Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/03602

 

 

 

 

 

 

 

 

  2020         10          19                                     101/ШШ2020/03602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х Т

 

Хариуцагч: Б.О

 

Гэм хорын хохиролд 1,068,484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн үед найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж яваад Буян Налайх худалдааны төвийн орчим Б.О  болон хэдэн залуустай тааралдаж маргалдсан. Б.О  нь зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар миний дух хэсэгт цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.

Б.О  хэргээ хүлээж миний эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдож, анхан шатны шүүхээс 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, давж заалдаж 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн.

Миний эрүүл мэндэд цаашид гарах хохирлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Иймд Б.О аас миний биед гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гарсан 1,068,484 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1,068,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Х.Т ын нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай холбоотой төлбөрийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд төлсөн учраас төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр баримт байгаа боловч эдгээр баримтууд эх сурвалжтай байх ёстой. Ямар эмчийн заавраар, ямар үндэслэлээр эдгээр эм тариаг аваад байгааг нотлох ёстой гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Т  нь хариуцагч Б.О д холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,068,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.О  нь 2018 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Т тай маргалдаж, түүний толгойн дух хэсэгт чулуугаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ДШМ/16 дугаар магадлалаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Х.Т  нь дээрх гэмт хэргийн улмаас биедээ учирсан гэмтлийг эмчлүүлэх буюу эм худалдан авахад 940,214 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, эм худалдан авсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” болон эм худалдан авсан баримтуудад “УР86080715 регистрийн дугаартай, даатгуулагч Хумаш овогтой Т ын худалдан авсан эмийн үнийн дүнд хөнгөлөлт үзүүлсэн тэмдэглэгээ зэргээс үзэхэд, нэхэмжлэгчийн эм худалдан авсан баримтуудын эх сурвалж тодорхойгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоос үзвэл, хохирогч Х.Т ад учирсан бодит хохирлыг 2,929,400 төгрөг гэж тогтоосон, шүүгдэгчийн зүгээс 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг уг шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ.

 

Нэхэмжлэгч Х.Т  эрүүгийн хэрэг хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэгдэхээс өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 16,800 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 80,050 төгрөгийн, нийт 24,850 төгрөгийн эм худалдан авсан, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолд дурьдсан бодит хохирол 2,929,400 төгрөгөөс 70,600 төгрөгийг илүү авсан үйл баримт тогтоогдож байх тул эдгээр мөнгөн дүнг нотлох баримтаар тогтоогдсон  940,214 төгрөгийн зардлаас хасч тооцох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатаар үйлчилгээ авч нийт 15,100 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.О аас 859,864 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Т ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 208,620 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Б.О аас улсын тэмдэгтийн хураамж 25,186 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА

 

               ШҮҮГЧИД                                                                 Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                   Л.ЭНХЖАРГАЛ