Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр                               2020/ДШМ/29                                                                Зуунмод

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Дуламсүрэн,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр,

Шүүгдэгч Б.Б-,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 14-ний өдрийн ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б-д холбогдох 1934006990399 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Баярмаагийн Б-, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бага боловсролтой, жолооч, Хархорин зах дээр наймаа эрхэлдэг, ам бүл 5, 01-13 насны 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны 30-39 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ____________,

Урьд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 900000 төгрөгийн торгуулийн ялаар, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай магадлалаар хорих ялыг өөрчлөж 9406800 төгрөгөөр торгох ялаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 628 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзаж байсан.

              Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 17-54 УББ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Л.Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Баярмаагийн Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Баярмаагийн Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2261675 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гээс 2261675 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Цолмонд олгож, Б.Б- нь 750000 төгрөг хохирогч Л.Цолмонд төлснийг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 2261675 /хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг 2020 оны 3 сарын 1-ны дотор төлж арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авч,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Цолмон, цаашид гарах эмчилгээ, асаргаа бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч “Бэрс финанас” ББСБ С.Дуламсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 1934006990399 тоот хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон юмаа. Шүүх шүүгдэгч Байгальсүрэнд гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн асуудлын талаар гомдох зүйлгүй.

Харин шүүх гэмт хэргээс учирсан хохирлыг төлүүлэх талаар энэ хэрэг үйлдэгдэхэд ашигласан, тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага болох “Бэрс-Финанс” ББСБ-га нь өөрийн өмчлөлийн ашиглалтанд хяналт тавих үүрэгтэй боловч хяналт тавиагүйд нь иргэний хариуцагчаар татаж хохирогчид хохирол төлүүлэх талаарх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Хохирогч Цолмонгийн биеийн байдал хүнд цаашид удаа дараа өндөр төлбөртэй эмчилгээ байнга хийлгэх шаардлагатай, хэсэгчлэн хагалгаа хийлгэх хэрэгтэй үед нь шүүгдэгч Б-, иргэний хариуцагч Дуламсүрэн нар нь төлбөр хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлаар шийдвэрлэгдээд хохирол төлбөрийг нь хохирогчид төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл төлөгдөөгүй байна.

Иймд дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага болох “Бэрс-Финанс”-ийг иргэний хариуцагч байгууллагаар татан оруулж, 2020 оны 01 сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийн асуудлыг шийдвэрлэсэн бол дараа нь иргэний журмаар нэхэмжлэл гаргаж тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага болох /Бэрс-Финанс/-ийг иргэний хариуцагчаар татан хохирол төлбөр гаргуулах боломжгүй, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдлаар шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж, хохирогч төлбөр хохирлоо авч эмчилгээгээ хийлгэж чадахгүй, хохирсон дээрээ хохирч байгаа байдлыг харгалзан үзнэ үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Цус алдалтын талаар шинжээчийн дүгнэлт дахин гаргах үндэслэл байхгүй. Шийтгэх тогтоолд хохирогчийг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь шүүх нээлттэй үлдээсэн. “Бэрс Финанс”-ийг иргэний хариуцагчаар тогтоолгож, хохирлыг гаргуулна гэсэн гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолдоо хоёр хүсэлт гаргасан. Нэгдүгээрт цус алдалтын талаар шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, хоёрдугаарт иргэний хариуцагчаар “Бэрс Финанс”-ийг тогтоолгож, хохирлыг хариуцуулах хүсэлтээ гаргасан. Шүүгдэгч Б-гийн зүгээс гэм буруугаа ойлгохгүй, хохирлоо төлөхгүй, сэтгэл гаргахгүй байгаа. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хохирлын асуудлыг зөв шийдүүлмээр байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь С.Дуламсүрэн байгаа юм. Автомашинаа худалдаж авахдаа “Бэрс Финанс”-аас мөнгө зээлж, фидуцийн гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор “Бэрс Финанс” нь тээврийн хэрэгслийн өмчлөгч биш харин барьцаалагчийн эрх, үүрэг хүлээсэн. Фидуцийн гэрээний онцлог нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасны дагуу тухайн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж өөрийн хохирлоо барагдуулах л арга юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 1934006990399 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас шүүхийн шийтгэх тогтоол гарсныг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд заасны дагуу тогтоох хэсгийг нь уншиж сонсгожээ. Шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Баярмаагийн Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.1-3, эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, иргэний хариуцагч С.Дуламсүрэн нараас тус бүр 2 сая 411 мянга 500 төгрөгийг гаргуулан Лхагважавын Цолмонд олгож, цаашид гарах эмчилгээ, асаргаа, эм тарианы зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу 2 сая 411 мянга 500 төгрөгийг 2020 оны 03 сарын 20-ны дотор төлж барагдуулах, мөн оршин суугаа газраа өөрчлөн явж зорчихдоо хяналт тавьж буй эрх бүхий байгууллагуудад урьдчилан мэдүүлэх үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Цолмонд  хохирол 750.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолохыг сануулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн нотлох баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-гийн жолооны үнэмлэх харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж...” гэж анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь талуудад гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Баярмаагийн Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар

 иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2 261 675 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гээс 2 261 675 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Цолмонд олгож, Б.Б- нь 750 000 төгрөг хохирогч Л.Цолмонд төлснийг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 2 261 675 /хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг 2020 оны 03 сарын 01-ний дотор төлж арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Цолмон, цаашид гарах эмчилгээ, асаргаа бусад зардлаа, иргэний нэхэмжлэгч “Бэрс Финанс” ББСБ С.Дуламсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж ” гэснээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарна.

Иймд анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

 

 

                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ