| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0787/З |
| Дугаар | 221/МА2026/0243 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0243
“С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, өмгөөлөгч О.А*******
Нэхэмжлэгч: “С*******” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Э*******
Нэхэмжлэлийн шаардлага: “С*******” ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэр, тус төвийн гаалийн улсын байцаагч И.Э*******ы 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “С*******” ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаар мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У***
Хариуцагч И.Э*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2024/0787/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга, тус төвийн гаалийн улсын байцаагч И.Э******* нарт холбогдуулан ““С*******” ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэр, тус төвийн гаалийн улсын байцаагч И.Э*******ы 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “С*******” ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаар мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаар шийдвэрээр:
“Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 265 дугаар зүйлийн 265.1, 2691 дүгээр зүйлийн 2691.1.3, 2691.1.8, 274 дүгээр зүйлийн 274.1.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга, гаалийн улсын байцаагч М.Э******* нарт холбогдуулан гаргасан “1.“С*******” ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсын INFAB компанийн үйлдвэрлэгчээс импортлон мэдүүлсэн бараа нь БТКУС-ийн 90.22 дугаар зүйлд үл хамаарна гэсэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20204/381 дүгээр шийдвэр, 2.Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн №587 дугаартай гаалийн улсын байцаагч И.Э*******ы 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “С*******” ХХК-ийн 05-2231003-24-I30813 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааг үнэлэхээс татгалзаж мэдүүлэгт өөрчлөлт оруулж барааны ангиллын кодыг засуулахаар буцаасан цахим шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Гаалийн улсын байцаагч барааны ангиллын код тогтоох эрх хэмжээтэй эсэх:
Гаалийн тухай хууль болон холбогдох журамд барааны ангиллын кодыг тогтоох асуудал нь гаалийн байгууллагын бүрэн эрхэд хамаарах бөгөөд энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэх журам, дотоод хуваарилалт нь ил тод, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага зөвхөн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Э******* нь барааны ангиллын кодыг бие даан тогтоож, өөрчлөх шаардлагыг гаргасан байна. Ингэхдээ бараанд магадлан шинжилгээ хийх ямар ч шийдвэр гаргаагүй болно.
Гаалийн улсын байцаагч И.Э*******ы энэхүү шаардлагыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг зөрчсөн гэж үзэж, дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. “С*******” ХХК-ийн гомдлын дагуу Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга н.Лхагвасүрэн шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг мөн гаалийн улсын байцаагч И.Э******* хүлээн авахаас татгалзаж бие даан дахин барааны ангилалын кодыг өөрчлөх шаардлага гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон. Гаалийн улсын байцаагч И.Э*******ы энэхүү 2 дахь удаагийн хууль бус шаардлагыг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч үндэслэлтэй зөв хариу өгөөгүй.
Гаалийн байгууллага болон гаалийн улсын байцаагч нь “Шалгах” болон “Ангилал тогтоох” чиг үүргийг ялган авч үзээгүй, хууль бус шийдвэрүүдийг гаргаж “С*******” ХХК-ийн барааг 60 хоног гаалийн талбай дээр саатуулсан. Гаалийн улсын байцаагч И.Э******* нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээ хэрэгжүүлсэн эсэхийг, Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг зөрчсөн эсэхийг анхан шатны шүүх бүрэн шалгаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын шийдвэр нь эрх бүхий этгээдээс гаргасан эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажилласан эсэхийг шинжлэх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй гэсэн нөхцөл байдалд хамаарна. Түүнчлэн “С*******” ХХК-ийн импортлон оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг бүрэн дүүрэн зөв тодорхойлж, зөв ангилсан эсэх, Гаалийн байгууллагын үйл ажиллагаа Гаалийн тухай хуулийн 271 дугаар зүйл, 272 дугаар зүйлд нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүх дүгнээгүй байна. Иймд эрх хэмжээний асуудлыг шүүх бүрэн дүүрэн шалгаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох ёстой.
3.2.Албан тушаалтны томилгоо, чиг үүргийн нотолгоо хангалтгүй тухай:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гаалийн улсын байцаагчийн томилгооны тушаал, Албан тушаалын тодорхойлолт, Ангиллын код тогтоох чиг үүрэгт тусгагдсан эсэх зэрэг баримтыг бүрэн шалгаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь үнэлэх үүрэгтэй. Гэтэл дээрх баримтыг бүрэн шалгаагүй нь нотлох баримтыг иж бүрэн үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйд тооцогдоно. Хэрэв албан тушаалтны эрх хэмжээ, чиг үүрэг нотлогдоогүй бол түүний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байх боломжгүй юм.
3.3.Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хувиар үнэлээгүй тухай:
Шинжээчийн дүгнэлтэд нь барааны бодит найрлага, бүтэц, материалын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон байсан. Барааны ашиглалтын тухайд рентген хамгаалах хэрэгсэл гэж дүгнэсэн байсан.
Гэтэл шинжээчийн дүгнэлтийн дээрх хэсгийг шүүгч шийдвэртээ ашиглаагүйгээр барахгүй, эсрэг дүгнэлт буюу “Ажлын хувцас” гэж дүгнэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нотлох баримтанд тулгуурлалгүй, эргэлзээтэй нөхцөлд нэхэмжлэгчийн эсрэг шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бодит байдлыг тогтоох зарчмыг баримталж шинжээчийн дүгнэлтийг зөв хэрэглэх, шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй ашиглах журмыг зөрчсөн. Хэрвээ шинжээчийн дүгнэлт нь салаа утгатай, ойлгомжгүй бол тодруулах эрх, үүрэг шүүхэд, шүүгчид байгаа ба хамгаалах хэрэгсэл болон ажлын хувцасны ялгаа, зөрүүтэй байдлыг тогтоох эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлд тус тус зааснаар нэмэлт нотлох баримт гаргуулах, шинжээчийг дахин томилох боломжтой байхад анхан шатны шүүх уг ажиллагааг хийгээгүй.
Жишээ татвал, цагдаагийн дүрэмт хувцас бол ажлын хувцас, харин сумнаас хамгаалах хантааз бол хамгаалах хэрэгсэл юм. Үүнтэй адил мэс заслын даавуун хувцас бол ажлын хувцас, харин рентген туяанаас хамгаалах хантааз бол хамгаалах хэрэгсэл юм.
3.4.Олон улсын конвенцийн тайлбар буруу хэрэглэгдсэн:
Барааны тодорхойлолт, кодчиллын тухай олон улсын конвенц нь гишүүн улсад ангиллын нэгдмэл систем хэрэглэх үүрэг хүлээлгэдэг боловч тухайн улсын дотоод захиргааны шийдвэр гаргах эрх хэмжээг өргөтгөх үндэслэл болдоггүй. Анхан шатны шүүх уг конвенцийн заалтыг захиргааны байгууллагын эрх хэмжээг өргөтгөсөн байдлаар тайлбарласан нь хууль зүйн алдаа юм.
3.5.Шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдаа:
Анхан шатны шүүх гаалийн улсын байцаагчийн эрх хэмжээний асуудлыг бүрэн шалгаагүй, шинжээчийн дүгнэлтийг нотолгооны шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлээгүй, гаалийн улсын байцаагч болон Гаалийн ерөнхий газрын шийдвэрийн үндэслэл, баримтыг бодитой шалгаагүй.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл заасан шүүх захиргааны актын хууль ёсны байдлыг бүрэн шалгах үүргийг хэрэгжүүлээгүйд хамаарна. Иймд 128/ШШ2026/0040 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
3.6.Гаалийн улсын байцаагч болон Гаалийн ерөнхий газар бараа, бүтээгдэхүүнийг зөв тодорхойлоогүй, мэргэжлийн байгууллагын шинжээчээс зөрүүтэй байхад анхан шатны шүүх зөв шийдвэрлээгүй, цугларсан бодит нотлох баримтад тулгуурлаж зөв дүгнэлт хийгээгүй, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын конвенци, БТКУС-ийн ангиллын зарчмыг бүрэн зөв тайлбарлаж, шийдвэртээ тусгаагүй, хууль хэрэглээний олон алдаа гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн 128/ШШ2026/0040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын гаалийн байгууллагыг барааны ангиллын кодыг тодорхойлох, өөрчлөх эрхгүй гэж огт маргаагүй бөгөөд Гаалийн ерөнхий газар нь Монгол Улсын хэмжээнд барааны ангиллын кодтой холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон. Харин гаалийн байгууллагын барааны ангиллын кодтой холбоотой энэхүү эрх хэмжээг аль газар, нэгж, аль гаалийн улсын байцаагч хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байсан болох, энэхүү эрх хэмжээгээ хууль, журмын дагуу хэрэгжүүлсэн эсэх дээр маргадаг.
Өөрөөр хэлбэл барааны ангиллын кодыг тодорхойлох эрх нь хууль, журмаар тодорхойлсон процессийн дагуу Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа бөгөөд Бүрдүүлэлтийн цахим төв, тус төвийн гаалийн улсын байцаагч нь бие даан барааны ангиллын кодыг тодорхойлох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар болон холбогдох журмаар тусгайлан олгогдоогүй.
Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар тушаалын хавсралтын 3.4.9-д зааснаар Бүрдүүлэлтийн цахим төвд барааны ангиллын кодыг тодорхойлох эрх хэмжээ олгогдсон гэж дүгнэжээ. Бүрдүүлэлтийн цахим төв нь дээрх тушаалын 3.4.9-д зааснаар "...санал боловсруулан холбогдох газарт хүргүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээнэ", "...удирдлага болон холбогдох нэгжийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ" гэж заасан ба Бүрдүүлэлтийн цахим төв, түүний гаалийн улсын байцаагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрэнд хамаарахгүй буюу барааны ангиллын кодыг тодорхойлох асуудлыг Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/315 дугаартай тушаалаар батлагдсан "Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-д заасны дагуу магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй.
Гэтэл Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн нь 2024 оы 7 дугаар сарын 05-ны өдрийн №2024/381 дугаартай "Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай” шийдвэр гаргахдаа "...Иймд рентген туяанаас хамгаалах хувцас, хэрэгсэл нь УС-ын ерөнхий тайлбар дүрэм 1 болон тайлбар бичгийн 3926 дугаар зүйлийн заалт, 4015 дугаар зүйлийн заалт, 6210 дугаар зүйлийн заалтыг үндэслэн ...тус тусын зүйлд хамаарахыг тодорхойлов" гэж барааны ангиллын кодыг тодорхойлж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэрийг гарган "С*******” компанид мэдэгдсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “...тус журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалтад нэхэмжлэгчийн гаалиар мэдүүлсэн бараа нь тусгагдаагүй байх тул магадлан шинжилгээ хийх үндэслэлгүй" гэж дүгнэжээ. Шүүх шийдвэр гаргахдаа “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ын зөвхөн 2.2.1 дэх хэсэгт заасан буюу лабораторийн шинжилгээнд хамрагдах барааны жагсаалтад ороогүй гэдэг үндэслэлийг дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс журмын 2.2.2-д "Барааны ангиллын код дагалдах бичиг баримтын мэдээллээс зөрсөн" гэдэг нөхцлийн дагуу магадлан шинжилгээ хийх ёстой байсан гэж маргадаг бөгөөд энэхүү нөхцөл нь лабораторийн шинжилгээнд хамрагдах барааны жагсаалттай огт хамааралгүй, зөвхөн барааны ангиллын код дагалдах бичиг баримтын мэдээллээс зөрсөн гэдэг үндэслэл шаардлагаар барааны ангиллын кодыг дахин тодорхойлохоор магадлан шинжилгээ хийх ёстой нөхцөл юм. Шүүх журмын заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
4.2.Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 51-р хавсралтаар баталсан "Бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын 6 дахь хэсэгт “Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн горим, барааны ангилал, гарал үүсэл, гаалийн үнэ, үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэнэ" гэж заасныг Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчид барааны ангиллын кодыг тодорхойлох эрх хэмжээ олгогдсон гэж хийсвэрээр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл албан тушаалын дээрх тодорхойлолтод "хяналт хэрэгжүүлэх” чиг үүргийг тодорхойлсноос бус барааны ангиллын кодыг тодорхойлж дүгнэлт гаргах эрх хэмжээ огт олгогдоогүй.
Мөн үндэслэх хэсгийн 7, 8 дахь хэсэгт Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудаар гаалийн улсын байцаагчид эрх хэмжээ олгогдсон гэж дүгнэсэн. Эдгээр заалтууд нь гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчийн барааны ангиллын кодтой холбоотой ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон заалтууд юм. Харин Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлд "Гаалийн мэдүүлгийг шалгах" эрх хэмжээг тодорхой хуульчилсан ба 63.1.2-т "гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирох буюу мэдүүлэг дээрх барааны ангиллын код нь дагалдах баримт бичигт байгаа барааны ангиллын кодтой тохирч байгаа эсэхийг л шалгах үүрэгтэй. Гэтэл мэдүүлэгч компанийн мэдүүлсэн дээрх мэдээллүүд хоорондоо тохирч байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан, улмаар Гаалийн тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмыг баримтлахгүйгээр зөрчиж бие даан барааны ангиллын кодыг тодорхойлсон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Мөн мэдүүлэгч "С*******" ХХК нь Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэнгийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №2024/381 дугаартай шийдвэрийг хүлээн аваад барааг тус шийдвэрт заасан 3926, 4015, 6210 кодоор дахин мэдүүлсэн боловч гаалийн улсын байцаагч И.Э******* нь өмнөхийн адил код буруу байна гэсэн шийдвэрийг гаргаж мэдүүлгийг засварт буцаах шийдвэр гаргасан байдаг. Гаалийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд зааснаар төрийн албан хаагч нь дээд шатны албан тушаалтын шийдвэр, үйл ажиллагааг дагаж мөрдөх үүрэгтэй байтал тус гаалийн улсын байцаагч нь Бүрдүүлэлтийн цахим төвийн даргын тодорхойлсон кодыг буруу байна гэсэн шийдвэрийг гаргасан нь мөн хууль зөрчсөн шийдвэр болсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч нь Монгол Улсад импортлогдон орж ирж байгаа хэдэн сая ширхэг нэр төрлийн барааны ангиллын кодыг бие даан тодорхойлох мэдлэгтэй, чадвартай, эрх хэмжээтэй албан тушаалтан гэж үзэх хууль зүйн болон практик боломж байхгүй юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн хүрээнд, захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, чиглэгдсэн этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргадаг учраас зөвхөн хууль, журамд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гаргах үүрэгтэй.
Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ барааны ангиллын кодыг "шалгах" болон "шинээр тодорхойлох" эрх хэмжээг ялгаж зааглаагүй, барааны ангиллыг тодорхойлох эрх бүхий субъектийг ялгаж зааглахгүйгээр зөвхөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчийн хуульд заасан ерөнхий эрх хэмжээг үндэслэж Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчид барааны ангиллын кодыг шинээр тодорхойлсон дүгнэлт гаргах эрх хэмжээ олгогдсон гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, гаалийн мэдүүлгийг шалгаж байгаа гаалийн улсын байцаагч нь хууль, журамд заасан урьдчилсан нөхцлийг шаардахгүйгээр хүссэн үедээ, хүссэн иргэн, хуулийн этгээдийн барааны ангиллын кодыг өөрчлөх, өөрчлөхөөр заналхийлэх замаар хясан боогдуулах, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна.
4.3.Албан тушаалын тодорхойлолт эргэлзээтэй нь нотлох баримтаар үнэлэхэд:
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолын 51-р хавсралтаар баталсан "Бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон.
Гэтэл хэргийн материалд дараах 3 өөр ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар авагдсан нэгдүгээр хавтасны 163 дугаар хуудсанд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолын 51 дүгээр хавсралтаар баталсан Харьяа гаалийн газар, хороо нь бичигдээгүй, Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт, Дэс түшмэл ТТ-6,
Хоёрдугаар хавтасны 56 дугаар хуудсанд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын, Хяналт бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт, Дэс түшмэл ТТ-5,
Хоёрдугаар хавтасны 64 дүгээр хуудсанд баталсан огноо дугааргүй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн, Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт, Төрийн тусгай ТТ-7.
Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж байсан боловч шийдвэр гаргасан гаалийн улсын байцаагч И.Э*******ы ажилд томилогдсон тушаалыг хувь хүний нууцтай холбоотой гэдэг үндэслэлээр нотлох баримтаар гаргуулаагүй учраас тус гаалийн улсын байцаагч нь хэзээ, ямар газар хэлтэст, ямар албан тушаалд томилогдсон болох нь тодорхойгүй. Албан тушаалын байдал тодорхойгүй байхад дээрх 3 албан тушаалын тодорхойлолтын нэгийг ямар үндэслэлээр үнэлсэн, бусдыг нь ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болох нь тодорхойгүй байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Мөн Гаалийн ерөнхий газар нь Сангийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 06 дугаартай "Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" тушаалын хэрэгжилттэй холбогдуулан шинээр байгуулагдсан газар нэгж, түүнд ажиллах гаалийн улсын байцаагчид холбогдох ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй, үүний улмаас гаалийн улсын байцаагчийн эрх хэмжээ өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.
4.4.Шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй.
Шүүхээс томилсны дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээч Н.Ц*******нь шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн. Энэхүү дүгнэлтэд маргаан бүхий бүтээгдэхүүнийг бисмут болон сурьма гэх материалыг давхарлаж хийсэн "Ионжуулагч цацрагаас хамгаалах хамгаалалтын хэрэгсэл" гэж тодорхойлсон ба тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан материалын төрлөөс нь хамааруулж БТКУС-ийн ангилалд хамааруулах нь зүйтэй талаар дурдсан.
Гэтэл шүүх гаалийн улсын байцаагчийн:
Их биеийн хамгаалалт, бамбайн хамгаалалт, мөчдийн хамгаалах хэрэглийг БТКУС-ийн XI бүлэг "Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл", 63. Бусад нэхмэл бэлэн эдлэл; иж бүрдэл; хуучин хувцас болон хуучин нэхмэл эдлэл, хаягдал даавуу, 6307 Бусад бэлэн эдлэл (хувцасны эсгүүр орно),
Толгойн хамгаалалтын хэрэгслийг БТКУС-ийн XII бүлэг "Гутал, малгай, шүхэр, нарны халхавч, таяг, тулгуур, шилбүүр, ташуур болон тэдгээрийн эд анги, боловсруулсан өд, ноолуур, тэдгээртэй хамт хийсэн зүйлс; хиймэл цэцэг, хүний үсээр хийсэн зүйлс", 65 Малгай, малгайн эд анги, 6506 Доторлосон эсвэл доторлоогүй, чимэглэсэн эсвэл чимэглээгүй бусад малгай. 6506.99 Бусад материалан,
Нүдний хамгаалалтын хэрэгслийг БТКУС-ийн XVIII бүлэг "Оптик, гэрэл зураг, кино зураг, хэмжүүр, хяналт, нарийвчлал, эмнэлэг эсвэл мэс заслын багаж болон аппарат, цаг, бугуйн цаг, хөгжмийн зэмсэг, тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл", 90 Оптик, гэрэл зураг, кино зураг, хэмжүүр, хяналт, нарийвчлал, эмнэлэг эсвэл мэс заслын багаж болон аппарат, тэдгээрийн эд анги болон тоног хэрэгсэл. 9004 Хараа заслын шил, нүдний хамгаалалтын шил болон эдгээртэй төстэй оптик бусад хэрэгсэл. 9004.90.00 Бусад,
Нүүрний хамгаалалтын хэрэгслийг БТКУС-ийн VII бүлэг "Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар (каучук) болон түүгээр хийсэн зүйлс", 3926 Хуванцраар хийсэн бусад эдлэл болон зүйл 39.01-39.14-д заасан бусад материалаар хийсэн эдлэл, 3926.90.00 Бусад гэсэн ангилалд хамааруулахаар тодорхойлсныг үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Гаалийн улсын байцаагчийн дээрх тодорхойлолтоор тухайн бүтээгдэхүүн нь хийгдсэн материалын хувьд нэхмэл эдлэл, ердийн малгай, хуванцраар хийсэн эд зүйлс гэх мэт ангилалд хамааруулсан нь шинжээчийн дүгнэлтэд заасан бисмут болон сурьма гэх материалыг давхарлаж хийсэн бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй хийгдсэн материалын хувьд илтэд зөрчилдөж байхад ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, гаалийн улсын байцаагчийн тодорхойлолтыг үнэлсэн талаар дурдаагүй.
Шинжээчийн дүгнэлтээр тухайн бараа нь хар тугалга огт агуулаагүй талаар дүгнэсээр байхад шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 болон 13 дахь хэсэгт хар тугалга агуулсан, хар тугалган дүүргэгчтэй бол 9022.90 ангилалд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн зэрэг нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн мэдүүлэгч "С*******" ХХК нь Эрүүл мэндийн яам, эмийн агентлагаас тавьсан шаардлагын дагуу 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн хэрэгслийн импортын тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсад импортлон оруулж ирсэн бүтээгдэхүүн байхад ердийн нэхмэл хувцас, малгай, нүдний шил ангилалд хамааруулж байгаа нь цаашид тухайн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр, ямар нэгэн хяналтгүйгээр импортлох нөхцөлийг бүрдүүлж байна.
4.5.Олон улсын конвенц зөрчигдсөн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн.
1983 онд батлагдаж 1988 онд хүчин төгөлдөр болсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенц"-д Монгол Улс нэгдсэн орсон байгаа бөгөөд энэхүү конвенцод нэгдэн орсон улсууд олон улсын худалдаанд барааны ангиллын нэг системээс нөгөөд шилжих явцад түүнийг дахин тодорхойлох, ангилах болон кодлохтой холбогдон гарч буй зардлыг багасгах 30 зорилгыг харилцан тохирсон байдаг.
Мөн конвенцийн 10 дугаар зүйлд конвенцийг хэрэглэхтэй холбоотойгоор хэлэлцэн тохиролцогч улсуудын хооронд үүссэн аливаа маргааныг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ, шийдвэрлэж чадахгүй бол конвенцийн хороонд хандахаар зохицуулсан.
Конвенцын хэлэлцэн тохирогч тал болох АНУ-ын өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ангиллын кодыг тодорхойлж, энэ тухай мэдээллээ дагалдах баримт бичигт тусган илгээж байхад импортлогч Монгол Улсын гаалийн байгууллага нь хэлэлцэн тохиролцогч улсынхаа тодорхойлсон кодыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал нь конвенцод нэгдэн орсон хэлэлцэн тохиролцогч талын хооронд үүсэх маргаан болох үндэслэлтэй.
Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 14 дэх хэсэгт дээрх нөхцөл байдал нь улс хоорондын барааны ангиллын кодтой холбоотой маргаан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Монгол Улсын Гаалийн байгууллага нь олон улсын конвенцийн зорилго, хэрэгжилтийг илтэд зөрчсөн, энэхүү хууль бус үйлдлээ олон улсын конвенцод заасны дагуу шийдвэрлүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүйг зөвтгөсөн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт “... барааны кодыг аливаа улс орнууд дураараа өөрчлөх, өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжийг үгүйсгэсэн нь энэхүү уялдуулсан системийн кодыг манай улсын хувьд олон улсын жишиг ойлголтын дагуу нэг мөр ойлгон хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно" гэж дүгнэсэн хэрнээ шийдвэр гаргахдаа АНУ-ын эрх бүхий байгууллагын тодорхойлж гаалийн байгууллага нь хүлээн зөвшөөрч экспортолсон бүтээгдэхүүний кодыг Монгол Улсын гаалийн байгууллага 5 хувийн татвар авахын тулд өөрт ашигтай байдлаар тайлбарлаж дураараа өөрчилж байгаа шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргаж байгаад туйлын харамсалтай байна.
Иймд шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн, Гаалийн тухай олон улсын конвенц, хууль, журмыг буруу хэрэглэж тайлбарласан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0040 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Нэхэмжлэгчээс АНУ-д үйлдвэрлэгдсэн “INFAB” компанийн рентгэн цацрагаас хамгаалах нүүрний хаалт, нүдний шил, бамбайн хамгаалалт, цээж, эх биеийн хамгаалалт зэрэг нийт 6 төрлийн хамгаалах хэрэгслийг импортоор оруулж ирэхдээ үйлдвэрлэгчээс дагалдуулсан баримт бичигт заасны дагуу Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем /цаашид БТКУС гэх/-ийн 9022.90.60 кодоор /гаалийн татвараас чөлөөлөгдөх/ гаальд мэдүүлсэн,
гэвч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчаас “барааны ангилалын код буруу” гэсэн үндэслэлээр ангилалыг өөрчлөн мэдүүлэх шаардлагатайг нээмжлэгчид цахимаар мэдэгдсэнээс гадна мөн тус төвийн даргын маргаан бүхий шийдвэрээр БТКУС-ын Тайлбар бичиг боть-5, 269 дүгээр хуудсны 9022.90 “Эд анги болон тоног хэрэгсэл”-ийн нэмэлт тайлбарт “Операторчийн өмсөх ажлын хувцас, халад, эсвэл хар тугалдан дүүргэгчтэй хаймар резинээр хийсэн бээлий, нүдний хамгаалалтын хар тугалган шил энэ зүйлд хамаарахгүй” гэж заасны дагуу импортоор оруулж ирсэн рентген туяанаас хамгаалах хувцас, хэрэгслийг 9022.90 кодонд хамаарахгүй гэж үзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд …тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно”, 111 дүгээр зүйлийн 111.1-т “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл захирамж, эсхүл тогтоолоор томилох атал шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 01/6871 дүгээр албан бичгээр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээч Н.Цэвээсүрэнг шинжээчээр томилсон,
түүнчлэн шүүх ийнхүү нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1442 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, дээрх байдлаар шинжээч томилсон атлаа маргааныг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас огт үнэлээгүй процессийн зөрчил гаргасан, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2.Хариуцагчаас “Санчир-Ундрах” ХХК-ийн импортлосон барааны зориулалтыг рентген аппарат ажиллуулахдаа операторчийн өмсөх ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл гэж үзэж байхад шинжээчийн дүгнэлтэд үйлдвэрлэгчээс нь дагалдуулсан техникийн баримт бичигт үндэслэн “..ангиографийн мэс засал хийх үед эмч хэрэглэхээс гадна 50-150 кВ рентген цацраг үүсгэгч рентген аппаратуудаас ялгарах рентген цацрагаас хамгаалахад, мөн хамгаалах хэрэгслийг цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагтай ажиллагч нь ионжуулагч цацрагтай орчинд ажиллахдаа, түүнчлэн цацрагийг оношлогоо, эмчилгээнд ашиглаж буй тохиолдолд өвчтөн, тухайн өвчтөний асран хамгаалагчийг ионжуулах цацрагаас хамгаалахад тус тус хэрэглэх…” талаар дүгнэлт гаргасан байна.
Гэтэл шийдвэрт хариуцагчийн тайлбарласанчилан эдгээр нь зөвхөн операторчийн өмсөх ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл үү, эсхүл дээрх байдлаар эмч, асрагч, сувилагч, өвчтөн зэрэг цацрагтай орчинд оношлогоо эмчилгээ хийлгэж байгаа болон тэдгээрийн асран хамгаалагчийг цацрагаас хамгаалах зориулалтаар хэрэглэгдэх үү гэдгийг харьцуулан дүгнэх, шаардлагатай гэж үзвэл энэхүү нөхцөл байдлыг нэмэлт шинжээч томилох байдлаар тодруулах ажиллагааг хийгээгүй, үндсэндээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлсэнгүй.
3.Нэхэмжлэгчийн анх мэдүүлсэн дээрх 9022.90.60 кодонд “Хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай эсвэл зориулалтгүй, рентген туяаны эсхүл альфа, бетта, гамма эсвэл ионжуулагч бусад цацрагийн аппарат, (рентгэн зураг авах, цацраг эмчилгээний аппарат орно), рентген хоолой, рентген туяаны бусад үүсгүүр, хянах самбар эсхүл ширээ, дэлгэц, үзлэг эмчилгээний ширээ, сандал болон тэдгээртэй төстэй зүйлс хамрагдах”-аар байна.
Гэхдээ хариуцагчийн “…БТКУС-ийн нэгдүгээр дүрэм ёсоор барааг уядлуулан кодлохын тулд зүйлийн гарчиг, холбогдох хэсэг, бүлгийн тайлбар зэргийг нарийвчлан нягтлан тогтоох шаардлагатай…” гэх тайлбар үндэслэл бүхий боловч Гаалийн өрөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвөөс нэхэмжлэгчийн импортлосон:
-Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй эх биеийн хамгаалалтын хэрэгсэл, /хормогч, болон хантаазын хамт/, Рентген цацраг агуулсан тугалга агуулаагүй бамбайн хамгаалалтай хэрэгсэл, Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй мөчдийн хамгаалалтын хэрэгслийг тус тус 6307.20.00 кодоор мэдүүлэх шаардлага тавьсан ч энэ нь энгийн хэрэглээний аврах хантааз, аврах бүсний код,
-Рентген цацрагийн эсрэг тугалга агуулаагүй толгойн хамгаалалтын хэрэгслийг 6506.99.00 кодоор мэдүүлэх шаардлага тавьсан ч энэ нь доторлосон эсвэл доторлоогүй, чимэглэсэн эсвэл чимэглээгүй бусад малгайны, өөрөөр хэлбэл энгийн хэрэглээний хамгаалалтын, хаймран эсвэл хуванцар, үслэг буюу булган, үнэг, тагваган зэрэг малгайн код,
-Рентген цацрагийн эсрэг нүдний хамгаалалтын хэрэгслийг 9004.90.00 кодоор мэдүүлэх шаардлага тавьсан ч энэ нь нүдний энгийн хэрэглээний нарны, харааны шилний код,
-Рентген цацрагийн эсрэг нүүрний хамгаалалтын хэрэгслийг 3926.90.00 кодоор мэдүүлэх шаардлага тавьсан ч энэ нь мөн л энгийн хэрэглээний хуванцараар хийсэн бусад эдлэл, тухайлбал албан өрөө, сургуулийн зориулалттай эдлэл, хувцсанд хэрэглэдэг зүйлс, тавилга, автомашины зориулалттай тоног зэрэг эдгээртэй адилтгах барааны код байх бөгөөд шийдвэрт энэ талаар “…нэхэмжлэгчийн мэдүүлсэн 6 нэр төрлийн барааг БТКУС-ын дүрэм, тухайн барааны кодын тайлбарын дагуу оноосон нэр, үйлдвэрлэгдсэн материал тус бүрээр нь хамаарах ангилалд оруулахаар барааны кодыг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна…” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл тухайн барааны нэр, нэршил энэ мэтээр адил төстэй байж болох ч зориулалт, хэрэглээ, үйлдвэрлэхэд ашигласан материал зэрэг нь мэдүүлгийн код өөрчлөгдөх хүчин зүйл болох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
4.Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг зөвтгөх, гүйцээн дүгнэх, эсхүл үндэслэлийг өөрчлөх зэргээр дүгнэлт хийх боломжтой, гэвч энэ тохиолдолд шинжээч томилох ажиллагаа дээрх байдлаар хуульд бүрэн нийцээгүй, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн маргааны гол зүйл болох импортлосон барааг зөвхөн операторчийн ажлын хувцас гэж үзэх эсэхийг нэмэлт шинжээч томилох байдлаар тогтоолгоогүй, үүнээс гадна нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед үйлчилж байсан Гаалийн Ерөнхий газрын даргын 2023 оны А/315 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 2.2.2 болон одоо үйлчилж байгаа буюу 2024 оны А/422 дугаар тушаалаар батлагдсан энэхүү журмын 2.1.2-т тус тус “Барааны ангиллын код дагалдах баримт бичгийн мэдээллээс зөрсөн” тохиолдолд магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргахаар зохицуулсан, энэхүү маргааны тухайд хариуцагчаас шаардаж буй код нь үйлдвэрлэгчээс өгсөн дагалдах бичгийн мэдээллээс зөрүүтэй байх тул чухам ямар үндэслэлээр энэхүү шинжилгээг хийгээгүй, хийх шаардлагагүй байсан нөхцөл байдлыг хариуцагчаас тодруулаагүй атлаа шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15-д “…2023 оны тушаалын 2 дүгээр хавсралтаар батлагдсан “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт”-д нэхэмжлэгчийн импортолсон бараа тусгагдаагүй…” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь, түүнчлэн барааны кодыг хариуцагчийн шаардсаны дагуу өөрчлөх тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд огт дүгнэлт хийгээгүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасан үндэслэлийг бий болгосон байна.
Хэргийг дахин хянан шийдвэрлэхээс өмнө шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 534 дүгээр захирамжаар хамтран хариуцагчаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч И.Э*******ыг татан оролцуулахдаа Захирамжлах хэсгийн 2 дахь заалтад “…“Нааво грин энержи монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд...” гэж илт үндэслэлгүй, алдаатай бичсэн байгааг өөрчлөн зөвтгөвөл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгч “Санчир-Ундрах” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч О.А******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН