Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Р.Б*******

Нэхэмжлэгч: “И*******” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б*******, Б.Б******* нар

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б*******, Б.Б******* нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-21240000092 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 945 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, З.О*******

Хариуцагч Р.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0643/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“И*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б*******, Б.Б******* нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-21240000092 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 945 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 35 дугаар зүйлийн 35.4.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б*******, Б.Б******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-21240000092 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Р.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...“И*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Е*******” ХХК-иас 2021 онд 17 ширхэг худалдан авалтын падаанаар 325,845,390.91 төгрөгийн, 2022 онд 6 ширхэг худалдан авалтын падаанаар 119,020,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт тайлагнаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд татварын хяналт шалгалт хийхэд:

“И*******” ХХК-ийн ажлын байранд ажиллахад тухайн худалдан авалтыг “Е*******” ХХК-иас авсан. 2021-2022 онуудад төмөр замын бүтээн байгуулалтад ашигласан, одоо бараа материалын ямар ч үлдэгдэл байхгүй, бүгд ашиглагдаад дууссан гэсэн тайлбарыг өгсөн. Тухайн бараа материалыг хаана байдаг, ямар дэлгүүр, агуулахаас авсан талаар тодруулахад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын "Б*******" худалдааны төвийн 40 дүгээр лангуу Г.О*******гаас худалдан авалт хийсэн. Татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн лангуун дээр очиход О******* гэдэг хүн 2022 оны 10 дугаар сард гарч, өөр хүн ажиллуулж байсан. Энэ лангуунаас 2022 оны 10 дугаар сараас хойш худалдан авалт хийгээгүй талаар худалдааны менежер ярьсан. Өөрөөр хэлбэл О******* ажиллахаа больсон цагаас худалдан авалт хийгээгүй.

Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд "Мэдээ, мэдээлэл, баримт цуглуулах", 21.5-д "Татварын алба мэдээ, мэдээлэл баримт цуглуулах зорилгоор татвар төлөгчтэй харилцаа бүхий гуравдагч этгээдээс дараах журмаар мэдээлэл гаргуулж болно”, 21.5.2-т “мэдээлэл болон баримт бичгийг шаардах”, 21.5.3-т “тодорхой газар болон хугацаанд мэдээлэл авахаар дуудан ирүүлэх” гэж заасны дагуу “И” ХХК-ийн “Б*******” худалдааны төвийн тухайн үеийн менежер, одоогийн захирал Л.Ундрахыг татварын албан дээр дуудан ирүүлж, ярилцлага хийж, түрээсийн гэрээг нотлох баримтаар хүлээн авсан. Гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримт ярилцлагаар тухайн "Б*******" худалдааны төвийн 40 дүгээр лангууг 2021, 2022 онуудад иргэн (РД:ГМ***) Г.О******* түрээслэн ажиллуулж байсан. "Б*******" худалдааны төвд "Е*******" ХХК лангуу түрээсэлж байгаагүй талаар ярилцлага өгсөн. Г.О******* (РД:ГМ***) нь хувиараа бизнес эрхлэгчээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр тайлангаа гаргадаг. Борлуулалт хийсэн гэх "Е*******" ХХК нь Нийслэлийн татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч боловч, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд "Нягтлан бодогчийн ерөнхий үүрэг" 41.1-д "Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана", мөн хуулийн "Санхүүгийн тайланг тайлагнах" гэсэн 9 дүгээр сарын 9.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж, Монгол Улсын Сангийн яамны төрийн санд (https://oldebalance.mof.gov.mn/EBalance/pages/userAdmin/organizationInfo.jsf) санхүү байдлын тайлангаа (байгуулагдсан хугацаанаасаа хойш) тайлагнадаггүй.

...Хоёрдугаар хавтаст хэрэг: "Е*******" ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Д.Баярцэцэг, А.Бадам нар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс тус дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2633- 2/1007 тоот албан бичгийн дагуу татварын хяналт шалгалт хийхэд дараах нөхцөл байдал тодорхойлогдсон.

 "Е*******" ХХК нь 2017 онд худалдааны чиглэлээр, нэг гишүүнтэй Монгол Улсын иргэн (РД:ШК*** регистрийн дугаартай Г*** Ү***) 100 хувь эзэмшдэг, Улаанбаатар хот, ***, Ч*** дэлгүүрийн хашаанд хаягтай, татварын албанд цахимаар ирүүлсэн татварын тайланд үндэслэн нягтлах хяналт шалгалт хийхэд шалгалтад хамрах хугацаанд үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй, өөрийн хамаарал бүхий байж болзошгүй компаниудаас өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийсэн, мөн өндөр үнийн дүнтэй борлуулалтын цахим падаан үйлдсэн нэр бүхий 94 татвар төлөгчийн (үүнд: Том татвар төлөгчийн газартай харьцдаг "И*******" ХХК-д хийсэн борлуулалт хавсралт багтсан) төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг бууруулсан байж болзошгүй зөрчлүүд нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Танилцуулга" бичиж, цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.

Нийслэлийн татварын улсын байцаагч А.Бадам, Д.Баярцэцэг нар дээрх тайлбартаа “...Хяналт шалгалтын явцад компанийн захирал Г.Ү*** "... манай компани "100 айл” худалдааны төвд барилгын материал худалдан борлуулдаг, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, нягтлан бодогч л тайлан хийдэг, таны асуусан зарим компанийг би мэдэхгүй нягтлан л мэднэ. Эдгээр компаниуд манай харилцан хамааралтай, зарим нь нягтлангийн ах, дүү нарын компани юм шиг байна..." гэсэн ярилцлага өгсөн. Иймд татварын хяналт шалгалтаар зарим өндөр үнийн дүнтэй борлуулалтын цахим падаан үйлдсэн, санхүүгийн анхан шатны ямар нэгэн баримт ирүүлж нотлоогүй гүйлгээ бүхий татварын тайлагналын байдал нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байсан тул танилцуулга бичиж Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн” гэжээ. 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 30ё6-2/5638 албан тоотод 220901589 дугаартай хэрэгт "Е*******" ХХК-г холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолд "...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Татварын ерөнхий газраас ирүүлсэн танилцуулга бусад баримт бичгээр гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн татварын газраас ирүүлсэн "Е*******" ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас харахад тус компанийн тайланг Г.О******* үйлдэж, татварын цахим системд ирүүлсэн байна. Г.О******* нь тухайн компаниас цалин авдаггүй нь ТТ-11 болон ТТ-12 тайлангаар баталгаажна.

"Е*******" ХХК-ийн Голомт банкин дах *** тоот дансаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “И*******” ХХК-иас барилгын материалын төлбөр 39,550,000.00 төгрөг орлого орж, тухайн өдрөө (ДД 513015893, РД:ГМ***, УД:***) 39,550,000.00 бэлэн зарлага гаргасан. “Е*******” ХХК-ийн Хаан банкан дахь **** тоот дансаар "И*******" ХХК-иас орж ирсэн барилгын материалын орлого, зарлагын зарцуулалтыг түүвэрлэн үзэхэд дараах байдалтай байна. (Шүүхээс тус дансны 2021-2022 оны хуулгыг ирүүлэх албан тоот хүргүүлсэн боловч, банкнаас 2021 оны хуулга ирүүлсэн байна.)

Иймд хавтаст хэрэгт байгаа материалаас дүгнэн үзэхэд:

1."Е*******" ХХК-ийн захирал Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст өгсөн ярилцлагадаа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй гэж байхад "И*******" ХХК-ийн бүрдүүлсэн анхан шатны зарлагын падаан бодит эсэхэд дүн шинжилгээ хийгээгүй.

2."Е*******" ХХК нь нэг гишүүнтэй, "100 айл" барилгын материалын худалдааны төвд лангуутай талаар захирал нь ярилцлагадаа дурдсан, татварын удирдлагын нэгдсэн систем дэх "Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар (ТТ-12)-ийн тайлангаар ганц хөрөнгө оруулагчдаа цалин олгодог талаар тайлагнасан” талаар шүүх хуралд хариуцагч талаас тайлбарласан.

3."И*******" ХХК-ийн худалдан авалт хариуцсан менежер Т нь "Б*******" худалдааны төвөөс Г.О*******гаас худалдан авалт хийсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн.

4.Г.О******* нь хувиараа бизнес эрхлэгч, татвар төлөгчөөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, өөрийн лангууны орлогыг "Хувь хүний орлогын албан татварын ТТ-06 тайлан"-гаар тайлагнадаг.

5."Е*******" ХХК нь Нийслэлийн татварын газарт бүртгэлтэй "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ТТ-02 тайлан"-гаар олсон орлогоо тайлагнадаг хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл тухайлсан хуулийн зохицуулалтаар татвар төлөгчөөр бүртгүүлж, албан татвараа тайлагнадаг этгээдүүдийн орлогыг тус тусдаа тайлагнах үүрэгтэйг харгалзан үзээгүй.

6."Е*******" ХХК-ийн хавтаст хэрэгт авагдсан дансны ху******* дээрх мөнгөн урсгалаас харахад 2-3 харилцагчаас том дүнгээр орлого авч, тухайн өдрөө, эсхүл дараа өдрөө 90 хувийг буцааж бэлнээр Г.О******* гаргаж, тус компанийн тайлан болон харилцах дансыг ашиглан хий бичилт бичсэн нь харагдаж байна. /Гэтэл ийм өндөр үнийн дүнтэй борлуулалтыг цөөхөн харилцагчтай хийдэг атлаа ХХАГ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт тус тус байхгүй/.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгч нь “Е*******” ХХК-иас 2021 онд 17 ширхэг, 2022 онд 6 ширхэг, нийт 23 падаанаар 444.865.390,91 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг, мөн эдгээр падаануудаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэмэгдүүлж, төлөх татварыг тус тус бууруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,

-нэхэмжлэгчид бараа материал худалдсан гэх “Е*******” ХХК нь 2017 онд 1 гишүүнтэй, худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй, санхүүгийн тайлан огт гаргаж байгаагүй,

-“И*******” ХХК-ийн хувьд “…бараа материалыг “Е*******” ХХК-иас худалдан авч байсан болох нь тус компанийн дансанд бараа материалын үнийг шилжүүлж байсан баримтаар тогтоогдоно…” гэх боловч “Е*******” ХХК-ийн Хаан банкан дахь ***тоот депозит дансны дэлгэрэнгүй ху*******ы 2021.03.12-12.22-ны өдрийн байдлаарх “И*******” ХХК-иас орж ирсэн орлогуудаас томоохон үнийн дүн бүхий 7 удаагийн шилжүүлгийг түүвэрлэж үзэхэд л 298.751.980 төгрөгийн орлогын дийлэнхи буюу 90-100 хувь нь тухайн өдрөө, эсхүл 1 хоногийн дараа “барааны үнэ”, “зарлага”, “ГМ*** О*******” гэсэн гүйлгээний утгатайгаар буцаж гарсан, энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдолд хүснэгтэн хэлбэрээр маш тодорхой тусгагдсан,

-түүнчлэн эдгээр гүйлгээнд хамаарах 1 дүгээр хх-ийн 75-78 дугаар тал, 130, 131 дүгээр талын ар талд тус тус авагдсан нэхэмжлэхүүдэд “Бараа материал, эсхүл бараа материалын зардал” гэсэн утгатайгаар 33.900.000, 28.250.000, 39.550.000, 33.900.000, 113.000.000, 45.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэх цохолт хийснээс бус чухам ямар бараа материал худалдсан, худалдан авч байгаа нь тодорхойгүй, гэрээ, хэлцэл байгуулаагүй байхад шийдвэрт “…нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болохыг бүрэн тогтоогдоогүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал шийдвэрт “зөрчлийг хөтөлбөргүй тогтоогоогүй” гэж хариуцагчийг буруутгахдаа маргаан бүхий актад “…“Е*******” ХХК-ийг өмнө нь хий бичилт хийдэг байсан, нэхэмжлэгчийг тухайн хуулийн этгээдээс бус 100 айлын Б******* худалдааны төвөөс жижиглэнгээр худалдан авалт хийсэн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хангалтгүй…” гэж дүгнэсэн, гэтэл нэхэмжлэгч 2020 оноос хойш уг худалдааны төвийн 40 дүгээр лангуунаас байнга худалдан авалт хийдэг байсан болохоо нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн, нэр бүхий гэрчийн мэдүүлгээр ч энэ нь тогтоогддог, бодит байдалд тус компаний захирал Г.Ү*** болон тухайн үед 40 дүгээр лангуунд худалдаа эрхэлж байсан гэх Г.О******* нар нь гэр бүл, эхнэр, нөхөр байна.

Мөн Үндэcлэл хэсгийн 6-9-д хийсэн дүгнэлтүүд бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, давж заалдах гомдлын хүрээнд хэргийг бүхэлд нь хянахад Үндэслэх хэсгийн 10-т дүгнэсэнчилэн “нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх” ямар ч нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2.Хяналт шалгалтын явцад “Есөн оюу эрдэнэ” ХХК-ийг шалгаагүй боловч энэ компанийн талаарх дараах танилцуулга, дээрх төлбөрийн гүйлгээний орлого, зарлага зэргээр нэхэмжлэгчийн хий бичилттэй падаан ашиглан төсөвт төлөх татварыг бууруулсан болохыг нотлох хангалттай баримт хэрэгт авагджээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс тус дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 26з3-2/1007 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас олгосон хэсэгчилсэн шалгалт хийх 2222501338 тоот томилолт, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн татварын газрын нэр бүхий улсын байцаагч нараас “Е*******” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын албаны нэгдсэн систем дэх мэдээлэлд тулгуурлан хийсэн хяналт шалгалтаар “…2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд нийт 232 ширхэг 3.844.901.449,94 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 94 татвар төлөгчдийн /үүнд нэхэмжлэгч багатсан/ төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 384.490.144 төгрөгөөр бууруулах боломж олгосон байх магадлалтай, төсөвт төлөх, бусдад төлөх татварын хэмжээг тус тус бууруулах боломж олгосон зөрчлүүд нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй…” гэсэн үндэслэлээр танилцуулга бичиж, өндөр үнийн дүн бүхий худалдан авалтын цахим падаан үйлдсэн зөрчлийг шалгуулахаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлсэн,

-Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор 220901589 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн,

-мөн хэлтсээс 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 30иб/3028, 10 дугаар сарын 28-ны өдрийн 30иб2/4119 дүгээр албан бичгээр тус тус дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа “Е*******” ХХК-тай /6242243/ харьцаж байсан нэр бүхий 94 аж ахуйн нэгжид хяналт шалгалтын ажиллагааг яаралтай явуулж хариуг ирүүлэхийг хүссэн,

            -энэ дагуу Татварын ерөнхий газрын ХШАЗГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “И*******” ХХК-ийн эрсдлийг үнэлүүлэхээр Эрсдлийн удирдлагын газарт хандсаны дагуу 56 буюу дунд эрсдэлтэйгээр татварын удирдлагын нэгдсэн санд хяналт шалгалтын төлөвлөгөө үүсгэн, улмаар татварын улсын байцаагч нарт эрсдэлд суурилсан-хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэсэн байна.

Гэвч шийдвэрт нэхэмжлэлийн нэг үндэслэл болох “…Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасан эрсдлийн удирдлагын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй…” гэснийг няцаагаагүй, бас үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл энэ талаар тодорхой дүгнэсэнгүй.

            3.Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Татварын албаны эрсдэлийн удирдлага гэж татварын харилцаанд оролцогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдэл, нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлон шинжлэх, шалтгаан нөхцлийг нь тогтоох, үнэлэх, улмаар шийдвэрлэх оновчтой арга замыг сонгох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн тасралтгүй, цогц үйл ажиллагааг хэлнэ”, 35.6-д “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдлийн үнэлгээ, шинжилгээг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн хийнэ” гэж,

-Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “Татварын албаны эрсдлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6.6-д “Татвар төлөгчийн хүсэлт болон эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчдийн жагсаалтыг ЭУ-03 маягтаар боловсруулж, тухай бүр татварын хяналт шалгалт хариуцсан нэгжид шилжүүлнэ”, 6.8-д “Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно” гэж тус тус зааснаас үзэхэд “И*******” ХХК-д татварын хяналт шалгалт хийхээс өмнө дээрх байдлаар эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажилласан, энэ талаар ч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр тогтоолд маш тодорхой дүгнэжээ.

4.Нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг “Б” ХХК, “Э***” ХХК, Голомт банк, “Б****” ХХК, “Б***” ХХК зэрэг компаниутай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэснийг огт үгүйсгээгүй, гагцхүү нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа, материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, татвар ногдох орлогыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, төсөвт төлөгдөх татварыг нөхөн тогтоож, хугацаанд нь төлөөгүйн хариуцлага торгууль, алданги ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”-ыг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэсэнтэй нийцсэн байна.

Иймд эдгээр хуулийн холбогдох зохицуулалтын дагуу албан татвар ногдох орлоготой холбоотой бодитоор гарсан, хуулийн шаардлага хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос, мөн уг зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тухайн татвараас тус тус хасч тооцох ёстой боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн албан татвар ногдох орлогоос хассан зардалд хамаарах санхүүгийн анхан шатны баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй болох нь хяналт шалгалтын явцад бүрэн тогтоогдсон гэж үзнэ.         

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг баримтлан “И*******” ХХК-ийн гаргасан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21240000092 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Р.Б*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

                 ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                                       ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН