Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/03760

 

 

 

 

  2020         10          29                                        101/ШШ2020/03760            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Т ХХК

Хариуцагч: Г.М ХХК

8,137,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “О” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17, 21, 25, 27-ны өдрүүдэд “Г.М.К” ХХК-тай барилгын доторх холбоо дохиоллын ажил, утаа мэдрэгч суурилуулах ажил, барилгын доторх цахилгааны үлдэгдэл ажил гүйцэтгэх ажил, домофон систем угсарч суурилуулах ажил, гадна дотор камер суурилуулах ажил зэрэг нийт 4 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гадна дотор камерын ажлыг үнийн саналын дагуу аман гэрээ байгуулан гүйцэтгэсэн болно. Байгуулсан 4 гэрээнд заасны дагуу ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн ба нийт 49,137,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Ажлын урьдчилгаанд 2019 оны 4 дүгээр сарын 25-нд 15 сая төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 6-нд 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Камер суурилуулах ажлын 4,800,000 төгрөгийн аман гэрээний урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хувь данс руу шилжүүлэн авсан. 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 4 гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэж дуусгасан. Үлдэгдэл 24,137,000 төгрөгөөс Приус-20 маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сард 7,500,000 төгрөгөөр тооцож авсан. 2020 оны 7, 8 дугаар сард нийт 3 сая төгрөгийг хувь данс руу шилжүүлэн авсан. 49,137,000 - 27,500,000 /урьдчилгаа/ 7,500,000 /автомашин/ - 6,000,000 = үлдэгдэл 8,137,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК, хариуцагч Г.М.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,137,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 344 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй гэх тайлбар гаргаж, 8,137,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч тал 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоон хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигч 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/17 тоот гэрээгээр 22,000,000 төгрөгийн, 25-ны өдрийн 2019/52 тоот гэрээгээр 7,337,000 төгрөгийн, 05 дугаар сарын 21-ны өдрийн гэрээгээр 2018/51 тоот гэрээгээр 15,000,000 төгрөгийн болон мөн 2019 оны 04 дүгээр 27-ны өдрийн баримтаар 4,800,000 төгрөгийн камер суурилуулах ажилд, нийт 49,137,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухай тайлбарласан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хариуцагч талыг төлөөлөн инженер Ю.Уянга хүлээн авсан тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Хариуцагчийг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй байна.

Иймд хариуцагч Г.М.К ХХК-иас 8,137,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М.К ХХК-иас 8,137,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,142 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Г.М.К ХХК-иас 145,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ