Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/03214

 

 

 

 

 

 

 

 

  2020         09          17                                     101/ШШ2020/03214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “С Т” ХХК

 

Хариуцагч: “Х О Т трейд” ХХК

 

Түрээсийн төлбөрт 158,009,074 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

“С Т” ХХК болон “Х О Т трейд” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №17-5-020 дугаартай Түрээсийн талбайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,974,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Алтансүх, У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, У.Түвшин нар шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: Манай “С Т” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Х О Т” ХК-ийн захирал Н.Хишигбаярын И-март худалдааны төвийн 5 дугаар давхарт 87,6 м.кв талбай түрээслэх хүсэлтээр мөн өдрөө Түрээсийн талбайн гэрээ байгуулсан. Ингэхдээ түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 85,000 /НӨАТ ороогүй/ төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн төлбөрийн 1 м.кв-ын төлбөрийг 15,000 төгрөгөөр тус тус тооцож сард нийт 7,884,000 төгрөгийг түрээслэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.

Тухайн үед буюу 2017 оны 4 дүгээр сард И-март худалдааны төв нь нээлтээ хийгээгүй байсан боловч манайд талбай сонгон авч түрээслэх хүсэлтэй түрээслэгч нарын хүсэлтээр урьдчилан талбайн захиалга авч гэрээ байгуулж байсан болно.

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай И-март худалдааны төв нь албан ёсоор нээлтээ хийж, түрээслэгч нараа оруулахад “Х О Т” ХХК нь тус төвийн 5 дугаар давхрын хүүхдийн хувцасны тасагт 87,6 м.кв талбайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Түрээслүүлэгчийн зүгээс тодорхой шалтгаануудын улмаас гэрээгээр тохиролцсон хугацаандаа нээлтээ хийгээгүй, 2017 оны 12 дугаар сарын 16-нд нээлт хийсэн учраас түрээслэгч талтай харилцан тохиролцож дараах хөнгөлөлтийг “Х О Т” ХХК-д үзүүлсэн. Үүнд:

  • 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлсөн.
  • Түрээсийн талбайн 1 м.кв-ын үнийг 2018 оны 01 дүгээр сард 12 хувь, 2018 оны 02 дугаар сард 62 хувь, 3-5 дугаар сард 27 хувь, 20118 оны 6-12 дугаар сар, 2019 оны 1-3 сар хүртэл 12 хувиар тус тус бууруулсан.
  • Түрээсийн талбайн 1 м.кв-ын үнэ 85,000 төгрөг байсныг 2018 оны 7-8 дугаар сард 65,000 төгрөг, 9-11 дүгээр сард 75,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 60,000 төгрөг, 2019 оны 01-02 дугаар сард 75,000 төгрөг болгож тус тус хөнгөлөлт үзүүлсэн.

 

Түүнчлэн түрээсийн талбайн гэрээний 12.1, 12.2-т зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус болон хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлдөг болно.

Түрээслэгч нь 87,6 м.кв бүхий түрээсийн талбайд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үйлчилгээ эрхэлж эхэлсэн ба түрээсийн талбайг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны суллаж, чөлөөлж өгөөгүй.

Түрээслэгч “Х О Т” ХХК-тай байгуулсан гэрээг 2019 оны 02 дугаар сарын 20-ын өдрөөр тасалбар болгон цуцалж, тус компанид эд хөрөнгөө суллан авч, түрээсийн талбайг цэвэрлэн, эвдрэл гэмтэлгүйгээр чөлөөлж, гэрээний 25.2-т зааснаар талбайг анх хүлээж авсан байдалд буцаан оруулж хүлээлгэн өгөхийг, хэрэв өгөхгүй бол эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй талаар амаар болон бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч “Х О Т” ХХК нь элдэв шалтаг тоочин талбайг чөлөөлөхгүй байгаагаас манай компани дараагийн түрээслэгчийг оруулах боломжгүй болсон.

Тодруулбал “Х О Т” ХХК нв 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн худалдан борлуулж байсан хувцаснууд болон гэрлийн абажур, тавиур, сандал гэх мэт эд хөрөнгүүдээ авч, үлдэх хананд тогтоосон тавиур, шат, модон тавиурууд зэргээ “орой буцаж ирж авна, шат, агуулахын зориулалтаар гаргасан өрөө зэргээ буулгаж, зөөх хүнтэй үнэ хөлс тохиролцож чадахгүй байна” гэж хүлээлгэж байснаа сүүлдээ “буулгах, нураалтын зардал гаргаж чадахгүй, буулгаж, зөөх хүн хүн байхгүй” гэсээр утсаа авахгүй, холбоо бариагүй тул түрээслэгчийн зүгээс “Х О Т” ХХ-ийг цаашид хүлээх ямар ч боломжгүй болж, түрээсийн талбайд орхиж явсан түрээслэгчийн эд зүйлсийг устгалд оруулах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Иймээс манай компани нь түрээслэгчийн үлдээсэн эд зүйлсийг хөндлөнгийн компанид ажлын хөлс төлж, буулгуулахаар болсон.

“Х О Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул барьцаа төлбөрт төлсөн 8,116,000 төгрөгийг /ашиглалтын зардлын 408,278 төгрөг болон түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 7,707,721 төгрөгийг/ өр төлбөрөөс хасч тооцсон.

Иймд түрээсийн талбайн гэрээний 13.6-д зааснаар “Х О Т” ХХК-иас 2018 оны 01 сараас 2019 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 105,330,383 төгрөг, гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 52,665,191 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 158,009,074 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Х О Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Менежментийн үйл ажиллагаа хийсэн ямар ч баримт байхгүй тул менежментийн зардлыг зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 46,196,458.25 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр засан сайжруулалт хийж гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа хөлслүүлэгчээс төлөөлүүлэхээр шаардах эрхийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь заалтаар зохицуулсан байгаа. Танайх үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр нь хангаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулснаар маргаан үүссэн. Танайх тухайн талбай руу оруулахгүй лацадсан. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн үйл ажиллагаа явуулсан огноогоор маш тодорхой харагддаг. Орлого олоогүй газар нь өндөр түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болохоор харуул хамгаалалтын ажилтнууд нь хаалгыг лацдаад оруулдаггүй. Төлбөрөө төлөөд ор гэдэг. Аргаа бараад манай хүнээс мөнгө зээлээд түрээсийн төлбөрөөсөө жоохон хасалт хийхээр мөнгө өгч, хэд хоног ажилладаг. Бид  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг хүчингүй гэж байгаа болохоос эд хөрөнгө хөлслөх гэрээний заалт дээр маргаагүй. Эд хөрөнгө хөлслөх харилцаа үүссэн байна. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу үндэслэлгүй нэхэмжилж байгаа түрээсийн төлбөрт тооцуулах боломжтой байгаа сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагуудыг дэмжиж оролцож байгаа. Ер нь бол хуулийн заалтаар түрээсийн эрх зүйн харилцаатай холбоотой биш. Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаатай холбоотой үүргийн гүйцэтгэлийг шийдвэрлүүлэх боломжтой байна. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүдийн шаардлагуудын нотлогдож байгаа эсэх дээр дүгнэлт хийх байх. Иргэний хуулийн 287 дугаар зүйл, 288 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.4-т хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна гэс заасан байгаа. Иймд С Т ХХК нь тухайн талбайг түрээслэх эрхтэй эсэхээ өнөөдрийн шүүх хурал болон өмнөх шүүх хуралдаан дээр ч нотлоогүй. Менежментийн гэрээ ярьдаг. Тэр нь ямар ч учиртай юм. Бид ямар ч байсан шаардлагатай нотлох баримтуудаа гаргасан. Шүүх хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдвэрлэх байх гэв.

 

Хариуцагч “Х О Т” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “С Т” ХХК болон “Х О Т трейд” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №17-5-020 дугаартай Түрээсийн талбайн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Иймд түрээсийн талбайг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

  • “Азура архиетектс” ХХК-д “Интерьер зураг төслийн гэрээ”-ний дагуу төлсөн 3,819,200 төгрөг,
  • Иргэн Б.Батмөнхөд “И-март худалдааны төвд хийгдэх тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлсөн 23,500,000 төгрөг,
  • “Нэйшнл тракинг” ХХК-д “Тавилга захиалгаар хийлгэх гэрээ”-ний дагуу төлсөн 19,000,000 төгрөг,
  • “Шил сервис” ХХК-иар дэлгүүрийн шилэн хана, хаалга, бариул хийлгэсний 1,100,000 төгрөг,
  • “С Т” ХХк-ийн пос машинаар гүйлгээ хийгдсэний 1,550,200 төгрөг,
  • Түрээсийн төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, нийт 68,974,400  төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Нэхэмжлэгч “С Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хариуцагч тал андуураад байна. “Х О Тинг” ХХК-иас 158,009,074 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Бид түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлж өгсөн. Түрээсийн төлбөрөө авъя л гэж байгаа. Хариуцагч компани энэ хугацаанд 87,6 м.кв талбайг эзэмшиж  ашигласан. Гэрээ хүчин төгөлдөр эсэх нь дараагийн асуудал. Гэрээ хүчин төгөлдөр бус гэх асуудлыг яръя. Хэрэг шийдэх практик нөхцөл байдал, Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмж, тогтоолыг харах юм бол үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэх юм бол Улсын бүртгэлд бүртгүүлдэг. Хэрэв түрээсийн талбайг хэсэгчлэн түрээсэлсэн бол Улсын бүртгэлд бүртгүүлдэг практик байхгүй. Хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэглэх ёстой. Тухайн талбайг бүхэлд нь түрээслээгүй тохиолдолд Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал яригдахгүй. Өмгөөлөгчийнх нь яриад байгаа зүйлийг бодсон ч гэсэн хууль зүйн хувьд боломж байхгүй. Хүний эд хөрөнгийг эзэмшиж,ашигласан л бол түрээсийн төлбөрийг төл гэдэг зарчим үйлчилнэ. Гэрээг бүртгүүлээгүй болон гэрээг бичгээр байгуулаагүй гэх шалтгаанаар хэн нэг этгээд нь бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглачихаад сүүлд нь төлбөр төлөхгүй завшдаг тийм зүйл бол нийгмийн шударга ёсонд нийцэхгүй. Хуульч хүний хувьд ийм зүйл ярьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг харах юм бол энэ талаар дурдсан байгаа. Ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад, бусдын хөрөнгийг эзэмших юм бол төлбөрийг төлөх үүрэгтэй гээд заасан. Хууль зүйн хувьд эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас үүсэх үүргээс бултах боломж байхгүй. Энэ бол тооны л асуудал байгаа. Хоёрдугаарт тухайн түрээсийн талбайд тохижилт хийсэн гээд ярьдаг. Тэр нь бодитой нотлогдохгүй байна. Хоёр зүйл нотлогдох ёстой. Нэгдүгээрт тухайн талбайд тохижилт хийсэн гэдэг нь нотлогдох ёстой. Хоёрдугаарт тухайн тохижилт нь одоо хүртэл тус талбайд байгаа. Тухайн талбайгаас салгаж болохгүй гэдэг нь нотлогдох ёстой. Иргэний  хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гээ заасан байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслөгч салгаж үл болох засвар үйлчилгээ хийсэн бол түрээслүүлэгчээс шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь бодит засвар хийсэн нь нотлогдохгүй байна. Тухайн засвар үйлчилгээ нь салгаж болохгүй гэдэг нь нотлогдоогүй байна. Салгаж болохгүй гэдгийг нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. Үнэхээр засвар үйлчилгээ хийх гээд байгаа бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Хариуцагч үүнийг нотлоогүй. Пос машинаар уншуулсан гээд байгаа боловч гэрч нь түрээсийн төлбөрт шилжүүлэгддэг гээд хэлсэн. Энэ нь эцсийн байдлаар төлбөрт тооцогдох ёстой гэж үзэх боломж байхгүй байна. Дурдсан 4 шаардлагын тухайд шилэн тохижилтыг салгаж болдоггүй. Бодит зүйл ярих хэрэгтэй. Зураг төсөл хийлгэсэн гээд байна. Баригдаад дууссан барилга дээр ямар зураг төсөл хийлгэж хэрэглэх вэ? Зураг төсөл хийлгэсэн байж болно. Зураг төслөө тухайн  түрээсийн талбай дээр буулгаж хэрэглэсэн гэдгээ нотлох ёстой. Зураг төсөл  хийлгэсэн гээд тухайн түрээсийн талбай дээр ашигласан гэж шууд ойлгох боломжгүй. Хариуцагч бригадад мөнгө төлсөн гээд байна. Тус бригад нь ажилласан эсэхийг мэдэхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С Т” ХХК нь хариуцагч “Х О Т” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт  төлбөрт 105,330,383 төгрөг, гэрээний 20.6-д заасны дагуу алдангид 52,665,191 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 158,009,074 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “С Т” ХХК болон “Х О Т трейд” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №17-5-020 дугаартай Түрээсийн талбайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 68,974,400 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн маргаж байсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрт 46,196,458.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарлав.

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  17-5-020 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ”-г байгуулж, түрээслэгч “Х О Т” ХХК нь түрээслүүлэгч “С Т” ХХК-ийн И-Март худалдааны төвийн 5 давхарт 87,6 м.кв талбайг түрээсэлж, түрээсийн төлбөр сар бүр 7,884,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

Гэрээний хугацааг уг гэрээний Хорин гуравдугаар зүйлд зохицуулахдаа “Гэрээг тусгай нөхцөлд заасан хугацаагаар байгуулав” гэж дурьдсан боловч хугацаа тогтоосон тусгай нөхцөлийг нотлох баримтаар гаргаагүй, харин хариуцагч тал 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн талбайгаас эд хөрөнгөө бүрэн хүлээн авсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан тул хариуцагчийг дурьдаж буй хугацааны турш түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар,  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/5728 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Талуудын байгуулсан Түрээсийн талбайн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь дээр дурьдсанаар тогтоогдсон тул Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар үр дагавар үүсгэх, улмаар уг гэрээний үүрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан Анз гаргуулах үндэслэлгүй.

Дээрх гэрээний дагуу түрээсийн талбайг түрээслүүлэгчээс түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад өгч, үйл ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Эд хөрөнгө хөлслөх харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.

Түрээслүүлэгч нь дээрх гэрээний дагуу төлөх 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж, Түрээсийн талбайн 1 м.кв-ын үнийг 2018 оны 01 дүгээр сард 12 хувь, 2018 оны 02 дугаар сард 62 хувь, 3-5 дугаар сард 27 хувь, 2018 оны 6-12 дугаар сар, 2019 оны 1-3 сар хүртэл 12 хувиар тус тус бууруулсан байх тул 2018 оны 01 дүгээр сард 6,552,480 төгрөг, 02 дугаар сард 3,871,920 төгрөг, 3-5 дугаар саруудад 16,306,740 төгрөг, 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл 58,972,320 төгрөг буюу хөнгөлөлт орсон дүнгээр нийт хугацааны турш 85,703,120 төгрөгийн төлбөр гарахаар байна.

Хариуцагч “Х О Т” ХХК нь нийт 13,293,594 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь хэрэгт авагдсан “харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан”, уг тайланд тусгагдсан дүнгээр мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх 85,703,120 төгрөгөөс хасч тооцно.

Хариуцагч нь гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган нотариатаас үйлчилгээ авахдаа 13,500 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж зааснаар уг зардлыг хариуцагчаас гаргуулна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, “С Т” ХХК болон “Х О Т трейд” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №17-5-020 дугаартай Түрээсийн талбайн гэрээ нь дээр дурьдсанчлан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Хариуцагч “Х О Т” ХХК-ийн захирал Н.Хишигбаяр нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт ирж өөрийн түрээсийн талбайгаас эд хөрөнгөө бүрэн бүтэн байдлаар нь тоолж хүлээн авсан тухай “Түрээсийн талбайгаас эд хөрөнгө хүлээлцсэн тэмдэглэл”-ийг “С Т” ХХК-ийн үйл ажиллагааны ахлах ажилтан Б.Ууганбат, хуульч Г.Дэлгэрмаа нарын хамт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тул гэрээ байгуулагдсанаас хойш уг өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийг тухайн талбайд үйл ажиллагаа явуулж байсан, улмаар өөрийн хөрөнгөө бүрэн авсан гэж үзэх үндэслэлтэй, түрээслүүлэгчийн пос машинаар түрээслэгчийн барааны үнийг төлүүлсэн гэх нотлох баримт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 68,974,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Х О Т” ХХК-иас 72,423,025.25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,586,048.75 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “С Т” ХХК болон “Х О Т” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан №17-5-020 дугаартай “Түрээсийн талбайн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 68,974,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,996 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,361 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х О Т” ХХК-иас 520,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Т” ХХК-д, нэхэмжлэгч “С Т” ХХК-иас 258,539 төгрөгийг гаргуулж хариуцагч “Х О Т” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА