Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/03694

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, РД, Г овогтой А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, Га овогтой Г,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, овогтой Г. нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Гийн 16.150.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Г.Г, Ү.Г., хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М ХХК-ийн захирал Г.Гтой аман гэрээ байгуулж 30.000.000 төгрөгөөр ХААН банкны Гаймаг дахь “Гуулин” тооцооны төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Миний бие ажилчид хөлслөн ажиллуулж 2019-05-17-ны өдрөөс 2019-06-17-ны өдөр хүртэл ажлаа хийж дуусган хүлээлгэн өгсөн. Тохиролцсон 30.000.000 төгрөгөнд тухайн ажлыг хийж гүйцэтгэх материалын зардал, тухайн ажлыг хийж гүйцэтгэх хөлс багтсан байсан бөгөөд Г.Г нь Г.А миний Хаан банкны дансанд цувуулан 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл үлдэгдэл зардал 15.000.000  төгрөгөө өгөлгүй өнөөг хүрлээ. Иргэний хуулийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 351.1 “3ахиалагч дараахь үүрэг хүлээнэ”. 351.1 “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлнө” гэж заасан. Г.Г нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн материалын зардал, ажлын хөлсөө 15.000.000 төгрөгөө төлж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй намайг хохироож байна. Миний бие хөлслөн авч явсан ажилчдынхаа хөлсийг одоог хүртэл өгөөгүй. Тэд надаас удаа дараа нэхэмжилж би хувиасаа ажилчидын зарим хөлсийг төлсөн. Дээрх асуудлыг хөлслөн авч ажиллуулсан ажилчид болох Ч.Б, Э.Бнар болон бусад ажилчид гэрчилнэ. Гэтэл Г.Г нь Үнэнхүү овогтой Г.тэй аман гэрээ хийсэн. Харин Г.Атэй гэрээ хийгээгүй, ажлын явцыг Ү.Г. хариуцна гэж тайлбар гаргажээ. Тухайн барилгын ажил гүйцэтгэх аман гэрээг байгуулахад Ү.Г. оролцсон. Иймд Ү.Г.ийг хамтран хариуцагчаар татаж, ажлын хөлс 15.000.000 төгрөгийг Г.Г, Ү.Г. нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Доголдолтой ажлын гүйцэтгэлд 6.000.000 төгрөгийн ажлын хөлс зарлагадсан гэж байгаа хэдий ч үүнийгээ нотолсон баримт нь шаардлага хангахгүй байна. Материалын зардалд 7.800.000 төгрөг зарцуулсан гэх боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу 32 м.кв Гуулин тооцооны төвийн барилгыг нэхэмжлэгч тал барьж гүйцэтгэхэд нийт 15.000.000 төгрөгийн барилгын материал зарлагадсан байдаг. Гэтэл барилгыг нурааж дахин гүйцэтгэл хийх хэмжээний зардал гаргасан мэт үндэслэлгүй 7.800.000 төгрөгний баримт бүрдүүлэн хавсаргасан нь зардлыг хэтэрхий баримжаагүй тооцоололгүй, өндөр үнэлж тогтоосон байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн зардалд 2.000.000 төгрөг зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байна. Хүлээн авах томилолтын зардал 350.000 төгрөг гэсэн нь нэхэмжлэгч Г.Ад огт хамааралгүй зүйл байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Ганболдын Гийн 16.150.000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн РД:*******, Ү.Г.тэй аман гэрээ хийж Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг нийт НӨАТ-тэй 34.000.000 төгрөгөөр 2019-06-05-ны дотор өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг аман гэрээнд ажил эхлэхэд нийт төлбөрийн 50 хувийг, ажлыг актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл 50 хувийн төлбөрийг олгоно гэсний дагуу 2019-05-02-ны өдөр иргэн Үнэнхүү овогтой Г.ийн Хаан банкны 50тоот дансанд 10.000.000 төгрөг, 2019-05-04-ний өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээний урьдчилгаа болох 17.000.000 төгрөгийг шилжүүлсний дараа Үнэнхүү овогтой Г. ажлын явцыг хянан хариуцна, харин Гаанжуурын А хуанлийн 28 хоногийн дотор гүйцэтгэн хүлээлгэн өгнө хэмээн 2019-05-06-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үед би Үнэнхүү овогтой Г.тэй аман гэрээ хийж тохиролцсон тул түүнд итгэл хүлээлгэсэн. Гэвч барилгын ажил 2019-06-05-ны өдөр дуусаагүй бөгөөд Хаан банкны ӨХГ-ын инженер Д.Б-г 2019-06-28-ны өдөр ажлыг шалгахаар очиход иргэн А ажлыг хүлээлгэн өгөлгүй орхин явсан төдийгүй гүйцэтгэсэн ажил нь 100 хувийн чанарын шаардлага хангахгүй байна хэмээн дүгнэлт гарч манай байгууллагад гүйцэтгэгчийг солих эсвэл манай байгууллагатай хийсэн Хаан банкны гэрээг цуцлах мэдэгдлийг 2019-07-05-ны өдөр Хаан банкны ӨХГ-ын инженер Д.Б ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу анх аман гэрээ хийсэн Үнэнхүү овогтой Г.-д ажлын шаардлагын дагуу дахин хийж хүлээлгэн өгөх хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан боловч барилгын ажлыг дуусган хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн хариуг 2019-07-20-нд мэдэгдсэн тул арга буюу 2019-08-05-ны өдөр М-тай Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг хийж гуйцэтгэх гэрээ хийн ажлын хөлсөнд 6.000.000 төгрөгийг олгон шаардлагатай материалыг манай байгууллагын зүгээс хангасан. Шаардлага хангахгүй ажлыг буулган дахин засварлах ажилд ажлын хөлс 6.000.000 төгрөг, материалын зардал 7.800.000 төгрөг, тээврийн зардал 2.000.000 төгрөг, томилолтын зардал 350.000 төгрөг, нийт 16.150.000 төгрөг зарцуулж 2019-10-07-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Манай байгууллагын Хаан банктай байгуулсан 2019-04-29-ний өдрийн №798 тоот гэрээнд Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын засварын ажлыг 2019-06-17-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байсан ба гэрээний 4.1 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги, 4.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний торгууль төлөх байсан ч Хаан банкны ӨХГ цаашдын хамтын ажиллагааг харгалзан үзэж Гуулин тооцооны төвийн барилгын засварын ажлыг 2019-06-17 өдрөөр хүлээн авч алданги, торгууль зэргийг хөнгөлж өгсөн. Гэвч иргэн Аийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажил чанарын шаардлага хангаагүй мөн захиалагчийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхээс татгалзаж ажлыг хаяж явсанаар барахгүй манай багууллагын нэр төрд халдаж 2019-09-12-нд Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Бэлл болон Хидео Савада нарт өргөдөл гарган манай байгууллагыг гэрээний үүргээ биелүүлээгүй ажлын хөлсийг олгоогүй зэргээр гүтгэн доромжилсон. Мөн Хаан банкны ӨХГ-ын инженер Д.Б-г удаа дараа сүрдүүлж заналхийлсэн. Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон болон чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн зэрэг нь манай байгууллагатай Хаан банктай гэрээ хийгдэхээр урьдчилан тохиролцсон Ховд аймгийн 3 салбарын засварын ажил, Г аймгийн А сумын Хаан банкны барилгын засварын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлуудыг алдахад хүргэсэн. Манай байгууллага иргэн Үнэнхүү овогтой Г.тэй ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан ба иргэн Атэй ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулаагүй мөн дээр дурдсан зөрчил дутагдлыг үндэслэн түүний гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г-оос шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.А нь тус шүүхэд хандан иргэн Г.Г миний биед холбогдуулан Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн гээд ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэнтэй холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Манай компани нь Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр Хаан банктай 2019-04-29-ний өдөр “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан юм. Тус ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр Ү.Г.ийг ажиллуулахаар тохиролцож, түүний Хаан банкны дансанд урьдчилгаа төлбөр болох 17.000.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл төлбөрийг ажлын үр дүнг 2019-06-05-ны өдөр хүлээлгэж өгөхөд шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дараа Ү.Г. нь тус ажлыг Г.А хариуцан гүйцэтгэн хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн. Гэвч Ү.Г. болон Г.А нь тус ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй, шаардлагын дагуу ажлыг дахин хийж хүлээлгэж өгөх хүсэлтийг тавихад миний хүсэлт болон захиалагч болох Хаан банкны шаардлагыг хүлээн аваагүй доголдолтой хийсэн ажлаа засварлаагүй, дутуу хийсэн ажлаа дуусгалгүй, хүлээлгэж өгөлгүй ямар ч хариуцлага хүлээлгүйгээр орхиж явснаар бид цаг хугацаа ажлын гүйцэтгэлийн хувьд, эдийн засгийн хувьд ч хохиролтой, хүнд байдалд орж манай компанийн нэр хүндэд ч маш муугаар нөлөөлсөн. Иймээс дээрх нөхцөл байдлаас шалтгаалан миний бие Хаан банктай байгуулсан гэрээний дагуу ажил хүлээлцэх хугацаа хэтэрч гэрээний дагуу алданги тооцогдох нөхцөл байдал үүссэн байсан учир дахин түүнтэй маргаан үүсгэлгүй өөрийн компаниа илүү санхүүгийн алдагдалд орохоос сэргийлэн яаралтай өөр туслан гүйцэтгэгч авч түүний дутуу хийсэн болон доголдолтой ажлыг дахин гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 6.000.000 төгрөг, материалын зардалд 7.800.000 төгрөг, материалыг Улаанбаатар Груу тээвэрлэх тээврийн зардалд 2.000.000 төгрөг, томилолтын зардалд 350.000 төгрөг, нийт 16.150.000 төгрөгийн зардал гаргаж тус ажлыг Хаан банктай хүлээлцэн дуусгавар болгосон тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу тус төлбөрийг Г.А-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 сарын сүүлээр Г.Г надад Г аймгийн Гуулин тосгон дах Хаан банк ХХК-ийн салбарын барилга барих ажил байна хийх үү гэж санал тавьсан. Тухайн үед би Г.А-тэй холбогдоод чи ажилтай байна уу, Хаан банкны салбарын барилга барих ажил байна хийх үү гэж асуухад хийе гэсэн. Г.Г-с ажлын мөнгө гэж урьдчилгаа 17,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би Г.А-тэй бүх ажлаа зуун хувь хийж дуусгаад үлдэгдэл 15,000,000 төгрөгийг өгнө гэж хэлээд 16,500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Г.А ажлаа дутуу хангалтгүй гүйцэтгээд Улаанбаатар хотод ирсэн. Ажлаа хүлээлцээд ир гэхэд миний мөнгө хүрэлцэхгүй байна гэхэд нь би чи анхнаасаа хийж чадна гэж гарсан учир нэг мөсөн ажлаа дуусгаж ирээд үлдэгдэл 15,000,000 төгрөгөө ав гэхэд би чадахгүй нь гэж хэлээд буцаж ирсэн. 30,000,000 төгрөгөөр тохиролцоод 15,000,000 төгрөг авч яваад дараа нь цувуулаад нийт 16,460,000 төгрөг надаас авсан. Шаардаад байгаа 15,000,000 төгрөгийг өгөх боломжгүй ажлаа гүйцэд дуусгаагүй. Би Г.Аийг дутуу ажлаа хийгээд ажлаа хүлээлгэж өгөөд ир гэтэл хэлэлгүй ирсэн. Дотор заслын ажил, гадна пасад, довжоо буруу хаалга суулгасан гэх мэт дутуу хийгдсэн ажлууд байсан учир нэхэмжлэлийг зөвшөөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Г, Ү.Г. нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Г.Аээс 16.150.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Аийн гаргасан 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г, Ү.Г. нар Хаан банкны Гжуулийн тооцооны төвийн барилгын ажилыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй, доголдолтой хийсэн ажлаа засварлаагүй, дутуу хийсэн ажлаа дуусгалгүй, хүлээлгэж өгөөгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Г.А 7.800.000 төгрөгийн баримт бүрдүүлэн хавсаргасан нь зардлыг хэтэрхий баримжаагүй тооцоололгүй, өндөр үнэлж тогтоосон, тээврийн зардалд 2.000.000 төгрөг зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй, томилолтын зардал 350.000 төгрөг нь нэхэмжлэгч Г.Ад хамааралгүй учир зөвшөөрөхгүй гэж хэн аль нь маргасан. 

Нэхэмжлэгч Г.Аийн хариуцагч Г.Г, Ү.Г. нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.Гийн нэхэмжлэгч Г.Аээс 16.150.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар М ХХК-ийн Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр Хаан банктай 2019-04-29-ний өдөр Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр Ү.Г.ийг ажиллуулахаар тохиролцож, түүний Хаан банкны дансанд урьдчилгаа төлбөр болох 17.000.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл төлбөрийг ажлын үр дүнг 2019-06-05-ны өдөр хүлээлгэж өгөхөд шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дараа Ү.Г. нь тус ажлыг Г.Аээр гүйцэтгүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч Г.А барилгын ажлыг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна, үүн дээр талууд маргаагүй. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /хх-ийн 76-80 тал/  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн Иргэний хуулийн 347-р зүйлийн 347.1. 347.2-т зааснаар Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэжээ.

Хариуцагч М ХХК-иас Хаан банкны Г салбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр Ү.Г.-д урьдчилгаанд 17.000.000 төгрөг шилжүүлсэн, Ү.Г.ээс 16.500.000 төгрөгийг Г.Ад шилжүүлсэн, нэхэмжлэгч Г.А урьдчилгаанд 15.000.000 төгрөгийг авсан гэдэг дээр маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэжээ, нэхэмжлэгч Г.А нь Хаан банкны Гсалбарын Гуулин тооцооны төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн хэдий ч үр дүнг Г.Г, Ү.Г. нарт хүлээлгэж өгсөн гэдэг нь нотлогдоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

“Тамбурт металл рамтай шилэн хаалга шинээр хийлгэж суулгах, цагаан листэн хаалгыг гүйлгээ зааланд суулгах, металл хана, явган ханыг хуулж нийтэд нь гипсэн ханыг хөдөлгөөнгүй болгох гипсийг 2 давхарлах, паркетан шалыг хуулж хөдөлгөөнгүй болгох, плитаны хүрээг хуулж, плита зүсэгчээр зүсч дахин наах, цэвэрлэх, чигжээс хийх, таазны гипсэн хавтанг хуулж пропиль төмрийг тэгшлэх гипсэн тааз угсрах, хана таазанд засал хийх, хананд цагаан эмульс хийж лакдах, хананд явган хана угсрах, гипсэн хананд эсгий хавтан жигд наах, хананд металл хавтан технологийн дагуу наах, хаалга цонхонд амалгаа засал хийх, цонхны тавцан суулгах, розетка унтраалгыг тэгшлэх, теллерийн цахилгааныг шалнаас нь гаргах, силконыг жигд татах, цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулах, гадна довжоо стандарт хэмжээтэй болгож цутгах, гэрэлтүүлэг суулгах” зэрэг ажлыг доголдолтой хийсэн гэх захиалагчийн тавьсан шаардлагыг хэрхэн биелүүлсэн нь нотлогдоогүй, үүнийг нэхэмжлэгч Д.А няцаагаагүй. 

Хариуцагч Г.Г доголдолтой ажлыг манай компани дахин гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 6.000.000 төгрөг, материалын зардалд 7.800.000 төгрөг, материалыг Улаанбаатар Груу тээвэрлэх тээврийн зардалд 2.000.000 төгрөг, томилолтын зардалд 350.000 төгрөг, нийт 16.150.000 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж М ХХК-иас Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч санхүүгийн анхан шатны баримтаар хуульд зааснаар нотлогдоогүй. Бараа материал худалдан авсан гэх зарлагын баримт нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэгч Д.Аийн 15.000.000 төгрөг гаргуулах, Г.Гийн 16.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дүгээр зүйлд зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөг, хариуцагч Г.Гоос төлсөн 238.700 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                           

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г, Ү.Г. нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах Г.А-ийн нэхэмжлэл, Г.А-с 16.150.000 төгрөг гаргуулах хариуцагч Г.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөг, хариуцагч Г.Г-с төлсөн 238.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ               Т.БОЛОРМАА