Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00959

 

О.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01371 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1825 дугаар магадлалтай,

О.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

О.Одсүрэнд холбогдох

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, орох, гарах гарцыг чөлөөлүүлэх, газрыг ашиглах, эзэмшихэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч О.Эрдэнэсайханаас О.Одсүрэнд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, орох, гарах гарцыг чөлөөлүүлэх, газрыг ашиглах, эзэмшихэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 183/ШШ2020/01371 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн нутаг нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах

1.1060 55' 25.023Е 470 52' 53.388N

2.1060 55' 25.607Е 470 52' 56.522N

3.1060 55' 28.396Е 470 52' 55.974N

4.1060 55' 28.021Е 470 52' 52.798N солбилцлын цэгүүд бүхий 0.6 га газрыг хариуцагч О.Одсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн 0.6 га талбайд орох, гарах гарцыг чөлөөлөхийг хариуцагч О.Одсүрэнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэсайхан нь хариуцагч О.Одсүрэнд холбогдох Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/728 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах, 0.6 га талбайг цаашид ашиглах, эзэмшихэд нэхэмжлэгчид саад учруулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэсайханд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1825 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01371 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ О.Одсүрэнг байлцуулахгүйгээр ИХШХШТХ-н 76.2, 77.8 дахь заалтыг үндэслэн хаягаа өөрчилсөн, гадаад улсад зорчиж байгаа тухайгаа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж ИХШХШТХ-н 100 -р зүйлийн 100.3-т заасны дагуу эзгүйд нь шийдвэрлэсэнд гомдолтой.

О.Одсүрэн нь 2020.05.01-ний өдөр БНСУ-р өвчний улмаас эмчлүүлэхээр явсан боловч дэлхий нийтэд гарсан ковид тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байна. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан мөн . Гэтэл шүүх ИХШХШТХ-н 77-р зүйлийн 77.8-т гадаадад зорчих бол мэдэгдэнэ гэх заалт байхгүй . Монгол улс гадаадад байгаа иргэдээ татах ажиллагааг явуулж байгаа хэдий ч онгоц хүрэлцэхгүй цөөн тоогоор татаж байгаа тул хүлээгдсэн байна.

4.2. Нэхэмжлэгч шүүхэд 2019.06.11-ний өдөр нэхэмжлэл гаргаж шүүх 2019.06.14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. О.Одсүрэн 2019.06.14-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан. 2019.07.31-ний өдөр шүүх хурлыг нэхэмжлэгч талаас хойшлуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020.02.10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримттай танилцуулаагүйгээр шүүх хурлыг хийсэн.

4.3. Шүүх давагдашгүй хүчин зүйлийн улмаас шүүх хуралд оролцож чадахгүй байгаагаа эхнэрээр хэлүүлснийг шүүхээс хил хамгаалахаас лавлагааг авсан атал шүүх хурлыг байлцуулалгүй хийсэнд гомдолтой.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч О.Эрдэнэсайхан нэхэмжлэлийн үндэслэлээ: ...2015.06.23-ны өдөр Хан-Уул дүүрэг болон Богдхан уулын дархан цаазат газартай №2016/103 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсан, ...гэрээний дагуу 2016.01.15-ны өдөр Зайсангийн аманд 0.6 га талбайг 5 жилийн хугацаатай ашиглах тухай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/728 тоот гэрчилгээг олгосон. Ингээд хууль тогтоомжийн дагуу эзэмших эрхийг олж авсан газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэтэл иргэн О.Одсүрэн нь тухайн газарт дураараа хашаа барьж, дотор нь гэр барьж, орж гарах гарцыг хааж, миний газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, зөрчиж байх тул миний эзэмшлийн газрыг О.Одсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, орох, гарах гарцыг чөлөөлүүлж өгнө үү ... гэж тайлбарласан,

хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авсан боловч шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

7. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч О.Эрдэнэсайхан маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч болох нь 2015/728 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах Гэрчилгээ, Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, тус газрын байршлын кадастрын зураг, дээрх газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй, бусад газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газартай давхцалгүй тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн даргын тодорхойлолт зэргээр нотлогджээ.

8. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

10. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь өвчний учир эмчлүүлэхээр БНСУ-руу явсан бөгөөд дэлхий нийтэд гарсан ковид тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан мөн. шүүх хэргийг шийдвэрлэхдээ түүнд хурлын товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ...хэргийн материалтай танилцуулаагүй, ...түүний эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

11. Гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянавал хариуцагч нь 2019.06.14-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд 2019.06.28-ны өдөр хариу тайлбар шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн /хх-24/, шүүхээс тогтоосон хугацаанд тайлбараа ирүүлээгүй бөгөөд 2019.07.25-ны өдрөөс 2020.05.20-ны өдрийн хүртэлх хугацаанд 5 удаагийн шүүх хуралдааны товыг хэрэгт өгсөн хариуцагчийн утас, хаягаар удаа дараа хүргүүлсэн, эхний шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнээс хойш утсаа аваагүй, утас нь холбогдох боломжгүй байх, орох ярианы эрх хаагдсан, хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт хүнгүй, эзэнгүй байсан, 2020.05.20-ны өдрийн хуралдааны товыг хүргэхэд хариуцагч БНСУ-руу явсан талаар дүү нь мэдэгдсэн, хариуцагчийн өмгөөлөгч хуралдааны товыг хүлээн авсан байх ба хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хариуцагчид мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул ...хариуцагч нь хэргийн материалтай танилцаагүй... гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 77 дугаар зүйлийн 77.1-д зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ, хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж, 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ тухай хуульд заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж, 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хаягаа өөрчилсөн, гадаад явсан тухай шүүхэд мэдэгдээгүй байх бөгөөд шүүх шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлж, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ...хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой... талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр маргааны үйл баримтад холбогдох Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1825 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.09.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА

                                              ШҮҮГЧИД                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД