Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/936

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******гийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001988 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр хүүхэд, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, /РД:*******/, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* *******” нэртэй караокед хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь зүүн дээд 7 дугаар шүдний хугарал, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 02 цаг өнгөрч байхад найз *******, , нартай хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* Хаус нэртэй пабд орж согтууруулах ундааны зүйл хэрэглээд *******той хамт 03 цаг өнгөрч байхад тамхины өрөөнд ороод юм ярьж байгаад тамхины өрөөний гэрэл унтраагаад бүдэг дээр нь тавиад би уйлаад сууж байтал тамхины өрөөнд өндөр намхан хоёр эрэгтэй хүн орж ирээд тамхи татсан. Тэр хоёр гэрэл асаахаар нь буцаагаад бүдэг дээр нь тавьчих гэсэн чинь бүдэг дээр нь тавьсан бөгөөд ******* бид хоёр тамхины өрөөнөөс гарах гэж байтал тэр залуугийн намхан залуу нь яагаад байгаа юм гээд ******* бид хоёр луу дайрахаар нь би тэр намхан залуугийн цээж рүү нь тулаад хэрэггүй гэсэн чинь тэр намхан залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан ба би доошоо суугаад босож ирээд нөгөө намайг цохисон залууг барьж аваад урт үстэй байсан учир үснээс зуураад толгойг нь доошоо дарж байгаад цагдаа дуудсан чинь цагдаа ирэхээс өмнө тэр хоёр яваад өгсөн. Гэхдээ би тэр намайг цохисон залууг сайн харсан бөгөөд одоо дахиад харвал танина. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* Хаус пабын тамхины өрөөнд үл таних толгойдоо мөр хүрэх урт хар бараан үстэй, 160 орчим см өндөртэй, 28 орчим насны бондгор махлаг, цайвар царайтай залуу нэг удаа гараараа цохиж учруулсан. Намайг цохиулах үед найз ******* маань харсан. Эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

2. Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* Хаус нэртэй пабд би найз , , нартай хамт орсон бөгөөд ороод архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэж хүний 2-3 пиво, виски ууж хэрэглэсэн. Сууж байгаад 3 цагийн үед бид хоёр тамхиных нь өрөөнд ороод юм яриад сууж байтал манай дүү яг нэг жилийн өөд болсон гээд уйлаад байсан бөгөөд тэр үед гаднаас тамхины өрөөнд үл таних 3 эрэгтэй хүн ороод ирэхээр нь бид хоёр ахаа гэрлээ бүдгэрүүлээч гээд гэрэл бүдэг болгоод хэсэг хугацааны дараа бид хоёр гарах гэтэл нөгөө хоёр залуугийн арай намхан урт үстэй махлагдуу залуу нь яаж харьцаад байна та хоёрын зарц юм уу гээд маргаан өдөх гэхээр нь би тэр залуутай маргах гэтэл за боль яах гээд байгаа юм гээд тэр намхан залуу бид хоёрын голоор ортол г тэр намхан залуу шууд нүүр хэсэг рүү нь цохиод авсан чинь нөгөө залууг хөдөлгөхгүй гээд цохиж зодохгүй толгойг нь доошоо дараад байсан. Би намхан залуутай хамт явж байсан намхан залуутай заамдалцаж аваад зодоон хийхгүй больсон. Намхан залуу намайг биш зөвхөн г нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед тэр намхан залуу гийн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохиод авсан. Тэр үед гийн үүдэн дээд нэг шүд нь хугарсан байсан. Өөрөөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-14 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12090 дугаартай “...*******гийн биед зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн: “...******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүнд цохиулсны улмаас үүдэн шүд буюу 21-р шүд нь цөгцний их хэмжээний хугарал үүссэн бөгөөд шүдийг сэргээх боломжгүй тул Нүүр Ам Судлалын Төв эмнэлгийн Имплантын тасагт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ёзоорыг аван имплант суулгасан нь үнэн болно. Имплантын төлбөр нь 2,200,000 төгрөг” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал),

6. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ маргаан хийж байгаад хохирогч гэх *******гийн биед халдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 41 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* *******” нэртэй караокед хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь зүүн дээд 7 дугаар шүдний хугарал, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...2023 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө ....03 цаг өнгөрч байхад тамхины өрөөнд ороод юм ярьж байгаад тамхины өрөөний гэрэл унтраагаад бүдэг дээр нь тавиад би уйлаад сууж байтал тамхины өрөөнд өндөр, намхан хоёр эрэгтэй хүн орж ирээд тамхи татсан бөгөөд тэр хоёр гэрэл асаахаар нь буцаагаад бүдэг дээр нь тавьчих гэсэн чинь бүдэг дээр нь тавьсан бөгөөд ******* бид хоёр тамхины өрөөнөөс гарах гэж байтал тэр залуугийн намхан залуу нь яагаад байгаа юм гээд ******* бид хоёр луу дайрахаар нь би тэр намхан залуугийн цээж рүү нь тулаад хэрэггүй гэсэн чинь тэр намхан залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Би доошоо суугаад босож ирээд нөгөө намайг цохисон залууг барьж аваад урт үстэй байсан учир үснээс зуураад толгойг нь доошоо дарж байгаад цагдаа дуудсан чинь цагдаа ирэхээс өмнө тэр хоёр яваад өгсөн. Намайг цохиулах үед найз ******* маань харсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.*******ийн “...3 цагийн үед бид хоёр тамхиных нь өрөөнд ороод юм яриад сууж байтал манай дүү яг нэг жилийн өөд болсон гээд уйлаад байсан бөгөөд тэр үед гаднаас тамхины өрөөнд үл таних 3 эрэгтэй хүн ороод ирэхээр нь бид хоёр ахаа гэрлээ бүдгэрүүлээч гээд гэрэл бүдэг болгоод хэсэг хугацааны дараа бид хоёр гарах гэтэл нөгөө хоёр залуугийн арай намхан урт үстэй махлагдуу залуу нь яаж харьцаад байна та хоёрын зарц юм уу гээд маргаан өдөх гэхээр нь би тэр залуутай маргах гэтэл за боль яах гээд байгаа юм гээд тэр намхан залуу бид хоёрын голоор ортол г тэр намхан залуу шууд нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Намхан залуу намайг биш зөвхөн г нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед тэр намхан залуу гийн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохиод авсан. Тэр үед гийн үүдэн дээд нэг шүд нь хугарсан байсан. Өөрөөр гэмтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12090 дугаартай “...*******гийн биед зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч *******гийн биед зүүн дээд 7-р шүдний хугарал, дээд уруулд зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 12090 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ын хохирогчийн нүүр лүү гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12090 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нь хавтаст хэрэгт эмчилгээ хийлгүүлсэнтэй холбоотой Нүүр Ам Судлалын Төв эмнэлгийн тодорхойлолт, 3 ширхэг баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчид 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч нь “...хугарсан шүдний хохирол болох 2,200,000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирлыг барагдуулсан тул өөр гомдол санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч *******д 2,200,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА