| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0828/З |
| Дугаар | 221/МА2026/0277 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0277
|
|
|
|
“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, өмгөөлөгч М.Ч*** нар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А*******” ХХК
Хариуцагч Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*******, Н.Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актын 59.367.648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч****
Хариуцагч Б.А***, Н.Т*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0828/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*******, Н.Т******* нарт холбогдуулан “улсын байцаагч нарын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актын 59.367.648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-иас Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*******, Н.Т******* нарт холбогдуулан “Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн НА-29240000007 тоот нөхөн ногдуулалтын актын 59.367.648 төгрөгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***, өмгөөлөгч М.Ч*** нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“…“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0134 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан боловч, шүүх уг хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, өмгөөлөх эрхээр хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасан.
Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөө оролцуулахаар хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, мөн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараах үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.1-т “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” бол хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүхээс өмгөөлөгчийг биечлэн оролцох эрхийг хангаж, шүүх хуралдаанд цахимаар оролцсон гэж дүгнэдэг.
Гэтэл өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахын тулд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаж, танилцсаны үндсэн дээр шүүх хуралдаанд оролцох агуулгатай байтал хуулийг буруу хэрэглэж, мэтгэлцэх, өмгөөлөх, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангалгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн дээрх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцуулах зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасан “анхан шатны шүүх …өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн”, 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” болох нь тус тус тогтоогдсон тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 4-т энэхүү маргааныг өмнө 2 удаа шийдвэрлэлгүй буцааж байсан талаар, тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн 2025 оны 1479, мөн оны 5086 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг буцаасан байх бөгөөд тухайн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргаж байсан, мөн дээрх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан боловч хариуцагчийн хүсэлт, хуулийн энэхүү зохицуулалтыг харгалзан үзэлгүйгээр ийнхүү шийдвэрлэж байсан атлаа 3 удаагийн хэрэг хянан шийдвэрлэх явцад анх товлосон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***ийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтээр 1 удаа хойшлуулж, харин 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон М.Ч***ийн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авалгүйгээр, өөрөөр хэлбэл хэргийн материалтай танилцаагүй, мэтгэлцэх боломжгүй өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Арбаян гол” ХХК-ийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хуулиар олгогдсон эрхийг хэлбэрийн төдий хангажээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118 дугаар тогтоолд үүнтэй адилтгах тохиолдлыг өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангасан гэж үзэхгүй гэж тодорхой дүгнэсэн байдгаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн өмнөх 2 удаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй нөхцөл байдлыг шинээр оролцож буй өмгөөлөгчид хамаатуулж, мөн түүнийг нотлох баримт шинжлэн судлах явцад хэргийн материалтай танилцах боломжтой мэтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль бус болно.
Өөрөөр хэлбэл товлосон шүүх хуралдаанаас 1 хоногийн өмнө тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтээр оролцох болсон өмгөөлөгч М.Ч***ийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д заасан “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, …” эрхээ хэрэгжүүлэх, 30.4.1-д заасан “хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох”, 30.4.3-т заасан “үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах” үүрээ биелүүлэх боломжийг тус тус олгоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйгээс түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой ч, өмгөөлөгчийн тухайд, тэр тусмаа цахимаар оролцож байгаа тохиолдолд хэргийн материалтай танилцуулалгүйгээр шүүх хуралдаан хийснийг зөвтгөх боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
2.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар хяналт шалгалтын явцад 5 зөрчил тогтоогдсон гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги нийт 77.367.393 төгрөгийн төлбөр тогтоож, харин нэхэмжлэгчийн тухайд үүнээс 59.367.348 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасантай хүссэнтэй холбогдуулан 128/2025/0433 тоот индекстэй хх-ийн 44-р талд авагдсан “А*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооноос үзэхэд нэхэмжлэлийн энэхүү шаардлагад хамаарах хэсэг нь хүснэгтийн:
1 буюу “борлуулалтын орлогыг дутуу тооцсон” зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 27.907.519 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги,
2 буюу НӨАТ-ын борлуулалтын орлогыг жилийн дүнгээр бус дутуу тооцсон” зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 25.312.849 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги,
4 буюу Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажаагүй” зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 6.083.980 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги тус тус ногдуулсан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “…2020 онд Төв чандмань дулааны эрчим хүчний газарт нүүрс нийлүүлэх ажил, үйлчилгээ явуулж байсан, мөн оны эцсээр тус газраас 369.682.335 төгрөгийн авлагатай гарсан. Гэхдээ тооцоо нийлсэн актаар энэхүү авлагаа 2020 оны тайланд тусган, ажил, үйлчилгээний мөнгөө аваагүй тул тухайн оны борлуулалтын тайланд тусгаагүй байж байгаад 2021 онд нэмж тайлагнасан байхад нөхөн ногдуулалтын актаар 59.367.648 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлгүй. Сангийн яамнаас баталсан журмын дагуу нэмж тайлагнасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль үндэслэлд хамаарч байна…” гэж тайлбарлажээ.
Гэтэл нэхэмжлэгчийг 2020 онд “борлуулалтын орлогыг дутуу тооцсон” зөрчил гаргасан гэж үзэхдээ харилцах дансаар орж ирсэн 150.017.000 төгрөгийн дүнтэй ажил, гүйлгээг тайлагнаагүй гэж буруутган, үүнээс хүснэгтийн 1, 2-т заасан төлбөрийг, харин “баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хассан” гэх зөрчилд 32.630.800 төгрөгөөс тооцон хүснэгтийн 4-т заасан төлбөрийг тогтоосон, өөрөөр хэлбэл 1, 2 дахь зөрчилд хамаарах нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал ийнхүү өөр өөр байхад тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа актын маргаагүй буюу хүснэгтийн 3, 5-д заасан зөрчлийн талаар дүгнэлт хийсэн нь, тухайлбал хувийн болон ажилчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардалд тооцож, НӨАТ ногдох орлогыг бууруулсан 3.09.250 төгрөгийн, НӨАТ-ын хий бичилттэй падаанаар татвар ногдох орлогыг бууруулсан 92.750.000 төгрөгийн зөрчлийн талаар тус тус шийдвэрийн Үндэслэл хэсгийн 9-т дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.
Иймд хэргийг дахин шийдвэрлэхдээ 2020 онд борлуулалтын орлогыг дутуу тооцож тайлагнасан гэх зөрчлийн 150.017.000 төгрөг нь тухайн онд Төв чандмань дулааны эрчим хүчний газарт нийлүүлсэн нүүрсний орлогод хамаарах эсэхийг, түүнчлэн энэ нь 2020 оны эцсийн байдлаар тус газраас 369.682.335 төгрөгийн авлагатай байсан гэх үйл баримттай хэрхэн уялдах талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, өмгөөлөгч М.Чингис нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН