| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/02137/И |
| Дугаар | 101/ШШ2020/03485 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/03485
2020 10 08 101/ШШ2020/03485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Ч
Хариуцагч: Б.А
20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Б.А од 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 34,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Ийнхүү зээлдүүлэхдээ би Голомт банкны өөрийн төгрөгийн болон долларын данснаас зарлага гарган Б.А од өгсөн. Хариуцагч нь асуудалгүй 10 хоногийн хугацаанд буцаан төлнө гэсэн. Хариуцагч өөрөө хүүг нь өгнө гээд, өөрөө 8 хувийн хүүтэй гээд өөрөө гарын үсэг зурж бичиж өгөөд явсан.
Энэхүү 34,000,000 төгрөгийг Б.А нь хүлээн авсан бөгөөд үүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд гараар бичиж баримт үйлдэн зээлийн 8 хувийн хүүтэй болохыг баталгаажуулж сунгалт хийсэн.
Б.А нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлж байсан боловч сүүлийн үед огт төлбөрөө төлөхгүй удаа дараа шалтгаан хэлж өнөөдрийг хүрсэн.
Б.А нь надад 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг буцааж өгсөн. Энэ хугацаанд би банкны зээлээ хойшлуулсан. Хариуцагч нь өөрөө хүү төлнө гэсэн.
Б.А 35,000,000 төгрөг зээлчих гэж надаас гуйсан ч надад байгаа нь 34,000,000 төгрөг байсан. Би түүнд 34,000,000 төгрөг зээлсэн.
Өнөөдрийн байдлаар Б.А оос 20,000,000 төгрөгийг авах зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул мөнгийг гаргуулж өгнө үү.
34,000,000 төгрөгийн сарын 8 хувийн хүүг бодох юм бол их мөнгө болно. Би хувиараа бизнес хийдэг мөнгөний гачигдалд орсон. Би кредит картнаасаа хүртэл мөнгө аваад, бүх мөнгөө шавхаад түүнд өгсөн. Түүний хүү, алдангийг би төлсөн. Би өөрийгөө хохиролгүй болгох боломжийн хэмжээнд бодоод л 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би 10,000,000 гаруй төгрөгийн хүү тооцсон гэв.
Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Б.А од холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А од 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 34,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, 25,000,000 төгрөгийг буцаан авсан, 8 хувийн хүү тооцно гэж хариуцагч өөрөө бичиж өгсөн баримттай тул хүү тооцож нийт 20,000,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.
Хариуцагч нь 34,000,000 төгрөгийг Л.Ч оос зээлж авсан эсэх талаар тодорхой тайлбарыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Гэвч талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж зааснаар хариуцагчаас хүү гаргуулах боломжгүй байна.
Тодруулбал, хариуцагч Б.А ын өөрөө бичиж өгсөн гэх баримтуудаас үзэхэд, 34,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх баримтад тусгагдсан 8 хувийн хүүг 10 хоногийн хугацаанд тооцох эсэх, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 6,000,000 төгрөгийн хүү тооцох тухай бичвэр зэрэг нь тус тус ойлгомжгүй байх тул талуудын хооронд хүү тогтоож зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлээгүй буюу 9,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.А оос 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А оос улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА