Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б*******ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.Б*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/741 дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0148 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0940

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Б*******аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/741 дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0148 дугаар шийдвэрээр: 

“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б*******ы Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/741 дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох болон нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх нь устгагдсан 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/741 дүгээр тушаалыг маргаан бүхий захиргааны акт хэмээн үзэж, харин 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг захиргааны акт биш хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай А/741 дүгээр тушаалыг устгаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/94 дүгээр тушаалыг нөхөн гаргаж, хаягаар шуудандсан болохыг хариуцагчийн зүгээс тайлбарласан. Түүнчлэн шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг захиргааны хүчин төгөлдөр акт болохыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/741 дүгээр захиргааны акт устгагдаж, одоогоор тухайн дугаартай акт хариуцагчид байхгүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог.

Түүнчлэн анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай 27.1.1-т заасан үндэслэл, мөн сонсох ажиллагаа зохих ёсоор хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн шийдвэрээ танилцуулсан атлаа бичгээр гаргасан шийдвэрийн Тогтоох хэсэгтээ өмнө дурьдаагүй үндэслэлүүдийг дурджээ.

Мөн С.О*******ыг гуравдагч этгээдээр татаагүйд гомдолтой байна. Учир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн С.О*******ыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/95 дугаар тушаалаар миний үйлчлүүлэгчийн оронд С.О*******ыг томилсон болохыг мэдэж, улмаар миний үйлчлүүлэгч Л.Б******* нь С.О*******ыг гуравдагч этгээд оролцуулах хүсэлттэй байгаагаа шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны үед хүсэлтээ дэмжиж буйгаа илэрхийлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд тэрхүү хэсэг нь бичигдээгүй байна.

Миний үйлчлүүлэгчийг тодорхойгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн атлаа С.О*******ыг хэрхэн сонгож, ямар үндэслэлээр томилсон болох нь тодорхойгүй байдаг. Төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй С.О*******ын төрийн албаны анкетыг шинжлэн судлахад миний үйлчлүүлэгчийн анкеттай хольсон байсан нь хавтаст хэрэг шинжлэн судлах явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажил, албан тушаалд тавигдах шаардлагыг огт хангахгүй, нөөцөд бүртгэлгүй этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажил, үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэж ирсэн Л.Б*******ыг өвчтэй байх хугацаанд чөлөөлснийг хууль ёсны захиргааны шийдвэр хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Түүнчлэн Л.Б******* нь 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ны өдрүүдэд өвчний магадлагаа, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдрүүдэд мөн өвчтэй, магадлагаатай байсаар байсан. Мөн өвчтэй байх хугацаанд худал хэлж ажлын байранд ирүүлснийг шүүх хуралдааны үед тайлбарласаар байсан ч үл харгалзаж, өвчтэй байна хэмээн үзсэнд гомдолтой байна.

Дээрхээс гадна Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд жинхэнэ албан хаагч томилогдоогүй байхад Түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгч-ээр сольж томилох эрх зүйн үндэслэлгүй байхад шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Ийнхүү хуулийг өөрөөр тайлбарлаж, хэрэглэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6-д заасан зарчмыг үл харгалзаж, мөн нотлох баримтыг тал бүрээс нь, бодитоор үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Л.Б*******ыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/95 дугаар тушаалаар С.О*******ыг уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон, нэхэмжлэгчээс 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр С.О*******ыг томилсон дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан, 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв төлөөлүүлэгчийнхээ энэхүү хүсэлтийг дэмжиж оролцсон байх боловч шүүгчийн мөн өдрийн 804 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын зарим хэсэг болох “С.О*******ыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2025 оны Б/95 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзжээ.

Гэвч энэхүү захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй, мөн захирамжид заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гарган улмаар шүүхэд дахин шаардлагаа нэмэгдүүлээгүйгээс гадна өмнөх С.О*******ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан болох нь 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй, иймд “…С.О*******ыг гуравдагч этгээдээр татаагүй, мөн энэхүү хүсэлтээ дэмжиж оролцсон боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин С.О*******ын төрийн албан хаагчийн анкет “Б” хэсэгт “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн албаны нөөцөд байхгүй” гэж тэмдэглэсэн, давж заалдах гомдолд “…төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй С.О*******ыг үүрэг гүйцэтгэгчээр хэрхэн сонгож, ямар үндэслэлээр томилсон болох нь тодорхойгүй, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч томилогдоогүй байхад түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр сольж томилох эрх зүйн үндэслэлгүй…” гэсэн ч нэгэнт С.О*******тай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй, түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээсээ татгалзсан энэ тохиолдолд хэдийгээр гомдлын энэ хэсгийг үгүйсгэхээргүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан болно.

2.Шийдвэрт сайдын 2025 оны А/741 дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болжээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргаж болохоор зохицуулсан, гэтэл А/741 гэсэн дугаартай тушаал байхгүй гэж ойлгож болохоор, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг захиргааны ажилтан ийнхүү буруу дугаарлаж, техникийн алдаа гаргасныг зөвтгөн Б/94 гэж дугаарласан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/94 дугаартай тушаал хүчинтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай тайлбарласан, холбогдох нотлох баримтыг ч гаргаж өгчээ.

Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.3-4.9-т энэ талаар тодорхой дүгнэсэн, тухайлбал тушаалын дугаарыг зөвтгөн засаж өөрчилсөнөөр өөр агуулга, үр дагавар үүсгэхгүй талаар, Захиргааны ерөнхий хуульд актын илэрхий алдааг утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр захиргаа өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засч болох зохицуулалттай талаар, буруу дугаарлагдсан гэх А/741 дүгээр тушаал бие даасан захиргааны акт болохгүй талаар тус тус зөв дүгнэсэн атлаа энэхүү тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзалгүйгээр, хэрэгсэхгүй болгосон нь энэ шаардлагын хувьд шийдвэрийн Үндэслэл болоод Тогтоох хэсэг өөр хоорондоо нийцсэнгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч “…А/471 дүгээр тушаал ач холбогдолгүй, тухайн үед эрх зүйн үр дагаврыг нь үйлчлүүлэгчдээ тайлбарласан боловч маргаад үзье…” гэсэн болохыг тэмдэглэв.

3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээдээс тухайн орон тоог хэрхэн нөхөх талаар зохицуулсан, гэтэл хариуцагчаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын сул орон тоог дээрх хуулийн 27.1.1-27.1.3-т заасан шаардлага хангасан төрийн албан хаагчдаас 27.2-т заасны дагуу сонгон шалгаруулж бус харин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар хуульд заасан шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй нэхэмжлэгч Л.Б*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, тухайн үед түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2024 оны 01/18518 дугаар болон нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу өгсөн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04/2169 дүгээр албан бичигт хууль зөрчиж томилогдсон талаар тодорхой дурджээ.

Иймд сонгон шалгаруулалтаар, тусгай шалгалт өгч томилогдох хуулийн шаардлагыг зөрчиж, хууль бусаар томилогдсон нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй, шийдвэрт энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэрнээ маргаанд шууд хамаарал бүхий хуулийн заалтыг Тогтоох хэсэгт баримтлаагүй байна.

 Харин нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилох бус чөлөөлж байгаа энэ тохиолдолд тушаалд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 буюу “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үр дагаварт хүргэхгүй.

4.Шийдвэрт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-ээс гадна уг хуулийн 23.2.3, мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг тус тус баримтласан нь тэмдэглэл, шийдвэр хоорондоо зөрчилдсөн гэж үзэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн шаардлага болно.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, нэхэмжлэгчээс 25-ны өдөр “…эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай эмчилгээ хийх шаардлагатай болсон тул сонсох ажиллагаанд заасан хугацаанд бус, эмчилгээний дараа ажил хүлээлцэх боломжоор хангаж өгөх”-ийг хүсэхдээ 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгосон, гэхдээ 24-нөөс 30-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг хавсаргасан, улмаар мөн оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажил хүлээлцсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас шийдвэр гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 148 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б*******ы “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүгийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” А/471 дүгээр тушаалыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай”, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч Л.Б*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэвийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                        А.САРАНГЭРЭЛ

 

                       ШҮҮГЧ                                                          Л.ОДБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН