Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/948

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ын *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305032452170 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хорт хий утаанаас хамгаалах багаас хамгаалах техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, /РД:*******/, урьд ял шийтгэлгүй, улсаас Алтан гадас одон, Ардын хувьсгалын 80, 90, 100 ойн медаль, соёлын тэргүүний ажилтан, хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод хохирогч *******тэй “тэтгэврийн зээл авлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт төмрөөр нэг удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь толгойн баруун зулайн сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн *** тоотод байшинд нөхөр, нөхрийн дүү ******* бид гурав 0,5 литрийн гадаад архи байсан нэрийг мэдэхгүй байна, тэр архийг хувааж уугаад байж байсан чинь нөхөр бид хоёр мөнгөнөөс болоод маргаад би тэгэхээр нь зайл гэж хэлсэн чинь манай нөхөр ******* нь явлаа гээд гараад машин унах гээд байхаар нь би машин бариулахгүй гээд хаалга алдлаад зогссон чинь хашааны хаалт урт нарийн төмрөөр миний толгой хэсэгт цохисон. Би тэгэхээр нь хэвтээд өгсөн. Тэгээд нөхөр гэртээ буцаад орсон. Би толгойгоо барьсан чинь толгой цул цус болсон байхаар нь өөрийн төрсөн охин *******д хэлсэн чинь манай охин цагдаа дуудсан байсан. Би дүүгийнхээ хүүхдийн эмчилгээний зардалд тэтгэврийн зээл 2,000,000 төгрөг авч өгсөн асуудлаас болоод маргасан. Надад санал гомдол хүсэлт байхгүй. Би уухаараа жаахан зан харилцаа муутай. Тэрнээс болсон байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

2. Гэрч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө 03:00 цагийн үед ***-р хороололд гэртээ байж байсан чинь манай ээж миний дугаарт ******* дугаараас залгаад аав чинь намайг согтуудаа зодоод толгой руу цохих шиг болсон чинь цус гараад тогтохгүй байна. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод оёулаад гараад явж байна гэж хэлсэн. Тэр үед би 102 дугаарт залгаад гэрийн хаягаа өгөөд манай аав ээжийн толгойг цохисон байна гэж хэлсэн. Аав чинь миний толгой руу цохиод толгойд оёдол тавиуллаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13791 дугаартай “...*******гийн биед толгойн баруун зулайн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

4. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ буюу *** тоотод эхнэртэйгээ болон дүү ******* нартай цуг архи ууж байгаад манай дүү ******* согтуу унтаад өгсөн. Тэгээд байж байх үед эхнэр тэй тэтгэврийн зээл авч дүүдээ өгсөн асуудлаас болж маргасан чинь намайг зайл гээд би гараад явж байсан чинь эхнэр намайг машин унаж явах гэж байна гэж буруу ойлгоод надтай машины түлхүүр булаацалдаад намайг түлхэж газар унагаагаад би унаад босож ирэх үедээ гарт ойр байсан цагаан өнгийн төмрөөр гийн толгойн баруун хэсэгт нь нэг удаа цохисон чинь цус гарсан. Тэгээд бид хоёр гэртээ байж байсан чинь охин ирээд цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх гэж байгаад болиод явуулаад бид хэд цуг гэмтлийн эмнэлэг ороод үзүүлээд гэртээ харьсан. Манай эхнэр нь надад хэлэлгүй дүүдээ 2,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгсөн асуудлаас болж маргасан. Би өөрийн гэм бурууг бүрэн ухамсарлаж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэргийн үйл баримттай маргахгүй. Бид хоёр 46 жил ханилж байна, энэ хугацаанд надад хэлэхгүйгээр шийдвэр гаргадаггүй байсан. Тэгсэн тэтгэврийн зээл аваад үүнээсээ 2 сая төгрөг дүүдээ өгсөн байсан. Тэрнээс болж муудсан. Гэрээс гар зайл гээд байхаар нь гарах гэсэн гаргахгүй байсан. Тэгээд нэг бол яв зайл гээд, нэг бол явуулахгүй гээд ямар учиртай юм гээд уурлаад цохисон. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 16-19 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюуш 25-5 дугаар гудамж 90 тоотод хохирогч *******тэй “тэтгэврийн зээл авч дүүдээ өгсөн” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт төмрөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд толгойн баруун зулайн сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...Би 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө *** тоотод байшинд нөхөр, нөхрийн дүү ******* бид гурав 0,5 литрийн гадаад архи байсан нэрийг мэдэхгүй байна, тэр архийг хувааж уугаад байж байсан чинь нөхөр бид хоёр мөнгөнөөс болоод маргаад би тэгэхээр нь зайл гэж хэлсэн чинь манай нөхөр ******* нь явлаа гээд гараад машин унах гээд байхаар нь би машин бариулахгүй гээд хаалга алдлаад зогссон чинь хашааны хаалт урт нарийн төмрөөр миний толгой хэсэгт цохисон. Би тэгэхээр нь хэвтээд өгсөн. Тэгээд нөхөр гэртээ буцаад орсон. Би толгойгоо барьсан чинь толгой цул цус болсон байхаар нь өөрийн төрсөн охин *******д хэлсэн чинь манай охин цагдаа дуудсан байсан. Би дүүгийнхээ хүүхдийн эмчилгээний зардалд тэтгэврийн зээл 2,000,000 төгрөг авч өгсөн асуудлаас болоод маргасан. Надад санал гомдол хүсэлт байхгүй. Би уухаараа жаахан зан харилцаа муутай. Тэрнээс болсон байж магадгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.*******гийн “...Би 2023 оны 7 дугаар сарын 27-ны шөнө 03:00 цагийн үед 16-р хороололд гэртээ байж байсан чинь манай ээж миний дугаарт ******* дугаараас залгаад аав чинь намайг согтуудаа зодоод толгой руу цохих шиг болсон чинь цус гараад тогтохгүй байна. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод оёулаад гараад явж байна гэж хэлсэн. Тэр үед би 102 дугаарт залгаад гэрийн хаягаа өгөөд манай аав ээжийн толгойг цохисон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13791 дугаартай “...*******гийн биед толгойн баруун зулайн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд, хохирогч *******гийн эрүүл мэндэд толгойн баруун зулайн сорви гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13791 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ын хохирогч *******гийн толгой руу төмрөөр нэг удаа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг төмрөөр цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13791 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад сэтгэл зүйн хохирол учирсан зүйл байхгүй, нэхэмжлэх гомдол санал байхгүй” гэсэн байна.

Иймд шүүгдэгч *******аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА