Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2020/00000/И |
Дугаар | 101/ШШ2020/03331 |
Огноо | 2020-09-28 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2020/03331
2020 09 28 101/ШШ2020/03331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Ундраа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК
Хариуцагч: Б.Н
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ннь “Н” ХХК-д 2012 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2013 оноос эхлэн 2014 оны 05 сарын 28 хүртэл хугацаанд Ннь компанийн эд хөрөнгө борлуулалтын орлого болох 91,402,700 төгрөгийг хувьдаа завшиж компанид онц их хэмжээний хохирол учруулсан ба хохирлыг төлөх хугацаа боломж олгосоор байтал зугтаж алга болсон тул компанийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан. Наранбаатарын компанийн 91,402,700 төгрөгийг хувьдаа завшиж онц их хохирол учруулсан үйлдэлд 2014 оны 09 сард Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас хэргийг нь хянаж шүүхэд шилжүүлэх шатанд явж байхад, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой”-г тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд заасны дагуу, “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна...” гэснээр өршөөлд хамрагдан эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Ннь компанид учруулсан хохирол 91,402,700 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тамхи импортлох болон худалдан борлуулах эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй. Манайх тамхи борлуулдаг цэгүүдэд түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч манай компанид анх 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилд орсон. Тэрээр тамхийг эцсийн борлуулах цэгүүдэд түгээж, орлогыг төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг. 2013 онд хариуцагч нь 1,195,017,840 төгрөгийн үнэ бүхий тамхийг борлуулахаар агуулахаас авч 1,175,702,655 төгрөгийн борлуулалт хийсэн ба 75,408,030 төгрөгийн өр дутагдал гаргасан. Тухайн үед өр дутагдал гаргасан шалтгааныг асуухад тэрээр “Зээлээр өгсөн барааныхаа төлбөрөө авч чадаагүй, ажлаа үргэлжлүүлэн хийж төлнө гэж хэлсэн. Бид түүнийг манай компанид 2012 оноос эхлэн ажилласныг нь харгалзаж ажилд нь үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл түүний дутагдал 2014 оны 5 дугаар сард 108,996,550 төгрөгт хүрсэн. Тиймээс борлуулалтыг нь зогсоож компанид мөнгөө олж тушаах үүргийг өгсөн. Хариуцагч орлогоо тушаана гээд 22 иргэн, компанийн нэр бичиж өгөөд нийт 92,604,400 төгрөгийн өр авна гэх тооцооллыг гаргасан. Тус 22 иргэн, компанитай Н ХХК нь уулзахад тэд бүгд *******т ямар ч өглөггүй, харин авлагатай гэж хэлсэн. 2014 оны 6 дугаар сард н.Сэргэлэн *******тай уулзаад асуухад Н.Ннь “Би нийт 19,224,100 төгрөгийг хүмүүст зээлж үлдэх 73,547,300 төгрөгийг өөрөө хувьдаа зарцуулсан, гэхдээ түүнийгээ нөхөн төлнө” гэдгээ илэрхийлсэн. Тус мөнгөө юунд зарцуулснаа 6 дугаар сарын 23-ны өдөр мөн бичиж өгсөн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан байгаа. Хариуцагч утсаа авахгүй зугтаж алга болсон тул түүнийг цагдаагийн албанд өгөхөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эрүүгийн байцаан шалгах ажиллагааны явцад манай компани өмгөөлөгч авсан бөгөөд түүнд 2,000,000 төгрөгийг үйлчилгээний хөлсөнд төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Н.Ннь сэжигтнээр анх мэдүүлэг өгсөн бөгөөд мөнгөний хэрэгцээ их байсан учраас борлуулалтын авч хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрсөн. Уг мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан. Н ХХК нь ******* ХХК-иар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр аудитын дүгнэлт гаргуулсан. Тус байгууллага нь өр, авлагын мэдүүлэг, худалдан авагчдын тооцоолол гэх мэт баримтуудад тулгуурлан дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтээр борлуулагч Н.Ннь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд ямар үлдэгдэлтэй болсон тухай тооцоолол гаргасан. Тэрээр нийт 91,402,700 төгрөгийн хохирлыг Н ХХК-д учруулсан зөрчил гаргасан нь дүгнэлтээр тодорхойлогдсон. 91,402,700 төгрөгийг хариуцагч 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүлээн зөвшөөрсөн боловч өмгөөлөгч авснаас хойш уг үлдэгдэлдээ маргах болсон. Мэдээлэл аудит ХХК-ийн дүгнэлт хэр үндэслэлтэй гарсан эсэхийг тодруулахаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд “Мэдээлэл аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй” гэж гарсан. Хариуцагч уг дүгнэлттэй танилцаад тус мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг дахин өгсөн. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан. Уг тогтоолд нэхэмжлэгч тал гомдол гаргахад дээд шатны прокурор хэргийг хянаад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хариуцагч дахин мэдүүлэг өгч тус мөнгийг хувьдаа завшсанаа мөн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дахин 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 781 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н.Нэрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож эрүүгийн хэрэг үүссэн ч Өршөөлийн тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мэдээлэл аудит ХХК-ийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 91,420,700 төгрөг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал буюу өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөг, Мэдээлэл аудит ХХК-д төлсөн 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, нийт 95,302,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ншүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-аас Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Ннадад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Нби 2008 оноос 2014 оны 05 сарын хооронд “Н” ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаанд 91,402,700 төгрөгийн өр төлөлтийн дутагдал гаргасан гэж надаас нэхэмжилдэг. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгаад надад холбогдох хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Надаас нэхэмжилж буй хохирлын хэмжээ хэт өндөр байгаа учир дахин нягталж төлбөрийг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Миний бие төлбөрийн чадваргүй эхнэр 2-10 насны 4 хүүхдийн хамт амьдарч эрхэлсэн ажилгүй, орох оронгүй одоогоор хадмындаа амьдарч байгаа. Өрхийн орлого байхгүй, 4 жилийн өмнө биеийн ихэнх хэсгээр галд түлэгдсэнээс биеийн эрүүл мэнд муу болсон зэрэг эрүүл мэнд эд хөрөнгийн байдлыг минь харгалзан үзэж нөхөн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна. 4 хавтаст хэргийг баримтын дагуу тооцоолоход би илүү төлөлттэй буюу Н ХХК нь надад 32,100,819 төгрөг өгөх ёстой байсан. 2012 оны 7 дугаар сард би түлэгдсэн. 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл би тус компанид ажилласан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч *******т холбогдуулан хохирол 91,402,700 төгрөг, зардал 3,900,000 төгрөг, нийт 95,302,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзан тамхины борлуулалтын орлогоо тухай бүр тушаадаг байсан, сүүлд тооцсон баримтаар илүү тушаалт хийсэн гэх тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Н.Ннь 2012 оны 01 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Н ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу борлуулалтын ажилтнаар ажиллах хугацааны 2013-2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тамхины борлуулалтын орлогыг компанид тушаагаагүй, хувьдаа завшиж 91,402,700 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид учруулсан гэх, хариуцагчийн дээрх үйлдэлд холбогдуулан нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,900,000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр 95,302,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 дугаартай прокурорын тогтоол нотлох баримтаар авагдсан ба тус тогтоолоор хариуцагч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар яллагдагчаар татан шалгаж, уг зүйл ангид хамаарах үйлдлийг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу гэмт үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тогтоолд яллагдагч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” үндэслэлээр өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэл болсон гэж заажээ. /1-р ХХ-ийн 9 дэх тал/
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжилж буй хохирлын хэмжээ хэт өндөр учир дахин нягталж төлбөрийг үнэн зөвөөр тогтоолгох” агуулгатай, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, баримтын тооцоо хийхэд би 32,100,819 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Өр авлагын тооцоо хийхэд гарч ирнэ гэж бодсон, өршөөлийн хуульд хамрагдахын тулд эрүүгийн хэрэг дээр худал хэлсэн” гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ. /1-р ХХ-ийн 35 дахь тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 11 дүгээр сарын 24–ны өдөр 48 тоот Мэдээлэл-Аудит ХХК-ийн гаргасан дүгнэлтийг нэхэмжлэгч үндэслэн болгон хариуцагчаас 91,402,700 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, прокурорын 781 дугаартай тогтоолд мөн тус дүгнэлтийг үндэслэж хариуцагч, нэхэмжлэгчид онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон болохыг, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 95 тоот дүгнэлтээр Мэдээлэл-Аудит ХХК-ийн дүгнэлт үндэслэл бүхий болохыг дүгнэжээ. /1-р ХХ-ийн 86-96, 2-р ХХ-ийн 114-129 дэх тал/
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, тамхины борлуулалтын орлогын тушаалт нь 32 сая төгрөгөөр илүү тухай болон гэм буруугүй талаархи тайлбарыг шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Дээр дурдсан баримтуудаар хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа нэхэмжлэгчид учруулсан хохирол нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хариуцагчийн гэм буруу тогтоогджээ. Хариуцагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр прокурорын тогтоолоор түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байх тул хариуцагч *******ыг нэхэмжлэгч Н ХХК-д хохирол учруулсан гэм буруутай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
Уг хохирол нь хариуцагчийн буруугаас болоогүйг шүүхийн өмнө тэрээр нотлоогүй байна. Түүнчлэн хариуцагч хохирлын тооцооллын талаар нэхэмжлэгчид 2014 оны 06 дугаар сарын 11, 27-ны өдөр гаргасан тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 04 дүгээр сарын 14, 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан өргөдөл, мэдүүлгээр нэхэмжлэгчид учруулсан хохирлын талаархи гэм буруу, хохирол учруулсан нь давхар нотлогдож байна. /1-р ХХ-ийн 20-24, 205-207 дахь тал/
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хохирлын бодит хэмжээг тогтоолгохоор шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1801/001 тоот дүгнэлтийг шүүхэд ирүүлж, хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирлыг 87,232,855 төгрөг гэж дүгнэжээ. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд гомдол гаргаж, тус институтийн Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/18 тоот тогтоолоор үнэлгээчин ******* нь “үнэлгээний тайлан биш байхад мэргэшсэн үнэлгээчний тэмдэг хэрэглэсэн” гэх шалтгаанаар ёс зүйн зөрчил гаргасан гэж тус дүгнэлтийн хэлбэрийн шаардлагыг дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, дүгнэлтийг хүчингүй гэх үндэслэл болохгүй юм. /1-р ХХ-ийн 146-177, 2-р ХХ-ийн 9-10 дахь тал/
******* ХХК-ийн 2018 оны 1801/001 тоот дүгнэлт нь хариуцагчийн өөрийн нь хүсэлтээр гэрээний үндсэн дээр хийгдсэн “үнэлгээний тайлан” биш, харин хариуцагчийн татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүгчийн захирамжаар хийгдсэн ажиллагаа учир “шинжээчийн дүгнэлт” болох бөгөөд шинжээчийн дүгнэлтийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Мэргэжлийн зөвлөл дүгнэх эрх хэмжээгүй болно. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан шалтгаанаар эс зөвшөөрсөн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүхэд гаргаагүй учир шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг болно.
Иймд тус 1801/001 тоот дүгнэлтийг үндэслэл муутай, хүчингүй болсон гэж үзэхгүй. Хариуцагч өөр бусад байдлаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхдээ хэргийн талаар үнэн зөв, бодит байдалд нийсэн тайлбарыг гаргах үүрэг хүлээдэг. Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд татгалзлаа илэрхийлж нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг төлөх үндэслэлгүй, би 32,100,819 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй бөгөөд хариуцагч тал татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй байна.
Шүүх эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Мэдээлэл-Аудит ХХК-ийн 2014 оны 48 тоот, ******* ХХК-ийн 2018 оны 1801/001 дүгнэлтүүдийг талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээд ******* ХХК-ийн 2018 оны 1801/001 дүгнэлтийг бодит байдалд илүү нийцсэн, үндэслэл бүхий гэж үзлээ. Шинжээч дүгнэлтдээ “нэхэмжлэгчийн тооцооны авлага 138,553,855 төгрөг ба үүнээс завсартай баримтын тооцоо 51,321,000 төгрөгийг хасч хариуцагч 87,232,855 төгрөгийн тамхины үлдэгдэл төлбөрийн тооцоог хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарласан гарын үсэггүй, засвартай баримтыг нэхэмжлэгч тооцсон гэх тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2356 тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гаргасан зарим баримтууд дахь гарын үсгийн загвар хариуцагчийн гарын үсгийн загвартай тохирохгүй, засвартай, гарын үсэггүй баримтууд тогтоогдсонтой нийцэж байна. /2-р ХХ-ийн 151-250 дахь тал/
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирлыг ******* ХХК-ийн 1801/001 дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр тооцож, уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хариуцагч *******т 87,232,855 төгрөгийн хохирлыг хариуцуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор шийдвэрлэж, тамхины борлуулалтын орлогод тооцон шаардсан 4,169,845 төгрөгийн хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 3,900,000 төгрөгийн зардал буюу Мэдээлэл-Аудит ХХК-д төлсөн хөлс 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн хөлс 400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хохиролд хамаарахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хоёр талын хүсэл зоригийг илэрхийлэн хөлс төлөх замаар хууль зүйн үйлчилгээ авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохиролд тооцохгүй тул тус 3,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1-р ХХ-ийн 83-85 дахь тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн татгалзлаа нотлох үүргийн хүрээнд түүний хүсэлтээр шүүх шинжээч томилсон ба шинжээчийн хөлсийг хариуцагч төлөөгүй тухай тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир хариуцагчийн шинжээчид төлөгдөөгүй хөлсийг шүүхийн журмаар хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу төлөгдөөгүй хөлс 3,000,000 төгрөгийг хариуцагч Н.Н гаргуулж шинжээч Шонхор үнэлгээ Аудит ХХК-д олгож шийдвэрлэв. /1-р ХХ-ийн 171 дэх тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ