Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/03542

 

                        

 

 

 

            

 

 

 2020          10          13                                          101/ШШ2020/03542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн тоот хаягт оршин суух, Р:, Б-ийн Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн хаягт байрлах, РД:, Г-И ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг Г-И ХХК-д даалгах, алданги 37.805.185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017-12-16-ны өдөр Н ХХК-ийн захирал Д.Э-тэй 17/3-2-96 дугаартай орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа дараах баримт бичгийг үндэслэсэн, Г И ХХК, Н ХХК-ийн хооронд 2016-12-17-ны өдрийн 2016/12/17-000 дугаартай “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”, “Г И” ХХК-ийн 2017-02-16-ны өдрийн 01/108 тоот албан бичиг, “Г И” ХХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн 2017-02-06-ны өдрийн “бартерын нөхцөлөөр орон сууц борлуулах тухай” 08/2017 дугаар тогтоол, Н ХХК-ийн 2017-02-20-ны өдрийн “хүсэлт гаргах тухай” 29/17 тоот албан бичиг зэрэг байгаа болно.

Н ХХК нь Г И ХХК-д 2016-12-17-ны өдрийи 2016/12/17-096 дугаар “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-ний төлбөрийг өмнө хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт бартераар бүрэн барагдуулсан тухай дээрх баримтаар нотлогддог. Миний бие “Н” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 96 тоот 94.86 м,кв 3 өрөө, 97 тоот 51.44 м,кв 2 өрөө орон сууцыг авахаар болж, төлбөрт 343.039.821 төгрөгийг төлж барагдуулсан. Г И ХХК-д удаа дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч Сүхбаатар дүүргийн 0 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг Г И ХХК-наас зөвшөөрсөнөөр улсын бүртгэлийн Ү-220-р гэрчилгээг 2020-01-14-ний өдөр гаргуулж авсан. 2017 оноос эхлэн эзэшиж ашиглаж байгаа хэдий ч 3 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл 96 тоот орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Иймд Сүхбаатар дүүрэг, тоот, 94.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг Г И ХХК-д даалгаж өгнө үү.

“Г И” ХХК, “Н” ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2016/12/17-096 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 3.3 дахь хэсэгг заасны дагуу гэрээний алданги 37.805.185 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г И ХХК нь Сүхбаатар дүүргийн орон сууцнаас  тоотын 64,91 м.кв 2 өрөө, тоотын 94,86 м.кв 3 өрөө, тоотын 51,44 м.кв 2 өрөө орон сууцнуудыг бартерын нөхцлөөр олгосон. Улмаар тус бартерийн нөхцлөөр олгогдсон орон сууцнуудаас тоотын хоёр байрыг Б.Бд Н ХХК нь шилжүүлсэн, 2017-03-23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч, ашиглаж байгаа учир өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Г И ХХК болон Н ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2016/12/17-096 тоот гэрээний 3.3-т зааснаар ...Гүйцэтгэгч тал орон сууцыг ашиглалтанд оруулах хугацаанаас нь 1 сараар хэтрүүлэн иж бүрнээр барьж чадаагүй тохиолдолд дараагийн сар буюу 2 дахь сараас эхлэн хоног тутамд сууцны үнэд төлсөн төлбөрийн дүнгээс тооцон 0.01 хувийн алдангийг захиалагчид төлнө ... гэж заасан. Г И ХХК-ийн  хувьд ашиглалтанд оруулах хугацааг хэтрүүлээгүй тул хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2016/12/17-096 тоот гэрээний 1.8-т зааснаар ... Захиалагч нь гэрээ байгуулахдаа 

353,649,300 төгрөгийн төлбөрийг (Г И ХХК-ийн “08/2017”тоот төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон “Н” ХХК-иудын “004/17” тоот төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу 100 хувь (нэг зуун хувь) бартерийн тооцоогоор (хоорондын тооцоо) төлж барагдуулахаар тохиролцов ..., гэснээс гадна тус гэрээний 3.7-т зааснаар ... Хэрэв захиалагч нь банкны зээлд хамрагдах болон бартерийн төлбөр тооцоотой гэрээнд гүйцэтгэгч нь гэрээний 3.3-д заасан алдангийг төлөхгүй ... гэж заасан. Ийм учраас дээрх нөхцөл байдлын дагуу Г И ХХК нь алданги 37.805.185 төгрөг төлөх үндэслэлгүй, иймд иргэн Б.Бы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г И ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг Г-И ХХК-д даалгах, алданги 37.805.185 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.         

Хариуцагч Г-И ХХК нь Н ХХК-тай төлбөрийн асуудал байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээг манай компани бус Н ХХК нь гаргаж өгөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Г И ХХК болон Н ХХК-ийн хооронд 2016-12-17-ны өдөр 096 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч Г И ХХК нь Сүхбаатар дүүрэг тоот хаягт байршилтай, 94.86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, Н ХХК нь орон сууцны үнэд 353.649.300 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-11-14/.

Н ХХК болон Б.Б нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17/3-05-96 тоот орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, Н ХХК нь Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байршилтай, 94.86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэх, эрх шилжүүлэн авагч буюу нэхэмжлэгч Б.Б нь захиалагчийн эрх шилжүүлэгчид эрх шилжүүлсний төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ /хх-5-6/.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Б.Б нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

Гэвч нэхэмжлэгч Б.Б нь 2017-03-23-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэг, тоотын 94,86 м.кв 3 өрөө, тоотын 51,44 м.кв 2 өрөө орон сууцнуудыг эзэмшиж, ашиглаж байгаа хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан аваагүйгээс өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.  

Н ХХК-нь хариуцагч Г И ХХК-д Б.Бы нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах тодорхойлолтыг гаргаж өгөхийг илэрхийлж албан бичгийг хүргүүлж байсан байна. /хх-ийн 9, 111 тал/

Нэхэмжлэгч Б.Б-аас “хариуцагч Г И ХХК нь Сүхбаатар дүүрэг, тоотын 51,44 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах албан бичгийг өгсөнөөр 2020-01-14-ний өдөр Ү-220 дугаартай гэрчилгээ авсан” гэсэн тайлбарыг гаргасан хариуцагч үүн дээр маргаагүй.

Г И ХХК нь манай компани хариуцагч биш маргаж байгаа хэдий ч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн тоот хаягт байршилтай 32153,7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 141-142 тал/  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээх бөгөөд хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх буюу улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-г Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байршилтай, 94.86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч Г И ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б алданги 37.805.185 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.290.330 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г-И ХХК-иас 1.943.349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА