| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эм зүйн шинжлэх ухааны дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Завхан аймгийн ..... сумын ..... багийн .... дүгээр байр, .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт ....-ийн ...., регистрийн дугаар .............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.У нь хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Г.У нь Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй караокены 2 давхарт 2023 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цагийн үед өөрийн нөхөр болох Г.Б-ын цаг алга болсон гэх асуудлаас болж Б.Н-тэй маргалдаж 0,5 литрийн устай савыг шидэж Б.Н-ийн нүүр хэсэгт онож түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хаван үүсгэн хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Н-ийн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ангийн 7-8 хүүхдүүд уулзсан юм. Тэгээд бид нар оройхон нэртэй караокед орсон. Бид нар ороод дуулж байхад манай найзын найз гэх Г.Б гэх залуу орж ирээд бид нартай хамт дуулаад бас архи уусан. Дуулж дуусаад бид нар гарах болсон Г.Б миний цаг алга болсон гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр цагийг нь хайж байх үед Г.Б-ын эхнэр У гэх эмэгтэй орж ирсэн. У орж ирээд тэнд байсан хүмүүс рүү та нар гуйлгачин, хулгайч цаг олж ир гэх мэтээр хараасан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд бид нарыг хараахаасаа өмнө нөхрийнхөө цагийг хай, камер шалга тэгээд олдохгүй бол хуулийн байгууллагад ханд гэж хэлэхэд Г.У 0.5 граммын устай сав аваад над руу шидэхэд миний нүд хэсэгт оносон. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Г.Б-ын цаг тамхины өрөөнөөс олдсон. Уг асуудал болох үед манай найз Ба, Бя, У, Б, бид нар байсан. Бусад хүмүүсийн зарим нь гараад явчихсан зарим нь нэлээн согтолттой байсан. У бид хоёр эрүүл байсан бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед миний нүүр хэсэг улайсан, нүд хавдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг У гэгч нь усны сав шидэж үүсгэсэн. Өөр хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Би тухайн үед хэн нэгэн хүнтэй маргаж, муудсан асуудал байхгүй. У-ыг цохиж зодсон зүйл болоогүй. Уг асуудал нь Завхан аймаг ******* сум .... баг ..... караокены 2 давхарт 2023 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 03-04 цагийн үед болсон. Надад ямар нэгэн нэмж ярих, хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 35-р хуудас/,
- Гэрч Б.Б-ийн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ангийн 7-8 хүүхдүүд уулзсан юм. Тэгээд бид нар орой 23-24 цагийн үед нэртэй караокед орсон. Би нар ороод дуулж байхад манай найзын найз гэх Г.Б гэх залуу орж ирээд бид нартай хамт дуулсан. Дуулж дуусаад гарах болсон Г.Б миний цаг алга болсон гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр цагийг нь хайж байх үед Г.Б-ын найз охин У орж ирсэн. Тэгсэн Н бид нар цаг авах хүн биш гэхэд У, Н нар хоорондоо маргалдаад У 0.5 гр устай сав аваад шидэхэд Н-ийн нүүр хэсэгт оносон. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Г.Б-ын цаг нь тамхины өрөөнөөс олдсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 37-р хуудас/,
Гэрч Б-гийн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай ангийн 7-8 хүүхдүүд уулзсан юм. Тэгээд бид нар орой 23-24 цагийн үед нэртэй караокед орсон. Би нар ороод дуулж байхад манай найзын найз гэх Г.Б гэх залуу орж ирээд бид нартай хамт дуулсан. Дуулаад хэсэг байж байгаад тухайн залуу дуусаад гарах болсон Г.Б миний цаг алга болсон гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр цагийг нь хайж байх үед Г.Б-ын найз охин У орж ирсэн. Тэгсэн Н бид нар цаг авах хүн биш гэхэд У, Н нар хоорондоо маргалдаад У 0.5 гр устай сав аваад шидэхэд Н-ийн нүүр хэсэгт оносон. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 39-р хуудас/,
- Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/000 дугаартай Б.Н-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар хүргүүлсэн албан бичиг, хавсралт материалууд /х.х-ийн 11-22-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч П.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000000000 дугаартай “...Хохирогч Б.Н-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хаван гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 2023 оны 10 дугаар сарын 03-04 шилжих шөнө үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Хохирогч Б.Н-ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /х.х-ийн 26-27-р хуудас/,
- Шүүгдэгч Г.У-ын “...Тэгээд Б.Н цагдаа дуудлаа гэж хэлээд орилоод уурлаад бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгээд би тухайн үед цагдаа дуудахгүй байж бай гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй уурлаад хэрэлдээд байсан.Тэгэхээр нь би ширээн дээр байсан цэвэр усны савыг аваад Б.Н рүү шидчихсэн. Тэгээд би тухайн үед Б.Н-ийн нүдийг оночихсон. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 51-53-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.У нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж Б.Н-ийн нүүр рүү усны сав шидэж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хаван үүсгэн хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.У-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би Б.Н-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болох 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгийг эмнэлэгийн данс руу шилжүүлсэн. Би одоо эмнэлэгт хүүхдээ хараад хэвтэж байгаа болохоор баримтаа гэрээс авч ирээгүй байна” гэв.
Мөн хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд “надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Иймд шүүгдэгч Г.У-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.У урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 56-р хуудас/
Шүүгдэгч Г.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Г.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Г.У-ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт ....-гийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ