Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/879

 

 

 

 

 

 

 

 2023           11           20                                       2023/ШЦТ/879

 

 

 

        

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001948 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Баянзүрх суманд төрсөн, 35 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** хороолол Ард аюушийн өргөн чөлөө гудамж, *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,  ***

 

Шүүгдэгч М.*** нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын Хаан банкны АТМ-ын орчимд хохирогч Д.***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Д.***гийн “... 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах бичлийн зам дээр *** УАХ улсын дугаартай хар хөх өнгийн Porter автомашинаа бариад хамт ажилладаг ***, Сумъяа нарын хамт явж байсан. Цагаан өнгийн *** УАМ улсын дугаартай цагаан өнгийн Aqua маркийн автомашин нь миний урдуур дайрч орж ирээд нэгдүгээр эгнээнд ороод зогссон. Автомашинаа замаа чөлөөлж зогсоогооч гээд хэлэхэд автомашинаас буусан эмэгтэй нь автомашиныхаа араас юмаа аваад зогсож байсан. Би цаашаагаа хөдөлгөөнд оролцоод автомашинаа бариад явж байхад нөгөө цагаан өнгийн *** УАМ улсын дугаартай автомашин нь миний урдуур шахаж орж ирээд зогссон. Цагаан өнгийн автомашины жолооч талын хэсгээс 30 орчим насны өндөр залуу бууж ирсэн. Миний хаалгыг тухайн залуу онгойлгосон. Би автомашинаасаа буусан байхад тухайн жолооч нь миний баруун нүдний хэсэг рүү баруун гараараа цохисон.

Цохичхоод цаашаагаа автомашин руугаа суух гэхээр нь би араас нь очоод бариад авсан. Намайг цохисон залууг явуулахгүй гээд нэлээд ноцолдсон. Явуулна явуулахгүй гэж байхад хамт явсан эмэгтэй нь ирсэн. Тохирвол тохир, тохирч чадахгүй бол юм олж долоохыг чинь харнаа гэж хэлсэн.

... Баруун нүдний доод хэсэг рүү гараараа цохисон гэж бодож байна. Миний баруун нүдний доод хэсэгт 1 см орчимд арьс нь язарч зүсэгдсэн. Замаа чөлөөл гэж хэлсний улмаас автомашинтай хөөж ирээд намайг зодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

... Эмнэлэгт үзүүлж тархины бичлэг хийлгэсэн баримтууд байгаа. Бодит зардал нь 240,000 төгрөг болсон байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/

 

Гэрч Л.***ын “... *** ах хажуугаар нь зөрөхдөө нэгдүгээр эгнээнд зогсож байж шүргүүлвээ гээд хэлсэн. Хажуугаар нь гараад жаахан явж байхад урдуур шахаж орж ирсэн. Шахаж орж ирэхийн өмнө салаавч гаргасан. Бид хоёрыг буух гэхэд тухайн автомашины жолооч нь *** ахын нүүр хэсэг рүү нь цохисон. Би ***гийн хамт салгасан.

... *** ахын баруун доод хэсэгт 1 см орчим язарсан байсан. Нөгөө эмэгтэй нь *** ахын гэмтлийг харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Гэрч Д.***гийн “...Автомашиныг 30 орчим насны эрэгтэй хүн унаад явж байсан. Жолооч нь шууд бууж ирээд *** ахын нүүр рүү цохисон. Би ***ын хамт буугаад очиж хамт салгасан. Тэгэхэд *** ахын нүдний доод талаас цус гарч байсан. Гэтэл нэг танихгүй эгч ирснээ хайраа болиочээ гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Гэрч Р.***ийн “... Би 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын зам дагуу *** УАМ улсын дугаартай автомашинтай нөхөр ***ын хамт явж байгаад Хаан банкны АТМ-ны дэргэд түр зогсоод буусан. Дөнгөж буугаад байж байхад хажуугаар өнгөрсөн хөх өнгийн Porter маркийн автомашинтай жолооч нь өнгөрөхдөө намайг дайраад хаячихна шүү гээд хэлсэн. Тэгэхээр нь би дайраад хаячихна шүү гээд хэлж байна гээд нөхөртөө хэлчихсэн.

Би буугаад эргээд харахад манай автомашин явж байгаад зам дээр зогссон байсан. Porter маркийн автомашины жолооч манай нөхөр *** хоёр заамдалцаад авчихсан зодолдох янзтай зогсож байсан.

... Porter маркийн автомашины жолоочийн нүүр хацар хэсгээс нь жаахан цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 31-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12156 дугаартай:

“...1.Д.***гийн биед баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

М.***ын яллагдагчаар өгсөн “... Намайг боогоод байхаар нь нүүр рүү нь нэг цохиход нүдний доод хэсгээс нь цус гарч эхэлсэн. Өөр асуудал болоогүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-50 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хаан банкны АТМ-ын орчимд замын хөдөлгөөнд хохирогч Д.*** нь *** УАХ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *** УАМ улсын дугаартай Aqua маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч М.***ыг замын хөдөлгөөнд саад боллоо гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдсан ба уг маргаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч М.*** нь хохирогч Д.***гийн нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Д.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Д.***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12156 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх оношлуулах зардалд 224,000 төгрөгийг баримтаар /хэргийн 54-55 дахь тал/ нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.***ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.***аас 224,000 төгрөг гаргуулж Д.***д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ