Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/893

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

иргэдийн төлөөлөгч Д.Ундармаа,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Д.*** түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*** түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001235 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дугаар гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  ***.

Шүүгдэгч Д.*** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо *** гудамж *** тоотод найз залуу Г.***тай маргалдан цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*** мэдүүлэхдээ: “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө талийгаач ***а бид гурав манайх руу явсан. Нийт гурван пиво уусан. Бид нар нэлээн халсан байсан. Талийгаач бид хоёрын дунд хардалтаас болж маргаан гарсан. Талийгаач чамайг ална гээд гал тогооны хэсэг рүү яваад гал тогооны шургуулгаас юу авсныг хараагүй.

Тэгээд бид хоёр зодолдож, ноцолдсон. Тэгээд талийгаач гэрээс гараад гүйсэн. Би араас нь гарахад гэрийн зүүн урд талд хэвтэж байсан. Тэгээд би найз болон дүүгээ дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*** мэдүүлэхдээ: “Тухайн үед би байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй байна. Оршуулгын зардалд нийт 17,255,995 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч 6,000,000 төгрөг төлсөн. Маш их гомдолтой байна. Миний ганц хүү, надад түшиг тулгуур болдог байсан. Энэ хэргээс болоод сэтгэл санаагаар унаж, хэл ам ээдрээд ярьж чадахаа байсан” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 3-17 дахь тал/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 18-21 дэх тал/

 

Хүний биед үзлэг хийсэн “... Дарамдоржийн *** ... биед зүүн гарын бугуй хэсэгт зулгарсан, баруун гарын ядам хуруунд өргөн нь 1 см зүссэн шархтай, зүүн хөлийн өсгийн хэсэг 6х1,2 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай, ... тэмдэглэл болгон үйлдэв. ...” гэсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 22-28 дахь тал/

 

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/

 

Дэд ахлагч Б.Бадамдоржийн илтгэх хуудас, зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Хохирогч Н.***ын “... Би *** охины талаар нарийн сайн мэдэхгүй. Ямар ч байсан хүү маань үерхэж байгаа гээд 2020 оны шинэ жилээр гэртээ дагуулж ирээд бид нартай танилцуулж байсан. Тэр цагаас хойш дахин нэг удаа л уулзсан. Ингээд нийтдээ хоёр удаа уулзаж байсан. Анх надад жоохон ааштай охин байна даа гэсэн бодол төрж байсан. Ихэнхдээ л хүү маань ***ийн гэрт байна, ***тэй хамт байна гэж хэлдэг байсан. Сүүлийн 20 гаран хоног ***ийн гэрт амьдарч байсан. Талийгаач хүү маань хэзээ нь билээ дээ би сайн санахгүй байна, ***тэй хамт хэсэгхэн хугацаанд байр түрээсэлж амьдарч байсан санагдаж байна. Үүнээс өөр зүйл хэлж мэдэхгүй байна.

Би тэр хоёрын дундах нарийн ширийн харилцааг нь бол сайн мэдэхгүй байна.

... Надад гомдолтой гэдэг үг ч багадахаар тийм аймар мэдрэмж төрж байна. Ганц тусалж дэмждэг хүү маань байсан. Би нөгөө талын хүмүүстэй дахиж уулзмааргүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/

 

Гэрч А.***ы “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз банди Х.***ын эзэмшлийн 93-88 УБД улсын дугаартай цагаан өнгийн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гэр рүүгээ харих гээд Зурагтын шинэ эцсийн Сод монгол шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд явж байхад үл таних 26 орчим насны, шар өнгийн хүрэм, хөх өнгийн жинсэн өмд, хар гуталтай, хар өнгийн урт үстэй эмэгтэй гар өргөхөөр нь автомашиндаа суулгасан.

Тэгэхэд тухайн эмэгтэй нь Хорооллын эцэс рүү явна гээд хөдлөөд Энхбаярын замаар доош уруудаж явж байхад тухайн охины гар утас нь дуугараад яасан юм бэ, яагаад уйлаад байгаа юм бэ гэж яриад Х.***т хандаж буцаад саяын зам руугаа явъя гээд буцаад явсан. Хаяг газрыг нь сайн мэдэхгүй /зааж өгч чадна/ тухайн замаасаа хойшоо гэр хорооллын гудамж дундуур дээш өгсөөд жалга тулаад зогссон.

Тэр охин буугаад хүлээж байгаарай, буцаад гараад ирнэ гэж хэлээд бид хоёр автомашиндаа хүлээгээд сууж байхад тухайн охин орсон. Гэр дотроос эмэгтэй хүн орилоод яасан юм бэ, яачих ваа гээд уйлах чимээ гарсан. Би найз банди Х.***т хандаж чи буугаад явж очоод үзээдэх зодоон хийгээд байгаа юм уу нэг нэгийгээ алж магадгүй юм биш үү үзээдэх гэж хэлээд тэр охины буусан чиг рүү явуулсан. Удалгүй найз банди Х.*** намайг хүрээд ир гэж дуудаж би автомашинаас бууж дээшээ арав орчим алхам газар өгсөж очиход тал хашаатай хойд хэсгээрээ шороо урдуураа банзтай өгсүүр газар монгол гэрийн баруун урд хэсэгт дээшээ харсан байрлалтай цээж хэсгээрээ шалдан хувцасгүй, хар өнгийн биеийн тамирын өмд өмссөн эрэгтэйн хэвтэж байсан газар нь тэр чигтээ цус болчихсон тэр эрэгтэйг эхнэр нь болов уу гэх цамц өмд болон түрийтэй гэмээр гутал өмссөн /хувцас өнгийг одоо сайн санахгүй байна/ эмэгтэй гараараа толгойг босгоод тэвэрчихсэн байдалтай туслаарай, авраарай өргөөд өгөөч автомашин руу аваад яваач гэж сандарсан өнгөөр хэлээд нэг эмэгтэй хүн газар сууж байсан.

Энэ үед би юу болсон юм бол гэж бодоод гэр лүү нь орох гээд өгсөөд гадна нь очиход үл таних ухаангүй /цусандаа холилдсон байдалтай, хаанаас нь цус гарсан байсныг сайн харж чадаагүй харанхуй байсан/ эрэгтэй хэвтсэн байдалтай, түүний эхнэр нь бололтой үл таних эмэгтэй хүн толгой хэсгээр нь тэврээд уйлаад, туслаач ээ, түргэн тусламж дуудаач ээ гэж хэлээд сууж байсан. Би тухайн эрэгтэй дээр очоод толгойг нь хөдөлгөх гэхэд цээжний зүрхэн тус газар шарх байхыг хараад түргэн тусламж руу 02 цаг 07 минутад утсаар залгасан.

... Тэгээд тэр залууг Х.*** тэр эмэгтэй болон гар өргөсөн охин нэг хар үстэй талийгаач эрэгтэйн толгойг тэвэрч суусан эмэгтэйн найз охин болов уу гэмээр эмэгтэй бид 5 өргөж автомашинд оруулаад тэр 4 хүн /талийгаачтай нийлээд/ автомашины арын суудал дээр сууж шууд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би эмнэлэг орж эмч дуудаж эмч гарч ирээд үзээд амьсгал хураасан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Ийм л зүйл болсон.

Хурдан яваад өгөөч гэж талийгаачийн толгойг тэвэрч суусан найз охин болох эмэгтэй орилоод байсан өөр зүйл яриагүй. Тухайн хүмүүс миний бодлоор эрүүл ухаантай байгаагүй байх. Уйлж орилсон хүмүүс байсан. Тухайн хүмүүсээс нэлээд архи үнэртэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 60-62 дахь тал/

 

Гэрч Х.***ын “...Тэгэхэд тухайн эмэгтэй нь хорооллын эцэс рүү явна гээд хөдлөөд Энхбаярын замаар доош уруудаж байхад тухайн охины гар утас нь дуугараад яасан юм бэ, яагаад уйлаад байгаа юм бэ гэж яриад надад хандаж буцаад саяын зам руугаа явъя гээд буцаад явсан. Хаяг газрыг нь сайн мэдэхгүй /зааж өгч чадна/ тухайн замаасаа хойшоо гэр хорооллын гудамж дундуур дээш өгсөөд жалга тулаад зогссон. Тэр охин буугаад хүлээж байгаарай, буцаад гараад ирнэ гэж хэлээд эхнэр бид хоёр машиндаа хүлээгээд сууж байхад тухайн охины орсон гэр дотроос эмэгтэй хүн орилоод яасан юм бэ, яачих ваа гээд уйлах чимээ гарсан. Энэ үед би юу болсон юм бол гэж бодоод гэр рүү нь орох гээд өгсөөд гадна нь очиход үл таних ухаангүй /цусандаа холилдсон байдалтай, хаанаас нь цус гарсан байсныг нь сайн харж чадаагүй, харанхуй байсан/ эрэгтэй хэвтсэн байдалтай, түүний эхнэр нь бололтой үл таних эмэгтэй хүн толгой хэсгээр нь тэврээд уйлаад туслаач ээ, түргэн тусламж дуудаач ээ гэж хэлээд сууж байсан.

Тэгэхээр нь би эхнэрийгээ дуудаад бид хоёр яаралтай 103 буюу түргэн тусламж дуудахад тухайн хаягийг тодорхой зааж өгч чадаагүй учраас түргэн тусламж дуудахад тухайн хаягийг тодорхой зааж өгч чадаагүй учраас түргэн тусламж ирэх боломжгүй гэдгийг хэлсэн.

Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү өөрийн машинаараа тухайн ухаангүй үл таних эрэгтэй хүнийг, түүний эхнэр, дүү нь гэх эмэгтэй, анх такси барьсан эмэгтэй нарын хамтаар явцгаагаад яаралтай тусламжийн эмч гарч ирээд тухайн эрэгтэй хүнийг үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн.

... Талийгаач гэх эрэгтэй нь дээгүүрээ нүцгэн, нимгэн хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хөл нүцгэн, дээшээ харсан, цээж болон гэдэс хэсэг нь цус болчихсон ухаангүй байдалтай хэвтэж байсан. Эхнэр нь гэх эмэгтэй түүний толгой болон хүзүү хэсгээр нь тэврээд газар суусан байсан.

Би энэ талаар мэдэхгүй бөгөөд тэнд байсан талийгаачийн ар гэр нь юу болсон талаар ярьж хэлэлгүй, талийгаачийн эхнэр гэх эмэгтэй нь учир зүггүй орилоод уйлаад байсан. Болсон асуудлыг нь сайн мэдэхгүй юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/

 

Гэрч Г.***ын “... Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Д.***ийн гэрт очихоор явахдаа тэдний гэрийн ойролцоо байх дэлгүүрээс нэг том 2,5 литрийн пиво авч 21 цаг 23 минутад гэрт нь орсон. Гэрт нь Д.*** эмэгтэй дүү нь болох жоохон охин байсан. Гэрт ороод хийсэн хоолноос идэж цай ууж сууж байгаад пиво 22 цаг өнгөрч байхад задалж Д.***, *** бид гурав хувааж уусан.

Ойролцоогоор 30-40 минутын дараа пивоо ууж дуусгаад нэмж уухаар болж бид гурав гарч яваад дахин нэг том пиво авч ирсэн. Тэр пиво ууж дуусах үед цаг 23 цаг 40 минут болсон байсан. Тэрнээс хойш бид гурав 10-20 минут юм ярьж суусан.

*** бид хоёрыг үлдээж гэрийн хойд талын орон дээр хэвтээд өгсөн. Д.*** дүү охиныхоо хажууд суухад нь найздаа хандаж би явлаа гэхэд хоноод явах юм уу гэж хэлэхээр нь хэрэггүй найз нь өөрөө ганцаараа явчихна гэж хэлээд 4 дүгээр сарын 09-ний өдрийн шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим тэдний гэрээс гарсан.

Гарахдаа би чамтай утсаар яриад явна гэж хэлсэн. Тухайн үед ганцаараа харанхуй гудамжаар нохой ихтэй газраар яваад утсаар ярьж чадаагүй. Тэгж явж байгаад Содмонгол шатахуун түгээх газар орчим төв зам дээр гарч ирээд такси барьсан. Нэг цагаан өнгийн машин байсан. Жолооч нэг эмэгтэйтэй хамт явж байсан.

Тэндээс би Хорооллын эцэс хүрнэ гэж хэлээд Энхбаярын гудамжаар явж байхад миний утсаар 90717010 дугаараас залгаж хаана явж байна, эргээд хүрээд ир гэж Д.*** орилж уйлж ярьсан. Би ямар нэг зүйл болж гэж бодоод хамт явж байсан жолоочид хандаж буцаж явна гэдгийг хэлж Д.***ийн гэрийг зааж очсон.

Гэрийн үүдэн дээр очиход жолооч болон хамт сууж явсан эмэгтэй энд нэг хүн орилоод байна гэж хэлсэн. Би машинаас бууж гэрийн хаалга чиглэж явж очиход охин дүү нь хашаанаас гарч ирж уйлаад намайг тэвэрч авсан. Гэрийн ойролцоо хашаан дотор Д.*** уйлж байгаа сонсогдохоор нь би явж очиход талийгаач *** дээшээ хараад хэвтсэн хажууд нь Д.*** сууж байсан.

Эмнэлэг дууд гэж *** орилсон. Би тэгээд утсаа гаргаж ирээд залгах гэж байж байхад жолооч болон хамт явсан эмэгтэй ирчихсэн зогсож байсан ба эмэгтэй нь эмнэлэг рүү залгаж байгаа сонсогдсон. Би их айж балмагдаж шокийн байдалд орсон. Тэндээс ирсэн машиндаа Д.***, ***, эмэгтэй охиныг суулгаж Гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эмч цагдаа дууд гэж хэлсэн.

Би талийгаачийг харахад дээгүүрээ шалдан, доогуураа өмдтэй байсан. Би машинд оруулахдаа талийгаачийн хөл хэсгээс өргөсөн. Гадаа харанхуй байсан. Мөн би өөрөө хараа муутай найз уйлж орилоод би өөрөө сандарч айгаад харж чадаагүй юм. Д.*** машин дотор байхдаа толгой хэсгээс нь тэврээд уйлаад байсан. Буухдаа хүртэл бариатай цагдаагийн машинд суух хүртлээ толгой хэсгээс нь бариатай байсан.

Тэр хоёртой байнга хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Д.***, *** хоёр нэг хэсэг салсан байж байгаад эргэж хоорондоо нийлсэн талаар бол мэднэ. Надад юунаас болж салсан талаар хэлж байгаагүй. Д.*** талийгаачийн талаар надад яриад байдаггүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал/

“... Бид гурвыг ***ийн гэрт очиход дүү *** нь хуурай хоол /ямар хоол байсан эсэхийг нь санахгүй байна/ хийгээд дуусаж байсан бөгөөд бид гуравт аягалж хийж өгөөд идэцгээсэн. Тэгэхэд би гэрт нь байх хугацаанд ямар нэгэн хутга анзаарч хараагүй. Ил миний нүдэнд тусахаар байгаагүй.

Намайг гэрт нь байх хугацаанд гэрэл, чийдэн байсан ба би буцаж очихдоо гэр лүү нь ороогүй. Гаднаас нь ***, талийгаач хоёрыг машинд суулгаад аваад явсан.

Миний хажууд хэрэлдэж муудалцсан зүйл болоогүй. Маргааш өглөө нь би хичээлтэй байсан болохоор явлаа гээд яваад өгсөн. ..” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/

“... Би одоо яг энэ бичлэгийг сонссоноос хойш тухайн үйл явдлын талаар бодож санаж эхэллээ. Тухайн үед намайг ***ийн гэрт байхад *** нь талийгаач ***ы өмнөх амьдралд нь бий болсон нэгэн хүүхдийн талаар ярихад талийгаач түүнд нь уурлаж хэрүүл маргаан үндсэндээ эхэлсэн. Миний мэдэхээр бол талийгаач өмнө нэг хүүхэдтэй байсан юм шиг байгаа юм. Тэрийгээ ***эс нуучихсан байсныг нь сүүлд *** мэдээд тэр хоёрын хоорондын уур амьсгал нэг л муудчихсан гэсэн. Тэгээд тэр өдөр ***, *** нар пиво ууцгааж байгаад гэнэт хүүхдийн талаар яриад эхэлтэл *** тэрнээс болж уурлаад тэр хоёр хэрэлдэж муудалцаж эхэлсэн.

Тэр үеэр хоймрын орны газраар унтаж эсхүл хэвтэж байсан *** нэг харсан чинь босож ирээд уйлаад байж байсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ гэрт байсан зүйлсийг шидэлж эхэлсэн байл уу, үгүй бил үү бас яг нарийн санахгүй байна, ямар ч байсан *** нь утсаараа нэг хүн рүү дуудлага хийгээд яриад байсан яг хэнтэй хаашаа юуны талаар ярьж байсан гэдгийг нь мэдээгүй.

Тэгээд би тэр хоёрыг өшөө муудалцуулахгүй гээд байж бай Номио гэх мэт үгнүүдийг хэлсэн. Удалгүй тэр хоёр хэсэг тайвшраад талийгаач хоймрын орон дээрээ хэвтээд *** газраар хэвтээд *** тэр хавьд нэг юман дээр суугаад гайгүй болчихоор нь би хэсэг байж байгаад гэрээс нь гараад яваад өгсөн чинь араас удалгүй *** уйлж миний утас руу залгаад би эргэж очсон. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 181-182 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Э.***гийн “... *** эгч нь манай төрсөн ээж Эрдэнэтуяагийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Бид хоёр үеэл эгч дүүс гэсэн үг. Гэхдээ намайг 5 орчим наснаас эхлүүлээд яг албан ёсоор үрчилж аваагүй ч өөрийн асаргаандаа 10 гаран жил байлгасан эгч маань байгаа юм.

Тийм учраас бид хоёр хамт амьдардаг. Харин *** ах бол сүүлийн 2 жилийн өмнөөс *** эгчтэй үерхэж манайхаар ирэн очин хамт амьдардаг байсан хүн байгаа юм. Сүүлийн 10 гаран хоног бол яг хамт *** эгч бид хоёртой тасралтгүй байсан.

... *** эгч, *** ах, ***ийн эгчийн найз ***а нар том савтай /нэрийг нь мэдэхгүй/ пиво барьчихсан орж ирцгээсэн. Тэгээд авсан пивоо ууцгаагаад гэрийн зүүн тал буюу гал тогооны тэр хавьд сандал дээр сууцгааж юм ярьцгааж байсан. Тэгээд би 23 цагийн үед гэрийн хоймор хэсэгт газраар ор засаад хэвтсэн. Хэсэг хугацааны дараа /цаг хэд болж байсныг санахгүй байна/ *** эгчийн найз ***а харилаа гээд гараад явсан.

Тэгээд гэрт ***, *** нар үлдсэн ба би тэр үеэр нойр хүрээд хэсэг хугацаанд унтчихсан байсан. Гэтэл төд удалгүй ***, *** тэр хоёр хоорондоо маргалдаад чанга дуугаар гэр дотор хэрэлдэж эхэлсэн бөгөөд тэгж байгаад гэрээс гараад явах шиг болсон ба дотор чимээгүй болчихсон. Тухайн үед би яг унтах, унтахгүй хоёрын голоор зүүрмэглэж байсан болохоор болоод байгаа нөхцөл байдлыг бүдэг бадаг сонссон. Түүнээс биш нүдээ нээж хараагүй.

Гэтэл удалгүй *** эгч намайг чанга дуугаар сандарч тэвдсэн байдалтай Баясаа аниагийн дүү гараад ирээрэй гэж дуудсан. Тэгээд би орноосоо босоод гүйгээд гадагш гартал гэрийн хажуухан талд *** ах дээшээ харчихсан ухаангүй хэвтсэн, хажууд нь *** эгч суучихсан байдалтай байж байсан.

Тэгээд намайг түргэн дуудаарай, түргэн дуудаад өгөөч ээ гээд байхаар нь би бүүр айгаад уйлж эхэлсэн бөгөөд *** эгчийн гар утсаар эхлээд 103 дугаарыг хийж залгаад тусламж дуудах гэтэл би айж сандарсандаа болоод хаягаа мартчихсан хэлж чадаагүй тасалсан.

Тэгээд шууд ***а эгч рүү залгаад таныг яаралтай хүрээд ир гэж байна, та хүрээд ирээч гэж хэлээд утсаа *** эгчид шилжүүлтэл эгч аваад бас ***а эгчийг хүрээд ирээрэй, яаралтай шүү гэж хэлсэн.

Ингээд байж байтал удалгүй ***а эгч суусан такситайгаа хүрч ирсэн. Тэр үед таксины хүмүүс гэх үл таних ах, эгч хоёр байж байсан. Ингээд ***аа эгч 103 дугаар руу залгаж түргэн тусламж дуудах гэтэл хаягаа мэдэхгүй байсан учраас болиод тэр таксины ах, эгч хоёрын машинд *** ахыг өргөж арын суудал дээр хэвтүүлээд *** эгч толгойг нь өвөр дээрээ тавьсан. Харин ***а эгч *** ахын хөлийн хэсэгт сууж би өвөр дээр нь сууж явцгаасан. Ингээд Гэмтлийн эмнэлэгт очиж *** ахыг үзүүлэхэд эмч нар нь нас барчихсан байна гэж хэлж байсан.

Нэлээд согтуу байдалтай хөл гар нь гуйвж дайваад хэл яриа нь орооцолдоод байсан. Би бодохдоо анхных дээрээ нэмээд 1 эсхүл 2 том савлагаатай пиво уусан байх гэж бодсон.

Яг өчигдөр юунаас болж маргалдаж хэрүүл хийсэн талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнөх хугацаанд маргалдахдаа ихэвчлэн *** ах *** эгчийг хардсаны улмаас хэрүүл зодоон эхэлдэг байсан. Би өчигдөр яг унтах гэж хэвтээд чимээнээс болоод гүйцэд унтаж чадахгүй хөрвөөгөөд зүүрмэглэж байхдаа сонсож байсан болохоор яг нүдээр үзсэн юм шиг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ *** ах өчигдөр *** эгчид гар хүрч байгаа юм шиг чимээ сонсогдож *** эгч яая болиоч гэж хэлж байх нь сонсогдсон.

Өмнөх хугацаанд хэд хэдэн удаа *** ах, *** эгч тэр хоёр хоорондоо хардалтаас болж хэрэлдэж муудалцаж тэр байтугай зодолдож ч байсан. Гэхдээ давтамж нь тийм байна биш ч гэсэн түгээмэл байсан. Заримдаа 7 хоногт 1 эсхүл 2 удаа, заримдаа 7 хоногт огт хэрэлдэхгүй гэх мэт.

Өмнө хэрэлдэж муудалцахдаа тэгсхийгээд больчихдог байсан болохоор өчигдөр ч гэсэн би тэгэх байх гэж бодоод хэвтэж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал/

“... Тэр гурав пиво уугаад сууцгаахад би унтах гээд хэвтээд өгөхөд ил харагдах хутга ил харагдах хутга байгаагүй. Намайг нүдээ аниад унтахад гэрэлтэй байсан ба *** эгч дуудаж сэрээхэд гэр дотор гэрэлгүй байсан. Гадаа гарахад мөн харанхуй байсан. Болохоор ямар нэгэн хутга хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1112 дугаартай:

“1.2. Амь хохирогч Г.***ы цогцост цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун эрхий хуруунд шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух, баруун чамархай, баруун чих, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлээр үүссэн байна. Баруун эрхий хурууны няцарсан шарх, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух баруун чамархай, баруун чих, цээжинд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй.

5. Амь хохирогч Г.***ы цусанд 1,4 промилли, ходоодны шингэнд 2,0 промилли, шээсэнд 6,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

6. Амь хохирогчийн цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7.8. Амь хохирогч нь цээжний хөндий рүү цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдын урд хана ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрх чихэлдэж нас баржээ.

9. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07:55 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 6-8 орчим цаг болсон гэжээ.

10. Амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь өөрийнхөө гараар үүсэх боломжтой байрлалд байна.

11. Амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ажлын хэсэг 2,5 см-3,0 см өргөнтэй, үзүүр хэсэгтээ нарийссан хатгагч, зүсэгч багажийн хатгах зүсэх үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

12. Амь хохирогчийн цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний зүүн дээд хэсгийн арьсанд 3 см өргөнтэй, зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй, 10,5 см гүнтэй байна.

12. Амь хохирогчийн цус нь АВО системээр А/II/ -р бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 102-116 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №2265 дугаартай:

“...3. №3 дугаартай хүрэн судалтай шаргал өнгийн бариултай хутган дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Уг хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Г.***ы цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 196-201 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №2266 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 212-216 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №2267 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 219-223 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 622 дугаартай:

“...1.2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1112 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь хохирогчийн үүссэн 10,5 см гүнтэй хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ноцолдох үед үүсэх боломжтой.

2. Амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь өөрийнхөө гараар үүсэх боломжтой байрлалд байна.

3. Криминалистикийн шинжилгээний 1462 дугаартай дүгнэлтэд дурдсан Хортиця гэсэн бичигтэй ажлын хэсгийн урт 14,5 см, бариул хэсгийн урт 12 см, нийт урт 26,5 см, ажлын хэсгийн дундаж өргөн 24 мм хэмжээтэй бор ховил бүхий шар бариултай хутгаар амь хохирогчийн биед учирсан цээжний зүүн дээд хэсгээр 5,6-р хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийн хатгагдаж зүсэгдсэн шархыг үүсгэсэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 235-239 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал/

 

Шинжээч А.***ын “... Би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 622 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийн хэсэгт тухайн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 10,5 см гүнтэй шарх, уг шархыг ноцолдох болон хутга булаацалдах үед үүсэх боломжтой шарх байгаа юм. Гол нь тухайн агшинд хутгыг хэн нь барьсан байсан бэ гэдгийг тогтоох боломжгүй. Харин амь хохирогч нь уг шархыг өөртөө учруулах нь гарын байрлалын хувьд баруун, зүүн аль нь ч боломжтой байгаа юм. Нэг үгээр хэлбэл энэ хоёр хувилбарын аль аль нь боломжтой гэсэн үг. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 177 дахь тал/

“... Мөн амь хохирогчийн цээжинд үүссэн шархны эхлэл хэсгээс төгсгөл хэсэг хүртэл хоорондын зай нь 10,5 см байсан бөгөөд ийм гүнтэй шарх нь ямар хэмжээний хүчээр үүсгэгдэх эсэхийг буцаах боломжгүй.

Үхэлд хүргэхээс бусад шархнаас баруун эрхийн хуруунд үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дух, баруун чамархайн, баруун чих, цээжний зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Амь хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний зүүн хэсэгт байрласан шарх нь хүн өөрийн гараар өөртөө учруулж болохуйц байрлалд байна. Харин өөрөө өөртөө дээрх гэмтлийг учруулсан эсэхийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл байрлалын хувьд уг шархыг талийгаач өөртөө учруулж болохуйц байрлалд, мөн өөр хүн ч учруулж болохоор байрлалд байна гэж дүгнэсэн ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал/

 

Гэрч Б***гийн “... Ингээд үзлэгийг эхлүүлж хэрэг учрал болсон гэх Монгол гэрт ороход гэрэлгүй тас харанхуй байсан. Тэгэхээр нь гэрлийг нь асаах гээд унтраалган дээр нь дарахад асахгүй байсан учраас гар чийдэн болон камерын гэрэлтүүлэг ашиглан хэргийн газрын үзлэгийн зургийг бэхжүүлэн авсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 120-121 дэх тал/

 

Гэрч ***ын “... Тэгээд гар чийдэн болон шинжээчийн камерын гэрлийн тусламжтайгаар шаардлагатай гэрэл зураг болон ул мөрүүдээ бэхжүүлж авсан. Ийм л зүйл болсон ба гэрийн доторх гэрэл нь дарж үзэхэд асахгүй байсан бөгөөд гэрлийн бүрхүүл рүү харахад гэрэл нь хагарчихсан суурь нь үлдсэн байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал/

 

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 131-136 дахь тал/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал, 149-154 дэх тал//

 

Д.***ийн сэжигтнээр өгсөн “... Ингээд удалгүй манай найз ***аа яваад өгсөн ба цаг хэд болж байсныг санахгүй байна. Тэгсэн *** удалгүй нэлээд согтчихсон учраас намайг хардаад уурлаж над руу гэрийн жижиг сажиг эд хогшил авч шидэлж эхэлсэн. Тухайн үед би ч гэсэн өөдөөс нь юм шидэж бид хоёр харилцан дахин хэрэлдэж уурлаж байсан. Тухайн үед над руу чиглүүлж шидсэн зүйлүүдэд нь би оногдоогүй. Ингэж байтал ***ы шидсэн нэг зүйл нь гэрлийн чийдэн онож хагалаад гэр харанхуй болсон. Тэгтэл *** харанхуйд тэмтчиж явж байгаад гал тогооны хэсгийн шургуулгыг уудалж байгаад хутга бариад над руу дөхөөд ирэхээр нь би тэр хутгыг нь булаагаад авчихсан. Тэгээд ноцолдож байтал гэнэт *** чи намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлээд гэрээс гараад явчихсан. Араас нь би гараад хартал гэрийн үүдний ойролцоо хашааны тэр хавьд дээшээ харчихсан цээжнээс нь цус гараад хэвтэж байхаар нь айгаад ***г дуудаж утсаа авч ирүүлээд найз ***а руу залгаж түүнийг дуудсан.

... Би бодохдоо хутга авч байна гэж бодсон. Ингээд над руу дөхөж ирэх үед нь би гэрийн хойд хэсэгт орны тэр хавьд байж байсан. Тэгээд урд ирчхээд уурлаад хараагаад байхаар нь гараас нь хутгыг нь булааж авсан ба тэрнээс болоод бид хоёр хойд орон дээр ноцолдож байтал гэнэт *** намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 97-99 дэх тал/

Д.***ийн яллагдагчаар өгсөн “... Манай дүү *** унтаад бид гурав пиво уугаад сууж байхад ямар ч хутга ил байгаагүй. Бид хоёр муудалцаж маргалдахад би шүүгээнээс хутга гаргаагүй. Талийгаач харин шүүгээнээс юм түжигнүүлээд дотор нь байсан юмнуудыг гаргаж шидлээд байсан. Тэгэхэд энэ гурван хутга гарч ирсэн байх.

“... Би тэгэхэд талийгаач над руу дайрч ирээд намайг алгадаж, үсдээд дайрахад нь би өөдөөс нь алгадаж үсдэхэд хариуд нь хариу үйлдэл гаргаж өөдөөс ноцолдсон. ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12-13 дахь тал/

“... Манайх монгол гэр байсан учраас утас татаад унины цаагуур гүйлгэж байгаад тоононоос доош унжуулсан байдалтай байдаг байсан. Тухайн чийдэн гадуураа ямар ч бүрхүүлгүй дангаараа асдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.*** амь хохирогч Г.*** нар нь дотно харилцаатай байсан ба 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжих шөнө шүүгдэгч Д.***ийн гэрт нь буюу Баянгол дүүргийн 23 дугаар хороо *** гудамж *** тоотод шүүгдэгч Д.*** нь өөрийн найз залуу болох амь хохирогч Г.***, найз Г.***а нарын хамт согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэжээ.

Тухайн үед шүүгдэгч Д.***, амь хохирогч Г.*** нар нь хардалтын улмаас хоорондоо маргасан бөгөөд найз Г.***а нь тэдгээрийн хооронд үүссэн маргаан дууссаны дараа шүүгдэгч Д.***ийн гэрээс гэртээ харихаар явжээ.

Түүнийг явсны дараа шүүгдэгч Д.***, амь хохирогч Г.*** нарын хооронд дахин маргаан үүссэн ба энэ үед шүүгдэгч Д.***тэй хамт амьдардаг байсан дүү болох насанд хүрээгүй Э.*** унтаж байжээ.

Ингээд уг маргаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч Д.*** нь амь хохирогч Г.*** нар нь эд зүйл авч шидэх, ноцолдох үйлдэл гаргах явцдаа шүүгдэгч Д.*** нь амь хохирогч Г.***ы цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь болгоомжгүйгээр хохироожээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан насанд хүрээгүй гэрч Э.***, гэрч Г.***а, А.***, Х.*** нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг харьцуулан авч үзэн хэргийн үйл баримт ийнхүү тогтоогдсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.***ийг амь хохирогч Г.***ыг санаатайгаар алсан гэж үзэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон шууд болон шууд бус нотлох баримтгүй тул өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнийн нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь үндэслэл бүхий байна.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Энэ хэргийн тухайд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.*** нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй харин болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулжээ.

Гэмт хэргийн улмаас амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*** нь 17,255,995 төгрөгийн нэхэмжилснээс хэрэгт цугларсан төлбөрийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 104-111 дэх тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн төлбөрийн баримтуудаар нийт 10,704,800 төгрөг тогтоогдов.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.*** 6,000,000 төгрөгийг, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 5,000,000 төгрөгийг нийт 11,000,000 төгрөгийг төлсөн баримтыг гаргасан өгсөн, энэ талаар шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.***аас уг мөнгийг авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гараар бичиж өгсөн хохирлын тооцооны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хор уршигт тооцох боломжгүй бөгөөд тэрээр уг хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... Зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж өгнө үү, мөн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*** түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нараас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг дэмжив.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ “... шүүгдэгч Д.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхэд шүүгдэгчийн үйлдэлд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал бий болоогүй, учирсан хохирол арилах боломжгүй, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” тогтоогдоогүй тул өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өнөөдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 123 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Ундармаа “Шүүгдэгч Д.*** гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

             

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Д.***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч  ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.***ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.***д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Д.***ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Д.***д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Хортиця гэсэн бичигтэй ажлын хэсгийн урт нь 14,5 см, бариул хэсгийн урт нь 12 см, нийт 26,5 см урттай шар бариултай хутга 1 ширхгийг устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

 

                          

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                   

                                                ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЧИМЭГ