| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
2024 01 09 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0012/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч В.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2339000000432 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Жавхлантын ар" гэх газрын ойгоос 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, гинжит хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн /тайрснаар 32 ширхэг/ буюу 1.584 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улмаар цэнхэр өнгийн "59-23" ХЭҮ улсын дугаартай "kia frontier" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 267,149 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000432 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-15-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 18-20-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 21-25-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ********** (хх-ийн 38-39-р хуудас), гэрч *********** (хх-ийн 43-44-р хуудас), гэрч ******** (хх-ийн 51-52-р хуудас), гэрч *********** (хх-ийн 55-56-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ойн ангийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай:
“...экологи эдийн засгийн үнэлгээ 1.584м3х168,655х1.0=267149,52 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 71-72-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-286 дугаартай дүгнэлт:
“...59-23 ХЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслэл 3,341,877.04 төгрөг, цахилгаан хөрөө зэрэг 120,000 төгрөг нийт 3,460,000 төгрөг байх боломжтой гэх үнэлгээний тайлан (хх-ийн 77-80-р хуудас),
Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас),
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай албан бичиг хавсралт (хх-ийн 120-121-р хуудас),
Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 40-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 116-р хуудас),
Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 801,000 төгрөг төрийн сангийн 100180800988 тоот дансад шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104, 107-113-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000432 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...********** үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би зөвшөөрөлд зааснаас өөр газраас мод бэлтгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг "Жавхлантын ар" гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гинжит хөрөө ашиглаж, босоо шинэс төрлийн 1.584 м³ модыг хууль бусаар бэлтгэж, улмаар цэнхэр өнгийн "59-23" ХЭҮ улсын дугаартай "kia frontier" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 267,149.52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Жавхлантын ар гэх газраас өөрийн эзэмшлийн цагаан өнгийн гинжит хөрөө ашиглан босоо 5 ширхэг хуурай шинэс модыг унагааж бэлтгэн 59-23 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвийн гэрийн хашаандаа тээвэрлэж буулгасан...Би зөвшөөрөлд заасан газраас өөр газарт мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоот захирамжаар орон нутгийг төлөөлөх, Иргэний нэхэмжлэгчээр томилсон... миний хувьд Өмнөдэлгэр сумын ойн ангиас гаргасан экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн бичиг гаргаж өгнө....” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Өмнөдэлгэр суманд "Хэнтий Шинэс" сум дундын ойн ангид 2021 оноос эхлэн одоог хүртэл ойн инженер албан тушаалаар ажиллаж байна. Ингээд энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус сумын Наран нэгдүгээр багийн иргэн ************ 23-014605 ХЭА сери дугаартай ойн цэвэрлэгээний ажлаар буюу 5 метр куб модны /гоожин/ эрхийн бичиг авсан. Ингээд тухайн эрхийн бичгийг Наран нэгдүгээр багийн “Асгатын” гэх газраас буюу 770 хэсэглэлийн талбайгаас авна гэхээр нь миний бие тухайн иргэнд эрхийн бичиг олгосон. Эрхийн бичиг олгосноор тухайн багийг хариуцдаг хяналт байгаль хамгаалагчид хэлж тавих талаар тухай бүр мэдэгддэг. Мөн тухайн эрхийн бичиг авсан иргэн мөн адил байгаль хамгаалагч нарт мэдэгддэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн шинжээч томилж дүгнэлт хийлгэх тогтоолтой танилцаад хураан авсан гэх 32 ширхэг /1.6 метрийн/ урттай модонд хэмжилт хийж нүдээр үзэн түлээний модны стандарт /MNS5413:2011/-ын дагуу сийрэг шоо метрээр хэмжин нийт 1.584 метр куб модыг ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.4 дахь заалт, БОНХ-ын сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 дугаар тушаал, БОАЖ-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Тухайн мод бэлтгэл хийгдсэн "Жавхлантын ар" гэх газарт нь хамгаалалтын бүсийн нэгдүгээр мужид хамаарах тул бүх төрлийн хуурай модны нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг ойгоос түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалд заасны дагуу нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ 168655 төгрөг болон мод модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /түлээний хуурай мод 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлэн тооцож 267,149.52 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээгээр гаргасан болно. БОНХСайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөрийн муж тогтоох 325 дугаар дугаар тушаалын хавсралтад хамгаалалтын бүсийн бүх ой нь 1 дүгээр мужид хамаарна гэж заасан байдаг. Тухайн Наран 1 дүгээр багийн нутаг "Жавхлантын ар" гэх газарт 2023 онд мод нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагад мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийгдэж байгаагүй. Тухайн бэлтгэсэн гэх мод нь шинэс төрлийн хуурай мод байсан..” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран нэгдүгээр багт Жавхлант уулын ард ээж дүү нарын хамтаар мал маллаж амьдардаг. Ингээд 10 дугаар сард сүүл 10 хоногт тус багийн нутаг Жавхлант гэх уулын хойд бэлд малаа хариулаад явах үед өдөр 11, 12 цагийн орчимд тухайн ууланд хөрөө дугарсан. Ингээд хөрөө дугарч байгаа чигт дурангаар дурандахад *********** ах мод бэлтгэл хийж байсан...мод тайраад хөрөөдөж байх шиг харагдсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56-р хуудас),
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ойн ангийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай:
“...экологи эдийн засгийн үнэлгээ 1.584м3х168,655х1.0=267149,52 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 71-72-р хуудас),
Бодит үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-286 дугаартай дүгнэлт:
“...59-23 ХЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслэл 3,341,877.04 төгрөг, цахилгаан хөрөө зэрэг 120,000 төгрөг нийт 3,460,000 төгрөг байх боломжтой гэх үнэлгээний тайлан (хх-ийн 77-80-р хуудас),
Хэнтий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалын хавсралтаар Монгол орны ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ойг 1 дүгээр мужид хамааруулан баталсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран 1 дүгээр багийн нутаг "Жавхлант" гэх газар нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарах ойн сан байна.
2. ******** *********** нь шинэс төрлийн хуурай 1.584 м³ мод бэлтгэсэн болохыг Өмнөдэлгэр сумын СДОА-ийн ойн инженер ********** хэмжилт хийж дүгнэлтээр тогтоосон байна. Мөн Экологийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч ********* хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд дурьдагдсан хөрөөдөж бэлтгэсэн модны хожуулын зураг, дугаарлалтын баримт материалуудаас үзэхэд ********* нь 5 босоо мод хөрөөдөж унагасан болох нь тогтоогдсон байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Ойн сангийн нэг шоометр модны экологи- эдийн засгийн үнэлгээний 9-д бүх төрлийн хуурай мод 1 дүгээр муж /1.1 м урт, 1.6 м өргөн, 0.9 м өндөр/ 1.584 м³ х 1.0 /түлээ хуурай/ х 168655 /нэг зуун жаран найман мянга зургаан зуун тавин таван/ төгрөг = 267 149, 52 /хоёр зуун жаран долоон мянга нэг зуун дөчин есөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдож байна.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ойн санд учирсан хохирол 267,149.52 /хоёр зуун жаран долоон мянга нэг зуун дөчин есөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 801,448.56 /найман зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг тавин зургаан/ төгрөгийн хохиролын үнэлгээ тогтоогдож байгаа болно...гэх дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас),
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 198 дугаартай албан бичгийн хавсралт (хх-ийн 120-121-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-15-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 18-20-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 21-25-р хуудас),
Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 801,000 төгрөг төрийн сангийн 100180800988 тоот дансад шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгодог. Шүүгдэгч ************* нь мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 40-р хуудас)-ээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Асгатын ар гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа эрхийн бичигт зааснаас өөр газарт буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Жаргалантын ар гэх газраас мод бэлтгэсэн байгаа нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч ********* нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 267,149.52 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 801,448 төгрөгийн хохирол шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 88-89-р хуудас)-ээр тогтоогдсон ба шүүгдэгч нь 801,000 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрийн сангийн 100180800988 тоот дансад шилжүүлсэн болох нь Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан ба шүүгдэгч нь экологи эдийн засагт учруулсан 801.448 төгрөгийн хохирлоос 801,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхдөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрийн сангийн 100180800988 тоот дансанд төлсөн байна.
Иймд шүүгдэгчийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрийн сангийн 100180800988 тоот дансад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 801,000 төгрөгийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрийн сангийн 100180800988 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч ********** дутуу төлөгдсөн хохирол 448 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл, 1,584 м3 модыг улсын орлогод оруулах, цахилгаан хөрөөг устгуулах саналтай байна....” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө орлогыг харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2339000000432 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,340,000 төгрөгийн үнэлгээ бүхий "59-23" ХЭҮ улсын дугаартай "kia frontier" маркийн тээврийн хэрэгсэл, 1.584 м³ шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ************* 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч ********** Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрийн сангийн 10018000988 тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 801,000 (найман зуун нэг мянга) төгрөгийг буцаан гаргуулж, шүүгдэгч *********** 448 (дөрвөн зуун дөчин найм) төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2339000000432 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн 3,340,00 (гурван сая гурван зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий "59-23" ХЭҮ улсын дугаартай "kia frontier” маркийн тээврийн хэрэгсэлийг, 1.584м³ буюу 32 ширхэг шинэс модыг хурааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг улсын орлогод тус тус оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР