| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/04378/И |
| Дугаар | 101/ШШ2020/03678 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2020/03678
2020 10 23 101/ШШ2020/03678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоот хаягт оршин суух, РП:, А овогт Б-н Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, РД, А Д С Р С ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү 7.416.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09-р сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-10-12-ны өдөр тус компанитай Т1-Д10-БЗ тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 22-р хороо тоот 49,25 м,кв талбай бүхий орон сууцыг тус гэрээний 2-р зүйлийн 2.1 зааснаар 1 м,кв-ыг 1.800.000 төгрөгөөр тооцон нийт 88.650.000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдилгаа 26.595.000 төгрөгийг 2018-10-12-ны өдөр бэлнээр төлж биелүүлж, 62.055.000 төгрөгийг Төрийн банкаар дансаар төлсөн. 2019-08-03-ны өдөр орон сууцнадаа нүүж орж 2019-11-11-ний өдөр М ХХК-иар хэмжилт хийлгэхэд 45,13 м,кв-т гэсэн дүгнэлтийг гаргасан. Захиалсан хэмжээнээс 4,12 м,кв-тай дутуу байсан тул зөрүү 7.416.000 төгрөгийг А Д С Р С ХХК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын компанийн зураг төслийн компани нь нарийвчлан зураг гаргадаггүй. Тодорхой хэмжээний м.кв зөрүү гардаг. Хана хооронд биш баганыг оруулан хэмжилт хийдэг. Зургийн компанийн алдаа дутагдлаас болж ийм нөхцөл үүссэн. Ковид вирустай холбоотой барилгын компани эдийн засаг уналтад орж санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлаас шалтгаалан нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь 3.708.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А Д С Р С ХХК ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 7.416.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М “ковид-19 вирустай холбоотой барилгын компани эдийн засаг уналтад орж санхүүгийн хүндрэлтэй байгаа байдлаас шалтгаалан нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь буюу 3.708.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч А Д С Р С ХХК ХХК-тай 2018-10-12-ны өдөр Т1-Д10-Б3 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч Б.Д тус компанийн барьж буй Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, тоотын 49.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, хариуцагч буюу гүйцэтгэгч А Д С Р С ХХК ХХК 2019-03-30-ны дотор барилгыг байнгын ашиглалтанд оруулах комисс ажиллуулахаар, 1 м.кв талбайн үнийг 1.800.000 төгрөгт тооцон, 49.25 м.кв талбайн үнэд нийт 88.650.000 төгрөгийг төлөхөөр, захиалагч нь төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ-ийн 4-6 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Б.Д нь гэрээгээр тохирсоны дагуу урьдчилгаа төлбөр 26.595.000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд тэдгээр нь 2019-08-02-ны өдөр Төрийн банктай Засгийн газрын эх үүсвэртэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан байрны үлдэх төлбөр 62.000.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлэн орон сууцны төлбөрөө төлсөн нь талуудын тайлбар, орон сууцны зээлийн гэрээгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно. /ХХ-ийн 19-20, 22-27, 61 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтэд:
“Орон сууцны талбайн хэмжээг Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг үндэслэн хэмжилт хийж дүгнэлт гаргав. Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 45.13 м.кв” гэсэн бөгөөд тус компани уг үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхтэй нь дүгнэлтэд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 8-18 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорхи талбай нийт метр квадратад тооцогдсон болно,
3.1.4-т Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1 метр квадрат хүртэлх талбайн хэлбэлзэл мөн энэ гэрээний 3.1.3 заалтыг үндэслэн нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.4 дэх заалт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон сууцны барилгыг шинээр барьж худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлан 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана .. гэж заажээ.
Нэхэмжлэгч нь орон сууцыг 2019-08-03-ны өдөр хүлээн авч талбайн хэмжээг нь 2019-11-11-ний өдөр М ХХК-иар хэмжүүлэн орон сууцны талбай зөрүүтэй гэх асуудлаар гүйцэтгэгчтэй тохиролцоогүй үндэслэлээр 2020-08-21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020-08-28-ны өдрийн 16282 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба 2020-09-07-ны тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна. /ХХ-ийн 1 дүгээр хуудасны ар тал, 34-35 тал/
Хариуцагч буюу гүйцэтгэгч А Д С Р С ХХК ХХК нь нэхэмжлэгч буюу захиалагч Б.Дтай 2018-10-12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа 49.25 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгөхөөр тохирсон хэдий уг хэмжээнээсээ даруй 4.12 м.кв талбай дутуу орон сууц хүлээлгэн өгсөн нь М ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдлоо.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэх бөгөөд уг доголдлыг арилгуулах үүднээс орон сууцны дутуу талбайн зөрүү үнийг хариуцагч А Д С Р С ХХК ХХК-иас гаргуулах нь зүйтэй.
/49.25 м.кв-45.13 м.кв=4.12 м.кв, 4,12х1.800.000 төгрөг=7.416.000 төгрөг байна/
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч А Д С Р С ХХК ХХК-иас 7.416.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгох нь зүйтэй.
Мөн нөгөөтэйгүүр хариуцагчийн “ковид-19 вирустай холбоотой барилгын компани эдийн засаг уналтад орж санхүүгийн хүндрэлд орсон учир төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч А Д С Р С ХХК ХХК-иас 7.416.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.606 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А Д С Р С ХХК-иас 133.606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА