж гавал тархины гэмтэл учруулсан үйлдэл нь түүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг илтгэнэ.

Иймд шүүгдэгч С.***-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зохицуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*** гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч С.***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс “Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.***оос тусгайлан санал гараагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.***-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.***- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, О.***ын иргэний үнэмлэхийг /ХБ78083173/ Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2  дахь хэсэгт зааснаар түүний 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 166 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Батболор “Шүүгдэгч С.***-г гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.***-г 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.***-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.***-гийн цагдан хоригдсон 166 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.***- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, О.***ын иргэний үнэмлэхийг  Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

                          

                           ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА

 

                                   

                                    ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ