Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          11             07                                                    2023/ШЦТ/438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.БатЖ даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

   Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,

   Хохирогч М.Ж,

   Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

   Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэл шийтгэлтэй, үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 240-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлийн 1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосон,

2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ус өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж М.Ж-ын баруун нүд, хацар, шанаа руу гараараа цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөж зодсоны улмаас М.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч М.Ж-ын өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ буюу Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар ганцаараа байж байхад урдхан талд амьдардаг Б гэх залуу ус авъя гэж ирэхээр нь би өнөөдөр ус өгч чадахгүй, би чамд өчигдөр өгсөн гэж хэлсэн чинь над руу ус өгсөнгүй гэж уурлаад баруун гараараа баруун нүд, хацар, шанаа руу цохиж унагаагаад хөлөөрөө цээж рүү 3-4 удаа өшиглөж цохиж зодчихоод яваад өгсөн. Гэртээ орж ирээд хэвтэж байтал хойно амьдардаг П.Анхбаяр гэх залуу над руу утсаар залгахаар нь хүнд зодуулсан талаараа хэлтэл удалгүй ирээд цагдаа дуудсан. Ч.Б намайг зодох үед нэг танихгүй залуутай явж байсан. Миний баруун талын нүүр, нүд хавдсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 12/,

Гэрч П.Анхбаярын өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар гэртээ байж байгаад манай хойно амьдардаг М.Ж ахтай утсаар залгатал М.Ж ах хүнд зодуулчихлаа бие муу байна гэж хэлэхээр нь гэрт нь очсон. Намайг очтол М.Ж ах урд амьдардаг Ч.Б гэх залуу ус авна гэхээр нь өгөхгүй гэтэл зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Ц.Жарантайн өгсөн: “Би Б зүс танина. Өмнө нь ганц нэг удаа мал авч байсан. 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед би гэртээ буюу Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар гэртээ байж байгаад саахалт айлын Ч.Б гэрт нь очсон. Ч.Б бид хоёр гэрийнх нь зүүн талд байрладаг Хөдөө аж ахуйн биржийн хашаанаас очиж ус авахаар болж миний 21-06 УАО улсын дугаартай машинтай 1 тонн савтай явсан. Хөдөө аж ахуйн биржийн хашаанд очтол харуул нь М.Ж гэх 60 орчим насны хүн гарч ирэхээр нь Ч.Б бууж уулзахаар нь би ус авахаар болж гэж бодоод байж байтал Ч.Б харуул М.Ж гэх хүнийг цохиж, зодоод эхэлсэн. Би машинаа хашаа руу нь оруулаад бууж болохоо байлаа гээд Ч.Б салгатал дийлдэхгүй байсан. Ч.Б салгатал М.Ж нь хэл амаар та нар ирж зодлоо гэтэл Ч.Б намайг тойрч зугтаад М.Жыг нэмээд зодсон. Ч.Б нь М.Жын хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй. Ямартай ч Ч.Б нь М.Жыг гар хөлөөрөө цохиж зодоод байсан. Удалгүй арай хийж салгаад явах гэтэл М.Ж нь хутга авч гараад иртэл Ч.Б шургааг мод авч биеэ хамгаалсан. Шургааг модоор цохисныг мэдэхгүй байна. Удалгүй Ч.Б аваад явсан. М.Ж нь Ч.Б цохиж зодоогүй. Ч.Б нь М.Жыг цохиж зодоод байсан. Би салгах гэтэл хүч хүрэхгүй байсан. М.Ж нь хутга барьсан үедээ Бд ойртоогүй. Ямар нэгэн байдлаар зүсч гэмтээх боломжгүй байсан. Учир нь М.Ж хутгатай байхад Ч.Б урт шургааг мод барьсан байсан учир М.Жыг ойртуулаагүй. Тэгээд салаад явсан.”,

"Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дутуу мэдүүлэг өгсөн байна. Би 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ч.Б хамт Хөдөө аж ахуйн биржээс ус гуйж авах гээд очсон. Тэгээд Ч.Б нь машинаас буугаад М.Ж гэх хүний ажлын байр руу орж уулзаад буцаж ирээд ус өгөхөөр болсон гэхээр нь бид хоёр машинтайгаа хойд хаалган дээр очсон. Тэгээд М.Ж хойд талын хаалган дээрээ очиж гинжээ тайлж онгойлгосон. Тэгээд хажуу талын хаалгыг нь онгойлгох гээд Ч.Б нь бууж очоод тэр хоёр хоорондоо юм ярилцаж байгаад гэнэт М.Ж гараараа Ч.Бат-Эрдэний цээж рүү 1 удаа цохисон. Тэгээд Ч.Б нь зөрүүлээд цохиж аваад зодоон болсон. Тэгээд Ч.Б нь М.Жыг хойш нь түлхэж унагаагаад дээрээс нь өшиглөхөөр нь би очиж салгахад М.Ж нь "Чи олигтой цохиж зодож чадахгүй байж муусайн гуйлгачингууд" гэхэд Ч.Б уурлаад миний араар тойрч очоод дахиад 1 удаа бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд М.Жыг босгоод "Одоо болио, хар усан дээр ингэж муудалцаад явах вэ" гэхэд М.Ж ажлын байр руу очоод удалгүй буцаж ирсэн. Тэгээд Ч.Б малгайгаа хайгаад байж байхад М.Ж хутга бариад буцаж ирэхэд Ч.Б нь газраас шургаа мод аваад хальт цохиход М.Ж тулж ирээд хоорондоо зууралдаад авсан. Тэгээд би дундуур нь орж салгаад Ч.Б аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 19-20, 22/,

Шүүгдэгч Ч.Б өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өглөө 08 цагийн үед гэртээ буюу Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар гүүгээ барьчхаад саахалтын Жарантай ахын хамт Хөдөө аж ахуйн биржид ажилладаг М.Ж ахын худгаас ус авахаар очсон. Тэгээд би М.Ж ахаас хааяа ус авдаг болохоор өгчих байх гэж бодоод очтол надад ус өгөхгүй, мотор нь шатчих байх гэх мэт үг хэлээд бид 2 хоорондоо жаахан маргалдсан. Тэгээд би ганцхан удаа ус өгчихөө гэтэл маргаан болж улмаар М.Ж ах байрлаж байгаа байр руу ороод буцаж гарч ирээд хойд хаалган дээрээ очсон. Тэгээд бид хоёр маргалдаж хоорондоо заамдалцаад би М.Ж ахыг хавсарч унагаагаад дээрээс нь баруун гараараа цохих гэж зангахад М.Ж ах босож ирээд миний толгой руу зүүн гараараа цохисон. Тэгэхээр нь би толгой руугаа цохиулчхаад гараа харахад цус гоожоод байхаар нь М.Ж ахын зүүн талын гар руу харахад ханцуйндаа хутга хийсэн байсан. Тэгэхээр би зөрүүлээд М.Ж ахыг цохисон. Хаашаа нь хэдэн удаа цохисноо хэлж мэдэхгүй байна. Тэгээд Ц.Жарантай бид хоёрыг салгах гэж оролдсон. Тэгээд М.Ж ах буцаад байрлаж байгаа байр руугаа ороод гарч ирсэн. Дараа нь М.Ж ах хутгаа ил гаргаж надад харуулаад би чамайг хутгалахгүй гээд дайраад байхаар нь би газраас мод аваад хойшоо ухраад өөрийгөө хамгаалах гээд модоор далайхад улам ойртоод байхаар нь би модоороо баруун гаран дээр 1 удаа цохисон. Тэгээд бид хоёр салаад би зүүн талд нь байдаг худгаас ус аваад эргэхэд М.Ж ах мотоциклоо унаад хажуугаар өнгөрсөн. Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Ж ах бас миний биед халдаж шүүх эмнэлгээр хөнгөн зэргийн гэмтэл учруулж, миний хувцас хунарыг урсан.” гэх мэдүүлэг /хх 51-52/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн: “1.М.Жын биед баруун ухархайн хананы хугарал, зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун шуу, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цохиулах үед үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 25-26/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн: “1.М.Жын биед баруун ухархайн дотор хананы хугарал, зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нудний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуу, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М.Жын биед зүүн 7, 8, 9, баруун 9, 10-р хавиргануудын хуучин хугарал тогтоогдож байх ба уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Урьд гаргасан 431 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх 30-33/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн: “1.Ч.Б биед зүүн долоовор хурууны 3 дугаар үений түвшинд зүсэгдсэн шарх, цээжний зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалгын зөөлөн эдийн зулгаралт, зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн зүүн долоовор хурууны 3 дугаар үений түвшинд зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, цээжний зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн зулгаралт, зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүдийн зүүн долоовор хурууны 3 дугаар үений түвшинд зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт хамаарах ба цээжний зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалганы зөөлөн эдийн зулгаралт, зүүн шилбэний зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 39-40/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 02-06/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 07-08/, дүрс оношилгооны илгээх бичиг, хариу /хх 34/, Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 57-58/, CD бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Галзуу хар” гэх газар үйл ажиллагаа явуулдаг  ХАА-н ложистикийн манаач М.Ж-ыг ус өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж баруун нүд, хацар, шанаа руу гараараа цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөсний улмаас М.Ж-ын эрүүл мэндэд "Баруун ухархайн дотор хананы хугарал, зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуу, баруун хацарт зулгаралт"  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ч.Б дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ч.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй "Би хохирогчийг хавсарч унагаад нэг удаа өшиглөсөн, яллах дүгнэлтдэ дурдсанаар олон удаа өшиглөөгүй. Ус аваад явж байхад хохирогч урагшаа явж байсан. Надаа зодуулсны улмаас гэмтэл аваагүй гэж бодож байна." гэж маргасан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг гаргасан шинжээчийн дүгнэлт, СD-д үзлэг хийсэн тэмдэглэл, СD бичлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол шүүгдэгчийн хохирогчийн эрх чөлөөнд халдсан цаг хугацаатай шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл хохирогч М.Ж нь шүүгдэгч Ч.Бд зодуулснаас бусад байдлаар эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах санал,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.   

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд нь

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 240-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлийн 1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосон,

2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдсон бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр түүний өмгөөлөгчийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох, улсын яллагчийн 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулсныг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт оршин суух газраа хоёр байдлаар өгсөн бөгөөд голдуу Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг "Галзуу хар" гэх газар оршин суудаг гэсэн тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэв.

 

            Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч М.Жын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хавтас хэрэгт баримт ирүүлснээс 2 814 970 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж, "Наран зоогийн" газар гэх 31.000+15.500 төгрөгийн баримтыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас үүссэн хохиролд тооцох боломжгүй тул хасж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь: Шүүх гэм хорын хохирлыг тооцохдоо хохирогчийн амь нас эрүүл мэндэд учирсан эмчилгээ, сувилгааны зардал, гэмт хэргийн улмаас нааш цааш явсан замын зардал зэргийг хамааруулан ойлгох бөгөөд үүнийг нотолсон бичгийн баримтыг үндэслэн хохирлыг тооцдог хуулийн зохицуулалттай. Хохирогчийн хавтаст хэргийн 71-р хуудасны ар, өвөрт хавсаргасан Наран зоогийн газрын дээрх баримт нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байх тул гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэж үзэх боломжгүй байна.   

  

Эрүүгийн 2334000000304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар СD 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч шүүхээс гаргуулсан 2 814 970 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-эс 2 814 970 /хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун дал/  төгрөг гаргуулж хохирогч Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багт оршин суух хохирогч Ж /РД: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46 500 /дөчин зургаан мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖ