Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/867

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

иргэдийн төлөөлөгч Д.Батбаатар,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Ж.*** түүний өмгөөлөгч Л.Азжаргал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** түүний өмгөөлөгч Б.Ариунболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001626 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймаг Адаацаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** аймаг *** сум *** багт оршин суух бүртгэлтэй, *** дүүрэг *** хороо *** оршин суух, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  ***.  

 

Шүүгдэгч Ж.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Зебра зочид буудлын 10 тоот өрөөнд Н.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар боомилж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** мэдүүлэхдээ: “Маш их гомдолтой байна. Миний ганц хүү байгаа. Хамт олондоо нэртэй хүндтэй. Өвчин зовлонгүй эрүүл хүн байсан” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Өрөөний хойд хананаас 3,5 метр, урд хананаас 2,3 метр, зүүн хананаас 3,1 метр зайд цогцосны толгойн хэсэг байрласан байх ба биеийн хоёр гарыг, биеийн хэвлийн хэсэгт авчирч хагас нугалсан, хагас нугалсан цээжин хэсэгт биеийн дээгүүр цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн жинсэн өмд болон дотуур хувцсыг биеийн шилбэ хүртэл шувталж нүцгэлсэн, саарал өнгийн хос оймс өмссөн, өмдөнд шаргал өнгийн аралтай бор өнгийн суран тэлээг арал хэсэгт бэхэлсэн /тайлагдаагүй/ доошоо харсан байдалтай 40-45 орчим насны хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байлаа.

... Өрөөний урд хананд бэхэлсэн дулааны шугам бүхий халаагуурны газраас дээш 66 см зайд цүнхний оосор мэт зүйлийн үзүүр хэсгийг уяж бэхэлсэн байдалтай байх ба уяаны уг хэсгийг цогцосны хүзүү хэсэгт уяж битүү төгссөн байдалтай байлаа.

Цогцосны нүүр хэсэг шалнаас дээш 10 см зайд өргөгдсөн байдалтай, хамар амны сүвнээс цус мэт хүрэн улаан өнгийн зүйл дусалж байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 6-13 дахь тал/

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 14-20 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 26-31 дэх тал/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 32-42 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... Амь хохирогч Н.***ы хоолойн тус газраар боомилсон байсан хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлсэн оосор нь 2 хэсэг тасарч хуваагдсан байх бөгөөд урт хэсэгт нь 129 см, тасархай богино хэсэг нь 15 см урттай, 3,5 см өрнөгтэй бор өнгийн үзүүр хэсэгтээ төмөр даруулгатай, мөн гол хэсэгт мөн адил төмөр оруулга гогцоотой, харин богино тасархай хэсгийн үзүүр хэсэгт төмөр гогцоо оруулгатай байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 49-51 дэх тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 14 минут 47 секундэд буудлын угтагчийн хамт талийгаач Н.***, яллагдагч Ж.*** нар хэрэг болсон гэх 10 тоот өрөөнд орж байгаа бичлэг байв.

... 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 23 цаг 40 минут 57 секундэд амь хохирогч Н.*** нь өрөөнөөс цүнхээ үүрсэн, өмдний урд хэсэг тайлагдсан, өмдөө өөрөө тэлээлж байгаа үйлдэл гарган гараад үүд рүү алхаж байх бөгөөд дараа нь 23 цаг 41 минут 01 секундэд өрөөнөөс яллагдагч Ж.*** нь дотоожтойгоо гарч ирээд амь хохирогчийг татаж чирээд өрөө рүү 23 цаг 41 минут 14 секундэд түлхэж оруулав.

Үүнээс хойш өрөөнд болон өрөөнөөс ямар нэгэн хүн гарах, орох хөдөлгөөнгүй байж байгаад 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 00 цаг 27 минут 50 секунд яллагдагч Ж.*** нь өрөөнөөс ганцаараа, хоёр үүргэвчтэй цүнхтэй, гартаа гар утас, тамхи мэт зүйл бариад гараад явсан байна.

Мөн тухайн цаг мөчөөс хойш гэмт хэрэг гарсан өрөөнөөс болон өрөө рүү хэн нэгэн хүн орсон, гарсан хөдөлгөөн байхгүй байх бөгөөд 01 цаг 24 минут 34 секундэд яллагдагч Ж.*** нь дээгүүрээ хар өнгийн хүрэмтэй, цүнхгүй өрөөнд орсон байна.

2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 01 цаг 28 минут 25 секундэд өрөөнөөс ганцаараа гартаа тамхи барьсан байдалтай гарч ирээд угтагчийн хэсэг рүү явж байгаа бичлэг бичигдсэн байв.

2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 01 цаг 35 минут 33 секундэд яллагдагч Ж.*** нь буудлын угтагчтай хамт хэрэг болсон гэх 10 тоот өрөө рүү ороод 25 секундын дараа буюу 01 цаг 35 минут 58 секундэд өрөөнөөс буудлын угтагч гарч ирсэн. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 52-62 дахь тал/

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн “... 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 47 минут 52 секунд болж байх бөгөөд шөнийн цэнгээний газрын караокены тек хэсэгт очин бэлэн мөнгийг үйлчлэгчид өгч захиалга өгч буй дуу дүрсний бичлэг байв.

... Хяналтын камерын бичлэгийн цаг 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 51 минут 46 секунд болж байх бөгөөд Ж.*** нь тухайн караокеноос 1 ширхэг лаазтай Кола ундаа барин цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хар өнгийн савхин хүрэм өмссөн байдалтай гарч буй дуу дүрсний бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***гийн “... Би 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гар утсаар ярьсан юм. Тэр үед талийгаач нь Улаанбаатар хотод Өмнөговь аймгаас ирж байна, та Улаанбаатар хотод хүрээд ир, уулзах юм байна гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш холбогдоогүй.

... Маш их гомдолтой байна. Миний ганц хүү байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/

“... Намайг Дорнод аймагт байхад 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр талийгаачийн дугаараас эмэгтэй хүн залгаад хоёр гар утсыг нь ирж аваарай, нэг цүнх байна, Kenzo гээд баараас ирж аваарай гэж хэлэхээр нь би өөрөө яасан юм бол гэж асуухад мэдэхгүй гэж хэлээд тасалсан. Тэгээд удалгүй Цагдаагийн байгууллагаас над руу холбогдоод хэргийн талаар мэдээд Улаанбаатар хотод ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/

 

Гэрч Б.***ийн “... Оройн 21 цагийн үед гаднаас өрөө авахаар 30-40 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн 2 эрэгтэй бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хоногоор нэг ортой өрөө авна гэж төлбөрөө бэлнээр арай ахимаг настай нь өгсөн. Тэгээд манай туслах *** нь тухайн эрэгтэйд өрөөг нь хүлээлгэж өгсөн. Тэр хоёр 3 давхрын 10 тоот өрөөнд 21 цаг 20 минутын үед орцгоосон. Тухайн 2 эрэгтэйн арай залуу нь хар өнгийн үүргэвч үүрсэн байсан.

            Ингээд тэр хоёр хоногоор өрөө аваад бичиг баримтуудаа надад бүртгүүлэхэд хар үүргэвч үүрсэн нь буюу арай залуу нь надад бичиг баримтаа үзүүлж бүртгүүлсэн.

Тухайн залууг *** гэх бөгөөд надад иргэний цахим үнэмлэхээ үзүүлж бүртгүүлээд өрөөний тооцоог арай настай гэх ах өрөөсөө 3 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд тооцоо болох 50,000 төгрөгийг бэлнээр төлөөд би 10,000 төгрөгийг хариулж өгсөн.

            Тухайн хоёр залуу дээшээ 3 давхрын 10 тоот өрөөнд ороод хэсэг хугацааны дараа хоёулаа буугаад ирсэн. Би хайчих гэж байгаа талаар нь асуухад бид хоёр хоолонд ороод буцаж орж ирнэ гэж гараад мөн нээх их удалгүй цагаан тортой зүйл бариад хоёулаа орж ирсэн. Би тухайн торонд ямар зүйл байсныг огт хараагүй. Тэр хоёр өрөөндөө орсон.

... 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн шилжих шөнө 01 цаг 30 минутын үед тухайн 10 тоот өрөөнд орсон хоёр залуугийн арай залуу нь доор үүдний угтагч дээр хүрч ирээд цагдаа дууд, би ахыгаа алчихлаа гээд байхаар нь би энэ нөхөр согтуудаа дэмий зүйл ярьж байна гэж бодоод хамт хонож байсан ***ид үзээд ир гээд явуулахад *** нь очиж үзээд хаалгыг онгойлгож харахад халаагуураас нэг хүн хоолойгоо уясан харагдаж байна гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. 102 дугаар нь 103 дугаарт давхар бүртгэж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Гэрч Ц.***ийн “... Тухайн өрөөнд хоёр үл таних залуу орсон. Гэхдээ хэдэн цагт орсон талаар мэдэхгүй байна. Тэр нь угтагчийн бүртгэл дээр бүртгэгдсэн байгаа. Тухайн хоёр үл таних залуу нь 10 тоот өрөөнд орсон бөгөөд нээх удалгүй хоол идчихээд ирье гээд хоёулаа гараад явсан.

Тэгээд би өрөөнүүдээ шалгаад мөн барилгын ажил явагдаж байгаа хэсгийг шалгаж үзчихээд угтагчийн буйдан дээр сууж байхад хар өнгийн савхитай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй үл таних эрэгтэй нь 3 давхраас бууж ирээд би ахыгаа алчихлаа, цагдаа дуудаад өг гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаан гээд 10 тоот өрөө рүү ороход өрөөний халаагуураас боомилсон байдалтай, өмдийг нь шувталсан эрэгтэй хүн байсан.

...Надад юу ч мэдэгдээгүй. 10 тоот өрөөний хажуугийн 9 тоот болон 11 тоот өрөөнд байсан хүмүүс байсан бөгөөд тэр хүмүүсээс ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй. Хэрүүл шуугиан зодоон цохион болоход хажуу өрөөнийх нь хүмүүс намайг дууддаг юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/

 

Гэрч Т.Одбаярын “... Тухайн дуудлагын дагуу Зебра нэртэй зочид буудал руу ороход буудлын 2 давхарт үл таних эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, угтагч эмэгтэйтэй хэрэлдээд гарах гээд зогсож байсан. Тэгээд очоод тухайн эрэгтэйг гавалж суулгахад угтагч эмэгтэй энэ залуу цуг өрөөндөө байсан хүнийг боогоод алсан байна, би өөр хүнтэй хамт орж харсан, айгаад байсан учраас дагуулж орсон гэж хэлэхээр нь О.***ийг Ж.*** гэх эрэгтэй хүнтэй үлдээгээд дээшээ 3 давхарт гарч 10 тоот өрөө рүү угтагчийн хамт орсон.

Тэгээд өрөө рүү ороход нэг ортой өрөө байсан бөгөөд өрөөний халаагуураас үл таних эрэгтэй хүнийг цүнхний оосор мэт зүйлээр боогоод ам хэсгээр нь татаж боож хазайлгасан, өмд нь шувтарч бөгсөн бие нь ил гарсан байдалтай эрэгтэй хүний цогцос байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/

 

Гэрч О.***ийн “... Т.Одбаяр нь угтагчийн хамт 3 давхар руу гарч очоод буцаж бууж ирэхээр нь би зөрөөд ганцаараа 10 тоот өрөө рүү орсон. Өрөө рүү ороход нэг ортой өрөө байсан бөгөөд өрөөний халаагуураас үл таних эрэгтэй хүнийг цүнхний оосор мэт зүйлээр боогоод ам хэсгээр нь татаж боож хазайлгасан, өмд нь шувтарч бөгсөн бие нь ил гарсан байдалтай байсан.

Тэгээд доошоо бууугаад Ж.*** гэгчтэй ярилцахад “би ахыгаа алсан, би та нартай хамт явъя, ах бид хоёр муудалцаад хоёр цохиод өшиглөсөн, ахыгаа алсан” гэх зүйл яриад байсан. Ж.*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хар өнгийн савхин куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, өмд нь энд тэндээ цус мэт зүйлээр бохирлогдсон, пүүзэн гуталтай байсан.

Ж.***ийн нүүрнийх нь баруун нүдний доод хэсэгт хөхөрсөн хуучин шархтай байх шиг байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2288 дугаартай:

“1. Шинжилгээгээр талийгаач Н.***ы цогцост хүзүү, аманд боолтын ором, зүүн зовхи, баруун хөмсөг, уруулд шарх, хоёр зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, сарвуунд цус хуралт, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх ором нь уяа гогцоо буюу хагас зөөлөн эдийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь боолтын улмаас хүзүү хоолой гаднаасаа уяа гогцоогоор дарагдаж амьсгал механикаар бүтэж нас барсан байна.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаач Н.***ы шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 106-112 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №3899 дугаартай:

“...2. Шинжилгээнд ирүүлсэн Ж.*** 41н/эр гэж хаягласан цусанд 2,2 промилли спирт илрэв. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна.

3. Цусан дахь 2,2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 142-146 дахь тал/

 

Ж.***ийн яллагдагчаар өгсөн “... Би Н.*** ахтай 2000 оноос эхлээд таньж мэддэг болсон. Бид хоёр нэг ёсондоо Гурвалжингийн 44 төв дээр галт хэрэг буулгаж байхдаа танилцаад тэрнээс хойш байнга хамт ажил хийдэг, хамт галт тэрэг буулгадаг хуурай ах, дүүгийн харилцаатай болсон.

            ... Би ер нь уул руу самарт явах хүн асууж сураглаад явж байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Гурвалжингийн гүүрний ойролцоо Саппорогийн ертөнцийн зүгээр урд талын автобусны буудал дээр *** ахтай тааралдсан. Тэгээд тааралдсан гээд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болоод Нямка, Дашка гэх хоёр хүнтэй нийлээд бид дөрөв гудамжинд нэг шил архи хувааж уусан.

Тэгээд архиа дуусгаад 3 дугаар эмнэлгийн урд байрлах автобусны буудлын ертөнцийн зүгээр урагш байрны голд орж бид дөрөв 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд ууж суутал Н.*** ах ахынх нь нэг очдог газар байгаа гэж хэлээд намайг дагуулаад Дашка, Нямка хоёроос салаад замын хойд талаас такси бариад Зебра нэртэй зочид буудалд очсон.

Н.*** ах бид хоёр тухайн буудал руу ороод 10 тоот өрөөг 50,000 төгрөгөөр тооцож аваад Н.*** ах тооцоог нь хийгээд өрөө рүүгээ орсон. Бид хоёр өрөөгөө аваад буцаж гараад хажуу талынх нь дэлгүүр рүү ороод Хараа нэртэй 0,75 литрийн архи 1 шил, 1 ширхэг ундаа аваад Н.*** ах тооцоог нь хийгээд буцаад 10 тоот өрөө рүүгээ орсон.

Тэгээд бид хоёр архиа хувааж уухаар болоод би орны булан хэсэгт гараад суусан. Н.*** ах сандал татаад сандал дээр суугаад архи аягалаад суусан бөгөөд маргааш нөгөөдрөөс самарт явах талаараа яриа өрнүүлээд сууж байсан.

Тэгтэл Н.*** ах миний гуяыг илээд ах нь дүүгээ хүндэлж явдаг шүү гэж хэлэхээр нь би ах одоо яаж байгаа юм гэж хэлээд нүүр рүү нь хоёр удаа алгадахад *** ах орны хажуу руу унахад нь хүзүү хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн.

Тэрний дараа ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна. Би хэсэг унтаж байгаад сэрэхэд талийгаач нь өрөөнөөс миний цүнхийг үүрээд гараад явж байхаар нь би араас нь татаж оруулаад өрөөний хажуу хана руу хувцаснаас нь барьж байгаад татаж түлхэхэд талийгаач нь газар унасан. Тэгээд талийгаач нь хоёулаа сайхан үзье гээд миний цээж рүү хоёр удаа цохихоор нь барилцаж аваад талийгаачийг тонгорч унагаагаад ноцолдож байгаад оосроор халаагуураас нь хүлж оосорлоод татсан. Тэгээд нэг мэдсэн буудлаас өөр газар Kenzo нэртэй бааранд 100 грамм архи уугаад сууж байсан.

Гэнэт миний архи гарч би ер нь юу хийчих вэ гээд буцаад буудал руугаа очоод өрөөндөө ороход талийгаачийг боогоод хаячихсан, шалдан хэвтэж байсан. Тэгээд би доошоо буугаад буудлын угтагч дээр очиж би ахыгаа алсан байна, цагдаа дуудаад өг гэж хэлээд цагдаа дуудуулаад угтагчийн хажуу талын буйдан дээр цагдаа хүлээгээд сууж байсан.

... Миний санаж байгаа байдал орж гараад байна. Нэг санахад талийгаач миний дээр гарсан байсан санагдаж байна. Тод сайн хэлж мэдэхгүй байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 201-203 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуултай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ж.*** болон амь хохирогч Н.*** нар нь урьд танилууд байсан ба 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явцдаа Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Зебра зочид буудлаар үйлчлүүлжээ.

Ингээд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шилжих шөнө тус зочид буудлын 10 тоот өрөөнд байхдаа тэдгээрийн хооронд тодорхойгүй шалтгаанаар маргаан үүсэж, уг маргаанаас үүдэн шүүгдэгч Ж.*** нь Н.***ыг оосор ашиглан хүзүү, хоолойг нь тойруулан халаагуураас боомилсоны улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардддаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ж.***ийн амь хохирогч Н.***ыг боомилсон гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон ба түүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг илтгэнэ.

Иймд шүүгдэгч Ж.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зохицуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 82,500,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардалд 13,164,595 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд баримтаар 12,023,454 төгрөгийг /1 дэх хавтаст хэргийн 227-247 дахь тал/, тогтоогдсон ба сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт 82,500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд тооцож, шүүгдэгч Ж.***өөс 2,000,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг  хасаж, түүнээс 92,523,454 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***д олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин Монгол Улсын Үндсэн хууль, болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамааруулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*** түүний өмгөөлөгч Б.Ариунболор нараас шүүгдэгч Ж.***т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гараагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.***ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “... өөрийгөө илчилсэн, ...” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг компакт диск, hoco 8gb гэсэн бичиглэлтэй флаш диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бор өнгийн оосрыг устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар түүний 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Батбаатараас “Ж.*** нь талийгаач Н.***ыг хохироосон нь тогтоогдож хэргээ хүлээсэн тул гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.***ийг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.***т оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.***ийн цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар Ж.***өөс 92,523,454 төгрөг гаргуулж М.***д олгож, М.***гийн хууль зүйн туслалцаа авах гэрээний төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг компакт диск, hoco 8gb гэсэн бичиглэлтэй флаш диск зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бор өнгийн оосрыг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

                          

                                       ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА

 

                                   

                                                ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ