Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2021/0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ /гомдлоосоо/

татгалзсаныг батлах тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0063238 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай иргэн Д.*******гийн гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Д.******* шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Д.******* нь хууль бусаар ан хийсэн зөрчилд холбогдож Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн 0063238 дугаар шийтгэлийн хуудсыг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч танилцсан. Энэ шийтгэлийн хуудсаар надад 25.300.000 төгрөгний төлбөр тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалгах явцад ийм өндөр төлбөр тавигдаж байгаа талаар надад огт мэдэгдэж байгаагүй хэрнээ 25.300.000 төгрөгний төлбөр төлүүлэхээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн 0063238 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Д.*******д холбогдох 2023000240 дугаартай зөрчлийг шалгаад 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 0063236 дугаартай шийтгэлийн хуудсаар 25 300 000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоон 2020 оны 10 сарын 26-ны өдөр иргэн Д.*******д танилцуулсан.

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалтай холбоотой №06 дүгнэлтээр 0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх прокурорын дүгнэлт гарч 0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 0063238 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин бичиж байгаа талаараа танилцуулсан. /Тус шийтгэлийн хуудсаар Д.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг тайлбарласан мэдэгдсэн/

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан .../Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ гэж заасны дагуу Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 10 дугаартай дүгнэлтээр 12.650.000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан ...Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасан ...Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж заасан тул 12.650.000 х 2= 25.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулсан болно гэжээ.

Д.******* 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.******* нь улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Яруу сумын иргэн Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0063238 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгаагаа илэрхийлж шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ /гомдлоосоо/ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Д.*******г шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй-г дурдах нь зүйтэй байна.

Гомдол гаргагч Д.******* нь шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* Завхан аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0063238 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлоосоо татгалзсан болохыг баталсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА