Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/03899

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х Б ХХК

Хариуцагч: Ц Г ХХК

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,968,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани “Ц Г” ХКХ-тай 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд баригдсан “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилгын сантехникийн ажлыг хугацаанд нь чанарын сайн дүнтэй хийж гүйцэтгэн 2016 оны 12 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэрээний 3.1-д гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс, сантехникийн материалын хамт нийт 73,500,000 төгрөг болно. Мөн “Ц Г” ХХК нь манай компаниас 8,812,000 төгрөгийн сантехникийн бараа материал зээлж авсан бөгөөд манайд нийт 82,312,000 төгрөгийн төлбөртэй болсон. Нийт 82,312,000 төгрөгөөс 2017 оны 6 угаар сард 60,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 3,000,000 төгрөг, нийт 63,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19,312,000 төгрөгийг төлөхгүй компанийг хохироож байна. “Ц Г” ХХК нь манайхаас зээлээр авсан бараа материалын үнэ болох 8,812,000 төгрөгийн төлбөрийг уг 63,000,000 төгрөгтөө багтааж төлсөн ба “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 19,312,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т “Ерөнхий гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хөлсийг төлөвлөсөн хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хүү алдангийг хариуцан гүйцэтгэгчид төлнө” гэсний дагуу 19,312,000 төгрөгийн 50 хувь буюу 9,656,000 төгрөгийг алдангийн хамт нийт 28,968,000 төгрөгийг хариуцагч “Ц Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Ц Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Х Б” ХХК-тай хамтран Налайх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн барилгын дотор сантехникийн ажлыг хийлгэсэн.

Гэвч барилгын хуулийн дагуу баталгаат хугацаа 3 жил, зүгшрүүлэлт 1 жил, нийт 4 жил, манай компани барилгын засвар үйлчилгээ гүйцэтгэгчээс хамаарсан эвдрэл гэмтлийг хариуцна. Гэрээт ажил хийсэн компаниуд мөн өөрсдийн хийсэн ажлыг хариуцах хуультай. Энэ хугацаанд манай компани болон бусад туслан гүйцэтгэгч компаниуд тус бүрийн хийсэн ажилд гарсан засвар үйлчилгээг хийсээр ирсэн.

Гэтэл “Х Б” ХХК өөрсдийн хийсэн сантехникийн гарсан эвдрэл гэмтлийг засварлаж байгаагүй. Мөн дуудахад хариу өгөлгүй сураггүй болдог.

Тиймээс манай компани мэргэжлийн сантехникийн компани дуудаж, зардлыг өөрсдөө хариуцаж, уг засвар эвдрэлийг засаж янзлуулсан. Үүнд:

  • Усан бассейны техникийн өрөөний узелийн засварыг 3 удаа хийсэн.
  • Халаалт хангалтгүй  өрөөнүүдэд радиатор сольсон.
  • 1 дүгээр давхрын магистрал хоолой хагарсныг засварлаж хаалтуудыг сольсон.
  • Магистрал хоолойг зургийн дагуу бус хийснээс болж магистрал хоолойг засварын хөндийтэй байх ёстой байтал хөндийгүй бетондож далдалсан.
  • Далдалж цутгасан бетоныг хуулж засварлах хөндийг технологийн горимын дагуу тэгшлэн шинээр тагнууд хийж байршуулсан.
  • 1 дүгээр давхрын магистрал хоолойн гагнаас холболтыг муу хийснээс байнга ус алдаж өвлийн улиралд барилгын халаалтыг зогсоож магистрал хоолойн гагнаасыг засварлаж гагнасан.
  • 4 дүгээр давхрын ариун цэврийн өрөөний хүйтэн усны шугам хоолой задарснаас болж 1 давхар хүртэлх ханыг заслыг /будаг, замаск, эмульс, шавар/ гэмтээснээс заслын ажлыг шинээр хийсэн.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч “Ц Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,968,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны зарыг зохигч талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Ажил туслан гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч тал буюу “Х Б” ХХК нь захиалагч тал буюу “Ц Г” ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр барьж буй Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Хүүхэд хөгжлийн төвийн барилгын дотор сантехник, цэвэр бохир усны ажлыг /угсралтын ажил/ хариуцан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний 3.1-д “Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс, сантехникийн материалын хамт нийт 73,500,000 төгрөг байна.”,  гэрээний 3.2-т “Уг ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.” гэж заажээ.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2016/638 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд, нэхэмжлэгч “Х Б” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил туслан гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, улмаар гүйцэтгэгдсэн ажлыг захиалагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч “Ц Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлээр бус баталгаат хугацаа 3 жил, зүгшрүүлэлт 1 жил, нийт 4 жилийн хугацаанд засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн хэмээн маргасан.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүйн дээр шүүхэд тодорхой шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

“Х Б” ХХК нь нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийт 54,188,000 төгрөгийг “Ц Г” ХХК-иас хүлээн авснаа шүүхэд мэдүүлсэн ба хариуцагч тухайн төлбөр тооцооны талаар тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй, төлбөрийн үлдэгдлийг үгүйсгээгүй тул 19,312,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил туслан гүйцэтгэх гэрээ”-ний 10.3-т “Ерөнхий гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хөлсийг төлөвлөсөн хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хүү алдангийг хариуцан гүйцэтгэгчид төлнө.” гэж заасан, нэхэмжлэгч нь алданги 9,656,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги...” 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагч талаас шаардаж, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03116 дугаартай шийдвэрээр хариуцагч компани болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хариуцагчийн оршин байрлах хаягийг олж тогтоосон тухай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 27м1а/3479 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Ц Г” ХХК-иас 28,968,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 302,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.УНДРАА