| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/02371/И |
| Дугаар | 101/ШШ2020/03142 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/03142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б Ф ББСБ” ХХК
Хариуцагч: Д.Э
“Зээлийн гэрээний үүрэгт 14,598,854.61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, хариуцагч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.Лх*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б Ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь иргэн Д.Э*******тэй 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/0594 тоот зээлийн гэрээг байгуулж, автомашины лизингийн зээлийн нөхцөлөөр 12,250,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Гэтэл зээлдэгч Д.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хуваарийн дагуу төлөхгүй байна.
Хариуцагч Д.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 11,614,509.46 төгрөгийн үндсэн зээл, 2,938,545.44 төгрөгийн зээлийн хүү, 45,829.71 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 14,598,854.61 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж “Б Ф ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 хүүхэдтэй, өрх толгойлсон, нөхөр 2008 онд нас барсан. Ажилгүй, эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад байдаг.
Намайг Н.М******* нь залилж дарамталсаар байгаад энэ зээлийн хийлгэсэн. Ямар нэгэн өр зээлгүйг минь ашиглаж, бүх бичиг баримтыг өөрөө миний өмнөөс хийгээд зээл авахуулсан.
******* регистрийн дугаартай Н.М******* нь автомашины лизингийн урьдчилгаа төлбөр 30 хувь 5,270,000 төгрөгийг өөрөө төлсөн. Энэ нь өөрийнх нь данс ******* хуулгаар харагдана.
Эргэн төлөлт 563,000 төгрөгийг сар бүрийн 8-нд мөн өөрөө данснаасаа төлж байсан.
Н.М******* нь тухайн автомашиныг надад хэлэлгүй Н.У*******т дахин шилжүүлсэн. Н.У******* нь үргэлжлүүлэн 563,000 төгрөгийг хэдэн удаа төлсөн.
Н.М*******, Н.У******* хоёрыг олж приус-30 маркийн *******УБК дугаартай автомашиныг авч Б Ф ББСБ-г хохиролгүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лх******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б Ф ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 14,598,854.61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
“Б Ф ББСБ” ХХК нь Д.Э тэй 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1/594 дугаартай Автомашины зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 12,250,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 2,9 хувийн хүүтэй, зээл, хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр зээлдүүлж, зээлдэгч Д.Э нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******УБК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, *******УБК улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины өмчлөгчөөр “Б Ф ББСБ” ХХК 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зээлдэгч Д.Э нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 11,614,509.46 төгрөгийн үндсэн зээл, 2,938,545.44 төгрөгийн зээлийн хүү, 45,829.71 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 14,598,854.61 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжинэ.
Хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэгдсэн эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч “Б Ф ББСБ” ХХК-д нэгэнт шилжсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги тооцож мөнгө гаргуулахаар шаардах боломжгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Д.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 14,598,854.61 төгрөг гаргуулах тухай “Б Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дүгээр зүйлийн 235.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 14,598,854.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 228,749 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА