Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Билэгсайхан, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч Ч.Хүрэлчулуун, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Борчулууны Билэгсайхан, Боржигон овогт Чулуунбатын Хүрэлчулуун нарт холбогдох эрүүгийн 201626031505 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, өвөг эцгийн хамт Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа 18-624 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Борчулууны Билэгсайхан /РД:УИ91100773/,  

 

2.Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хориулт” ХХК-нд кабелчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа 19-641 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулуунбатын Хүрэлчулуун /РД:ЗП93040519/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нар нь бүлэглэн, согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” нэртэй баарны гадаа хохирогч Ц.Баярсайханыг “зодоон хийж болохгүй, хууль дүрмээрээ байцгаа” гэж хэлснээс болж үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч хохирогч Ц.Баярсайханыг зодон биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ч.Хүрэлчулуун: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ц.Баярсайханы: “... 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би манай баараар үйлчлүүлсэн Б.Билэгсайханыг гадаа үүдэнд зогсож байхад нь араас нь гараад шаардлага тавьсан. Учир нь түүнийг согтуу байсан тул хэн нэгэнтэй хэрүүл зодоон хийх вий гэж санаа зовж араас нь гарсан. Тэгтэл тэрээр үүдэнд нэг хүнтэй юм яриад зогсож байсан. Дэргэд нь Ч.Хүрэлчулуун зогсож байсан. Харин би “та нар хэрүүл зодоон хийгээд байгаа юм биш биз дээ, тэгэж болохгүй шүү, одоо хууль дүрэм чангарсан байхад хүнтэй муудалцаад яах вэ” гэж хэлсэн. Харин Б.Билэгсайхан нь “юун хууль дүрэм яриад байгаа юм, чиний хууль дүрэм чинь яадаг юм” гэсэн. Тэгэхээр нь би түүнийг ороод ширээн дээрээ суу гээд ханцуйнаас нь татсан. Тэгтэл намайг зөрүүлж татаад миний нүүрэн тус газар гарынхаа нударгаар эхэлж цохьсон. Тэгээд үргэлжүүлээд хэд хэдэн удаа намайг гараараа цохиж эхэлсэн. Энэ үед Ч.Хүрэлчулуун дундуур орж ирээд миний толгойг хоёр гараараа давуулж хоолойг боосон ба намайг эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгож барьсан. Харин энэ үед нь Б.Билэгсайхан миний нүүр, хөл, гар руу хэд хэдэн удаа гараараа цохиж, хөлөөрөө бас өшиглөж байсан. Яг хэлсэн дээрх үйлдэл манай хяналтын камерт бичигдсэн байгаа. Түүний дараа Б.Билэгсайханыг Эрка гэж дууддаг Э.Эрдэнэхүү ирж салгасан. Харин Ч.Хүрэлчулуун намайг зуурсан чигээрээ үлдсэн. Би түүнээс толгойгоо дээш нь татаж аваад цаашаа баар руугаа орох гэж хичээж баар руугаа тэмүүлж байхад тэрээр миний нүүрэн тус газар буюу үүдэн шүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэр баруун хөлөөрөө өшиглөсөн. Гутал нь миний аманд ороод гарч байсан. Дээрх үйл явдал хурдан болж өнгөрсөн. Намайг зодчихоод тэр хоёр зугтаагаад явсан. Харин Э.Эрдэнэхүү үлдсэн байсан. Тэгэхээр нь би Э.Эрдэнэхүүгээс тэр хоёрыг асууж дуудуулахад Билэгсайхан нь хүрээд ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 Гэрч Б.Бат-Эрдэнийн: “...Удалгүй манай бааранд үйлчлүүлж байсан хэдэн залуус гарсан. Тэдний араас Баярсайхан ах гарсан. Хэрүүл зодоон хийж магадгүй, гарч харъя гээд араас нь гарсан. Харин би дэлгүүрээс гурил авахаар гарахад Баярсайхан ах үүдэнд зогсож байгаа залууст “та нар зодоон цохион хийж болохгүй шүү” гээд хэлээд зогсож байсан. Тэгчихээд би дэлгүүрээс гурил авчихаад буцаад баар руу орох гээд очтол Ц. Баярсайхан ах буланд шахуулчихсан зодуулж байсан. Яг эхэндээ би тэднийг хараад зодуулж байгаа хүн нь Баярсайхан ах гэж таниагүй, хажуугаар нь зөрөөд баар руу орох үедээ таниад баарны дотор талаас нь Баярсайханы хойноос бүсэлхий хэсгээс нь татаж баар руу оруулсан. Энэ үед урдаас нь Баярсайхан ахыг татаад тавихгүй байсан ба тэр тавихгүй байсан залуу Ц.Баярсайхан ахын нүүрэн тус газар нэг удаа маш хурдан өшиглөчихсөн. Тэгээд намайг татаж байсан болохоор тавьсан. Би Баярсайхан ахыг татаж оруулаад арын өрөө рүү нь оруулсан. Ц.Баярсайхан ахын хамар нь далийж, зүүн нүд нь хавдаж, хөхөрсөн байсан. Хамарнаас нь цус гарсан байсан. Би түүнээс өөрийг нь ямар шалтгаанаар тэр хоёр залуу зодсон талаар асуугаагүй. Оруулж өгчихөөд ажлаа хийх гээд гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч М.Жаргалын: “...Гадаа баарны үүдэнд зогсож байхад Ч.Хүрэлчулууны нэг сургуулийн танихгүй хэдэн хүүхдүүд Хүрэлчулуунтай болон Билэгсайхан нартай юм яриад зогсож байх шиг байсан. Тэр үед бид нар бүгд согтчихсон байсан. Миний хувьд нэлээн согтсон байсан. Би тэр үед тэднээс цаашаа холдоод тамхи татаад утсаар ярьчихаад буцаад ирсэн чинь баарны эзэн Ц.Баярсайхан нь Б.Билэгсайхан Ч.Хүрэлчулуун нарт зодуулсан гээд байж байсан. Яг зодуулах үед нь би хажууд нь байгаагүй. Тэднийг салгасан хүн нь бол би биш, энэ асуудал болох үед би цаана нь холхон утсаараа хүнтэй ярьж байсан. Маргааш нь дээрх болж өнгөрсөн асуудлын талаар сураг сонсоход “өчигдөр Билэгсайхан, Хүрэлчулуун нар Ц.Баярсайханыг зодсон” гэж хэлсэн. Яг ямар шалтгаанаар дээрх асуудал үүссэн гэхээр Б.Билэгсайхан нарыг гадаа зогсож байхад Ц.Баярсайхан ах гэрч ирээд хууль дүрэм ярьсан гэсэн. Тэрнээс болж Б.Билэгсайхан, Ц.Баярсайхан ах хоёр нэг нэгнийгээ таталцаж түлхэлцээд тэгээд дээрх асуудал болсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Э.Эрдэнэхүүгийн: “...Б.Билэгсайхан нь Ц.Баярсайхантай маргалдаж түүнийг зодсон. Яг зодох үед нь би хажууд нь байгаагүй. Гадаа тамхиа татаж дуусчихаад ороод ирсэн чинь шатны доор Б.Билэгсайхан нь Ц.Баярсайханыг гарынхаа нударгаар миний харснаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод Б.Билэгсайханыг татаж холдуулсан. Харин Ч.Хүрэлчулуун нь Ц.Баярсайхантай зууралцаад үлдсэн. Сүүлд нь би дээрх найзуудтайгаа уулзахад Ч.Хүрэлчулуун нь би тэр үедээ согтуудаа Ц.Баярсайханыг өшиглөсөн байна гэж хэлж байсан. Миний харснаар Б.Билэгсайхан нь Ц.Баярсайханы нүүрэн тус газар нь өшиглөөгүй. Ч.Хүрэлчулуун өшиглөсөн. Тэгээд би Б.Билэгсайханыг салгаад баарны үүднээс аваад гарсан. Тэгэхэд Б.Билэгсайхан нь гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Э.Өлзиймаагийн: “...Нэг залуу нь эхэлж нүүр рүү нь гарынхаа нударгаар хэд хэдэн удаа цохиод бие рүү нь өшиглөөд нөгөө залуу нь Ц.Баярсайханыг толгойгоор нь боочихоод тавихгүй нөгөө залуудаа нөхрийг маань зодуулаад байсан гэсэн. тэр боогоод тавихгүй бйасан залуу нь нөхрийн нүүрэн тус газар нь өшиглөсөн гэсэн. Миний хувьд нөхрийг зодсон хоёр залууг бол таньж мэдэхгүй. Өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Миний нөхөр Ц.Баярсайхан нь энэ хоёртой уг нь хэрүүл маргаан хийгээгүй. Харин зодоон цохион хийж болохгүй гэж зөв шаардлага тавьсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14644 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39 дүгээр хуудас/

-2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

-2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

            -2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Билэгсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би нэг залуутай цэрэг татлагын талаар яриад зогсож байтал баарнаас Ц.Баярсайхан ах гэрч ирсэн. Тухайн үед Ц.Баярсайхан нь “та нар зодоон цохион хийгээд байгаа юм уу, хууль дүрмээ мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “зодоон цохион хийгээгүй ээ, юун хууль дүрэм яриад байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Ц.Баярсайхан ах намайг куртикнээс доош нь баар руугаа татсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиултал дахиж барьж авахаар нь би тавиулах гэтэл өмсөж байсан куртик маань урагдсан. Тэгэхээр нь би Ц.Баярсайханыг нүүрэн тус газар нь гарынхаа нударгаар 2 удаа цохьсон. Доошоо түүнийг барьсан чигээрээ шатаар уруудахад Ц.Баярсайхан газар унасан. Босож ирэх үед нь Ч.Хүрэлчулуун дундуур орж ирсэн. Энэ үед нь би дахиад 2 удаа гараараа цохьсон. Хөл рүү нь би 2-3 удаа өшиглөсөн. Өөр байдлаар цохиж зодоогүй. Намайг тэр үед Эрдэнэхүү салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Хүрэлчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид хэд өөр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Дээрх хэдтэй найз Б.Билэгсайхан нь өөрөө цэрэгт явж байсан болохоор цэргийн талаар юм яриад байх шиг байсан. Би яг юу гэж ярьсан болохыг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал уг үед Ц.Баярсайхан ах баарнаас гарч ирсэн. Тэр үед тэрээр бид нарыг тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Ямар ч байсан тэр үед Ц.Баярсайхан нь “та нар зодоон зохион хийж болохгүй шүү” гээд баахан хууль дүрэм яриад байсан. Харин бид хэд “үгүй ээ” хэрүүл маргаан хийгээгүй байна” гэж хариулсан. Тэгтэл нэг мэдсэн чинь Ц.Баярсайхан, Б.Билэгсайхан хоёр нэг нэгэнтэйгээ барьцалдаад авсан. Тэгээд Б.Билэгсайхан нь Ц.Баярсайханыг гараараа цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би тэдний голоор нь салгах гэж орсон. Би тэр үед дээгүүрээ малгайтай куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, пүүзэн гуталтай, мөн би нэг саравчтай малгай өмссөн байсан. Тухайн үед болсон асуудлаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69, 91 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70, 92

дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71, 93 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Билэгсайханы боловсролын гэрчилгээний хуулбар,  шагнал, урамшууллын хуулбарууд /хх-ийн 76-90 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ч.Хүрэлчулууны боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /94-100 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

          Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

         Шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нар нь бүлэглэн, согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” нэртэй баарны гадаа хохирогч Ц.Баярсайханыг “зодоон хийж болохгүй, хууль дүрмээрээ байцгаа” гэж хэлснээс болж үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч хохирогч Ц.Баярсайханыг зодон биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ц.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч М.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Э.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14644 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Баярсайханы биед зүүн гайморын хөндийн урд доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, духанд цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  гэсэн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин,  хүч хэрэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Б.Билэгсайхан Ч.Хүрэлчулуун нар нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2.260.000 төгрөгийг хохирогч Ц.Баярсайханд төлсөн. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нарыг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ.   

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд,  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Билэгсайхан, Ч.Хүрэлчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.