Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2021/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би иргэн С.*******ын Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж гаргасан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ

Миний бие ******* овогтой ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Б/07 дугаар захирамжаар Завхан аймгийн ******* сумын Нуур багийн засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/14 дүгээр захирамж гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөллөө. Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/14 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн боловч Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэр гаргана гэсэн заалтаа зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг чөлөөлөх талаар иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй байхад багийн Засаг даргын ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжид "Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэл байх боловч, хуульд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон талаар иргэдийн Нийтийн Хурлын санал байхгүй байж, ямар нөхцөл байдал, шийдвэрийн улмаас бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хэмээн үзэж байгаа нь мөн тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн багийн нийтийн хурал хуралдаагүй дараагийн багийн Засаг даргыг хуулийн дагуу томилоогүй атал ийнхүү шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Аливаа захиргааны байгууллага эсхүл түүний төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд шийдвэр гаргахаас өмнө тухайд хэрэгт оролцогчийг урьдчилан сонсох буюу тайлбар авах санал гаргах боломжоор хангах ёстой талаар Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Гэвч ******* сумын Засаг дарга нь 2020 оны Б/14 дүгээр захирамж буюу захиргааны акт гаргахаасаа өмнө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, надаас тайлбар, санал авалгүй шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж байна. Би урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх зорилгоор дээд шатны Засаг дарга болох Завхан аймгийн Засаг дарга Д.*******д гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Тиймээс Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.******* би Завхан аймгийн ******* сумын Засаг дарга С.*******т холбогдуулж гаргасан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан татгалзлаа шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан С.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР