| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2024 01 09 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0011/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.А,
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2339001990434 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг "Замчдын Овоо" гэх газар Чингис хотоос Бэрх тосгоны чиглэлийн магистрал зам дээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим 39-10 ХЭҮ улсын дугаартай "Тоёото кровн” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ********** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч *********** амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ********** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч ********** амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001990434 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 9-16-р хуудас),
Осол, хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (1-р хх-ийн 6-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** (1-р хх-ийн 27-28-р хуудас), , хохирогч ********** (1-р хх-ийн 20-21-р хуудас), гэрч *********** (1-р хх-ийн 37-38-р хуудас), гэрч ********* (1-рхх-ийн 45-46-р хуудас), иргэний нэхэмжлэгч ******** (1-р хх-ийн 33-34-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 74-76-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 131-135-р хуудас),
Хэнтий аймгийн Политехник коллежийн авто онол, замын хөдөлгөөний дүрмийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2023 оны дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 198-199-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 125-130-р хуудас),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт (1-р хх-ийн 242-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Энхийн төлөө медиалын үнэмэхийн хуулбар, Батлан хамгаалах их сургуулийн Бакалаврын дипломын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн эрхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 217, 220, 223, 225-228, 236, 238-241, 245-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч *********** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч *********** амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүлйин 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ********** гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим 39-10 ХЭҮ улсын дугаартай "Тоёото кровн" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ************ цээж, хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан, зорчигч ********** эрүүл мэндэд “цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтэл, цээжний олон хавирганы хугарал, цээж, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, цус уралдалт, элэг, дэлүү, давсаг, нойр булчирхай, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн задрал, няцрал, дэлүүг мэс заслаар авагдсаны дараах байдал, зүүн эгэмний ясны зөрөөтэй хугарал" бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Даваан дээгүүр уруудах үед жолооч талын дугуй дайрагдчих гээд жижиг чулуу зам дээр байхаар нь түүнийг 2 дугуйныхаа голоор гаргах гээд дарсан чинь жолоодлого алдагдаж шарвахаар нь тоормос гишгэсэн чинь машин хөндөлсөөд замын хажуу хэсэг рүү гараад зогсох шиг болохоор нь тоормосноос хөлөө авсан чинь гэнэт замаас гараад осолдсон. Осол болох үед би эхний хөрвөөх буюу машин өнхрөх үед ухаан алдчихсан. Харин сэрээд харсан чинь хойд суудал дээр хүн байхгүй, харин Баясгалан бид хоёр давхралдаад уначихсан болохоор нь машинаас гараад харсан чинь *************, *************** 2 машины гадна талд шидэгдчихсэн хэвтэж байсан. Тухайн үед замын хүмүүс машинтайгаа зогсохоор нь цагдаа, эмнэлгийн байгууллага руу залгаад өгөөч гэх гуйсан....Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү ************ нь 2023 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдөр гэртээ хоноогүй найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд яваад байсан. Би 2023 оны 4 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Малчдын хороонд найзындаа очоод тариа, эмчилгээ хийлгэх гээд байж байсан чинь манай дунд хүү ******** над руу залгаад ************ ах осолд ороод Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нэгдсэн эмнэлэгт очсон чинь эмч хэлэхдээ дотуураа цус алдалттай байна яаралтай хагалгаанд орно гэхээр нь бид нар зевшөөрөөд 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 05:28 орчимд хагалгаанд оруулсан. Тэгсэн чинь хагалгаанд орж дуусаад эмч хэлэхдээ элэг гэмтсэн гэж хэлж байсан. Тухайн үед олон эрхтэн гэмтсэн гэж хэлж байсан боловч би тогтоож авч чадаагүй дотор эрхтнүүд ер нь ихэнх нь гэмтсэн юм ярьж байсан. Манай хүү ************ нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын аппараттай байсаар байгаад нас барсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-28-р хуудас),
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-40 тоотод байрлах ********* гэрт очсон чинь *********, ********** нар 1 шил архи хувааж уугаад сууцгааж байхаар нь би цугтаа сууцгаагаад уусан....Тэгээд тухайн газарт очиж машиныг нь янзалж байх үед ********** бусад нь 1 шил архи хувааж ууцгаасан. Тухайн үед ********** хөл муутай байсан болохоор юм хийж чадахгүй *********** гуйсан юм байна лээ. Тухайн өдрөө ******** машиныг янзлаад дууссан чинь *********** Бэрх тосгон руу явж ирье хүн дуудаад байна гэсэн чинь ********* тэгье гээд өөрийнхөө цагаан өнгийн Тоёота Кровн маркийн 39-10 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод харин би ************* хамтаар арын суудал суугаад, ********** урд талын зорчигчийн суудалд суусан. Бид 3 замдаа авсан архиа хувааж уугаад явж байсан. Жолооч ************ огт уугаагүй. Тэгээд Хэнтий аймгийн төвөөс гараад Бэрх тосгон руу орох самбар дөнгөж өнгөрөөд явж байсан чинь машин шарваад осолдох шиг болсон. Тухайн үед би ухаан алдчихсан болохоор яг яаж осолдсоныг нь мэдэхгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 20-21-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сард цагаан энгийн Тоёота кровн маркийн 39-10 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ ********** *********** гэх Хэнтий аймгийн төвд амьдардаг залууд зарсан. Тухайн үед ******* дээр нь шилжүүлэн өгч амжаагүй боловч тухайн Тоёота кровн маркийн 39-10 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *********** өмч, эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Надад тухайн тээврийн хэрэгсэл хамаагүй..." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 33-34-р хуудас ),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 28-ны орой Хэнтий аймгийн Чингис хотоос Бэрх тосгоны төвд байх ерөнхий боловсролын олон улсын сургуулиас хүүхдээ авахаар явж байхад Чингис хотоос Бэрх тосгоны хооронд хатуу хучилттай замаар явж байхад Чингис хотоос 50 орчим км Бэрх тосгоны төвөөс 20 орчим км зайд Бэрх Хот гэх самбарын зүүн хэсэг 500 орчим метр зайд /тоёота коровон/ маркийн улсын дугаарыг мэдэхгүй цагаан өнгийн автомашин замын баруун гар тал руу онхолдсон байдалтай жолоочийн эсрэг талаараа хажуулдсан байсан. Тэгээд би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 7056102 дугаарт дуудлага өгсөн. Тухайн машин хажууд 1 хүн хэвтэж байсан, дахин 1 хүн машинаас 10 орчим метрт хэвтэж байсан. Би тухайн машинаасаа бууж цагдаад дуудлага өгөх үед унасан машинаас дахин 2 хүн гарч ирсэн. Тухайн үед машины хажууд хэвтэж байсан 2 хүн хөдөлгөөнгүй байсан харин машинаас буусан 2 хүн хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-38-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд ********* нь 1 шил архи бариад манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 2 авчирсан архийг нь уугаад байж байтал гаднаас ********** орж ирээд бид 3 хамт уугаад сууж байтал гаднаас *********** орж ирээд "Портер"-ын босоо тэнцүүлэгч солилцоод өгөөч гээд гуйхаар нь Хэрлэн сумын 2 дугаар баг Шинэ нисэхийн 18-5 тоотод очиж янзалчихаад байж байтал ********* гэх Бэрхэд хамт ажиллаж байсан залуу над руу залгаад наашаа хэсэхгүй юм уу гэхээр нь би яваад очъё гээд ********** би бас Бэрх явж хүнтэй уулзах ажилтай гээд өөрийн Тоёота Кровн маркийн 39-10 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод харин би жолоочийн хажууд суугаад **********, *********** нар арын суудалд суугаад явсан. Тэгээд явж байхдаа Бэрх гарахдаа авсан архиа бид 3 хувааж уугаад харин жолооч ************* спрайл тавиулсан гээд огт амсаагүй. Тэгээд явж байсан чинь Бэрхийн самбарын ойролцоо гэнэт машин осолдоод өнхөрсөн. Нэг сэрсэн чинь машин зүүн талаараа харчихсан миний Дээрээс ************ дараад хэвтчихсэн, нөгөө хоёр маань машины гадна шидэгдсэн байдалтай байсан...************ хамгаалах бус зүүгээгүй бөгөөд зорчигч нарыг зүү гэж хэлээгүй... миний бие ямар нэгэн гэмтэл шарх сорив байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 45-46-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ************** 2023 оны 5 дугаар сарын 22-ны 243 дугаартай:
1. ********** биед цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтэл, цээжний олон хавирганы хугарал, цээж, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, цус хуралдалт, элэг, дэлүү, давсаг, нойр булчирхай, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн задрал, няцрал, дэлүүг мэс заслаар аваагдсаны дараах байдал зүүн эгэмний ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 74-75-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч *************** 2023 оны 5 дугаар сарын 26-ны 59 дугаартай:
1. **************** биед цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтэл, цээж, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирга яснуудын 2-лсон, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга яснуудын далд хугарал, баруун дунд чөмөгний ясны хугарал, элэгний баруун, зүүн Дэлбэнгийн язрал, урагдал цээж, хэвлийн баруун урд хэсэг, баруун өвдөгний хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсгүүдийн зулгаралт, цээж, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун бугалга хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэг, баруун гуяны урд дээд, дунд доод хэсэг, хэвлийн урд дунд хэсэг, баруун гуя, өгзөг хэсэг, зүүн өвдөгний гадна хажуу хэсэг, зүүн хөлийн тавхайн урд дээд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цээж, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирга яснуудын 2-лсон, зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга яснуудын далд хугарал, элэгний баруун, зүүн Дэлбэнгийн язрал, урагдал бүхий гэмтлүүд нь хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно.
3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байх тул цусанд спиртын агууламж тодорхойлох боломжгүй.
5. Талийгаач нь дээрх цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас цээж, хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 131-135-р хуудас),
2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *************** 07 дугаартай дүгнэлт:
1. Тоёота кровн маркийн 39-10 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч ************* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн эсэх. Хэрэв зөрчсөн бол замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн.
а. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
б. Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн: 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
в. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
Мөн онолд зааснаар “Урдаа хөтлөгчтэй автомашин шарвахад жолооны хүрдийг дагуулан эргүүлэх ёстой боловч уг жолооч эсрэг эргүүлсэнээс автомашины тогтворжилт алдагдаж онхолдсон нь жолоочийн онолын мэдлэг дутагдснаас шалтгаалсан байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 198-199-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 9-16-р хуудас),
Осол, хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (1-р хх-ийн 6-р хуудас) ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт (1-р хх-ийн 242-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ********** амь насыг хохироосон, ************ эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч ********** эрүүл мэндэд хүнд, *********** амь насыг хохироосон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон хүний амь насыг хохироосон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ********* амь насыг хохироосон, хохирогч ********** эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч ********** гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт (1-р хх-ийн 242-р хуудас)-ыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ********* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 236, 238-241-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ********** нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эх*******, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 4, эх*******, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлууд харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001990434 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт *********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ************ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ********** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********** хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн 2339001990434 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР