Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 71

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч П.Бямбасүрэн,

шүүгдэгч П.Бямбаа, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн Бямбаад холбогдох эрүүгийн 201625022812 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, " Цагаан Хуаран " ХХК-ний хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод түр оршин суух, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамж, 1230 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 424 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.1-д тус тус зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / ШГ 87082216 / Боржигон овогт Пүрэвдоржийн Бямбаа нь:

-ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын зуслангийн задгайд байрлах иргэн Д.Одбаярын зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Монгол дээл, аяга тавагны цуглуулга, Эрдэнэт үйлдвэрийн 11 метрийн урттай хивс, лааны суурь, зааны дүрстэй бэлэг дурсгалын зүйлсийг хулгайлж 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч Д.Одбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...манай зуслангийн байшинд хулгайч орсон байна гэж манай аав руу ойн цагдаа Пүрэвсүрэн гэдэг хүн хэлсэн байсан. Манай байшингийн цонхоор орсон хүн миний нэрийг барин би Одбаяр байна гэж хэлээд  " би гэрээсээ юм авч байна, түлхүүрээ мартсан байна " гэж хэлсэн байсан.  Тэгээд манай гэрээс 11 метр урттай Эрдэнэт хивс, аяга тавагны набор, хаш чулуун заан, үстэй монгол дээл зэрэг эд зүйл авсан байсан. Хулгайч хашаа даваад баруун хойд цонхийг түлхэн онгойлгож орсон байсан. Би П.Бямбаатай 2014 онд танилцаж байсан. Алдагдсан эд зүйлийн мөнгө гэж надад 200.000 төгрөг өгсөн бөгөөд хиймэл үстэй үйтэн хуаран Монгол дээлийг өөрөө хүлээн авсан. Одоо гомдол санал байхгүй гэжээ. / хх 14-16 /

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5, 7-9 /

            Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх 12-13 /

            Эд зүйлийн үнэлгээ / хх 21-22 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/417 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Харьцуулах шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь санд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гарын хээний дардас болон эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Харин 2 гэж дугаарласан гарын мөр нь MN0007000005518 MN0007100014968 MN005210000003 дугааруудаар нийт 4 удаа 2 өөр овог нэрээр бүртгэгдсэн Дүрэвдаш овогтой Бямбаа, Пүрэвдорж овогтой Бямбаагийн зүүн гарын долоовор болон дунд хуруугаар тус тус дарагдсан байна гэжээ.  / хх 23-24 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 /

Шүүгдэгч П.Бямбааг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-40 /, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 43-45 / зэрэг болно.

Шүүгдэгч П.Бямбаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би найзтайгаа уулзаад 2 шил 0.75л архи хувааж уусан. Тэгээд Одбаяр ах руу утсаар яриад ажлынхаа хөлсийг авах гэтэл намайг Шарга морьтын зуслан дээрээ хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 19 цагийн орчимд очтол өөрөө байхгүй байсан. Гэтэл том өрөөнийх нь цонх нь онгорхой байхаар нь би ороод гэрээс нь хивс, дээл, аяганы цуглуулга, сувинер зэргийг хулгайлж авсан. Хивсийг дэлгүрийн худалдагчид 40.000 төгрөгөөр, аяга тавганы цуглуулгыг үл таних хүнд 60.000 төгрөгөөр тус тус зараад мөнгөөр нь гэртээ хоол унд авсан. Дээл болон сувинерийг буцаан өгсөн. Хивсийг буцаан өгч, 200.000 төгрөг төлсөн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Нялх хүүхэдтэйг минь харгалзаж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.Бямбаа нь ялтай байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын зуслангийн задгайд байрлах иргэн Д.Одбаярын зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Монгол дээл, аяга тавагны цуглуулга, Эрдэнэт үйлдвэрийн 11 метрийн урттай хивс, лааны суурь, зааны дүрстэй бэлэг дурсгалын зүйлсийг хулгайлж 515.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-5, 7-9 /, Эд зүйлийн үнэлгээ / хх 21-22 /, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 12-13 /,  …манай гэрээс 11 метр урттай Эрдэнэт хивс, аяга тавагны набор, хаш чулуун заан, үстэй монгол дээл зэрэг эд зүйл авсан байсан. Хулгайч хашаа даваад баруун хойд цонхийг түлхэн онгойлгож орсон байсан. Би П.Бямбаатай 2014 онд танилцаж байсан. Алдагдсан эд зүйлийн мөнгө гэж надад 200.000 төгрөг өгсөн бөгөөд хиймэл үстэй үйтэн хуаран монгол дээлийг өөрөө хүлээн авсан. Одоо гомдол санал байхгүй гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч Д.Одбаярын мэдүүлэг / хх 14-16 /, ... 2 гэж дугаарласан гарын мөр нь MN0007000005518 MN0007100014968 MN005210000003 дугааруудаар нийт 4 удаа 2 өөр овог нэрээр бүртгэгдсэн Пүрэвдаш овогтой Бямбаа, Пүрэвдорж овогтой Бямбаагийн зүүн гарын долоовор болон дунд хуруугаар тус тус дарагдсан байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/417 тоот дүгнэлт / хх 23-24 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч П.Бямбаа нь ялтай байхдаа давтан бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч П.Бямбаа нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлснийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

            Шүүгдэгч П.Бямбаа нь урьд хорих ял эдэлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялыг чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Пүрэвсүрэнгийн Бямбааг ялтай байхдаа давтан бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар П.Бямбаагийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

3.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Бямбаа нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

4. П.Бямбааг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ