Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2021/0020/З |
Дугаар | 118/ШШ2021/0013 |
Огноо | 2021-04-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2021/0013
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх шаардлага бүхий М.*******ийн нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Завхан аймгийн ******* сумын Баянзүрх багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм.
Гэтэл Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Б/12 дугаар захирамж гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөллөө. Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Б/12 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн боловч Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэр гаргана гэсэн заалтаа зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг чөлөөлөх талаар иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй байхад багийн Нийтийн Хурлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.
Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжид Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэл байх боловч, хуулинд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон талаар иргэдийн Нийтийн Хурлын санал байхгүй байж, ямар нөхцөл байдал, шийдвэрийн улмаас бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хэмээн үзэж байгаа нь мөн тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн багийн Нийтийн Хурал хуралдаагүй дараагийн багийн Засаг даргыг хуулийн дагуу томилоогүй атал ийнхүү шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.
Аливаа захиргааны байгууллага эсхүл түүний төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд шийдвэр гаргахаас өмнө тухайн хэрэгт оролцогчийн урьдчилан сонсох буюу тайлбар авах санал гаргах боломжоор хангах ёстой талаар Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг.
Гэвч ******* сумын Засаг дарга нь 2020 оны Б/12 дугаар захирамж буюу захиргааны акт гаргахаасаа өмнө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, надаас тайлбар, санал авалгүй шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж байна.
Иймд ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
Би урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх зорилгоор дээд шатны Засаг дарга болох Завхан аймгийн Засаг дарга Д.*******д гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Тиймээс Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.******* 2021 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.*******т холбогдуулан гаргасан Ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгон, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ээр гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М.******* нь ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баянзүрх багийн Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч М.*******ийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй-г дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.******* Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баянзүрх багийн Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА