Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/904

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2032602027 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, “****” ХХК-ийн харьяа “*******” нэртэй зочид буудалд ресейпшн ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суудаг, /РД:*******/, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч н Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарахдаа номерын өрөөний орны хажуугийн жижиг тавиур дээр орхиж гарч, гээгдүүлсэн 34,6 грамм алтан бөгжийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч д 8,650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч н: “...2023 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бага эрэг уусан байсан бөгөөд би ганцаараа ойролцоогоор 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай ******* нэртэй зочид буудалд орж амарсан. Тэнд унтаж байгаад өглөө ойролцоогоор 8-9 цагийн үед буудлаас гарсан юм. Тэгээд маргааш нь буюу 8 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн алтан бөгжөө алга болгосныг мэдээд 8 дугаар сарын 22-ны өдөр өглөө 8 цагийн үед тухайн буудал дээр очиж орсон өрөөндөө бөгж үлдээсэн талаар ресейпшнээс асуухад таны орсон өрөөнд тийм бөгж үлдээгүй байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж танай үйлчлэгч авсан байх би дэрэн доороо хийгээд үлдээснээ санаж байна тийм болохоор танай үйлчлэгчтэй уулзъя гэтэл надад хандаж манай үйлчлэгч байхгүй байна гэж хэлэхэд нь би цагдаа дуудаж үйлчлэгчийг шалгуулмаар байна гээд цагдаад хандтал гэнэт тухайн ресейпшн болох эмэгтэй намайг дуудаад хоёулаа уулзаадахъя цагдаа дуудаж хэрэггүй гээд намайг нэг алтан бөгж мэт зүйл өгсөн тухайн үед би түрүүвчиндээ хийгээд нэг танил залуутайгаа шоудаад тэр залуудаа энэ алт мөн байна уу гээд үзүүлэхэд тэр залуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай хамт буудалд хоноод өглөө нь гэртээ харихад цүнхнээс алга болсон байсан гэж надад хэлсэн. Гар хийцийн алтан сүлжмэл утас татсан, том шүрэн шигтгээтэй бусад зүйл цул алтан бөгж байгаа, 34.6 грамм бөгж юм. Би тухайн бөгжийг 2018 онд хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойд талд байрлах Эрдэм Гоёл урлагийн газарт 9.216.000 төгрөгөөр хийлгэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-14 дэх тал), гэрч гийн: “...******* нэртэй зочид буудалд үйлчлэгчээр 3 давхрыг хариуцаж ажилладаг юм. 2023 оны 8 дугаар сарын 20-ны ээлж солилцох гээд би хүмүүс орсон өрөөнүүдийг цэвэрлэж байгаад өрөөг цэвэрлээд ор дэвсгэрийг хураагаад байж байтал орны хажуу талын жижиг тавиур дээрээс бөгж олсон. Тухайн бөгж нь шар өнгөтэй байсан би тухайн үедээ алтан бөгж гэж мэдээгүй. Тухайн бөгжийг би буудлын ресейпшн болох ******* эгчид өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-24 дэх тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-723/8054 дугаартай: “...34,6 грамм алтан бөгж-нийт үнэ 8,650,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал), шүүгдэгчээс хохирогч гийн дансанд 7.000.000 сая төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 93-94 дэх тал), шүүгдэгч *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 96 дахь тал), болон шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 8-10 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нь 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж, тоот өрөөнд хонож, гарахдаа өөрийн эзэмшлийн 34,6 грамм алтан бөгжийг мартсан байна. Уг алтан бөгжийг тухайн буудлын үйлчлэгч цэвэрлэгээ хийх явцдаа олж ажлын байрны тодорхойлолтод зааснаар ресейпшн *******д хүлээлгэн өгсөн байх боловч ******* нь зохих байгууллага, иргэнд мэдээлэх арга хэмжээ аваагүй, хувьдаа авсан үйлдэл нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл хууль бус буюу бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж хохирогч д буцаан өгөх, эсхүл холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 8,650,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр нотлогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д 8,650,000 төгрөгийг хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогч н дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “******* нь миний бөгжний хохирлыг барагдуулсан учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “7,000,000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогчтой яриад хохирлын үнийн дүнгийн хувьд тохиролцоод төлж барагдуулсан. Хохирогч өөрөө шинжээчээр дүгнэлтээр биш 7 сая төгрөгийг хохиролд тооцсон авахаа зөвшөөрсөн” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 96 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 75 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д 7,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА