Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/03222

 

 

 

 

 

 

 

 

 2020         09          18                                     101/ШШ2020/03222

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ө

 

Хариуцагч: Д.Э

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.Э ад 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 7,500,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Д.Э ад мөнгө зээлүүлэхдээ дээрх онуудад өөрийнх нь Хаан банк дахь 5069085945 тоот данс руу 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гэвч Д.Э  боломж хэцүү байна гэх шалтгаанаар миний мөнгийг төлөхгүй явсаар 2017 оны 04 дүгээр сард 3,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үүнээс хойш өөр мөнгө төлөөгүй. Одоо би Д.Э аас 6,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулна. Би зах дээр хариуцагчийн газар дээр зогсдог байсан. 2012 оны намар 7,500,000 төгрөг дансаар зээлсэн. Дараа нь дахиад 2014 оны хавар 5 сард 2 500 000 төгрөг нэмж зээлсэн. Надад хүүтэй нь өгнө гэж гуйгаад байхаар нь дансаар өгсөн. Тэрнээс хойш мөнгөө нэхэхэд боломжгүй гээд өгөөгүй. Тухайн үед мөнгө өгөх боломж байсан боловч өгөөгүй. Найзууд байсан тул өгчихөөч гэж гуйсан боловч өгөөгүй. 2017 онд гэрт нь удаа дараа очиход 3,500,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй. Тайлбар нь худлаа байсан. Сар бүр мөнгө өгч байсан гэдэг нь үндэслэлгүй. Тэгээд хариуцагч нь газраа зарлаа гэхэд би тэг тэг л гэсэн. Газар зарахад уурласан гэдэг нь худлаа. Иймд 6 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь газраа чингэлэгээ зарсан. Гэрт нь очиход намайг элдвээр хэлж байсан. Гэрт нь очиход намайг хөөгөөд гаргасан. Иймд их гомдолтой байгаа гэв.

 

Хариуцагч Д.Э  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э  нь Б.Өаас 7,500,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 05-нд 5 хувийн хүүтэй мөнгө зээлэн авч сар бүр 375,000 төгрөгийн  хүүг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төлж, 2014 оны 03 дугаар сард өөрийн унаж явсан Прадо машинаа зарахдаа 3,500,000 төгрөгийг Б.Өд төлсөн. Б.Ө нэхэмжлэлдээ 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг зээлдүүлсэн хэмээн бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2013 оны 10 дугаар сард жирэмсэн болж эрхэлж байсан үйл ажиллагаагаа зогсоож гэртээ 1 жилийн хугацаанд дэглэм барьж, өөрийн үйл ажиллагаагаа ахдаа даатган гэрээсээ ажлаа удирдаж явуулдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрж, үүнээс өмнө эмчийн хяналтад гэртээ дэглэм барьж байгаад төрсөн байдаг. Иймд Б.Өаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг огтхон ч хүлээж аваагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч би Б.Өаас авах авлагатай. 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 3, 4 дүгээр сар хүртэл миний өөрийн гадаа хашаа болон контейнерт өөрийн барааг хадгалуулж байсан ч түрээсээ өгөөгүй байгаа. Б.Ө нь анх банштай цай зарж нөхөртэйгөө хэцүү амьдарч байна гэхээр нь би өөрийн хажууд 2007 оноос худалдагчаар авч ажиллуулан өөрийн гэсэн мөнгөтэй, хашаатай, байшинтай, машинтай, бараатай болгож өдий олон жил тэжээн тэтгэж явсан. Сүүлдээ миний барааг зарахаа больж өөрийнхөө барааг миний газар, контейнерт үнэгүй хийж болон жил зарж борлуулалт хийж ашиг олдог байсан. Би сард ОУХТөвд контейнерийн түрээс 210,000 төгрөг, 3, 4, 6 лангуудаа нэг  газрын 70,000 төгрөг 3 газарт нийт 210,000 түрээс төлдөг байсан. Миний бие Б.Өыг ядаж сарын 70,000 төгрөг төл гэж хэлэн хэрүүлтэй уруултай ганцхан жил төлсөн. Сүүлдээ хэрүүлээс нь  залхсан. 2014 оноос 2018 оны хүртэл барааг ганцаараа миний лангуу болох 3, 4, 6 лангуу мөн контейнерийг ашиглаж ашиг олж борлуулалт хийсэн. Миний бие өөрийн газар болон контейнераа зарах шийдвэр гарган зарахад маш ихээр уурлаж уцаарлан намайг үзэхээ байсан. Миний гэр оронд ирж хэрүүл уруул хийгээд хүүхэд энэ тэр байгаа гэж огтхон ч бодолгүй гуйлгачин, тэнүүлчин, луйварчин хэлэхгүй муу үгээр хэлж хаалга үүд өшиглөж эвдээд байхаар нь явдаг газраар нь явъя гээд цагдаа дуудсан байдаг. Иймд Б.Ө гэдэг хүнд маш ихээр гомдож байна

Би нэхэмжлэгчээс 10 саяыг аваагүй. 7,500,000 төгрөг 2012 оны 9 дүгээр сарын 05-нд 5 хувийн хүүтэй зээлсэн. Сард 375,000 төгрөг өгдөг байсан. 2013 оны 3 дугаар сард машинаа зараад 3,500,000 өгсөн. Маргалдах шалтгаан нь 2,500,000 төгрөг болсон. Энэ мөнгийг авч байгаагүй. 7,500,000 төгрөг авсан. Хүүг нь төлж байсан. Би өрөнд ороод үйл ажиллагаагаа зогсооё гэж бодож, дэвтэр дээр өгсөн мөнгөө бичиж байсан. Сард 375,000 төгрөгийг жил орчим хүү төлсөн. Түүнээс хойш төлж чадаагүй. Бид үл ойлголцоод хэрүүл болоод шүүхээр орсон. Гэрт ирээд загнаад байсан тул цагдаа дуудахад явах газраараа яв гэсэн. Бид багын нэг ангийн хүүхдүүд. Намайг хүнтэй суухад манай хүүхдийг харж тусалдаг байсан. Дараа нь зах дээр банштай цай зараад явж байхад нь 2007 оноос өөр дээрээ авч ажиллуулсан. Сүүлдээ миний бараан дээр мөнгө нэмж зарж өмчтэй болсон. 2012 оноос надад мөнгөний хэрэг болж хүүтэй мөнгө зээлсэн. 2013 онд жирэмсэн болоод үйл ажиллагаа ерөнхийдөө зогссон. Сүүлдээ нэхэмжлэгчийн бараа ихсэж, миний бараа багасаж дампуурч эхэлсэн. Сүүлдээ газар болон чингэлгийн төлбөрийг төлж чадахаа байсан. Энэ үед нэхэмжлэгч нь дангаараа бараагаа зардаг болсон. Газрын төлбөрийг эхлээд төлж байгаад сүүлдээ төлөхөө байсан. Бараагаа миний чингэлэгт хадгалуулсан боловч эхлээд 250,000 төлөөд дахиж төлөөгүй. Одоогоор ажилгүй байгаа. Миний бодлоор өглөг байхгүй гэж бодож байна. Олон жил би энэ хүнийг сайн сайхан яваасаа гэж ханддаг байсан. Нэхэмжлэгч нь муйхар зан гаргаад энэ байдал үүссэн. Бараа хадгалуулсан чингэлгийн төлбөр сарын 50,000 төгрөгөө аваагүй, дотор хадгалуулсан төлбөрөө бас аваагүй. Би өглөгтэй байсан болохоор суутгаж байна гэж бодож байсан. 2014-2017 он хүртэл түрээсийн төлбөр аваагүй. 2,500,000 төгрөгийг надаар юань авахуулах гэж, эсвэл миний барааны төлбөр байх гэж бодож байна. 3,500,000 төгрөгийг 2013 онд өгсөнөөс хойш өөр мөнгө өгөөгүй. Хаан банкны 5069085945 данс нь миний данс мөн юм. Сар бүр 375,000 төгрөг өгсөнөө би өөрөө дэвтэр дээр бичдэг байсан бөгөөд авлаа гэж нэхэмжлэгчээр зуруулж байгаа болно гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д.Э ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 7, 8 дугаар талд авагдсан, Б.Өы эзэмшдэг Хаан банкны 5035240991 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд, хариуцагч Д.Э ад 7,500,000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Хариуцагч нь дээрх 7,500,000 төгрөгийг зээлж авснаа зөвшөөрч, 2,500,000 төгрөгийг Б.Ө бараа захиж миний данс руу шилжүүлсэн гэж маргасан боловч уг татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.

Дээр дурьдсан үйл баримтаас дүгнэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д тухайлан зааснаар байгуулсан гэж тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 удаагийн мөнгөн гуйвуулгын нэгийг нь зээл, нөгөөг нь зээл биш гэж маргасан боловч үүнийгээ нотлоогүй тул 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Талууд зээлийн гэрээ байгуулахдаа, мөнгийг буцаан төлөх хугацаа тогтоосон зүйлгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д зааснаар, зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар мөнгийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.

Зээлдүүлэгч Б.Ө нь зээлээ буцаан шаардсан хугацаагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр /хх-104 дүгээр тал/ уг зээлийн маргааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уг зээлийн асуудлаар маргаан үүсгэж цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан гэх үйл баримтыг зохигч талууд хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Гэвч цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэх хугацааг зохигч талууд хэн аль нь шүүхэд тодорхой мэдүүлээгүй бөгөөд “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахаас 14 хоногийн өмнө маргалдаж, цагдаад саатуулагдсан...” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй.

Хариуцагч нь 2014 оны 03 дугаар сард өөрийн унаж явсан Прадо машинаа зарахдаа 3,500,000 төгрөгийг Б.Өд төлсөн гэж мэтгэлцсэн бөгөөд хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 175 дугаартай лавлагаанаас үзэхэд хариуцагч Д.Э  нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд 74-74 УБА улсын дугаартай Тоёота Прадо маркийн, 2014 оны 3 дугаар сараас 2014 оны 5 дугаар сарны 14-ний өдрийг хүртэл хугацаанд 48-03УНҮ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинуудыг эзэмшиж байсан нь тогтоогдож байх тул 2014 оны 3 дугаар сард уг зээлийн эргэн төлөлтийн талаар зохигч талуудын хооронд яригдаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурьдсан үйл баримтуудыг дүгнэхэд, зохигч талууд зээлийн гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн тухайн үедээ зээлийг буцаан төлөх хугацааг тохиролцоогүй, сүүлийн удаа буюу 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөнгө зээлдүүлсэн цаг хугацаанаас хойш зээлдүүлэгч Б.Ө нь уг зээлийг эргэн төлөхийг зээлдэгчээс шаардаж байсан гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан, гурван жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Э аас 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Өы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА