Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0088/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт Батзаяагийн Мөнхзаяад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201609000593 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баяуд овогт Батзаяагийн Мөнхзаяа, /РД:МА97082306/, 1997 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Партизаны 1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дотор Э.Галбадрахын I phone 5s маркийн гар утас, М.Энхсувд note 1 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хэлээд хууран мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч Б.Мөнхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Марал-Эрдэнэтэй 9 цагт гараад найзуудтай нь уулзах гээд явсан юм. Байрны сааданд М.Галбадрахын утсаар ярьж байсан, М.Энхсувдын утсаар дуу сонсож байгаад тэр чигт нь аваад явчихсан юм. 
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool Monhzaya 148.1.docx
…1 утсыг нь Дарханд 30000 төгрөгөөр ломбарданд тавиад, нөгөө утсыг нь хотод явж байгаад хаячихсан.
…Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг. Дарханд ажил хийх гэж ирсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг,  

-Насанд хүрээгүй хохирогч М.Энхсувдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би тухайн үед өөрийн самсунг ноте 1 маркын гар утсаар дуу сонсоод явж байсан. Тэгтэл Мөнхзаяа “би хамт яваад найз нарыг чинь танихгүй юм чинь чиний утсаар дуу сонсоод байж байя” гээд миний гар утсыг авсан. Тэгээд удалгүй “найз нь чиний гар утсаар нэг удаа ярьчихая” гэж хэлэхээр нь “надад нэгж байхгүй” гэж хариултал манай ангийн Галбадрах “миний утсаар ярь” гээд өөрийн I phone 5s маркын гар утсаа өгсөн. Тэгтэл Мөнхзаяа тухайн утсаар нь яриад холхиод нилээн удаан ярьсан. Тэгээд нэг харсан чинь алга болчихсон байсан. Тэгээд Мөнхзаяаг ирэхийг хүлээгээд сааданд суусан ирэхгүй болохоор нь 68 дугаар брак байранд хамт байдаг гэх эгчийнх нь гэрт очсон. Мийгаа гэх хүнтэй очиж уулзсан чинь “Мөнхзаяа Улаанбаатар хот руу найз залуутайгаа уулзахаар явсан” гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/, 

-Насанд хүрээгүй хохирогч Э.Галбадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:    “…Би 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 4 дүгээр байрны урд байдаг сааданд сууж байсан. Миний таньдаг Маралаа гэдэг охин тухайн үед надтай хамт сууж байсан. Энхсувд уулзахаар ирэхдээ Заяа гэдэг охинтой цуг ирсэн. Ирчихээд манай найз Сувдаагийн утсаар дуу сонсчихоод өгье гээд Энхсувдын ноте 1 маркын гар утсыг чихэвчний хамт авч сонсож байгаад Заяа гэх охин Энхсувдаас “утсаараа нэг яриулчихаач” гэж хэлсэн. Тэгтэл Энхсувд “надад нэгж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар дугаарын утас руу залгах гэж байгаа юм бэ?” гэж асуугаад өөрийнхөө I phone 5s маркын гар утасны кодыг гаргаад утсаа өгсөн. Тухайн газраа юм яриад сууж байсан. Заяа тухайн үед утсаар яриад холхиод алхаад байсан. Нэг харсан чинь Заяа Энхсувд бид хоёрын гар утсыг өгөлгүйгээр аваад алга болчихсон. Хүлээгээд ирэхгүй болохоор нь амьдардаг байсан газарт нь очоод хүнээс найз залуугийнх нь дугаарыг аваад залгаж асуутал тус оройноо 21 цагийн орчим Улаанбаатар хотод очсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, 

-Гэрч Б.Балжиннямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би тус өдөр 10 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны урд талд байдаг тоглоомын саадан дотор найз Галбадрах, Энхсувд, Дашцэдэн, Марал-Эрдэнэ нарын хамт сууж байсан чинь Марал-Эрдэнэ өөрийн найз гээд Заяа гэх нэртэй охиныг утсаар дуудсан. Тэгээд удалгүй Заяа гээд нэг жижиг биетэй охин ирсэн. Тухайн охин Энхсувдын гар утсыг аваад чихэвчээр дуу сонсож байснаа “утсаар ярьчихаад өгье” гээд Галбадрахын утсыг авсан. Тэгээд хүнтэй ярьж байгаад ирснээ “дэлгүүр орчихоод ирье” гэж хэлж яваад буцаж ирээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,    

-Гэрч Т.Марал-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр өглөө 10 цагийн орчим Энхсувд залгаад “20-4 дүгээр байрны урд хүрээд ир” гээд байхаар нь гэрээсээ гараад алхаж байсан чинь Заяа таараад “хамт явъя” гэхээр нь “тэгье” гэсэн чинь “надад өмсөх хувцас байхгүй, найздаа өмсөх хувцас өгөөч” гэхээр нь гэр рүүгээ дагуулж ороод лаакан хар гутал, пальтогоо өгсөн. Тэгээд бид 2 хамт манай найзууд дээр очоод бид нар хамт Дархан сум 5 дугаар баг 20-4 дүгээр байрны урд талын саадан дотор сууж байгаад Заяа Энхсувдын утсыг нь аваад дуу сонсож байснаа “утсаар чинь нэг ярьчихая” гэсэн чинь Энхсувд “нэгж байхгүй” гэж байсан. Тэгтэл хажуу талаас нь Галбадрах “миний утас үнэгүй” гээд утсаа өгч байсан. Тухайн үед нь Балжинням, Дашцэдэн, Энхсувд бид 4 хараад сууж байсан. Тэгээд Заяа Энхсувдын утсаар яриад наашаа цаашаа холхиод алхаад байсан. Тэгээд бид нар юм яриад анзааралгүй байж байтал нэг мэдэхэд алга болсон байсан. Тэгээд тухайн газраа хүлээгээд ирэхгүй болохоор нь залгаад тухайн амьдарч байсан газарт нь очтол байхгүй байсан, утсаар нь залгатал холбогдохгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, 

-Эд зүйлийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 23-24, 30-31/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45/, 
-Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хэргийн 68-69/, 
  -Хохирогч нарын шүүхэд гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хэргийн 87-88/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны урд талын хүүхдийн тоглоомын саадан дотор Э.Галбадрахын өмчлөлийн 500000 төгрөгийн үнэ бүхий I phone 5s маркийн гар утас, М.Энхсувдын өмчлөлийн 150000 төгрөгийн note 1 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…байрны сааданд М.Галбадрахын утсаар ярьж байсан, М.Энхсувдын утсаар дуу сонсож байгаад тэр чигт нь аваад явчихсан юм. …1 утсыг нь Дарханд 30000 төгрөгөөр ломбарданд тавиад, нөгөө утсыг нь хотод явж байгаад хаячихсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Энхсувдын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Мөнхзаяа тухайн утсаар нь яриад холхиод нилээн удаан ярьсан. Тэгээд нэг харсан чинь алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/, насанд хүрээгүй хохирогч Э.Галбадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…өөрийнхөө I phone 5s маркын гар утасны кодыг гаргаад утсаа өгсөн. Тухайн газраа юм яриад сууж байсан. Заяа тухайн үед утсаар яриад холхиод алхаад байсан. Нэг харсан чинь Заяа Энхсувд бид хоёрын гар утсыг өгөлгүйгээр аваад алга болчихсон.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, гэрч Б.Балжиннямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…тухайн охин Энхсувдын гар утсыг аваад чихэвчээр дуу сонсож байснаа “утсаар ярьчихаад өгье” гээд Галбадрахын утсыг авсан. Тэгээд хүнтэй ярьж байгаад ирснээ “дэлгүүр орчихоод ирье” гэж хэлж яваад буцаж ирээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,    гэрч Т.Марал-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Заяа Энхсувдын утсаар яриад наашаа цаашаа холхиод алхаад байсан. Тэгээд бид нар юм яриад анзааралгүй байж байтал нэг мэдэхэд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, эд зүйлийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 23-24, 30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж нь эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд оруулж, захиран зарцуулах эрхийг олж авдаг идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Б.Мөнхзаяа нь хохирогч Э.Галбадрах, М.Энхсувд нарын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч, ломбарданд тавих, гээгдүүлэх зэргээр захиран зарцуулсан байх тул   шүүгдэгч Б.Мөнхзаяаг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

    Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч нарын хохирлыг барагдуулсан /хэргийн 68-69/-д байх тул шүүгдэгч Б.Мөнхзаяаг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Б.Мөнхзаяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 44/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /хэргийн 68-69/, гэм хорыг арилгасан, хохирогч Э.Галбадрах, М.Энхсувд нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэх хүсэлт шүүхэд ирүүлсэн /хэргийн  87-88/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр Б.Мөнхзаяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Мөнхзаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.