Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/672

 

Л.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Л.Э, түүний өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч Л.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дарийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Эын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Л.Оад холбогдох 2003000050065 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Лийн О, 1991 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гахайн фермийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 16 дугаар гудамжны 164 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

            Л.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар хороолол, “Оргил” худалдааны төвийн урд замд Л.Мын эзэмшлийн “Toyota Chaser” загварын 74-29 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Э болон иргэн Х.Чын жолоодон явсан “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч Л.Эын эрүүл мэндэд хүнд, “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Нд нийт 1.090.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овогт Лхагвадоржийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Л.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Л.Оад анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.Оад хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдсан Л.Оын В ангиллын 769917 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хохирогч Л.Э цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.Эын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Оын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар хороолол, “Оргил” худалдааны төвийн урд замд Л.Мын эзэмшлийн “Toyota Chaser” загварын 74-29 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Э, Х.Чын жолоодон явсан “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч Л.Эын эрүүл мэндэд хүнд, “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Нд нийт 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн явдал шүүгдэгч Л.Оын хувийн зан байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлүүдээс харахад ял хөнгөдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд дээр дурдагдаад байгаа асуудлуудад анхааралтай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Л.Э тус шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэгтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч Л.О “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн, зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрөө төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Л.О нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 7 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 3 дугаар хороолол, “Оргил” худалдааны төвийн урд замд Л.Мын эзэмшлийн “Toyota Chaser” загварын 74-29 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Э болон иргэн Х.Чын жолоодон явсан “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус мөргөж, явган зорчигч Л.Эын эрүүл мэндэд хүнд, “Toyota Prius” загварын 54-98 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Нд нийт 1.090.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Эын “...Явган хүний гарц дээр ... ногоон гэрэл асах үед нь зам руу ороод нэгдүгээр эгнээний машин зогсоод өгөхөөр нь урдуур нь гараад явах үед автомашин ирж намайг мөргөсөн. ...Зүүн талын ташаа хэсэг рүү мөргөсөн. Зүүн урд талын гэрэл хэсгээрээ мөргөсөн. Баруун тархинд цус хурсан. Баруун талын зулайн ясны заадас хүрсэн шугаман хугаралтай гэж гарсан. ...” /хх 23-24, 141/,

иргэний нэхэмжлэгч Т.Номундарийн “...Манай нөхөр ... мөргөлдсөн талаар утсаар ярьсан. ...Зүүн талын 2 хаалга, доод хормой, зүүн талын толь эвдэрсэн. ... .2019 оны 11 дүгээр сард худалдан авсан миний нэр дээр байдаг автомашин юм. ...Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 1.090.000 төгрөг гарсан. Үнэлгээгээр гарсан хохиролын дүнгээ нэхэмжлэх хүсэлтэй байна. ...” /хх 55/,

гэрч Х.Бүрэнбаатарын “...Хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин манай автомашины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөсөн. Зогсоод буугаад очтол явган хүний гарцан дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. ...Миний сууж явсан машиныг мөргөсөн машин тэр эмэгтэйг мөргөсөн. ...Манай машин зогсож зам тавьж өгсөн. ...” /хх 57/,

гэрч Х.Чын “...Манай эхнэрийн нэр дээр байдаг “Toyota Prius” загварын 54-98 УБО дугаарын автомашинтай 3 дугаар хорооллын Бичил цайны газрын урд талын явган хүний гарц дээр явж байх үед автомашин ирж мөргөсөн. Би нэгдүгээр эгнээгээр явж байсан бөгөөд явган хүний гарц дээр гэрэл дохио нь улаан байсан бөгөөд ирж зогсох үед урдуур явган хүн гарч байсан. ...Автомашин явах ногоон гэрэл асч би хөдөлгөөнөө үргэлжлүүлж эхэлтэл хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин миний автомашины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөсөн. Тэгээд зогсоод буугаад очтол явган хүний гарц дээрээс нэг эмэгтэй хүн босч байсан. ...” /хх 59/,

гэрч С.Хурцгэрэлийн “...Манай нөхөр Л.О нь ... хүнээс машин гуйж аваад ... явж байх үед явган хүний гарц дээр хүн мөргөөд, хажууд нь явж байсан автомашиныг мөргөөд урагш явж зогссон. Тэгээд Л.О буугаад явган хүн дээр гүйж очсон. ...” /хх 68/,

гэрч Э.Эрдэнэхүүгийн “...Явган хүний гарц дээр явж байх үед автомашин ирж мөргөсөн. ...Хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин манай автомашины зүүн талын толь, 2 хаалга руу мөргөөд урагшаа гараад зогссон. ...Буугаад очтол явган хүний гарцан дээр 1 эмэгтэй хүн хэвтэж байсан. ...Чука бид 2 тэр эмэгтэй дээр очиж биеийг нь асууж байхад нөгөө машины жолооч ирж байсан. ...Явган зорчигч ногоон гэрлээр зам руу орсон. ...” /хх 70/,

Л.Оын яллагдагчаар өгсөн “...Ажлын ах Батсуурийн “Toyota Chaser” загварын 74-29 УБД дугаарын автомашиныг гуйж унаад ... хорооллын эцсийн “Бичил” цайны газрын урд ... нэгдүгээр эгнээгээр явж байсан боловч урд явж байсан цагаан өнгийн “Toyota Prius” загварын автомашин гэнэт тоормоз гишгэж зогсоод би хоёрдугаар эгнээнд шилжээд орох үед гэнэт 1 дүгээр эгнээний автомашины урдуур хүн гарч ирээд мөргүүлсэн. ...Би сандарсандаа “Toyota Prius” загварын автомашин руу дарж ... мөргөсөн. ...Зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндийг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. ...” /хх  125-126/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 900 дугаартай “...Л.Эын биед баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /хх 86-87/ гэх дүгнэлт,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 7-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 5/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21/, "Кости-Эстимэйт" ХХК-ны автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 67, 75-76, 80-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Оыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Л.Эын өмгөөлөгч А.Ганбат “...Шүүгдэгч Л.Оын зан байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргээс үзэхэд түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь хөнгөдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Ганцхан хохирогч Л.Эыг мөргөөгүй, дахин машин мөргөсөн ба хохирол төлөх санаачлага гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хохирогч Л.Э нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...Л.О нь миний хохиролд нийт 1.700.000 төгрөг төлсөн. ...Цаашид нэхэмжлэх төлбөр 5.662.000 төгрөг болно. ...” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаарх нотлох баримтуудаа эрүүгийн хэрэгт гаргаж өгөөгүй байх бөгөөд хавтас хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Номундарийн “...Л.О нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирол гомдолгүй. ...” /хх 191-192/ гэх өргөдөл, иргэний хариуцагч Д.Отгонбаярын “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг авагджээ. Иймд анхан шатны шүүх “...Шүүгдэгч Л.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна. ...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцсэн байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчлан зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “...тэнсэж, үүрэг хүлээлгэх...” асуудлыг ямар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрхэн хэрэглэх талаар тусгайлан зохицуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан... хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Оын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нөхөн төлсөн, мөн хохирогч Л.Эд уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч талаас гэм хорын хохирлын баримт гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Э нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Эын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Эын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ