Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох 2323000000184 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн .... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, .... овгийн Д-ын М, регистрийн дугаар ......,

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн .... сумын ...... толгой гэдэг нэртэй газар байсан Б.А-ны өмчлөлийн Б.Д-ийн унаж яваад үлдээсэн хар ногоон өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч Б.А-д 2,520,000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

                              Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын .... толгой гэдэг нэртэй газар байсан Б.А-ны өмчлөлийн Б.Д-ийн унаж яваад үлдээсэн хар ногоон өнгийн Мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Б.А-н “...Миний найз болох Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын .... толгой гэх газарт миний эзэмшлийн улсын дугааргүй, хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг үлдээсэн байсан. Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй байсан учир тухайн газарт миний тээврийн хэрэгслийг үлдээсэн. Би маргааш нь очоод мотоциклоо авах гэсэн чинь .... толгой гэх нэртэй газарт миний мотоцикл байхгүй байсан. Би Б.Д-с асууж лавлатал .... толгой гэх газарт миний мотоциклыг үлдээсэн талаараа надад хэлж ярьсан. Тэгээд би мотоциклоо хулгайд алдсан талаараа мэдсэн. Тухайн үед ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй ээ. Миний мотоцикл нь улсын дугааргүй, хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байсан. Урд талын 2 амортизатор нь ногоон өнгөтэй, шатахууны савны дээд талд буюу шатахууны савны тагны ард талын хэсэгт суудал руугаа будаг нь халцарсан содон шинж тэмдэгтэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй ээ. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 1 жил орчим л болж байсан. Шинээрээ мотоцикл байсан. Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед хулгайд алдсан тээврийн хэрэгслээ худалдаж авч байсан. Би мотоциклоо 7 сар унаж хэрэглэж байгаад хулгайд алдсан. Би 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ талаар миний эхнэр болон миний мотоциклыг унаж яваад .... толгой гэх газарт үлдээсэн залуу болох Б.Д нар сайн мэдэж байгаа. Би мотоциклоо 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Би худалдаж аваад шинээрээ байхад нь хулгайд алдсан болохоор одооны мотоциклын үнээр нь үнэлж байна. ...Гэхдээ миний тээврийн хэрэгслийг таньж мэддэг хүмүүс авчхаад  нуучихсан байна гэж бодоод тухайн үедээ нэг их санаа зовоогүй ээ. Тэгээд бүтэн 1 жил болж байж сая л мотоциклоо хулгайлсан хүнээс нь олж авч байна. Би Д.М гэх хүнд .... сумын .... толгой гэх газраас хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдсан талаараа хэлж ярьж байсан боловч надад Д.М нь миний тээврийн хэрэгслийг хараагүй мэдэхгүй байна гэж л хэлж ярьж байсан. Би тээврийн хэрэгслийнхээ содон шинж тэмдэг болон миний тээврийн хэрэгсэл хаана байсан талаар бүх зүйлийг Д.М-т ярьж хэлж байсан. Д.М нь миний баз хүргэн байгаа юм. Би Д-ээс Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор нэхэмжилсэн зүйл байхгүй. Д тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр надаас миний мотоциклыг гуйж аваад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд л явсан. Өөр зүйл болоогүй ээ. Д бид хоёр миний хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг .... сумын гудамж талбай, байшингуудын булан тохой, эзэнгүй хашаа хороогоор хайж явсан боловч олоогүй сураг ажиг гараагүй юмаа.” гэх мэдүүлэг /х.х-ийн 6, 40-р хуудас/,

- Гэрч Л.Б-ийн “...Би өөрийн найзууд болох Д.М, Л.О нарын хамт 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө мотоцикл унаад тухайн мотоцикл дээрээ гурвуулаа суучихсан явж байсан. Бид нар ... сумын төвөөс гараад явж байтал .... толгой гэх нэртэй газарт замын хажуу талд хар ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/ зогсож байсан. Тэгсэн чинь Д.М тухайн мотоциклыг очиж үзээд би эзнийг нь мэдэж байна гэж хэлээд .... сумын төв дээр байх өөрийн хашаандаа түрж аваачаад амбаартаа хийгээд түгжчихсэн. Тэгээд бид нар О-ын мотоциклыг унаад гэртээ харихаар явсан ...Тухайн тээврийн хэрэгслээр Д.М ажил амьдралаа залгуулж байгаа. Амбаартаа хадгалж байгаад 2023 оны 04 сараас хойш унаж ашиглаж байгаа.” гэх мэдүүлэг /х.х-ийн 8-9-р хуудас/,  

- Гэрч Л.О-ын “...Би 2022 он 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө өөрийн найз болох Д.М, Л.Б нарын хамт .... сумын төв дээр архи ууж явж байгаад тус сумын .... баг .... толгой гэх нэртэй газарт явж байх үед замын хажуу талд хар ногоон өнгөтэй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл (мотоцикл) зогсож байсан. Тухайн үед шөнийн 06-аас 07 цагийн хооронд байсан байх. Тэгтэл Д.М тухайн тээврийн хэрэгслийг очиж үзээд эзэнгүй тээврийн хэрэгсэл байна манай хамаатны дүүгийн мотоциклтой адилхан тээврийн хэрэгсэл байна гэж хэлсэн. Тэгээд Д.М хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг .... сумын .... багт байх өөрийн эзэмшлийн хашаандаа аваачиж тухайн хашаан дотор амбаартаа хийгээд хаалгыг нь түгжсэн.” гэх мэдүүлэг /х.х-ийн 11-12-р хуудас/,

- Гэрч Ц.У-ын “...Өнгөрсөн жил буюу 2022 оны 10 дугаар сарын эхээр би сумын төв орж амбаартаа орсон чинь манай амбаарт хар ногоон өнгийн шинэвтэр мотоцикл байсан. Тэгээд би өөрийн нөхөр болох Д.М-аас ямар учиртай мотоцикл амбаартаа хийсэн талаар асуутал О болон Б гэх хочтой хүмүүстэй 2022 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт архи ууж явж байгаад олсон юм. Тэгээд амбаартаа хийчихсэн гэж хэлсэн. ...Одоо миний нөхөр хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг унаж хэрэглэж байна. 2023 оны хавар 05 сараас хойш мотоциклыг унаж байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгийг Завхан аймгийн ..... сумын нутаг .... баг ..... гэх газарт иргэн Д.М-ын гэрийн гадна явууллаа. ...Үзлэгийг мустанг-5 маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэлд явуулав. Үзлэг хийсэн тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан цоохор өнгийн суудлын болон шатахууны савны бүтээлэгтэй, урд талын дохионы гэрэл хагарсан, хар ногоон өнгийн мотоцикл байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын дугуй нь давхар буюу 2 ширхэг төмөр шаврын хаалттай байв. Мөн урд талын дугуйны шаврын хаалт дээр 2 ширхэг ногоон гэрэл ойлгогчтой байв. Уг тээврийн хэрэгслийн моторын дугаар нь 162FMJLCO50755 арлын дугаар: LXYPCKLO2L0257919 гэсэн дугаартай байв. Уг тээврийн хэрэгслийн шатахууны савны тагны ард талд будаг нь халцарч хонхойсон содон шинэ тэмдэгтэй байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 19-22-р хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Б.А-аас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр эд мөрийн баримтаар хураан авсан хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл (мотоцикл)-ийг таньж олуулах ажиллагааг эхлүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг ижил хэв загвар бүхий 4 мотоциклтой Завхан аймгийн цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа (журмын хашаа)-нд байрлуулан хохирогчид үзүүлэхэд хохирогч Б.А нь хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зааж миний хулгайд алдсан тээврийн хэрэгсэл мөн байна гэв. Хохирогч Б.А нь өөрийн заасан тээврийн хэрэгсэл дээр очиж мотоциклийн урд талын амортизатор болон шатахууны савны тагны ард талд жижигхэн хэмжээтэй хонхойж будаг нь халцарсан эвдрэл гэмтэл рүү зааж эдгээр онцлог содон шинж тэмдгүүд миний хулгайд алдсан тээврийн хэрэгслийн содон шинж тэмдэгтэй таарч байна гэв. Мөн хурдны тоолуур нь хагарсан эвдрэл рүү зааж миний хулгайд алдсан мотоцикл мөн байна гэв. Хураан авсан улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг онцлог содон шинж тэмдэг нь хохирогчийн таньж олно гэж дүрсэлсэнтэй тохирч байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 32-35-р хуудас/,

- Шүүгдэгч Д.М-ын “...Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг .... толгой гэх газар найз Б болон О нарын хамт ..... гэх газар очиж О, Б нарын гэрээр орох гээд явж байсан. Тэгсэн ..... толгой гэх газар явж байх үед хээр эзэнгүй хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл зогсож байсан. Тэгээд О, Б бид гурав ярилцаад эзэнгүй мотоцикль байна түрж аваачаад хашаандаа хийчихье гээд ..... сумын төв дээр байх манай хашаанд аваачаад амбаарт хийчихсэн. ...Тухайн үед Б.А надад мотоциклоо хулгайд алдсан талаараа хэлж байсан. Миний буруу.” гэх мэдүүлэг /х.х-ийн 60-62-р хуудас болон шүүх хуралдаан/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Б.А-н өмчлөлийн Б.Д-ийн унаж яваад үлдээсэн хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас хохирогч Б.А-д 2,520,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.М-ын үйлдлийн улмаас хохирогч Б.А-д 2,520,000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Н.Э-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай “БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2,520,000 төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. / х.х-ийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д учруулсан хохирол болох мотоциклийн үнэ шинжээчийн дүгэлтээр тогтоосон 2,520,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                                          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.М-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М урьд нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-т анх үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг дахин үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож өмнөх гэмт хэрэгт нь ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.М-т хуульд заасан дээрх журмын дагуу Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч Д.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.М-ын өмнө үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт нь нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэвч шүүгдэгч Д.М дээрх эрүүгийн хариуцлагын үр нөлөөг үл ухамсарлан уг хугацаанд дахин санаатай /хулгайлах/ гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хувийн байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний энэ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Харин өмнөх үйлдсэн гэмт хэрэгт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, 

Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч .... овогт ...-ын М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч Д.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс үргэлжлүүлсүгэй.   

9. Шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох хар ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.   

11. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ