| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0103/И/ |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ (цахимаар),
Шүүгдэгч Ж.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оорцог овогт Жинсхааны Гантулгад холбогдох эрүүгийн 2333000440091 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1982 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, аав, эхнэр 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Орхонтуул сум Хонгор-Овоо 3 дугаар багт оршин суух хаягтай, урд 2011 оны 01-р сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 3-р шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хорих ялаар, 2023 оны 01-р сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10 сая төгрөгөөр торох ялаар шийтгүүлж байсан Оорцог овогт Жинсхааны Гантулга (РД:МК82042012)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Гантулга нь 2023 оны 06 дугаар сарын 26-29-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хонгор Овоо 3 дугаар баг "Тоорой мод" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 840м2 буюу 0,084 га талбайд газрын хэвлийд халдаж 5,765,478 төгрөгийн хохирол учруулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын нөхөн төлбөрийг тооцоолбол эдэлбэр газар 3, газрын хэвлий 2, хөрс 3, ургамал 5, усан орчин 3 дахин тус тус нэмэгдүүлснээр байгаль орчинд нийт дүн нь 17,296,433 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Гантулга нь 2023 оны 06 дугаар сарын 26-29-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хонгор Овоо 3 дугаар баг "Тоорой мод" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан 840м2 буюу 0,084 га талбайд газрын хэвлийд халдаж 5,765,478 төгрөгийн хохирол учруулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын нөхөн төлбөрийг тооцоолбол эдэлбэр газар 3, газрын хэвлий 2, хөрс 3, ургамал 5, усан орчин 3 дахин тус тус нэмэгдүүлснээр байгаль орчинд нийт дүн нь 17,296,433 төгрөгийн хохирол учруулсан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-37-р хуудас),
2.Иргэний нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 110-112-р хуудас),
3.Иргэний нэхэмжлэгч “Булган тэвш” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 115-р хуудас),
4.Иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-ний шинжээч захирал А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 103-104-р хуудас),
5.Гэрч Б.Уугандаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
6.Гэрч Ө.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
7.Гэрч Н.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
8.Гэрч н.Пүрэвбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас),
9.Гэрч Г.Цэдэндамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-32-р хуудас),
10. “Нуман-Алтай” ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 1/70 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-80 хуудас),
11. “Капитал зууч” ХХК-ний шинжээч Я.Батбаярын 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт (хх-ийн 87-90 хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирол 17,296,433 төгрөг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн байна. (2 дугаар хх-ийн 27, 34-35-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-ний шүүхийн зардалд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-21 УН улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн HYUNDAY ROBEX 300LC-9S загварын экскаваторын үнэ 55,000,000 төгрөг, 14-91 УР улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэсэн LONKING маркийн экскаваторын үнэ 60,000,000 төгрөг, ус соруулдаг гонном насосын үнэ 400,000 төгрөг, ус соруулдаг шланкны үнэ 350,000 төгрөг нийт 115,750,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ж.Гантулгад оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн дардалд 3 сая төгрөг гаргуулан “Нуман-Алтай” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 74-21 УН улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн HYUNDAY ROBEX 300LC-9S загварын экскаватор, 14-91 УР улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэсэн LONKING маркийн экскаваторыг тус тус битүүмжилсэн прокурорыг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Оорцог овогт Жинсхааны тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гантулгыг 6000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая ) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-21 УН улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн HYUNDAY ROBEX 300LC-9S загварын экскаваторыг өмчлөгч Д.Алтанцэцэгт, 14-91 УР улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэсэн LONKING маркийн экскаваторыг өмчлөгч “Булган тэвш” ХХК-д тус тус буцаан олгож, 74-21 УН улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн HYUNDAY ROBEX 300LC-9S загварын экскаваторын үнэ 55,000,000 төгрөг, 14-91 УР улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэсэн LONKING маркийн экскаваторын үнэ 60,000,000 төгрөг, ус соруулдаг гонном насосын үнэ 400,000 төгрөг, ус соруулдаг шланкны үнэ 350,000 төгрөг нийт 115,750,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ж.Гантулгад оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гантулгаас шүүхийн зардалд 3 сая төгрөг гаргуулан “Нуман-Алтай” ХХК-д олгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 74-21 УН улсын дугаартай 2018 онд үйлдвэрлэсэн HYUNDAY ROBEX 300LC-9S загварын экскаватор, 14-91 УР улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэсэн LONKING маркийн экскаваторыг тус тус битүүмжилсэн прокурорыг тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
13.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА